| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00828/и |
| Дугаар | 00778 |
| Огноо | 2020-11-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 00778
| 2020 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2020/00778 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би, нэхэмжлэгч Э.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 153/2020/00828/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б миний бие нь 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвийн эрхлэгчийн 18 дугаар тушаалаар Соёлын төвийн номын санчаар томилогдон ажилласан.
Номын санчаар 2010 оноос хойш төрийн үйлчилгээний албанд тасралтгүй 9 жил ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сард хувийн шалтгааны улмаас 1 жилийн чөлөө авах хүсэлтийг ажил олгогчид гаргасан. Тухайн үед Соёлын төвийн эрхлэгч Х.Ц нь Чиний хүсэлтийг харгалзаад 1 жилийн чөлөө олголоо. Ажлаа хүлээлгэж өг гэж хэлсэн боловч ажил хүлээлцэх комисс томилоогүй. Ингээд чөлөөтэй байх хугацаанд чинь ажиллахаар боллоо гээд Ч.Ц гэдэг хүн ирэхээр нь ажлаа хүлээлгэж өгсөн.
Надад чөлөө олгосон тушаалыг тухайн үед Соёлын төвийн эрхлэгч надад гардуулж өгөөгүй.
Э.Б миний бие нь 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орохоор Соёлын төвийн эрхлэгч Х.Ц-тай уулзахад Чиний оронд ажилд авсан хүн сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байгаа. Сонгуудь дуусахаар ээлжийн амралтаа эдэлнэ. Одоо чамайг ажилд чинь эргүүлэн авах боломжгүй байна гэсэн хариуг өгч байгаа бөгөөд Номын санчаар ажиллаж байгаа Ч.Ц-ийг Номын санчийн албан тушаалд жинхлэн томилсон байгаа юм байна.
Иймд намайг Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвийн Номын санчийн ажилд эгүүлэн томилж, 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүй хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад нэхэмжлэгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь дараах нөхцөлөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Э.Бын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Манхан сумын Соелын төвд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвийн дарга Х.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлээ.
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагад хариуцагч нь 1,000,000 /нэг сая/ төгрөгийг нөхөн төлөх, дээрх мөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн ХААН банкны 5853036177 тоот дансанд шилжүүлсэн байх нөхцлийг харилцан тохиролцлоо.
2.Нэхэмжлэлийн зарим шаардлага дээр зохигчид эвлэрсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвийн Номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагуудаас татгалзаж байна.
3.Нэхэмжлэгч Э.Бын ажиллаж байх хугацаандаа номын сангаас картаар гаргасан номнуудыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Соелын төвийн Номын санчид хүлээлгэн өгнө.
4.Зохигчид энэхүү асуудлаар дахин маргахгүй бөгөөд эвлэрлийн гэрээг хэн нэгний дарамт шахалтгүйгээр байгуулсан болногэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.
Хариуцагч Ховд аймгийн Манхан сумын Соёлын төв нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ