Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00057

 

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2018/00057

 

 

М  ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Л.Г-д  холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00248 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М  ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Г-д  холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэл 380.340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э , хариуцагч Л.Г , нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч М  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.Г  нь манай Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40668788 тоот гэрээ байгуулан **дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан LG К4 /ТIТАN/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Л.Г  нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд Л.Г өөс үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 380.340 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү, Дугаар нь хаагдсан тохиолдолд ярианы төлбөр ордоггүй гэжээ.

Хариуцагч Л.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь 2017 оны 05 дугаар сард өөрийн танил дүү Г.Н-н хүсэлтээр ** гэсэн дугаарыг нь өөрийн нэр дээр шилжүүлэн тус дугаар дээр нь гар утас авч өгсөн нь үнэн болно. Г.Н-н эцэг нь нас барж ажил явдалтай байсан тул сүүлийн 2 сарын төлбөр тооцоо хийгдээгүй гэдгээ хэлсэн. Өнөөдөр М  ХХК дээр очиж өргөдөл хүсэлт гаргаж өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч барагдуулахаар надтай тохиролцсон. М  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 380.340 төгрөгнөөс тодорхой хэмжээгээр төлсөн. Одоо 4 сарын төлбөр 168.000 төгрөг төлөх дутуу байгаа гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00248 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Сангууд овогт Лхагвагийн Г өөс үрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 240.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 139.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г өөс 7.872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрт: "Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээний 2.5-д "Торгууль гэж гэрээний хавсралт-1-т заасан аргачлалын дагуу тооцсон үнийн дүн бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.5-д зааснаар тооцож торгууль 50%-иар 120.375 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа гэх боловч хэрэгт гэрээний хавсралт гэх баримт авагдаагүй, нэхэмжлэгч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ" гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий гол баримтууд болох Үйлчилгээний нөхцөл /40668788/, "Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ /40668788/" зэргүүдийг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн боловч шүүхийн зүгээс үнэлэлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр нь эргэлзээгүй бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Мөн хавсралт-1-т заасан аргачлал гэдэг нь Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт Торгуулийн нийт дун гуйцэтгээгуй уургийн үнийн дунгийн 50%-иас хэтэрч болохгуй гэж заасны дагуу л тооцно гэсэн утга бүхий өгүүлбэр юм.

Түүнчлэн анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэр гаргаж болох байсан. Учир нь хариуцагч Л.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гар утасны үлдэгдэл төлбөр 168.000 төгрөгийг төлнө, үлдсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэж маргадаг бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаагүй мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой нотлох баримт хэрэгт огт байхгүй байхад хариуцагчийн ярьсан зүйлийг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүхэд итгэх итгэл болон шүүхийн шийдвэр эргэлзээгүй бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа нь илт байна.

Талуудын хооронд байгүулсан "Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ"-ний 3.10 дахь хэсэгт Торгуулийн дүн нь энэхүү гэрээний Хавсралт-1-т заасан зээлийн төлбөрийн зөрүүний тавин хувьтай тэнцүү байна. гэж заасан байх бөгөөд энэ заалт нь иргэний хуулийн 232-т заасныг үндэслэн хэрэглэгчтэй байгуулах гэрээнд тусгасан бөгөөд хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа зүйл юм. "Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ"-ний 4.1 буюу Үйлчилгээ үзүүлэгчийн Эрх, Үүрэг гэсэн хэсэгт: Хэрэглэгч нь 2 сараас илүү хугацаагаар зээлийн, багцын төлбөрийг төлөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь зээлийн төлбөрийн зөрүү дээр торгуулийн дүнг нэмж эсхүл гар утас, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг үндсэн үнээс тооцож нэхэмжлэх эрхтэй. гэж заасан нь ИХШХШТХ-д зааснаар нэхэмжлэгч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй бөгөөд мөн гэрээний дээрх заалт нь зөвхөн хэрэглэгчийн эдлэх эрх биш харин хүлээх хариуцлагыг зохицуулж өгсөн байтал шүүхийн зүгээс ийм өнгөц шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 248 тоот шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М  ХХК нь хариуцагч Л.Г өөс гар утасны болон үүрэн телефоны үйлчилгээний төлбөр 380.340 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч М  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40668788 дугаартай үйлчилгээний гэрээ, гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах гэрээ зэрэгт тулгуурлан тодорхойлжээ. Зохигчдын хооронд дараа төлбөрт үйлчилгээний 40668788 дугаар бүхий гэрээ, гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулагдаж 321.000 төгрөгийн үнэ бүхий LGK4 маркийн утсыг 12 сарын хугацаатай сарын 26.750 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Л.Г  нь гэрээний хугацаанд нийт 546.345,86 төгрөг төлөхөөс 166.005,75 төгрөг төлсөн болох нь харилцагчийн үйлчилгээний баримтаар нотлогдсон болох нь харилцагчийн гүйлгээний баримтаар нотлогдсон байна.

Хариуцагч Л.Г  нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул утасны төлбөрийн үлдэгдэл болон гэрээний үүргийн хариуцлага торгуулийг төлөх, нэхэмжлэгч М  ХХК нь шаардах эрхтэй болно.

Анхан шатны шүүх гар утасны төлбөр 240.750 төгрөг торгууль 50 хувиар тооцож 120.375 төгрөг нэхэмжилж буй боловч хэрэгт гэрээний хавсралт гэх баримт авагдаагүй нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр торгуулийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.7-д зааснаар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ, үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч М  ХХК нь үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд торгууль төлөхөөр гэрээндээ заасан ба гэрээний 3 дугаар зүйлийн 3.10, 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар талууд тохиролцсон байхад шүүх торгуулийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр торгууль 93.622 төгрөгөөр тооцож нийт 350.943 төгрөг нэхэмжилсэн хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00248 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч Л.Г өөс 350.943 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29.397 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ...хариуцагч Л.Г өөс 7.872 төгрөг... гэснийг ...хариуцагч Л.Г өөс 11.278 төгрөг... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээх үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч М  ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.849 төгрөгийг төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ