Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/11

 

   

 

 

 

 

 

 

     2023         12           25                                      2024/ШЦТ/11

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос Б овогт Б-н Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Б /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 365 дугаар байрны автомашины зогсоол дээр хохирогч М.М- тэй маргалдаж, түүний эзэмшлийн **-**  улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг цохиж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр орц руугаа орох гээд явж байхад 3 залуу цохиж унагаасан, цуг явсан хүн наад хүн чинь тахир дутуу хүн шүү дээ гэж хэлсэн. Би уусан байсан, тэр миний буруу эмнэлгээр 6 сар явахдаа цагдаад өгч чадаагүй. Би зодуулаад утсаа дээрэмдүүлээд согтуудаа тийм болчимгүй үйлдэл хийсэн байна...” гэх мэдүүлэг,

 

Мөн хавтаст хэргээс

мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.М-н хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 4 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчимд гэр рүүгээ явж байхад байрны хажууд 2 согтуу хүн хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тухайн 2 үл таних хүний хажуу талаар нь машинтайгаа гарч байхад нэг нь миний машины урд талд зогсож байгаад миний машины урд  хэсэг рүү цохихоор нь би машинаасаа буугаад тэр хүнд яагаад миний машиныг цохиод байгаа юм, ууж идсэн архиа шингээгээрэй гэж хэлчихээд хөдлөх гэж байхад тухайн үл таних залуу нь явахгүй байгаад байхаар нь би чи хүний машины урд талаас холдооч гэж хэлэхэд холдохгүй байсан... Гэтэл тэр намайг заамдахаар нь би зөрүүлээд заамдахад хамт явж байсан хүн нь салгах гэж оролдсон. Гэтэл би чамайг ална гэж хэлсэн. Би тухайн үед найз охин болон ээжийнхээ хамт явж байсан ба манай ээж холдооч гэхэд манай ээжийг гичий минь дуугүй байгаарай гэхээр нь би давраад байгаарай гэхэд хамт явж байсан найз нь тэр залууг аваад явсан. Гэтэл тэр хүн орилж ирээд салхины шилийг хагалах шиг болсон. Би машин дээрээ очтол салхины шилийг хагалсан байсан. Би уурлаад дайрах гэхэд манай дүү Мөнхтүвшин цагдаа дууд гэхээр нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Х-ны гэрчээр өгсөн:

“...2023 оны 4 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед би нөхөр М болон хадам эхийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 90 б байрны хажуу талд **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Байрны хажуу талаар машины зогсоол руу орох гэж байхад манай байрны орцны үүдэнд үл таних 2 согтуу хүн байсан ба тэр 2 хүний хажуугаар машинтайгаа явах гэж байхад нэг нь машины урд талд орж ирж зогсоод манай машины гэрэл рүү цохиод байсан. М машинаасаа буугаад та яагаад байгаа юм, зүгээр байгаач гээд хэлэхэд тэр хүн манай нөхрийг заамдаад гараараа нудраад байх шиг байсан. Тэгэхэд нь би болон манай хадам ээж Т машинаас буугаад та яагаад байгаа юм бэ, бид нар зүгээр гэртээ яваад орох гэж байна гэж хэлсэн чинь та нар хэн юм, би нарыг хүнд хэлүүлж байгаад дарамтална, эсвэл гэрт чинь орж байгаад ална гээд сүрдүүлээд байсан. Тухайн хүнтэй хамт явж байсан найз нь хүрч ирээд тэр хүнийг бид нараас холдуулаад та нар одоо гэртээ яваад орчих гээд бид нараас холдуулах гэж оролдсон. Тэгэхэд нь тухайн хүн бид нар pyy агсраад би танай машины цонхыг чинь хагална гээд дайрхад нь тухайн хамт явж байсан хүн нь гэр рүү нь дагуулаад явсан. Тэгээд бид нар машин дотроо суугаад хадам ээж бид хоёрыг орцны үүдэнд буулгаад М болон М нар нь машинаа зогсоол дээр байршуулах гээд явж байхад нь тухайн үл таних согтуу хүн нь байрны хажуу талаар гарч ирээд машины цонхыг цохиод хагалсан. Тэгэхэд хамт явж байсан хүн нь эргэж ирээд чи яагаад цонхыг нь хагалсан юм бэ гэж хэлчихээд бид нарт ах нь энэ хүнийг гэрт нь оруулж өгчихөөд гараад ирье гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд удалгүй эргэж гарч ирээд тэр хүний гэрийг нь бид нарт зааж өгчихөөд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Т-ын гэрчээр өгсөн:

“...2023 оны 04 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед би М- , М, бэр Х нарын хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 90 б байрны хажуу талд байрны зогсоол руу орж байхад орцны үүдэн 2 согтуу хүн байж байсан. Бид нар тухайн хүний хажуу талаар нь машинтайгаа гараад явах гэж байхад нэг нь манай машины урд талд зогсож байгаад явахгүй байсан ба манай машины урд гэрлийн цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь манай хүүхэд М-  машинаас буугаад тухайн үл таних хүнтэй ярилцаад зогсож байхад нь тэр хүн нь манай хүүхдийг заамдаж байгаад гараараа нудраад байсан. Би бэр Халиунаагийн хамт машинаасаа буугаад явж очоод юу болоод байгаа юм гэж хэлэхэд намайг чи зүгээр дуугүй байгаарай, авгай минь гэж хэлэх шиг болсон. М тухайн үл таних хүнтэй маргалдаад зогсож байхад нь хамт явж байсан залуу нь хүрч ирээд салгах гээд оролдсон. Тэгээд хэсэг манай хүүхэдтэй маргалдаж байгаад би танай машины цонхыг чинь хагална гээд дайрсан. Тэгэхэд хамт явж байсан хүн нь би найзыгаа аваад явлаа, уучлаарай гээд дагуулаад аваад явсан. Би бэр  Халиунаагийн хамт байрны орцны үүдэнд буугаад манай хүү М нь машинаа байрлуулчихаад эргээд ирье гэж хэлээд машинаа байрлуулах гэж байхад манай машины цонх хагарах шиг болсон. Эргээд машин дээр яваад очиход тухайн үл таних хүн нь эргэж ирээд манай машины салхины шилийг хагалсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.М-н гэрчээр өгсөн:

“...Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 365 дугаар байрны хажуу талд өөрийн төрсөн ах М, ээж Т, бэр эгч Х, 2 эмэгтэй бага насны дүү нарын хамт **-**  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тухайн үед би машины хойд талын суудал дээр унтаад явж байхад машины сигнал дугархаар сэрээд хартал 2 согтуу залуу машины урд талд бид нарыг явуулахгүй зогсож байсан. Тухайн 2 залуугийн намхан нэг гартай залуу нь машин дахиад сигналдахад машины урд гэрэл рүү цохих шиг болоход манай ах М- машинаас буугаад очоод чи яагаад байгаа юм гээд маргалдсан. Машиныг цохисон нэг гартай залуу нь ахтай маргалдаж байгаад манай ахыг заамдаад авахаар нь би машинаас бууж очоод салгасан. Тэр хүн манай ахыг заамдчихаад тавихгүй байсан. Хамт явж байсан хүнд нь хандаж энэ согтуу хүнээ аваад яв гэж уурласан чинь тухайн нэг гартай ах нь та нар ямар хүнтэй орооцолдсон гэдгээ мэдэхгүй байна даа гэж хэлээд машины улсын дугаарын зургийг гар утсаараа авчихаад би одоо та нарыг өөрийнхөө дүү нараар дарамтлуулна гээд бид нарыг загнаад байсан. Тэгээд бид нарыг байж болох бүх хараалаар хараагаад хэл амаар доромжлоод байхаар нь би хамт явж байсан хүнд нь энэ согтуу хүнээ ав гэж уурлаад тэр хоёрыг машинаасаа холдуулахад хамт явж байсан хүн нь нэг гартай хүнийг доороо оруулаад дээрээс нь дарж байгаад та нар гялс явчих гэж хэлсэн. Би эргээд машин дээрээ очоод машин дотроо суугаад бэр эгч болон ээжийг байр руу дөхүүлчхээд машинаа унаад эргээд явах гэж байхад манай ах бас намайг хараад байрныхаа үүдэнд зогсож байх шиг байсан. Тэгээд би машиныг эргүүлээд хөдлөх гэж байхад нэг гартай хүн нь байрны хажуу талаас эргэж гарч ирээд машины урд салхины шилийг гараараа цохиод хагалахаар нь би машинаас буугаад та яаж байгаа юм гээд хэлэхэд би машины шилийг чинь хагална гэсэн бол хагална харж байна уу гээд байсан. Манай ах байрны үүдэнд зогсож байгаад над дээр хүрч ирээд тухайн нэг гартай ахыг чи яаж байгаа юм гээд уурлахад байрнаас манай ээж болон бэр эгч нар гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-н гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын эхээр сэлбэгийн дэлгүүртээ ажиллаж байхад **-**   улсын дугаартай тээврийн хэрэгсэл урд салхины шил солиулсан. Уг шилийг 320.000 төгрөгөөр солиулсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний “...салхины шил 350.000 төгрөг...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хавтаст хэргийн 50-53 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Б.Б бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэх гэмт хэрэгт үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч М.М- , гэрч Х.Х, Т.М, Д.Т нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын өгсөн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Хууль зүйн ойлголтоор гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гадны хүчин зүйлийн үр дүнд эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдаж, биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг “устгах” гэж ойлгоно.

 

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Б Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 365 дугаар байрны автомашины зогсоол дээр хохирогч М.М- тэй маргалдаж, түүний эзэмшлийн **-**  улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг цохиж гэмтээсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 350.000 төгрөгөөр тогтоосон тул түүний үйлдлээс бусдад учирсан хохирол 300.000 төгрөгөөс дээш хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Улсын яллагч шүүхийн хуралдаанд “...шүүгдэгч Б.Бт бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

 

Иймд шүүгдэгч Б.Бын гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирол төлбөр нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хавтаст хэрэгт “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний “...салхины шил 350.000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 50-53 дахь тал/ авагдсан байх ба шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М-н эд хөрөнгөд учирсан 350.000 төгрөгийг бэлнээр хохиролд тооцуулахаар хүлээлгэн өгсөн байх тул  шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас Б.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулж, шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б-т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ