| 2020 09 14 183/ШШ2020/02446 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: “У Ц Т с” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Э эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ш.Б оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн амны жуулчны баазын хажууд байрлах иргэн Э нь /РД: ЧТ87081/ 2017 оны 05 дугаар сараас цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 11.962.170 /Арван нэгэн сая есөн зуун жаран хоёр мянга нэг зуун дал/ төгрөгийг төлөлгүй байгууллагыг хохироож байна. Одоо энэ байгууллагын хаяг нь тодорхой бус хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганзориг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Э эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хариуцагчаар оролцвол зохих Н.Э оршин байгаа газар тодорхойгүй, нэхэмжлэлд дурдсан “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн амны жуулчны баазын хажууд байрлах” гэсэн хаягт бүртгэлгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2018/123 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Э эрэн сурвалжлах нь зүйтэй гэж дүгнэв. Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 345910, 88097 гэсэн дугаарын утсаар холбогдож болохыг дурдав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан н.Э /регистрийн дугаар ЧТ8708/-ыг эрэн сурвалжилсугай. 2. Н.Э эрэн сурвалжлах, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД |