Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2026/0619

 

 

 

 

                                                  

Т.Уын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Д.Б

Нэхэмжлэгч Т.У

Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга

Гуравдагч этгээд Т.Э

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 008 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М

Хариуцагч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 109/2026/0006/3

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Т.Уаас  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдуулан “Т.Уыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргаар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд авах ёстой байсан цалин, олговрыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Эыг албан тушаалаас чөлөөлөх” тухай ** дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 008 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6., 100 дугаар зүйлийн 100.1., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг тус тус үндэслэн Т.Уын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг олгож, уг олговроос холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн гаргуулж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “Т.Уыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргаар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”, “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Эыг албан тушаалаас чөлөөлөх тухай” ** дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Д.Бийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

 3.1. “Нэхэмжлэгч Т.Уыг ажлаас чөлөөлсөн захирамж нь багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэж гаргасан захирамж учраас хууль бус гэж үзэхгүй энэ үйлдэл нь зөв байсан гэж үзэж байна. Мөн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр багийн Засаг даргыг сонгох сонгууль Монгол орон даяар явагдсан бөгөөд яг энэ зарчмаар тухайн багийн сонгууль явагдсан тул цалин хөлс олгох боломжгүй. Ийм учраас давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж нэхэмжлэхийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

3.  Нэхэмжлэгч Т.Уаас  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдуулан “Т.Уыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргаар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд авах ёстой байсан цалин, олговрыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Эыг албан тушаалаас чөлөөлөх” тухай ** дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

4. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас Т.Уын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг олгож, уг олговроос холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн гаргуулж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Т.Уыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргаар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Эыг албан тушаалаас чөлөөлөх тухай” ** дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.” гэж тус тус заасан.

5.1. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Т.У нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргаар томилогдсон тул хуульд заасан бүрэн эрхийн хугацаа нь 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болохоор байна. Гэтэл Т.Уыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар захирамжаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гэх үндэслэлээр Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

5.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0765 дугаар магадлалаар ...Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Санал уламжлах тухай 06 дугаар тогтоолыг болон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Уыг албан тушаалаас чөлөөлөх тухай” ** дугаар захирамж, мөн өдрийн “Т.Эыг албан тушаалд томилох тухай” ** дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

5.3. Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 001/ШХТ2026/0058 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0765 дугаар магадлал 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5.4. Дээрхээс үзвэл “Т.Уыг ажлаас чөлөөлсөн захирамж нь багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэж гаргасан захирамж учраас хууль бус гэж үзэхгүй, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр багийн Засаг даргыг сонгох сонгууль Монгол орон даяар явагдсан бөгөөд яг энэ зарчмаар тухайн багийн сонгууль явагдсан тул цалин хөлс олгох боломжгүй” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

5.5. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.”, 102 дугаар зүйлийн 102.1.-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.”, 4.4.-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1.-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана:” гээд, 61.1.1.-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах;” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж, 128 дугаар зүйлийн 128.1.-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.” гэж тус тус заажээ.

5.6. Дээрх хууль тогтоомжид заасны дагуу Т.У Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны буюу 8 сарын цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нөхөн олгох нь зүйтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

6. Т.Уыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргаар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллуулахгүй байгаа Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Т.У нь 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр багийн Засаг даргаар дахин томилуулах хүсэлтийг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад гаргажээ. 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ***** дүгээр “Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Засаг дарга Д.Б бүрэн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр Т.Уын хүсэлтийг хангаагүй байна.

6.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.” гэж заасны дагуу Т.Уын Баянгол багийн Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон байх тул анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заасан байдаг.

7.1. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нь 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Эыг албан тушаалаас чөлөөлөх тухай” ** дугаар захирамжийг гаргахдаа дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0765 дугаар магадлалыг үндэслэн гаргасан байх тул уг захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх “илт хууль бус захиргааны акт”-ын шинжид хамаарахгүй.

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

   ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ  

       ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН