Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0639

 

 

О.Дийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: О.Д

          Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурор

          Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэлх хугацаагаар тооцож олгох, тул дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах" тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0561 дүгээр шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, М.Х

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, Ц.М

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

          Хэргийн индекс: 128/2026/0391/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Б. О.Д нь Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан "Монгол Улсын Ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэлх хугацаагаар тооцож олгох, тул дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах"-аар маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0561 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн, 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

              2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч О.Д нь Монгол улсын Ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл хугацаагаа тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг хариуцагчид шаардлага гаргасан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0561 дугаар шүүхийн шийдвэрээр (цаашид “шүүхийн шийдвэр" гэх) "...1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Дээс гаргасан.....нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэж шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т “...Харин уг журмын 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т Улсын ерөнхий прокуророос гаргасан тушаал, заавар, журмыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн сахилгын зөрчилд тооцохоор зааснаас гадна энэ журмын 2 дахь хэсгийн 2.2-т “...ажилтан сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцох, 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, 3.4-т энэ журам болон байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам...биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна..." гэж мөн 4.5-т ... Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5. "Прокурорын ажилтан ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам зөрчвөл Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд зааснаар сахилгын шийтгэл оногдуулна” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас дээрх хэм хэмжээний акт болон хуулийн зохих заалтыг нэхэмжлэгч О.Д зөрчсөн гэж үзэн дүгнэн хариуцагчаас сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна..." гэж 4.7-д "...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13.албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах; нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүхээс дүгнэлээ...” гэх тус тус хууль зүйн дүгнэлт хийсэн боловч Монгол Улсын Ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/38 дугаар дугаар тушаалын үндэслэх хэсэгт "...Прокурорын тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.8 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.4, 48.4 дэх заалт, “Прокурорын ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх заалт, “Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг тус тус үндэслэн...” гэж тушаах хэсэгт “...Улсын ерөнхий прокурорын 2010 оны 188 дугаар тушаалаар батлагдсан "Прокурорын ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “Ажлын бус цагаар Прокурорын байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдлийг гаргахгүй байх", Улсын ерөнхий прокурорын 2022 оны А/128 дугаар тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.2 дугаар зүйлийн 2.2-т заасан "...ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих", 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан "Улсын ерөнхий прокуророос гаргасан тушаал, заавар, журмыг зөрчсөн" байх тул түүнд "Төрийн албанаас халах" сахилгын шийтгэл оногдуулсугай...” гэж тус заасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 4.4-т "... энэ журмын 2 дахь хэсгийн 2.2-т "...ажилтан сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцох, 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, 3.4-т энэ журам болон байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам...биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна..." гэж заасныг, 4.5-д "...энэ журмын 2 дахь хэсгийн 2.2-т "...ажилтан сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцох, 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, 3.4-т энэ журам болон байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам... биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна..." гэж заасныг, 4.6-д “...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;..." гэж заасныг зөрчсөн гэж дүгнээд “...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг ..." гэж нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтоогдож байна. Үүнд:

2.1.1 Анхан шатны шүүхээс үндэслэх болон тогтоох хэсэгт Монгол улсын Ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг огт дурдаагаагүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн байна гэж үзэж нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Монгол улсын шүүх байгууллагын хувьд Монгол улсын үндсэн хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуулиар нэгдүгээрт шүүх хөндлөнгийн байр сууриар оролцох, хараат бусаар шийдвэр гаргахыг үүрэг болгосон ба анхан шатны шүүхээс тушаалд огт дурдагдаагүй заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь өөрөө Монгол улсын Ерөнхий Прокурорын гаргасан тушаалын эрх зүйн зөрчлийг засварлаж өгсөн үзэхүйц байдлаар шийдвэр гаргасан нь өөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2.1.2 Өмгөөлөгчийн зүгээс Монголын улсын Ерөнхий Прокуророос О.Дт прокурорын ажилтны ёс зүйн дүрмийн зөрчсөн болохыг тогтоож дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан боловч Монгол Улсын Их хурлаас 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Төрийн Албан Хаагчийн Ёс Зүйн тухай хуулийг баталсан бөгөөд энэхүү хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...2.1. Энэ хуулийн зорилт нь төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино..." гэж заасны дагуу тус хуулийн 5 дугаар бүлэг буюу Гомдол, мэдээлэл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ба тус хуулийн 16 дугаар зүйлийн 1 хэсэгт заасны дагуу хариуцлага тооцох байсныг огт хэрэглээгүй байгаа нь төрийн албан хаагчийн ёс зүйн талаар тусгайлсан зохицуулсан хууль байхад Монгол улсын Ерөнхий прокурорт тус хуулийг үл ойшоож шийдвэр нь гаргасан Монгол улсын үндсэн хууль болон Захиргааны хуулийн үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмыг үл ойшоосон хэрэг болсон ба энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт анхан шатны шүүхээс тодорхой дүгнэлт хийгээгүй буюу үндэслэлийг няцааж өгөөгүй байна.

2.1.3 Мөн Монгол улсын Ерөнхий Прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/38 дугаар тушаалын тушаах хэсэгт "....Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын ахлах мэргэжилтэн (прокурорын туслах ажилтан) О.Д нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн үйлдэлд нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар “Нээлттэй сануулах" сахилгын шийтгэл..." гэж "... Дээрх гаргасан зөрчлүүдэд дүгнэлт хийлгүй...” гэж тус тус заасан нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт “...Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно...." гэж заасан байх бөгөөд 2022 онд нээлттэй сануулах арга хэмжээ авснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэлтэй байгаа хэмээн хамтатгаж дүгнэлт нь хийсэн байхыг эрх зүйн зөрчилтэйд тооцоогүй байна. автомашиныг жолооны

2.1.4 Нэхэмжлэгч О.Дийн хувьд 2025 оны 11 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тoyota Crown загварын эрх дуусгавар болсон байхдаа жолоодож замын хөдөлгөөн оролцож замын тээврийн осол гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 1140 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтыг зөрчсөнд гэм буруутайд тооцож хуульд заасны дагуу 400 нэгжээр торгож, нэг жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасан хуулийн хариуцлагыг хүлээсэн ба ажлын бус цагаар зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээсэн нь давхардуулан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй нөгөө талаас О.Д 400 нэгжээр торгуулж, нэг жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан нь өөрөө тухайн ажилтны ажил үүргээ гүйцэтгэхэд нөлөөлөлгүй ба ажлын байрны тодорхойлолтод заасан жолооны эрхтэй байх гэсэн тусгайлсан шаардлага байхгүй байхад шүүхийн шийдвэрийг үндэслэл халах шийдвэр оногдуулсан нь өөрөө үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0561 дугаар шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтад “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах;..." гэж заасныг дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Пийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

          2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч О.Дийн дараах зөрчлүүдэд өмнө нь сахилгын шийтгэл ногдуулж байжээ. Үүнд:

          3.1 Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын ахлах мэргэжилтэн (прокурорын туслах ажилтан) О.Д нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн үйлдэлд нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар “Нээлттэй сануулах” сахилгын шийтгэл;

          3.2 Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт мэдээлэл лавлагаа хариуцсан прокурорын туслах ажилтны чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахдаа 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гаргасан 78 хүсэлт, 48 гомдлыг цахим бүртгэлд бүртгээгүй, 39 хүсэлт, 9 гомдлын шийдвэрлэлтийг цахим бүртгэлд буруу бүртгэж мэдээ буруу гаргасан үйлдэлдээ Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2025 оны 12 дугааp сарын 11-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар “Албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ.

          4. Дээр дурдсан зөрчлүүдэд ажил олгогч нээлттэй сануулах болон албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан байх бөгөөд уг шийтгэлд нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс иргэдийн хүсэлт, гомдлыг бүртгээгүй, шийдвэрлэлтийг буруу, дутуу бүртгэсэн зэрэг зөрчил нь ажлын ачаалал хэт их байснаас шалтгаалсан гэж маргаж буйг энэхүү маргааны хүрээнд хамаатуулан дүгнэх боломжгүй.

          5. Маргаан бүхий актын тухайд:

          5.1 Нэхэмжлэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00 цаг 20 минутад Баянгол дүүргийн 1-р хороо, Төмөр замын дээд сургуулийн урд замд “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, ногоон байгууламж, замын хашлага, авто зогсоолд байсан иргэн Ч.Гийн “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан талаарх гомдол, мэдээлэл Баянголд дүүргийн Замын цагдаагийн хэлтэст бүртгэгдэж, улмаар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч О.Дт холбогдох зөрчлийн 2505003780 дугаартай хэргийг нээжээ.

          5.2 Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ц.Б Баянгол дүүргийн Прокурорын газрын ажилтан О.Д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх мэдээллийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтаар цугларсан баримтуудыг Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ц.Б нэхэмжлэгч О.Дт 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр танилцуулж Төрийн албаны тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1, 48.1.4, 48.4 дэх заалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах болсныг мэдэгдэж тэмдэглэл үйлдэж, нэхэмжлэгч О.Дт ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах саналыг Монгол Улсын Ерөнхий прокурорт хүргүүлсэн байна.

          5.3 Үүний дараа түүний зөрчлийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хэлэлцэж 001140 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

          5.4 Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ж.У нэхэмжлэгч О.Дийг албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй байгааг мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/38 дугаар “О.Дт сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан.

          6. Маргаан бүхий актад нэхэмжлэгчийн өмнөх зөрчлүүдийг дурдаад “... дээрх зөрчлүүдэд дүгнэлт хийлгүй, дахин 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын дээд сургуулийн уулзварын орчим тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээж, Улсын ерөнхий прокурорын 2010 оны 188 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “Ажлын бус цагаар Прокурорын байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдлийг гаргахгүй байх”, Улсын ерөнхий прокурорын 2022 оны А/128 дугаар тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.2 дугаар зүйлийн 2.2-т заасан "...ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих", 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан "Улсын ерөнхий прокуророос гаргасан тушаал, заавар, журмыг зөрчсөн” байх тул түүнд “Төрийн албанаас халах" сахилгын шийтгэл оногдуулсугай.” гэжээ.

          7. Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн сүүлд гаргасан зөрчилд холбогдуулан гарсан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “захиргааны актын утга агуулга ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй, өмнөх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй” гэж маргаж буйг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь өмнөх зөрчлүүдийг дурьдаад түүнд дүгнэлт хийгээгүй гэсэн агуулгаар тусгасан болохоос давхардуулан шийтгэл ногдуулсан гэж ойлгогдохооргүй байна.

          8. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” гээд 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.4-д “төрийн албанаас халах;” гэж заасан.

          Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн хор уршиг, нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлүүдээс сонгон хэрэглэх нь захиргааны байгууллагын  Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжид хамаарна.

          9. Иймээс шүүхийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж заасан хүрээнд хянан үзэхэд захиргааны байгууллага сонгох боломжийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          10. Тодруулбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “захиргааны байгууллага сонгох боломжоо хэтрүүлсэн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байхад түүнд ажлаас чөлөөлөгдөх боломжийг олгоогүй, мөн нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, гаргасан зөрчлийн улмаас учруулсан хор уршиг, түүнд хандаж буй гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзээгүй” гэж гомдож буйг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй. Үүнд:   

          10.1 Нэхэмжлэгч талаас “Монгол Улсын Их хурлаас 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Төрийн Албан Хаагчийн Ёс Зүйн тухай хуулийг баталсан ... төрийн албан хаагчийн ёс зүйн талаар тусгайлсан зохицуулсан хууль байхад Монгол улсын Ерөнхий прокурор тус хуулийг үл ойшоож шийдвэр гаргасан нь Монгол улсын үндсэн хууль болон Захиргааны хуулийн үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмыг үл ойшоосон хэрэг болсон ба энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт анхан шатны шүүхээс тодорхой дүгнэлт хийгээгүй. Монгол Улсын Их Хурлын 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 32 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан журам, бусад хуульд заасан эрх хэмжээний хүрээнд батлан мөрдүүлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг энэ хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлэх арга хэмжээг авах;” гэж заасан ажиллагааг хийгдээгүй журмыг баримталсан.” гэж маргадаг.

          Нэхэмжлэгч О.Д нь Прокурорын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан Прокурорын байгууллагад чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий туслах ажилтан болохын хувьд мөн хуулийн 55.4-д заасны дагуу Улсын ерөнхий прокурор баталсан 2010 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 188 дугаар “Ёс зүйн дүрэм", 2022 оны 12 дугаар сарын А/128 дугаар "Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллахаар байна. Эдгээр дүрэм болон дотоод журам нь хүчин төгөлдөр хэвээр байх тул захиргааны байгууллага тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулж буй хэм хэмжээг баримтлан шийдвэр гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

          10.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр тухайн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол түүнд албан ёсоор мэдэгдсэнээр хариуцлагыг сайн дураараа хүлээх боломж олгоно.”, 17.2.2-т “ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээрээ албан тушаалаас чөлөөлөгдөх.” гэж заасан. Хавтас хэргийн 154 дүгээр талд О.Дийн сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлт авагдсан байгаа. Захиргааны байгууллага түүнд сайн дураараа чөлөөлөгдөх боломжийг зайлшгүй олгох ёстой байсан” гэж тайлбарлах хэдий ч нэхэмжлэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэрэг эрхлэх газрын дарга С.Гд гаргасан хүсэлтэд “... цаашид прокурор болон томилогдож ажиллах хүсэлтэй байгаа тул миний энэхүү гаргасан зөрчлийн асуудлын талаар халахаас өөрөөр шийдэж өгч прокурорын байгууллагад үлдээж өгнө үү ” гэжээ. Тодруулбал, уг хүсэлтэд сайн дураараа чөлөөлөгдөх агуулга илэрхийлээгүй байна.

          10.3 Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “О.Д зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрдөг, гаргасан зөрчил нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон хэм хэмжээ байхгүй. Өөрөөр хэлбэл уушгин дахь спиртийн промиль хэмжээ 0,2 хүртэл хувь байвал хууль тогтоогчоос жолоо барих боломжтой байдлаар зохицуулсан” гэж маргадаг.

          Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1140 дугаартай шийтгэвэрт “Зөрчилд холбогдогч О.Д нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00:20 минутад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын дээд сургуулийн урд замд Тоёота кровн загварын 54-51 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ (2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр) замын хөдөлгөөнд оролцон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын дээд сургуулийн урд байрлах ногоон байгууламж, замын хашлага, зогсоолд байршуулсан иргэн Ч.Гийн эзэмшлийн Тоёота Акуа загварын 75-40 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг мөргөж зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь 1.89% согтолттой гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон гэх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, холбогдогчийн мэдүүлэг, Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гэжээ.

          Үүнээс үзвэл нэхэмжлэгч тухайн зөрчлийг гаргахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, согтолтын зэрэг 1.89% байсан төдийгүй жолооны эрх нь дуусгавар болсон байжээ. Нэхэмжлэгч нь гаргасан зам тээврийн осолдоо гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан байж болох хэдий ч түүний жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзэх боломжгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь гаргасан зөрчилд тохироогүй гэж маргаж буйг шүүхийн зүгээс зөвтгөх үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

          Иймээс Монгол Улсын Ерөнхий прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/38 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд 4.2.5 дахь хэсэгт заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” зарчмыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0561 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Пийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

 

                               ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

 

                               ШҮҮГЧ                                                 Э.ЗОРИГТБААТАР