Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/02347

 


 

 

 

 

  2020             09            07                                                 183/ШШ2020/02347

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.А хууль ёсны төлөөлөгч Д.С, Б.Ө нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т ц” боловсрол, сургалтын байгууллагад холбогдох,

 

            Гэм хорын хохиролд 17.425.130 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэнэ.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Т.М, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.А хууль ёсны төлөөлөгч Д.С, Б.Ө нар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин С.А нь 2016 оны 10 сараас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Вилла хотхонд байрлах Т цт сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байсан. Т ц нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн сургалтын байгууллага тул цэцэрлэгийн сарын төлбөрт 790.000 төгрөгийг төлж ирсэн. Бид 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн өглөө охин С.А цэцэрлэгт нь эрүүл, саруул хүргэж өгсөн. Т цээс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15:30 цагийн үед утсаар залгаж, цэцэрлэг дээр яаралтай ирэх хэрэгтэй байна, С.А гэмтсэн гэж мэдэгдсэн. Ингээд цэцэрлэг дээр очиход охиныг минь цэцэрлэгийнхээ коридорын сандал дээр хэвтүүлсэн, гар нь гэмтсэн байдалтай, гараа хөдөлгөж чадахгүй, уйлж байсан. Ямар шалтгааны улмаас хүүхэд гараа гэмтээсэн болохыг тодруулахад цэцэрлэгийн гадаах байрны тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтсэн, гулсуураас гулгаж байхдаа гэмтсэн байх, сайн мэдэхгүй байна хэмээн хариулсан. Энэ нь Т ц нь Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрмийн 2.1.2-т "Цэцэрлэгийн гадна талбайн зохион байгуулалт, тоглоом. Бусад тоног төхөөрөмж нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байна” гэсэн, 3.5-д "Гадна тоглоомын талбайн гулсуур, авирах шат, дүүжин, савлуур зэрэг тоглоомоор тоглох, дугуй унах, цас, мөсөн дээр гулгах үеийн аюулгүй байдлыг хангана" гэснийг тус тус зөрчсөн байна. Бид тухайн үед охиноо Гэмтэл согог судлалын үндэсний төв /гэмтлийн эмнэлэг/-рүү авч очин, рентген зураг авахуулахад зүүн гарын тохойн буглаг ясны дисталь хэсэгт зөрүүтэй, хөндлөн бүтэн хугарсан, хагалгаа хийх шаардлагатай гэсэн. Иймээс бид 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охиноо Япон Улс руу авч яван, эмчлүүлсэн бөгөөд эмчилгээний зардал 139.053 иен буюу 3.262.183 төгрөг, буудлын зардал 171.690 иен буюу 4.027.847 төгрөг, ирж очих онгоцны тийз гурван хүний зардал 10.135.100 төгрөг, нийт 17.425.130 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч Т цээс гэм хорын хохиролд 17.425.130 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Вилла хотхонд байрлах “М” ц нь 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн сургалтын байгууллага юм. С.Алтанханд нь 2016 оны 10 дугаар сараас эхлэн 2018 оны 10 дугаар сар хүртэл тус цэцэрлэгт хүмүүжиж байх хугацаанд эцэг, эхийн зүгээс тухайн цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг санал, гомдол гаргаж байгаагүй. 2018 оны 10 дугаар сарын 12-ний өдөр ангийн багш Т.Э, туслах багш Н.Н нар хүүхдүүдийг гадна салхинд гаргаж байх үед С.А нь гулсуураас гулгаад буух үедээ гараа эвгүй дарснаас болж гэмтэл үүссэн гэж хоёр багш ярьж, тайлбарлаж байгаа. Хөндлөнгөөс хүүхэд болон, багш нөлөөлж гэмтээсэн зүйлгүй. Гэмтлийн эмнэлэг хүлээн авч үзээд рентген зураг авч, гипс тавьж, тэр даруй шаардлагатай эмчилгээ хийгдсэн. Гэмтсэний дараа ангийн багш болон туслах багш нь 2-3 удаа иргэж тойрсон ба утсаар ярилцаж анхаарал тавьж байсан. С.А эцэг, эх нь 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэгтэй албан ёсны гэрээ байгуулаагүй, ямар ч төлбөр төлөгдөөгүй зэрэг нь хүүхдэд анхаарал хандуулахгүй гэсэн үг биш боловч байгууллагын дотоод дүрэм, журамд захирагдах ёстой. Тус цэцэрлэгт хүмүүжсэнээр хүүхэд хамт олны дунд биеэ даах чадвартай болж, нийгэмшсэн, хүүхдийн бие бялдар, оюун санааны хувьд өв тэгш хүн болж хүмүүжиж чадсан. Дуулах, бүжиглэх, хэл сурах дадал хэвшил эзэмших, хэл ярианы хөгжил, олон найз, нөхөд хамт олонтой болж чадсан. Бид хүүхэд цэцэрлэгт сурах, хөгжих, нөхцөл боломжийг бүрэн хангаж ажилласан. Хуулийн дагуу үүрэг, хариуцлага хүлээсэн албан ёсны ажлын гэрээ хийсэн цэцэрлэгийн эрхлэгч, анги даасан багш, туслах багш нар өдөр тутмын үйл ажиллагаа хариуцдаг ба хариуцлага алдсан тохиолдолд өөрсдийн биеэр хариуцах үүрэг байдаг. Тухайн өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч ангийн багш Т.Э, туслах багш Н.Н нар нь С.А хажууд хариуцан ажиллаж байсан бөгөөд хариуцлага алдсан тохиолдолд анги хариуцсан багш, туслах багш нар хариуцлагаа үүрэх ёстой. С.А гэмтсэн даруйд нь эцэг, эхэд нь мэдэгдэж, улмаар гэмтлийн эмнэлэгт эцэг, эхтэй нь Т.Э багш хамт явж эмнэлгийн тусламж авч, эмчилгээ хийгдсэн болно. Уг тоглоомын талбай нь манай улсын барилгын үндэсний манлай үйлдвэрлэгч “Жигүүр гранд” группийн зураг, төсөл стандартын дагуу хийж тохижуулсан талбай болно. Тус цэцэрлэгийн хамт олон ярилцаад С.А төгсөх хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй суралцах хүсэлтийг тавьж байсан боловч эцэг, эх нь хүлээн зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.А хууль ёсны төлөөлөгч Д.С, Б.Ө нарын нэхэмжлэлтэй, “Т ц” боловсрол, сургалтын байгууллагад холбогдох, гэм хорын хохиролд 17.425.130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Т ц” боловсрол, сургалтын байгууллага нь 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс Сургуулийн өмнөх боловсрол олгох, сургалт хүмүүжлийн ажил явуулах чиглэлээр Улсын бүртгэлийн 90256 дугаар гэрчилгээ, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн 002109 дүгээр гэрчилгээ авсан болох нь, мөн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн С.А хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх) нь Д.Сэ, Б.Ө нар болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тус тус нотлогджээ.

 

Д.С, Б.Ө нар охин С.А сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр “Т ц” боловсрол, сургалтын байгууллагатай харилцан тохиролцож, охин С.Алтанханд нь 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд “Т ц” боловсрол, сургалтын байгууллагын сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байсан талаар зохигчид маргаагүй болно.

 

Хариуцагч тал “...С.А нь 2016 оны 10 дугаар сараас эхлэн манай цэцэрлэгийн сургалтад хамрагдахдаа жил бүр сургалтын гэрээгээ байгуулсан хэдий боловч 2018 оноос 2019 оны сургалтад хамрагдахдаа сургалтын гэрээ байгуулж, сургалтын төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу тайлбар гаргасан хэдий боловч “Т ц” боловсрол, сургалтын байгууллага нь С.Алтанхандтай сургалтын гэрээ байгуулалгүйгээр 2018 оноос 2019 оны сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтдаа хамруулан, үйлчилгээ үзүүлж байсан талаарх үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.2-т “бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу талуудын хооронд гэрээ байгуулсанд тооцов.

 

С.А нь “Т ц” боловсрол, сургалтын байгууллагын сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байх үедээ 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сургалт эрхэлж буй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Вилла хотхоны гадна тоглоомын талбайд гэмтэж, С.Алтанхандын биед зүүн атгаалын доод булууны далд, зөрөөтэй хугарал гэмтэл авсан болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.7, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 11 дүгээр зүйлийн 11.2.9, 11.2.10, 11.2.11, 12 дугаар зүйлийн 12.8.6, Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэмд заасан “суралцагчийн аюулгүй байдлыг хангах үүрэг”-ээ “Т ц” боловсрол, сургалтын байгууллага болон эрхлэгч, багш нар биелүүлээгүйгээс суралцагч С.А эрүүл мэндэд гэм хор учирсан байх тул түүний хууль ёсны төлөөлөгч Д.С, Б.Ө нар учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар “Т ц” боловсрол, сургалтын байгууллагаас шаардах эрхтэй юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар С.А Япон Улсын Тайто Эмнэлгийн Гэмтэл согог эмчилгээний тасагт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үзлэг, шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 21.395 иен, Япон Улсын Мицүй Кинэн эмнэлгийн Гэмтэл согог эмчилгээний тасагт 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үзлэг, шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 107.340 иен, эмчилгээний СиДи хуулах үйлчилгээ 1080 иен, Япон Улсын Тайто Эмнэлгийн Гэмтэл согог эмчилгээний тасагт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үзлэг, шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 9238 иен, нийт 139.053 иен буюу Монголбанкны зарласан ханшийн лавлагаагаар “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Япон иен 23.46 төгрөгийн ханштай” гэсэн баримтаар нийт 3.262.183 төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулсан болох нь нотлогдож байх тул хариуцагчаас 3.262.183 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч тал С.Алтанхандын гэмтлийг Япон Улсын эмнэлэгт үзлэг, оношилгоо хийлгэхэд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацааны зочид буудлын зардалд 139.053 иен буюу Монголбанкны зарласан ханшийн лавлагаагаар “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Япон иен 23.46 төгрөгийн ханштай” гэсэн баримтаар 4.027.847 төгрөгийн зардал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байх тул хариуцагчаас 4.027.847 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

 

Түүнчлэн, С.А гэмтлийг Япон Улсын эмнэлэгт үзлэг, оношилгоо хийлгэхэд Монгол Улсаас Япон Улсад очиж, ирэх онгоцны зардалд С.А болон түүнийг харгалзан авч явсан нэг хүний зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй тул хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн С.А онгоцны зардалд зарцуулсан 2.213.300 төгрөг, харгалзан авч явсан нэг хүний зардалд зарцуулсан 2.874.400 төгрөг, нийт 5.087.700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нэг хүний зардал болон торгуулийн үнэ болох 5.047.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Т ц” боловсрол, сургалтын байгууллагаас С.А эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд С.А Япон Улсын эмнэлэгт үзлэг, оношилгоо хийлгэсэн зардал 3.262.183 төгрөг, Япон Улсын зочид буудалд байрласан зардал 4.027.847 төгрөг, онгоцны зардал 5.087.700 төгрөг, нийт 12.377.730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А хууль ёсны төлөөлөгч Д.С, Б.Ө нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.047.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцэж байна.

 

Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Т ц” боловсрол, сургалтын байгууллагаас гэм хорын хохиролд 12.377.730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А хууль ёсны төлөөлөгч Д.С, Б.Ө нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.047.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 245.080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т ц” боловсрол, сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 212.993 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД

 

  ШҮҮГЧИД                                                               Н.ГЭРЭЛТУЯА

 

                                                                                                  Д.МӨНХЦЭЦЭГ