Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/10

 

 

 

 

 

 

       2023          12         25                                      2024/ШЦТ/10

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч С.Бичинхүү,

хохирогч Г.Э-,

шүүгдэгч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт С-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт С-н Б /регистрийн дугаар ***/.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй зочид буудалд хохирогч Г.Э-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-гийн өгсөн “...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э-ын өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны шөнө найз охинтойгоо “С” зочид буудалд байж байхад С.Б- утсаар яриад уулзахаар ирсэн. С.Б- намайг дуудсан. Тэгээд бид хоёр маргалдаад ийм юм болсон. Баримтаар 410.000 төгрөгийн хохирол учирсан. Би нийт 1,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Э-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр найз Ганцэцэгтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “С” нэртэй буудалд байж байхад Б над руу залгахаар нь би хаягаа зааж өгч дуудсан. Би буудлын 312 тоот өрөөнд найз Г-н хамт байсан. Б ирээд бид гурав архи уусан. Архи дуусаад бид 3 согтсон, Г унтаад өгсөн байсан. Б  нь хэрүүл хийгээд миний нүүр рүү гараараа цохисон. Би доош унахад миний нуруу, толгой руу дэвсэж зодсон. Би больё андаа гээд тайвшруулж байж болиулсан. Энэ үед Ганцэцэг тасарчихсан нам унтаж байсан. Б  намайг тухайн буудлаас түшиж гаргаж өгөөд таксинд суулгаж явуулаад өөрөө буцаад буудал орсон. Тэгээд би гэртээ харьж унтаад маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр миний нуруу, ууц толгой өвдөхгүй газар байхгүй сэрсэн. Мөн миний үүдэн шүд хугарсан байсан тул цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 14-15 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай “Г.Э-ын биед тархи доргилт, дух баруун чамархай, хоёр зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт, зулгаралт, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, зүүн чихний ар, зүүн бугалга, хоёр өвдөгт зулгаралт, цээж, зүүн бугалга, тохой, шууны цус хуралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр намайг гадуур явж байхад манай багын найз Энхмандуул над руу яриад хаана байгаа юм гэхээр нь би ажилтай байна гэж хэлсэн. Ингээд миний ажил гайгүй болоод 21 цагийн үед Э-тай утсаар ярихад надад өөрийгөө 10 дугаар хорооллын буудалд байна гэхээр нь би өөрийн хамт ажилладаг нэг хүнтэй хамт орсон. Ингээд намайг ороход Э өрөөндөө нэг эмэгтэй хүнтэй хамт байсан ба би гаднаас нэг шил архи авч орсон тул түүнийгээ задлаад уусан. Энэ хооронд Э манай хамт орсон хүнийг өдөөд үг сөргөөгөөд байсан чинь найз маань яваад өгсөн. Би архи ууж дуусаад дахин гарч нэг шил архи авсан. Тэгээд би авч ирсэн архиа уугаад талаас нь хэтрээд байж байхад Энхмандуултай яриа таарахгүй үл ойлголцол болж муудалцсан. Тухайн үед намайг өөрийг нь аргалаад байхад арга авахгүй доромжлоод байхаар нь тэсгэл алдаад нэг хоёр удаа толгой хэсэгт нь цохиж хавсраад унагаасан бөгөөд газар унасан байхад нь мөн хэд хэдэн удаа гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Бид хоёрт ямар нэг өр авлага, өс хонзон байхгүй ба бид хоёр эртнээс нэгнээ мэдэх багын найз нар. Манай найз бид хоёр одоо эвлэрсэн бөгөөд найзын эмчилгээнд гарах зардлыг нөхөн төлөхөөр болж тохирсон...” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 40-42 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Шүүгдэгч С.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй зочид буудалд хохирогч Г.Э-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.Б- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Б- нь хохирогч Г.Э-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос С.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “..Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж заасан байх тул шүүгдэгч С.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Хэрэгт нийт 410.000 төгрөгийн баримт авагдсан байх ба хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би баримтаар 410.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Мөн бариачаар толгой нуруугаа бариулсан төлбөрт 590.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч  С.Б-гээс 410.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Э-д олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Г.Э- энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Б-гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч С.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б овогт С-н Б г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх заалтад зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гээс нийт 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Э-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Г.Э- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Б-гээс  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч С.Б- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ