Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Энхчимэг хөтлөн,

Улсын яллагч: Т.Баянмөнх

Шүүгдэгч: С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ид холбогдох 2205035761933 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, ******* ******* ******* 14-32а тоотод оршин суух хаягтай, урьд

Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан.

******* овогт *******ын ******* /РД:ИЖ94092218/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.******* нь “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо, гийн 11 дүгээр гудамж 37 тоотод Э.*******тай согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар хардалтын улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтан амьдрагч Э.*******ыг ахуйн зориулалттай бор иштэй хутгаар түүний зүүн гуя хэсэгт зүсэж, хүний эрүүл мэндэд зүүн гуянд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.******* нь “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо, гийн 11 дүгээр гудамж 37 тоотод Э.*******тай согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар хардалтын улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Э.*******ыг ахуйн зориулалттай бор иштэй хутгаар түүний зүүн гуя хэсэгт зүсэж, хүний эрүүл мэндэд зүүн гуянд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн “...Тэр үед хааяа ирж очоод байдаг байсан. Яг цуг амьдардаггүй байсан. Хааяа цуг шоуддаг байсан. Тухайн үед согтуу хүн болохоор намайг гэрээсээ хөөж туугаад байсан. Тэгээд би зүгээр айлгах гээд хутга авсан чинь өөрөө урдаас ноцолдож байгаад өөрийгөө зүссэн. Маргааш нөгөөдрөөс нь уулзахад өөрөө өргөдөл гомдол өгөхгүй гэж надад хэлсэн. Хамтран амьдрагч, гэр бүлийн хамааралтай гэхээр би ер нь эсрэг байгаа. Тэгж удаан амьдраагүй. Танилцаад 1 сар л болж байсан. Хааяа нэг гэрт нь очоод архиддаг байсан. Ер нь тэр эмэгтэй өөрөө архины хамааралтай хүн. Тэр үед нь очсон байж таараад ийм юм болсон. 2022 оны 10 сарын эхээр танилцсан. 11 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг болсон...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2205035761933 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.*******ын хохирогчоор өгсөн “...Баянгол дүүргийн 22 дугаар хороо, гийн 11-37 тоотод түрээсээр оршин суугаад 1 жил орчим болж байна. Би Жанцан гэх залуутай танилцаад, хамтран амьдраад 1 сар болж байна. Жанцан нь манай гэрт надтай хамт амьдрах болсноос хойш намайг хардаж зодож цохих болсон. Би энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Жанцан бид хоёр гэртээ архи уусан. Гаднаас манайхаас хойно гэр нь байдаг өвгөн орж ирж хамтдаа архи уусан. 23 цагийн үед би танил найзтайгаа утсаар ярихад Жанцан намайг хардаж уурлаж ширээн дээр байсан хутгыг шүүрэн авч миний зүүн гуя тус газарт нэг удаа хутгалсан. Гуянаас цус гараад нэг мэдэхэд цагдаа ирээд би Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулаад гэртээ харьж амарсан. Өнөөдөр хүү маань манайд ирээд болсон асуудлыг сонсож уурлаад цагдаад дахиж дуудлага өгсөн. Намайг Жанцан хутгаар, зүүн гуянд нэг удаа хутгалж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.ын гэрчээр өгсөн “...Би саяхан Жанцан гэх хүнтэй танилцаад манайд 2-3 хоног архи уусан. Гэтэл эхнэр нь гээд ******* гэдэг хүүхэн орж ирээд манайд очиж архи ууя гээд биднийг дагуулан явсан. Гэрт нь очоод 0.75 хэмжээтэй хараа архи хувааж уугаад би тасраад унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд цагдаа намайг дуудаад гэртээ хариад амар гэж байсан. Болсон асуудлыг огт юу ч мэдэхгүй байна. Би юу ч хараагүй, согтоод тасраад унтчихсан юм. Би тэр айлын баруун талын буйдан дээр унтсан байсан. Энэ асуудал 2022 оны 11 дүгээр сарын 01-нд болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15051 дугаартай “Э.*******ын биед зүүн гуянд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Бусад баруун бугалга, хэвлий, нуруунд цус хуралт, духанд сорви, баруун гуянд зулгаралт гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн, шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтлүүд байна. Э.*******ын биед баруун бугалга, хэвлий, нуруунд цус хуралт, духанд сорви, баруун гуянд зулгаралт гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, баруун гуяны зулгарал нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 10-14 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.*******ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сард нэг өрөө байранд ганцаараа амьдарч байгаад өвөл ажил зогсоод түрээсийн мөнгөө өгч чадахгүй улмаас гэр оронгүй 10-аад хоног амьдарч байгаад Баянгол дүүргийн 22 дугаар хороо Тааз орчим архи ууж яваад ******* гэх эмэгтэйтэй согтуу таарсан. ******* нь манайд очъё гэдэг санал тавьсан. 2022 оны 10 дугаар сараас 11 дүгээр сард архи уухаараа *******ынд очиж хоноод явдаг болсон. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн орчимд *******, өвгөний хамт архи уусан. ******* нь хажууд гар утсаар яриад айлгүйтэйд байсан. За наад гар утсаа болио гээд хэлэхэд над руу агсам тавиад яв зайл гэх мэтээр агсам тавьж гэрээсээ хөөсөн. Тэр үед уураа барьж дийлэхгүй, айлгах санаатай хоолны хутга бариад айлгах гэж байтал өөрөө урдаас дайраад байхаар нь ноцолдож байгаад гуя хэсэгт санамсаргүй жаахан зүссэн. Их иртэй хутга байсан, өөрөө нимгэн гэрийн өмдтэй байсан учраас гуянаас нь цус гарч эхэлсэн. Гэрт тал шил архи үлдсэн байсан хоёулаа одоо гаръя гээд би зүгээрээ жаахан зүссэн байна гээд худгийн хажууд архиа уугаад сууж байгаад гэмтэл рүү очсон. Гэмтлийн гадаа сууж байгаад удаад байхаар яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 83 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.*******ид холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч С.******* нь “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо, гийн 11 дүгээр гудамж 37 тоотод Э.*******тай согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар хардалтын улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Э.*******ыг ахуйн зориулалттай бор иштэй хутгаар түүний зүүн гуя хэсэгт зүсэж, хүний эрүүл мэндэд зүүн гуянд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” болох нь шүүгдэгч С.*******ийн мэдүүлэг, хохирогч Э.*******ын мэдүүлэг, гэрч Н.ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15051 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч С.******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад хамаарч байх тул шүүгдэгч хохирогч нарыг гэр бүлийн харилцаа бүхий этгээд гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.*******ийн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо, гийн 11 дүгээр гудамж 37 тоотод хамтран амьдрагч Э.*******ыг ахуйн зориулалттай бор иштэй хутгаар түүний зүүн гуя хэсэгт зүсэж, хүний эрүүл мэндэд зүүн гуянд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн  гэх шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Э.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж дүгнэв. 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч С.*******ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.

 

С.Жанживдоржид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэж заасны дагуу шүүгдэгч С.*******ийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс шийтгэх тогтоол гарах өдөр хүртэл цагдан хоригдсон 12 /арван хоёр/  хоногийг  түүний эдлэх ялаас хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 12 /арван хоёр / хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

 

 Шүүгдэгч С.******* нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол С.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.*******ийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч С.*******ид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.*******ийн цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.С.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан Хорих 461-р ангиас даруй сулласугай.

 

7.Энэ хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол С.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ