| 2020 09 09 183/ШШ2020/02403 Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Ю.Х нэхэмжлэлтэй, Хариуцагч: А.И холбогдох, Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Х, хариуцагч И.И, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ю.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.И2005 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болж, бид гэрлэлтээ 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгүүлсэн. Бидний гэрлэснээс хойш 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охин И.У, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүү И.У нар төрсөн. А.И бид хоёр гэр бүл болсон цагаас хойш үл ойлголцох асуудлаар байнга хэрүүл маргаан гарч, А.И нь намайг зодож, миний эрүүл мэндэд хохирол учруулж байсан. Иймд биднийг гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг маань миний асрамжид үлдээж өгнө үү. А.И бид хоёр эвлэрч, хамт амьдрах болсон тул гэрлэлтээ цуцлуулах шаардлагагүй гэж үзсэн гэв. Хариуцагч А.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр Ю.Х бид хоёр эвлэрч, цаашид хамтран амьдрах болсон тул гэрлэлтээ цуцлуулахгүй гэв. Шүүх зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь Ю.Х нэхэмжлэлтэй, А.И холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2020/ дугаар захирамжаар “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх үүднээс эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулсан” хэдий боловч үр дүнд хүрээгүй ба зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч, гэр бүлийн харилцаагаа хойшид үргэлжлүүлэн, хамт амьдрахаар тохиролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь 1. Ю.Х нэхэмжлэлтэй, А.И холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД |