Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/02544

 

2020          09              22                                183/ШШ2020/02544

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд хийсэн хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Б.Л-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э.Э -д холбогдох

 

 

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 070 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Э-тай 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөнгө зээлсэн баримт үйлдэж 37 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 2016 оны 12 сарын 31-ний төлж дуусах нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Хариуцагч нь зээлсэн мөнгөө тодорхой хэмжээгээр төлж үлдэгдэл 12 000 000 төгрөгийг удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Төлсөн мөнгөний баримт болох дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн болно. Иймд зээлүүлсэн 12 000 000 төгрөг, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 12 070 200 төгрөгийг хариуцагч Э.Э-аас гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Б.Л хариуцагч Э.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөг, нийт 12 070 200 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2016 оны 7 сарын 04-ний өдөр зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Э.Э-т 37 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байна. /хх-4/

 

 

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч Э.Э гэрээний хугацаа дууссан 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн үндсэн төлбөр 37 000 000 төгрөгийг, хүүгийн 5 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд 2017 оны 01 сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 5 сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 8 сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 8 сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 9 сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 10 сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 10 сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 12 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

 

 

Хариуцагч Э.Э нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

 

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ.” гэснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

 

 

Харин нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Э.Э-ыг эрэн сурвалжлуулахад гаргасан улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг уг зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан шаардсан нь үндэслэлгүй бөгөөд уг зардлыг хохиролд тооцох үндэслэлгүй юм.

 

 

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Э.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, илүү нэхэмжилсэн 70 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

 

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэсэн хуулийн хугацааг нэхэмжлэгч нь хэтрүүлээгүй байх бөгөөд хариуцагч Э.Э-аас гэрээний үүргийг шаардаж байсан нь хөөн хэлэлцэх хугацаандаа байна.

 

 

 

Тус шүүх хуралдааны товыг 2020 оны 9 сарын 08-ны өдөр хариуцагч Э.Эын хаягаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлж, ............... дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын ажлын албанд шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг мөн хүргүүлсэн байна.

 

Түүнчлэн шүүгчийн туслах түүний ............... дугаарын утсаар холбогдоход утсаа аваагүй тул зурвас үллдээсэн байх ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 70 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 208 073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-аас улсын тэмдэгтийн хураамжинд 206 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                     Б.МӨНХЖАРГАЛ