Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 128/шш2022/0339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д******” ХХК /РД:2******/,

Хариуцагч:   Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Байгаль орчны сайдаас 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн аманд 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэ газар ашиглах эрхийн ******* тоот гэрчилгээг 5 жилийн хугацаатай “Д******” ХХК-д олгожээ.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Д******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг анх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч “Д******” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

1/ Манай компанид "Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар А/50 дугаар тушаалаар хавсралтад заасан нэр бүхий 104 иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох, газар ашиглах эрх нь хүчингүй болсон иргэн аж ахуй нэгж байгууллагад албан ëcoop мэдэгдэл өгч гэрээ, гэрчилгээг хураан авахыг харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тушаалыг хүргүүлэн ажиллахыг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгасан тухай” тушаалын хуулбарыг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №232 тоот албан тоотоор "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай" албан бичгийн хамт ирүүлсэн. Энэхүү тушаалаар нийт 104 иргэн аж ахуй нэгжийн газар ашиглах эрхийг цуцлахаар нийтэд нь дурдсан боловч манай компанийн нэр бүхий хавсралтыг бидэнд ирүүлээгүй. Дээрх тушаалын хүрээнд нэр бүхий аж ахуй нэгж байгууллагуудад хүргүүлэн газар ашиглах гэрээ гэрчилгээг хураан авахыг эрх бүхий байгууллагуудад даалган хүргүүлсэн байх тул тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Бид барилга барих хүсэлтээ 2015 оны 8 дугаар сарын 18-нд гаргаж байсан. Хариуд нь “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас" 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 03/2634 албан тоотоор "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага"-ын Түүх, соёл, спорт, амралт, аялал жуулчлалын баримт бичигт Суурьшсан нутаг дэвсгэр байхаар тусгагдсан бөгөөд тус байршилд авто зам, барилга байгууламж, тохижилтын ажил, инженерийн дэд бүтэц төлөвлөгдөөгүй, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн.

Мөн газар дээрээ хашаа барих зөвшөөрөл хүссэн хүсэлтээ газар ашиглах эрхээ сунгагдсаны дараа 2019 оны 10 дугаар сарын 14-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд өгсөн боловч "...танай компани гуравласан гэрээ байгуулсны дараа хашаа барих зөвшөөрөл хүсэх ёстой” гээд 2019 оны 10 дугаар сарын 17-ны 1748 албан тоотыг бидэнд өгсөн.

Төрийн эрх бүхий байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй шийдвэр, хууль зөрчсөн эс үйлдлийн улмаас манай компани газар ашиглах эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, эхлүүлэх ямар ч боломжгүй хариуг авч улмаар газар ашиглах эрхийг сунгасан шийдвэр гаргасан боловч эрх бүхий төрийн албан тушаалтны хууль зөрчсөн эс үйлдлийн улмаас гэрээ хугацаандаа батлагдаагүйн улмаас, газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй, хашаа барих зөвшөөрөл хүсэхээр гуравласан гэрээ батлагдаагүй тохиолдолд хашаа барих зөвшөөрөл олгогдохгүй улмаар Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн албан бичгээр тус байршилд авто зам,, барилга байгууламж, тохижилтын ажил, инженерийн дэд бүтэц төлөвлөгдөөгүй гэж үзэж байгаа тул газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн хариуг өгдөг.

Улмаар манай компанитай хамтран төсөл хэрэгжүүлэгч компани дээрх нөхцөл байдлуудын улмаас хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах боломжгүй байсаар төлөвлөсөн төсөл хэрэгжиж чадахгүй байдалд хүрсээр нутаг буцсан. Бид энэхүү газар дээрээ аялал жуулчлалыг дэмжих хөгжүүлэх зориулалтаар усан онгоцны хэлбэр бүхий үйлчилгээний иж бүрэн цогцолбор байгуулахаар зураг төсөл хийлгэсэн байсан.

2/ Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар А/50 дугаар тушаалын хуулбар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанид ирүүлсэн газар ашиглах эрхийн гэрээ гэрчилгээг хураалгах тухай 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №232 тоот албан тоотуудыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бичиг хэргээс очиж гарын үсэг зурж хүлээн авсан.

Манай компанид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гуравласан гэрээ байгуулах тухай 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1686 албан тоот ирсний дагуу бид гэрээг баталгаажуулан Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн боловч гэрээг баталгаажуулж өгөлгүй шалтаг шалтгаан хэлсээр 2 жил гаруй хугацаа өнгөрсөн.

Бидэнд ирүүлсэн тушаал, албан тоотыг хүлээн авмагц бид Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А***********д гуравласан гэрээг баталж өгөхийг шаардсан тухай албан бичгийг хүргүүлсэн.

2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт гуравласан гэрээ хийгдээгүйн улмаас газар ашиглах эрх цуцлагдсан талаар гомдол мэдүүлснээр гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А*********** 2022 оны 01 дүгээр сарын 28-нд гарын үсэг зурж анх хүргүүлсэн гэрээний огноогоор гэрээг албажуулж өгсөн.

Манай компаниас Монгол Улсын Засгийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 12-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан тушаалд гомдол хүргүүлсэн мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ХЭГ/162 албан тоотыг явуулсан байдаг бөгөөд уг албан тоотын хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр №03/775 албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргад хүргүүлсэн байдаг.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И********* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ "” ХХК нь анх 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн аманд 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 7** тоот гэрчилгээг 5 жилийн хугацаагаар авч, улмаар 2013, 2019 онд тус тус газар ашиглах эрхийн хугацааг сунгуулсан байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалын үндэслэл нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 "...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...", мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “..газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...", 40.1.6-д”...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр" гэдгийг “гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг “газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тус тус тайлбарласан байна.

Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 114-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Д******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Д******” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* тус шүүхэд хандаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...зохих журмаар хүсэлтээ гаргаж байсан боловч биднээс үл хамаарах шалтгаанаар төслөө хэрэгжүүлэх боломжгүй байсан, Хан-Уул дүүргийн Засаг дарга нь гуравласан гэрээг баталгаажуулж өгөхгүй 2 жил гаруй хугацаа өнгөрсний дараа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсгээ зурсан боловч анх хүргүүлсэн гэрээний огноогоор албажуулж өгсөн...” гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй нь тогтоогдсон...” гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 104 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4670 тоот, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 11и-3//5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг тушаалын хавсралтын 129 дүгээрт нэхэмжлэгч “Д******” ХХК-ийг зөвхөн Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр багтаасан /Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэлд хамааруулж үзээгүй/ байна.

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно:” мөн зүйлийн 7 дахь хэсэгт “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:” 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг тухайлбал, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.

6. Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч компанийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгох нь хариуцагч захиргааны байгууллагын сонгох эрх мөн боловч энэ тохиолдолд хариуцагч нь хүчингүй болгохуйц нөхцөл байдал үүссэн эсэхийг хангалттай шалгаж тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход нэхэмжлэгч нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх”-ыг шаардана.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалтыг хэрэглэж тухайн шийдвэрийг гаргах учиртай.

7. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж тус тус заасан.

Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал нэхэмжлэгчид ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газрын хувьд үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулсан бол ямар үйл ажиллагаа явуулсан, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг нарийвчлан тогтоох үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч компанийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, тухайн захиргааны актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь:

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Д******” ХХК-д 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 7** дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 1,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгосноор нэхэмжлэгч нь “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2008/7** дугаар гэрээг Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Шинэхүү нартай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байх ба хариуцагчаас гаргаж ирүүлсэн дараахь баримтуудаар нэхэмжлэгч нь:

-2011 оны 8 дугаар сарын 09-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “хашаа барих зөвшөөрөл хүссэн”,

-“... Б***** ХХК нь суурийн бүх шороо асгаснаас бид үйл ажиллагаа явуулах боломжгүй байна, 2012 оны 7 сарын 29-нд хашаагаа барихаар очтол 3 эмэгтэй, 10 гаруй эрэгтэй хүмүүс гарч ирж...айлган сүрдүүлж, орц гарцыг ёулуугаар хаасан...манай компанийн албан ёсны газар болохыг нотолж...өгнө үү” гэх хүсэлтийг 2012 оны 9 дүгээр сарын 14-нд

-2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 119 дүгээр албан бичгээр “...11 дүгээр хорооны иргэд зөвшөөрөлгүйгээр хашаа гэр барьсан...” гэж тодорхойлсон,

“...хажуу талд барилга барьсан Б***** ХХК нь суурийн бүх шороог манай газар дээр асгасан,...11 дүгээр хорооны хэсэг иргэд гэр барьчихаад газрын маргаан үүсгээд байгаа, орц гарц таглаж зөвшөөрөлгүй айлууд буусан...энэ жил хашаагаа шинэчлэх зөвшөөрөл олгож...туслалцаа үзүүлнэ үү” гэх албан бичгийг 2017 оны 01 дүгээр сарын 27-нд,

-мөн 2012 оны 11 сарын 13, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдэд “...гуравласан гэрээг нөхөж хийж өгнө үү” гэх хүсэлт,

-2018 оны 7 дугаар сарын 20-нд “...газрын төлбөрөө бүрэн төлсөн тул гуравласан гэрээг дүгнэж акт гаргаж өгнө үү” гэх хүсэлт,

-2019 оны 10 дугаар сарын 09-нд “...гуравласан гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дууссан тул шинэчлэн гаргаж өгнө үү” гэх хүсэлт,

-2019 оны 10 сарын 14-нд “...хашаа барих зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлтийг тус тус Хамгаалалтын захиргаанд гаргаж байсан,

            Эдгээр хүсэлтийн хариуд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дараахь хариуг өгсөн, тухайлбал:

-2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр албан бичгээр “...газар ашиглалтын байдалд шалгалт хийгдэж байгаатай холбогдуулан...гуравласан гэрээг сунгах, шинээр хийх ажлыг түр зогсоосон” гэж,

-2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “газар ашиглах тухай” гуравласан гэрээг 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулж талууд гарын үсэг зурсан,

-2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц*******ад хандаж “газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулах” хүсэлт гаргасан,

-Тус хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн, 2013 оны 6 сарын 14-ний өдрийн 140 дүгээр албан бичигт “...Д******” ХХК нь 11 дүгээр хорооны иргэд зөвшөөрөл бүхий газар дээр нь гэр барьсан маргааны улмаас үйл ажиллагаа явуулаагүй, байгаль хамгаалах төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийн тайланг жил бүр дүгнүүлж ажилласан тул гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй” гэж тус тус тодорхойлсон,

- Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 029/2018 тоот “Газар ашиглах гэрээ дүгнэх хуудас” гэх баримтад “авбал зохих 76-85 оноо, авсан 85 оноо дунд” гэж дүгнэсэн, уг хуудсанд нэхэмжлэгчийг “өмнөх гэрээний биелэлтэд илэрч байсан зөрчлүүдийг арилгасан байдал-5 оноо буюу “зөрчилгүй” гэж дүгнэж, тус захиргааны газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн Д.Банди гарын үсгээ зурсан,

-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 808 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “...Д****** ХХК нь...байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг дэмжсэн”

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч А.Э*****ын,  2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 13/5462 дугаар албан бичгээр “...ерөнхий үнэлгээ хийлээ, нарийвчилсан үнэлгээ хийж ирүүлнэ үү” гэж мэдэгдсэн,

            -Мөн Хамгаалалтын захиргааны 2018 оны 8 сарын 29-ний өдрийн 1124 дүгээр албан бичгээр “...нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулсантай танилцлаа, хурлаар хэлэлцүүлэхэд татгалзах зүйлгүй”-г тодорхойлсон,

            -Хамгаалалтын захиргааны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1748 дугаар албан бичгээр “...танай газар ашиглах эрхийг 2019 оны А/508 дугаар тушаалаар сунгасан байна, 2,0 га газарт...гэрээ байгуулж ажиллана уу...гэрээ байгуулсны дараа хашаа барих зөвшөөрөл хүсэхийг мэдэгдэж байна, ...стандарт мөрдөж ажиллахыг анхааруулж байна” гэх хариуг,

            -2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Нэгж талбарын хил заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг шалгасан тухай акт-08”-д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнх гарын үсэг зурж тамга дарсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/508 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

 Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь газар ашиглах эрх үүссэн цагаас эхлэн 2019 оныг хүртэлх хугацаанд төрийн захиргааны эрх бүхий байгууллагууд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж үйл ажиллагаагаа явуулахаар удаа дараа, зохих журмын дагуу хүсэлтээ гаргахад тус байгууллагуудаас тухай бүрд нь “дэмжиж” шийдвэрлэж байсны дээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 029/2018 дугаар “Газар ашиглах гэрээ дүгнэх хуудас”-т нэхэмжлэгчийг газар ашиглах гэрээний үүргийг “85 оноо”-гоор дүгнэсэн атлаа 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “...газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр дуусгавар болгох” санал хүргүүлсэн байхад нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан /огт/ ашиглаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь газрын төлбөрөө бүрэн төлсөн байхад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 2731 тоот албан бичигт Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэлийг дурдсан нь буруу байсны дээр нэхэмжлэгчийг газраа ашиглаагүй нь дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх боломжгүй байхад хариуцагч тухайн захиргааны акт гаргахын өмнө нөхцөл байдлыг тогтоолгүй шууд Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөлд тохироогүй, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Г.Г********, “Д******” ХХК-ийн захирал Д.Э**********, иргэн Л.М***** нар байлцаж “Сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл”-д мэргэжилтэн Г.Г********гаас “...таны ирүүлсэн материалтай танилцахад Газрын тухай хуулийн 37.1, 39.1.1, 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34.1, 36.1 дэх заалтуудыг зөрчсөн байна...одоог хүртэл 11 жил зориулалтын дагуу ашиглаагүй байна” гэхэд “Д******” ХХК-ийн захирал Д.Э**********гаас “...2018 оны 03 сард газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтээ өгсөн, ерөнхий үнэлгээг хийлгэсэн, үйл ажиллагаа явуулаагүй байгаа, учир нь уугуул суугуул иргэд манай газрыг булаацалдаад, саад учруулдаг байсан, 2 удаа хашаагаа барьсан боловч буулгасан, Б***** ХХК нь барилгын шороогоо асгасан...дүүргийн газрын алба, Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон прокурорт гомдол гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй...” гэсэн тайлбар өгсөн болох нь тогтоогдов.

Уг баримтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, Газрын тухай хуулийн 37.1, 39.1.1, 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34.1, 36.1 дэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр сонсох ажиллагаа явуулсан атлаа хүчингүй болголгүй улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/508 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан, ийнхүү сунгаснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, хууль бус байна..

Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр огноолсон “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” гэрээг Хан-Уул дүүргийн Засаг даргаас баталж өгөхгүй байгаа талаарх гомдлыг нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гаргасныг тус газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03/533 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн, уг гуравласан гэрээг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А*********** 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсгээ зурсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11/412 дугаар албан бичгээр ирүүлсэн “бүртгэл” зэрэг баримтуудаар тогтоогдов.

Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...2 жил дараалан ашиглаагүй” гэх хугацааг хэрхэн, яаж, хэзээнээс эхлэн хэдий хүртэлх хугацааг хамааруулж үзсэн нь тодорхой биш, гуравласан гэрээг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан нь хариуцагчийн гаргасан А/50 дугаар тушаалын бодит нөхцөлд хэрхэн уялдаж байгаа нь ойлгомжгүй байна.

10. Нөгөө талаар хариуцагч маргаан бүхий А/50 дугаар тушаалыг гаргахдаа Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 сарын 24-ны өдөр 11И-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж...болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот тоот санал...-ыг тус тус үндэслэл болгожээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Б.Г********ы гарын үсэг бүхий 2020 оны 09 сарын 24-ны өдөр 11И-3/5988 тоот албан бичгээр Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргад хандаж “...Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас Тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусгай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөргөн шалгах ажиллагаа явуулж байна, мөрдөн шалгах ажиллагааны явцад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль зэрэг бусад салбар хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгчийн мэдэгдэл бичиж хүргүүлэв. Мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хуульд заасан хугацаанд хариуг ирүүлэх”-ийг мэдэгдсэн,

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Ж.Б********н 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар мэдэгдэлд “...Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөлтэй боловч Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заасныг зөрчсөн 660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг нь Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцлах”-ыг мэдэгдсэн, уг хавсралтын 634-д нэхэмжлэгч компанийн нэр орсон үйл баримтууд мөн тогтоогдов.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6.1-д “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана” гэж зааснаас үзвэл мөрдөгчийн мэдэгдэл нь аливаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахыг л эрх бүхий этгээдэд мэдэгдсэн агуулгатай тул захиргааны байгууллага уг мэдэгдлийг үндэслэн нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг шууд хүчингүй болгохгүй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу л цуцлах үүрэгтэй.

Тус шүүхэд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11и-3/2426 дугаар албан бичгээр “...Өнөөдрийн байдлаар 2****** регистрийн дугаартай “Д******” ХХК-д холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг тус хэлтэст шалгагдаагүй болно...” гэсэн тодорхойлолт ирүүлснээс үзвэл нэхэмжлэгч байгууллагыг гэм буруутай гэх үндэслэл бүрэн шалгагдаж тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд, маргаан бүхий А/50 дугаар тушаалд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 сарын 24-ны өдөр 11И-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот саналыг тус тус үндэслэл болгосон нь буруу.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д.”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 26.2-т ”Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ...” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8138 дугаар албан бичгээр “Д******” ХХК-д захиргааны акт гаргах болсныг урьдчилан мэдэгдсэнээр нэхэмжлэгч компаниас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 038/2020 дугаар албан бичгээр холбогдох баримтуудыг, мөн өдрийн 036/2020 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг тус тус хүргүүлсэн боловч захиргаа шийдвэр гаргахдаа эдгээр нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын “Д******” ХХК-д холбогдох хэсэг хууль бус, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул тушаалын “Д******” ХХК-д холбогдох хэсгийг  хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Д******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН