Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/02348

 


 

 

 

 

 2020           09           07                                                183/ШШ2020/02348

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэнэ.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б.Э зээлийн гэрээ байгуулан, 50.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээгээр сар бүрийн 15-ны өдөр зээлийн хүүг зээлдэгчийн Худалдаа хөгжлийн банкны 499244 тоот дансанд төлөх, үндсэн зээлийг гэрээний хугацаа дуусахад бүрэн төлөх нөхцөлтэй байгуулсан. Зээл авахын тулд би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, /17130/, 818 дугаар байрны 8 тоот хаягт байрлалтай, 81.0 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, барьцааны гэрээ хийсэн. Гэрээний үүргийн дагуу өөрийн Хаан банкны төгрөгийн 5028198209 дугаар дансаар 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 70.800.000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулсан юм.

 Гэтэл Б.Э нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр надтай уулзах хэрэг байна гэж дуудсаны дагуу очиж уулзахад чи мөнгөө төлөхгүй байна гэж дарамталж, мөнгөө төлж чадахгүй юм чинь гэрээ хийнэ гэж хэлээд барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөө миний нэр дээр “худалдах. худалдан авах гэрээ”-ээр шилжүүлэн өг. Чи зээлээ төлж дуусгаад буцаагаад өөрийн нэр дээрээ шилжүүлээд аваарай гэж шаардсан. Ингээд Б.Э утсаар байнга шаардаад байсан тул 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулж, би өөрийн барьцаанд тавьсан орон сууцыг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Уг “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үнийн дүнг 30.000.000 төгрөгөөр хийсэн. Ингээд байраа алдах байх гээд хүнээс мөнгө төгрөг зээлээд, зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан юм. Миний бие зээлдүүлэгч Б.Эаас удаа дараа үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шилжүүлж өгөхийг шаардахад чи төлбөрөө төлөөгүй одоо үлдэгдэл 80.000.000 төгрөг дутуу гэх үндэслэлээр шилжүүлж өгөхгүй өнөөг хүрсэн. Иймд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.Гал-Эрдэнэтэй 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058424 дугаартай, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 8 тоот хаягт байрлах 81 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болно. Ж.Ганх барьцааны хөрөнгө гэж Монгол Хаус хотхоны амины орон сууцыг үзүүлсэн бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгө нь бүрэн ашиглалтад орсон байсан ба зээлийн гэрээний шаардлагыг хангах хөрөнгө байна гэж би итгэсэн. Барьцаа хөрөнгийн үнэлгээг бид 100.000.000 төгрөг гэж харилцан тохиролцож барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй, холбогдохгүй байсан тул барьцаа хөрөнгийг судлан үзэхэд анх надад үзүүлсэн үл хөдлөх хөрөнгө биш өөр хөрөнгө байсан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй хэдий ч дуусаагүй барилгыг намайг хуурч өндөр үнэлэн зээлийн барьцаанд тавьсан байгааг мэдэж уулзахад таны зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй боллоо, дуусаагүй барилгаа харилцан тохиролцож үнэлээд танд зараад үлдэгдэл төлбөрөө зээлийн гэрээнд тохиролцсон нөхцөлөөрөө төлөөд явъя гэсний дагуу бид нэхэмжлэлд дурдаад байгаа Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Үл хөдлөх хөрөнгө нь баригдаж дуусаагүй байсан тул үнэлгээг харилцан тохиролцоод 30.000.000 төгрөгөөр тооцохоор болсон. Үндсэн зээл 50.000.000 төгрөг, 5 сарын зээлийн хүү 25.000.000 төгрөг, нийт 75.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг хасаж 45.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гээд зээлийн гэрээнд заасан нөхцөлөөр төлөхөөр тохиролцсон. Харин нэхэмжлэгч Ж.Гнь өөрөө үл хөдлөх хөрөнгөө буцаан шилжүүлж авах хүсэлтэй байна гээд буцаан шилжүүлбэл 81.000.000 төгрөгт тооцон худалдан авахаар үнэлгээг тохиролцсон боловч өнөөдрийг болтол аваагүй байна. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бид хоёр харилцан тооцоо нийлсэн бөгөөд 45.000.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 5 сарын хугацаанд хүү тооцоход 22.500.000 төгрөг, 20 хоногийн хүүнд 3.000.000 төгрөг, нийт 25.500.000 төгрөгийн хүү төлөөд үндсэн төлбөр нийлээд 70.500.000 төгрөг болж зээл дууссан гэж харилцан тохиролцсон болно. Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан хууль ёсны юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Ж.Гал-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Б.Эт холбогдох, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Б.Э, Ж.Гнарын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Б.Э нь 50.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдэгч Ж.Гал-Эрдэнэд зээлдүүлсэн, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Б.Э, Ж.Гнарын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Барьцааны гэрээ”-ээр барьцаалуулагч Ж.Гнь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, /17130/, 818 дугаар байр, 8 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100.000.000 төгрөгөөр үнэлэн барьцаалагч Б.Эт барьцаалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

Дээрх барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, /17130/, 818 дугаар байр, 8 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Гнь 30.000.000 төгрөгөөр Б.Эт худалдахаар тохиролцож, талууд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Б.Э нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаар хариуцагч Б.Эын “...Ж.Гнь надаас авсан зээлээ бүрэн төлөхгүй байсан тул түүний зээлийн төлбөрт төлөх дүнгээс төлсөн төлбөрийг хасаж тооцон, үлдэх зээлийн төлбөр болох 30.000.000 төгрөгт тооцон барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, /17130/, 818 дугаар байр, 8 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбай, амины орон сууцыг худалдан авсан” гэсэн тайлбарт дурдагдсан хүсэл зориг талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-д тусгагдаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч Ж.Гал-Эрдэнийн “...зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тул Б.Э нь барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, /17130/, 818 дугаар байр, 8 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваад, зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд буцаан шилжүүлэн өгнө гэсэн тул 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан” гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Хэлцэл”-д “...Б.Э би Ү-2206058424 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Гал-Эрдэнээс зээлийн барьцаанд шилжүүлж авсан нь үнэн...” гэсэн баримт, Ж.Гал-Эрдэнийн Хаан банкин дахь 5028198209 тоот данснаас зээлийн төлбөр Ж.Гал-Эрдэнийн дансанд шилжүүлсэн гэсэн Депозит дансны хуулгаар тус тус нотлогджээ.

 

Дээрх үйл баримтаар Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдагч Ж.Гнь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, /17130/, 818 дугаар байр, 8 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30.000.000 төгрөгөөр худалдагч авагч Б.Эт худалдах хүсэл зоригийг агуулаагүй болох нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан хэлцэл байна гэж дүгнэн, Б.Э, Ж.Гнарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг баримтлан Б.Э, Ж.Гнарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Гал-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 307.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 307.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Гал-Эрдэнэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ж.СЭМЖИД