Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн туслах Г.Нямаа

Улсын  яллагч Ж.Очирбат

Хохирогч Д.Батсайхан

Хохирогчийн  өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч П.Эрдэнэбилэг нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн П.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн 201612000205  тоот  хэргийг  2017 оны  02 сарын 15-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1957 оны 5 сарын 15-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар баг  “Алагийн цагаан  худаг” гэх газар оршин  суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хоньчин овгийн Пэрэнлэйн Эрдэнэбилэг /РД:ЗП57051518/

 

            Шүүгдэгч П.Эрдэнэбилэг нь 2016 оны 11 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан  сумын 2 дугаар баг “Алагийн улаан овоо” гэх газар Д.Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч П.Эрдэнэбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 11 сарын 10-ны өдөр худаг дээр Батсайхантай уулзсан.  Тэгээд Батсайханы гэр рүү хамт явсан. Тэднийд очоод “Ерөөл” нэртэй архи нэг шилийг уусан. Тэгээд хохирогчтой бэлчээрийн асуудлаас болж маргалдсан. Би бууцан дээрээсээ нүүж чаддаггүй хүн, тэгээд тэдний адууг  нь цаашлуулчихдаг байсан юм. Хохирогч бид хоёр барилцаж авч ноцолдоод гэрээс гарсан юм. Би сөхөрч унахад чулуу таарахаар нь түүнийг  аваад Д.Батсайханы толгой, гар, биед нь цохисон. Би архи ууж, муугаа мэдэхгүй уурлаад өөрийгөө хамгаалах гэсэн хамгаалалтаа хэтрүүлээд ийм зүйл болсон. Д.Батсайханыг хөлдөөд үхэж магадгүй гэж бодоод гэрт нь оруулаад, зуухных нь зүүн талаар хэвтүүлж орхиод , өөрөө гэр рүүгээ явсан. Өөр хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ  гэмшиж байна …”  гэв.

2.Хохирогч Д.Батсайхан шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 сарын 10-ны өдөр хонинд явж байсан. Гэтэл П.Эрдэнэбилэг тааралдахаар нь манайхаар буу, манайх нүүх гэж байгаа, ганц шил архи байгаа, чамд өгөх гэж байгаа юм гэж хэлээд манай гэрт очсон. Гэрт ирэхэд 15 цаг  болж байсан. Би 750 граммын Ерөөл архи гаргаж, бид 2 хувааж уусан. Би П.Эрдэнэбилэгт хандаж “манай малыг хөөгөөд байдаг чинь дэмий юм” гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байсан. Түүнээс хойш санахгүй байна. … Би сэрээд хартал зурагт асаалттай, гадаа харанхуй болсон, би хөлдөж үхэх гэж байсан. Цай уусан  аяга, халуун  сав, тавагтай идээ бүх зүйл хэвээрээ байсан.  Би босох гэсэн чинь босч чадахгүй, хананаас чангааж боссон учраас гар хугарсан гэж мэдсэн. Нилээд цус гарсан хавирга өвдөж байсан. Би утсаар аймаг  явсан гэрийнхээ хүнд болсон үйл явдлын  талаар яриад, унаанаас ойчсон байна, бие хэмхэрсэн байна гэж хэлсэн. Аймгаас манай гэрийн  хүн, хүү хоёр ирсэн. Эмнэлэгт ирээд зураг авхуулахад миний баруун гарын шууны яс, баруун  талын хоёр хавирга хугарсан, толгой хагарсан байсан тул оёо тавиулсан. Маргаашнаас нь гараа боолгоод эмчлүүлсэн. Өмнө  нь баримтаар нэхэмжилсэн  эмчилгээний  зардал 322.000 төгрөг  хүлээн авсан. Одоо туслах  малчны  цалин 1.800.000 төгрөг, эм тарианы мөнгө 37400 төгрөг нийт 1.837.400 нэхэмжилж байна. Би сар бүр эмнэлэгт үзүүлж байгаа. Миний гарын ясны хугарал нь бороолж гүйцсэний дараа хадсан  хадаасыг  нь авна, даарч хөрч болохгүй гэсэн учраас 6 сарын хугацаанд  сарын 250.000 төгрөгөөр  туслах  малчин  ажиллуулна  гэж  тооцсон.  Хохирол төлбөр барагдуулчихвал  гомдол  санал  байхгүй …” гэв.

   3. Гэрч Ш.Бадамцоогийн “…Би 2016.11.10-ны өдөр Сайнцагаан  сумын  2-р баг “Алагийн улаан овоо” гэх газарт байх гэрээсээ гараад 12 цагийн үед аймагт ирсэн. Тэгээд аймагт байхад 22 цагийн  үед хүү Ууганбат руу манай нөхөр Батсайхан утсаар залгаад, тархи хагарсан,  гар хөдлөхгүй, толгой өвдөөд цус их гарсан  байна гэхээр  нь би хүүгийн хамт аймгаас гараад Сайнцагаан  сумын 2-р баг “Алагийн  улаан  овоо” гэх газарт очиход Батсайхан  ганцаараа гэрийн  зүүн  хойд талд хэвтэж байсан.  Манай гэрийн зуухны хойд талд цус болсон байсан.  Тэгээд Батсайханыг аваад шууд аймгийн эмнэлэгт ирсэн. “ гэх мэдүүлэг  /хх-ийн  13/

 4. Гэрч Ж.Болормаагийн “…П.Эрдэнэбилэг 2016.11.10-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Дэлгэрцогт сумын 3-р баг “Алагийн цагаан худаг” гэх газарт нутаглаж байсан  гэрээсээ худгаас ус авна,  үхэр услана гээд гараад явсан.  Тэр орой 18 цаг өнгөрч байхад манай нөхөр П.Эрдэнэбилэг нилээн согтуу ирээд Батсайханыд очоод, Батсайхантай шил архи уугаад, тэгээд хоорондоо маргалдсан  гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 14/

5. Гэрч Ц.Батбилэгийн ”Би 2016.11.10-ны өдрийн  16 цаг 30 минутаас 2016.11.11-ний өдрийн  09 цаг хүртэл жижүүр эмчийн  үүрэг гүйцэтгэж байхад 2016.11.11-ний өдрийн  02 цаг өнгөрч байхад яаралтай тусламжийн  тасагт үзүүлэх хүн ирлээ гэхээр нь яаралтай тусламжийн  өрөөнд очиж өвчтөнг үзэхэд 50 орчим настай эрэгтэй толгойны ар дагзны хэсэгт 8 см орчим язарч урагдсан шархтай, баруун талын гараа сойсон  байдалтай хүн  байсан.  ...толгойны язарч урагдсан  шархыг дамжуулаад цааш нь шалгахад гавлын  яс бүтэн хугарал цөмрөлгүй байсан. Язарсан  шарханд оёдол тавьсан.  Батсайханы цээжний баруун гарын  рентгэн зургийг 2016.11.11-ний өдрийн  өглөө авахуулж зургийг үзэхэд баруун гарын  шууны богтос яс гандан  хэсгийн  3/1 ташуу хугарч зөрсөн байсан  учраас зөрүүг битүү аргаар засаж гөлтгөнөн аравч  тавьсан.  Цээжний рентгэн зураг дээр баруун талд 3 хавирга хугарсан  гэмтэл байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 17/

6. Гэрч Б.Ууганбатын “…Намайг  2016.11.10-ны өдөр аймгийн  төвд байхад 22 цагийн үед аав Батсайхан  утсаар залгаад толгой хагарсан, гар хугарсан, ирээд ав эмнэлэгт үзүүлэх гэсэн юм гэж ярихаар нь би ээж Бадамцоогийн хамт Сайнцагаан сумын  2-р баг “Алагийн улаан овоо” гэх газарт байсан гэртээ очсон.  Тэгэхэд аав Батсайханы нүүр цус болсон гэрийн  зүүн хойд талд хивсэн  дээр  цус гоожсон байдалтай байсан. Тэгээд шууд аавыг аваад аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

7. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.11.17-ны өдрийн  №160200491 тоот шинжээчийн дүгнэлтэнд:  “ Д.Батсайханы биед баруун шуу ясны далд хугарал, баруун 7,8-р хавирганы хугарал, мөр, дал, хонго, гуя хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.  Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн  байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүрдээ 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, шуу болон хавирга ясны хугарал нь Шүүх эмнэлгийн  гэмтлийн  зэрэг  тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хүндэвтэр зэрэгт хамаарна”  гэжээ.  /хх-ийн 21/

8. Шүүхийн  шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2016.12.22-ны өдрийн 43 дугаар дүгнэлтэд: Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Баттүвшингийн 2016.11.17-ны өдрийн №160200491 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Батсайханы биед учирсан  хүндэвтэр гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 3/1-ээс дээш алдагдуулахгүй, ерөнхий хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.Батсайханы биед №160200491 дугаартай дүгнэлтэд тусгагдаагүйгээс өөр дагзны язарсан  шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо, дагзны язарсан  шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Батсайханы биед учирсан баруун богтос ясны далд хугарал, баруун 7,8-р хавирганы хугарал, мөр, дал, хонго, гуя хэсгийн  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны язарсан шарх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Д.Батсайханы биед учирсан гэмтлүүд нь 2016.11.10-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна” /хх-ийн 25-26/

9. Хэрэгт  цугларсан  бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч П.Эрдэнэбилэг нь 2016 оны 11 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан  сумын 2 дугаар баг “Алагийн улаан овоо” гэх газар Д.Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Эрдэнэбилэгийг бусдын бие махбодид  хүндэвтэр гэмтэл  санаатай  учруулах гэмт  хэргийг  үйлдсэн  гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн  байдлыг харгалзан Эрүүгийн  хуулийн  98 дугаар  зүйлийн  98.1 дэх хэсэгт заасан хорих  ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь  анх  удаа, хүндэвтэр гэмт хэрэг  үйлдсэн,  гэмт хэрэг  үйлдэж  учруулсан  хохирлоо  сайн  дураараа  нөхөн  төлсөн  нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  55 дугаар  зүйлийн  55.1.1 дэх хэсэгт  заасан  ял  хөнгөрүүлэх  нөхцөл,  энэ  гэмт  хэргийг  согтуугаар  үйлдсэн  нь  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  56 дугаар  зүйлийн  56.1.10 дахь  хэсэгт заасан  ял  хүндрүүлэх  нөхцөл  болж  байна. 

Шүүгдэгч  нь   хүндэвтэр гэмт  хэрэг  үйлдэж, хорих ял  шийтгүүлж  байх  тул  түүний  хорих  ял  эдлэх  дэглэмийг  нь  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  52 дугаар  зүйлийн  52.5 дахь  хэсэгт  зааснаар  жирийн  дэглэмтэй  хорих  ангид  эдлүүлэх нь  зүйтэй  байна.

Шүүгдэгч  нь   энэ   хэргийн  улмаас  цагдан  хоригдоогүй, хэрэгт  эд  мөрийн  баримтаар  хураагдсан эд  хөрөнгөгүй, шүүгдэгч П.Эрдэнэбилэг нь хохирогч Д.Батсайханд 322.000 төгрөг төлсөн болох нь хх-ийн 118-рт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдааны шатанд хохирогч талаас  туслах  малчны цалин 1.800.000 төгрөг, эмчилгээний  зардал 37400 төгрөг буюу нийт 1837400 төгрөгийг нэхэмжилнэ  гэсэн  тайлбарыг  гаргаж  байна. Хавтаст хэрэгт  хөлсөөр ажиллах  гэрээ   авагдсан  боловч  уг  гэрээ  хэрэгжсэн  эсэх, хохирогч Д.Батсайхан  нь 1.800.000 төгрөгийг  туслах  малчинаар  ажилласан  гэх  хүнд төлсөн  эсэх  нь  баримтаар нотлогдохгүй байна.

Мөн  хохирогч талаас  шүүхийн  хэлэлцүүлгийн  шатанд 37400 төгрөгийн  эм тариа хэрэглэсэн  гэсэн  баримт  гаргаж   өгч  байгаа  боловч  уг  эм  тариаг хохирогч  хэрэглэсэн  болон  хэрэглэх  зайлшгүй  шаардлагатай талаархи баримт хэрэгт  авагдаагүй  байна.

Иймд хохирогчийн  дээрхи  нэхэмжлэлүүдийг  хэлэлцэхгүй  орхиж,  хохирогч Д.Батсайхан нь цаашид гарах эмчилгээний зардал болон дээрхи хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаархи нотлох баримтаа  бүрдүүлэн  иргэний  хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар  шүүгдэгч П.Эрдэнэбилэгээс нэхэмжлэх  эрхтэй болохыг заалаа.

 

Шүүгдэгч П.Эрдэнэбилэг нь бусдад төлөх төлбөргүй байх тул мөрдөн байцаагч Ш.Бямбасүхийн 2017.01.06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч  нь  анх  удаа  хүндэвтэр  гэмт  хэрэг  үйлдсэн, гэмт хэргийн  улмаас учруулсан хохирлоо сайн  дураараа  нөхөн  төлсөн байх  тул  түүнд  оногдуулсан  хорих  ялыг  биечлэн  эдлүүлэх  шаардлагагүй  гэж шүүх үзлээ.

 

   Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 301 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хоньчин овгийн Пэрэнлэйн Эрдэнэбилэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнэбилэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч П.Эрдэнэбилэгт оногдуулсан 2 жил  6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан хөрөнгөгүй,  П.Эрдэнэбилэг нь хохирогч Д.Батсайханд 322000 /гурван зуун хорин хоёр мянган/ төгрөг төлсөн болохыг  тус  тус  дурдсугай.

5. Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн  292 дугаар зүйлийн  292.2-т зааснаар хохирогч Д.Батсайханы нэхэмжлэлээс 1.837.400 /нэг сая найман зуун гучин долоон мянга дөрвөн  зуун/  төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Батсайхан нь хэлэлцээгүй  орхисон болон хойшид гарах эмчилгээний  зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Эрдэнэбилэгээс нэхэмжлэх эрхтэйг  заасугай.

6.Эрүүгийн  байцаан  шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнэбилэгийн эзэмшлийн 2 тооны үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагч Ш.Бямбасүхийн 2017 оны 1 сарын 06-ны өдрийн  тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн  хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнэбилэгт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Дундговь аймгийн Цагдаагийн  газарт  даалгасугай.  

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эрдэнэбилэгт урьд авсан  бусдын  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү,  иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Г.МӨНХБАТ