| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 188/2020/0339/Э |
| Дугаар | 748 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Туяана |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 748
М.Тт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Туяана,
шүүгдэгч М.Т,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлээр М.Тт холбогдох эрүүгийн 2008004610129 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
................., 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай амгийн Гучин ус сум, 3 дугаар багийн Аргалант гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 3 дугаар гудамжны 2 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:......../;
М.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хүнсний дэлгүүрт нэвтэрч, бэлэн 852.000 төгрөг, Юнителийн 3.000 төгрөгийн нэгж 5 ширхэг, 100 граммын савлагаатай “ГЕК Сливочны Супер экстра” иогурт 2 ширхэг, “Сүү” ХК-ийн 1000 граммын савлагаатай цөцгийтэй тараг 1 ширхэг, “MEVIUS” sky blue тамхи 3 хайрцаг, “Растишка” соруултай ундаа 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.Үүрцайхад нийт 889.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас .................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч .................ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Тийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тамгын газарт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 2 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүх шийтгэх тогтоолдоо “Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.Т нь шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, нууц далд аргаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “нэвтэрч” үйлдсэн гэх шинж нь гаднаас дотогш чиглэсэн үйлдэл хийсэн байхыг шаардана. Нөгөө талаас шүүгдэгчийн тухайн обьектын 2 давхарт гарч нуугдаж байгаад дэлгүүр рүү нэвтэрсэн үйлдэл нь тухайн гэмт хэргийн арга болохоос гэмт хэргийн хүндрүүлэх шинж биш юм. ...хохирогч Б.Үүрцайхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Намайг дэлгүүр дээрээ ирж үзэхэд хаалга, цонхонд ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэдгийг үгүйсгэж байна. Мөн улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон нэвтэрч үйлдсэн гэх шинжийг тодорхойлохдоо тус обьектын 2 давхраас буун хаалгаар орж дэлгүүр рүү нэвтэрсэн гэх боловч мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн обьектын 2 давхар руу гардаг хаалга ямар байдалтай байсан, түгжээтэй, онгорхой эсэх талаар цуглуулж бэхжүүлсэн баримтгүй байна гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн. Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд ямар аргаар орсон болохоос үл хамааран хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ. Шүүх “тухайн обьектын 2 давхарт гарч нуугдаж байгаад дэлгүүр рүү нэвтэрсэн үйлдэл нь тухайн гэмт хэргийн арга...” гэж дүгнэсэн атлаа хууль бус нэвтрэлт гэж үзээгүй нь эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг зөрчиж, орон нэвтэрч үйлдсэн гэж хуульд заагаагүй, ойлгомжгүй байдлаар бичигдсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасны дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
Прокурор Д.Туяана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч М.Т тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
М.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хүнсний дэлгүүрээс бэлэн 852.000 төгрөг, Юнителийн 3.000 төгрөгийн нэгж 5 ширхэг, 100 граммын савлагаатай “ГЕК Сливочны Супер экстра” иогурт 2 ширхэг, “Сүү” ХК-ийн 1000 граммын савлагаатай цөцгийтэй тараг 1 ширхэг, “MEVIUS” sky blue тамхи 3 хайрцаг, “Растишка” соруултай ундаа 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.Үүрцайхад нийт 889.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Үүрцайхын “...дэлгүүр дээрээ ирж үзэхэд хаалга, цонхонд ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан. Дэлгүүрийн орлогын мөнгө хадгалдаг хэсгээс орлогын мөнгө, тамхины хэсгээс тамхи, бас жижиг сажиг тараг, сүү, ундаа, нэгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...Манай дэлгүүрийн кассын шургуулгаас 3 боодол мөнгө хулгайд алдсан ба хамгийн сүүлд Байгалмаа эгчийн яриагаар 852.000 төгрөг байсан гэсэн. Мөн кассын арын хэсэгт өрөөтэй байсан тамхины хэсгээс 3 хайрцаг “MEVIUS” sky blue тамхи, Юнителийн 3000 төгрөгийн 5 ширхэг нэгж, арын хаалганы наадхан талд байрлах хөргөгчинд байсан цөцгийтэй тараг нэг уут, цэнхэр жижиг савтай йогурт тараг 2 ширхэг, Растишка нэртэй жижиг савтай соруултай ундаа нэг ширхэг зэрэг эд зүйлс алдсан байсан. ...Хэрэг гарсан байдлаас харахад манай дэлгүүрт урд өмнө худалдагч хийдэг байсан Тунгалаг гэх эмэгтэй дэлгүүр хаахаас өмнөх нь дэлгүүрийн 2 давхарт байрлах шатны үүдэнд зогсож байгаад дээшээ гарсан бичсэг олдсон. ...” /хх 36-37/,
гэрч З.Байгалмаагийн “...2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 23 цагийн үед манай дэлгүүрт урьд өмнө худалдагчийн ажил хийдэг байсан Тунгалаг гэх эмэгтэй орж ирэн удаагүй гарч явах шиг болсон. Тэгээд маргааш нь буюу 1 дүгээр сарын 10-ны өглөө 8 цагийн үед дэлгүүрээ онгойлгоод ортол дэлгүүрийн кассын шаргал өнгийн ширээний нүдэнд байсан орлогын бэлэн мөнгө, тамхины тавиур дээр байсан тамхинууд эмх замбараагүй болчихсон байсан. Тэгээд би дэлгүүрийн эзэн Үүрцайхад утсаар болсон явдлыг хэлсэн. ...” /хх 43-45/ гэх мэдүүлгүүд,
камерын бичлэгт үзлэг хийсэн“...00 цаг 02 минут 38 секундэд хар өнгийн куртик өмссөн хар малгайтай ...М.Т хаалгаар орж байгааг харуулав. 00 цаг 02 минут 40 секундэд М.Т дэлгүүрийн 2 давхар руу гарах шат руу чиглэн алхаж байгаа дүрсийг харуулав. 00 цаг 03 минут 03 секундэд М.Т дэлгүүрийн 2 давхар руу гарах хаалганаас буцаж гарч ирэн худалдагч руу чиглэн алхаж байгааг харуулав. 00 цаг 03 минут 06 секундэд М.Т худалдагчийн баруун талд байрлах шилэн лангууны ард зогсож байв. 00 цаг 03 минут 47 секундэд М.Т дэлгүүрийн 2 давхрын хэсэг рүү алхаж байгааг харуулав. 00 цаг 03 минут 50 секундэд М.Т дэлгүүрийн 2 давхар руу гарах шатны хаалга руу орсон байгааг харуулав. ...” /хх 12-17/ гэх тэмдэглэл,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх 18/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 60-62/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч М.Тийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч М.Тийн иргэн Б.Үүрцайхын бэлэн 852.000 төгрөг, Юнителийн 3.000 төгрөгийн нэгж 5 ширхэг, 100 граммын савлагаатай “ГЕК Сливочны Супер экстра” иогурт 2 ширхэг, “Сүү” ХК-ийн 1000 граммын савлагаатай цөцгийтэй тараг 1 ширхэг, “MEVIUS” sky blue тамхи 3 хайрцаг, “Растишка” соруултай ундаа 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 889.100 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс М.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Прокурор Д.Отгонбаяр “...Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд ямар аргаар орсон болохоос үл хамааран хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ. Шүүх “тухайн обьектын 2 давхарт гарч нуугдаж байгаад дэлгүүр рүү нэвтэрсэн үйлдэл нь тухайн гэмт хэргийн арга...” гэж дүгнэсэн атлаа хууль бус нэвтрэлт гэж үзээгүй нь эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн эсэргүүцэл бичжээ.
Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч М.Т нь дэлгүүр рүү ажиллаж байх хугацаанд нь орж, 2 давхрын өрөөнд нуугдаад дэлгүүр хаасны дараа дэлгүүр рүү бууж эд зүйлс хулгайлсан нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /хх 12-17/ тусгагдсан байх бөгөөд дээд давхраас доод давхрын дэлгүүр рүү орох явцад ямар нэгэн хориг саадыг мэдсээр байж зөрчсөн гэх үйлдэл тогтоогдохгүй байна.
Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ