Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам

Нарийн бичгийн дарга С.Уянга      

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Э.Туяамаа

Шүүгдэгч С.Доржпүрэв нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Доржпүрэвт холбогдох 201712000009 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 3 сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1982.08.16-нд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р баг “Хулгар” гэх газарт оршин суудаг гэх, урьд 1 удаа ял шийтгэлсэн /РД:ЗК82081615/ Мөх овогт Содномцэрэнгийн Доржпүрэв нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Доржпүрэв нь 2016 оны 11 сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р баг Хулгар гэх газарт гэртээ өөрийн хүү 5 настай Д.Содномыг “орны түшлэг мод хугалсан” гэсэн шалтгаанаар газарт шидсэний улмаас бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 сарын 27-ны өдөр манай айлын хүн урд өдөр нь ирээд хүүхдийнхээ памперсыг орхиод явсан байсан юм. Би тэрийг яасан, хая гэж хэлсэн чинь орны араас авах гэж байгаад орны арын түшлэг хугалчихсан юм. Тухайн үед миний уур хүрээд цамцнаас нь аваад шидсэн чинь хөл нь хугарчихсан, дахин ийм үйлдэл гаргахгүй гэмшиж байна гэв.
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: Урд өдөр нь памперс орны хөлд байхад нь би аймаг руу арьс, шир өгөх гээд явчихсан байсан. Шүүгдэгч 2 хүүхэдтэйгээ хамт гэртээ үлдсэн. Би тэр памперсыг тухайн өдөр хаясан, үгүйг нь мэдээгүй болохоор мэдэхгүй гэсэн чинь Содном ээжээ орны араар ойчсон гэж хэлсэн. Тэгсэн чинь шүүгдэгч олоод ир миний хүү гэж хэлсэн.

 

Тэгээд памперс олох гэж байгаад орны арын модноос татаад хугалчихсан. Тэгсэн чинь шүүгдэгч уурлаад хүүгийнхээ цамцных нь араас бариад газар луу шидсэн. Тэгэхэд хүүхэд уйлаад байхаар нь босгосон чинь хөл нь шагайгаараа хавдчихсан байсан. Сумын эмнэлэгт очиж үзүүлсэн чинь хөл нь хугарсан талаар бид нарт хэлээгүй. Хүүхдийн чинь шагай гэмтсэн байх эсхүл шөрмөс нь сунасан байх магадлалтай. Яг хугарсан юм мэдэгдэхгүй байна л гэж хэлсэн. Бид нарыг аймгийн эмнэлэгт үзүүлээд зураг авахуул гэж хэлээд сумын түргэн аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. Шүүгдэгч хүүхдийнхээ эмчилгээний мөнгийг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Манай нөхрийг тэнсэж өгнө үү. Хэрвээ манай нөхөр хоригдох бол ард нь үлдэж байгаа бид 3-т үнэхээр хэцүү болно. Энэ хүний ажил хөдөлмөрөөр л амьдарч байгаа учир тэнсэж өгнө үү гэв.

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Туяамаагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-10-11/
  • Гэрч Г.Мөнхчимэг мэдүүлэгтээ: Би 2016.11.27-ны өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд сумаас баруун хойш 18 км-т хүүхдийн хөлийн шагай хавдлаа гэсэн дуудлага ирсэн. Тэгээд очиход Содном гэх 5 настай эрэгтэй хүүхэд уйлсан байдалтай байсан. Тэгээд үзлэг хийхэд зүүн хөлний шилбэ хэсгээр хугарсан байдалтай байхаар нь өвчин намдаах эм уулгаад аймгийн төв эмнэлэгт хүргэж өгсөн. Хүүхдийг хороон дээрээс унаад хөлөө гэмтээсэн гэж  хэлж байсан. С.Доржпүрэв нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл харагдаагүй” гэжээ /хх-16-17/
  • Шинжээчийн 2017.01.09-ний өдрийн 170200036 тоот дүгнэлтэд “1,2. Д.Содномын биед зүүн шилбэ ясны далд хугарсан гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэллээр үүсгэгдэнэ. Орон дээрээс шидэгдэх үед үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-20/
  • Шинжээчийн 2017.02.15-ны өдрийн 170200071 тоот дүгнэлтэд: 1. Д.Содномын биед нуруунд 3.4 см, 3.2см, 2.2см, 2.5см урттай өөр хоорондоо 0.5см зайтай параллель хүрэн саарал өнгийн сорви тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. 4. Нуруунд байх сорвины үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, бусдад сэрээгээр хатгуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг, шалтгаан хамаарлыг тогтоох боломжгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ / хх- 22/
  • Хүүхэд хамгааллын зөрчлийн мэдээллийг 2017.01.09-ний өдрийн 10 цаг 10 минутанд хүлээн авсан маягт / хх-24-25/
  • Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлыг “эрсдэл маш өндөр” гэсэн үнэлгээ /хх-26-29/
  • Бага насны хохирогч Д.Содномд 2016.11.27-ны өдрийн 17 цагт яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлсэн хуудас /хх-30-32/

     Дээрх баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, эдгээр баримтаар шүүгдэгч С.Доржпүрэв нь бага насны хохирогч Д.Содномыг газарт шидсэний улмаас бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь нотлогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Доржпүрэвийн энэхүү үйлдэл нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

2/ Шүүгдэгчийн хувийн байдал, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч С.Доржпүрэв нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 2 сарын 16-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байгаад Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 сарын 22-ны өдрийн тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 11 сарын 24 хоногийн хорих ялыг өршөөн хасч сулласан болох нь шийтгэх тогтоол, хорих ангийн тодорхойлолт, Өршөөл үзүүлэх комиссын тогтоол зэрэг баримтаар /хх-52-55, 58/ тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Доржпүрэв нь хүнд гэмт хэрэгт шийтгүүлж, ялаа эдэлж дууссаны дараа буюу 2009 оны 7 сарын 22-ноос хойш Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан хугацаа тоологдож байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай /2015.08.11-ний/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан өршөөлд хамрагдсан байх тул түүнийг ялгүйд тооцох үндэслэлтэй байна.

Дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар энэ талаар шүүхийн шийдвэр гаргах шаардлагагүй байна.

Шүүгдэгч С.Доржпүрэв нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх этгээдийн 20170001 тоот бүртгэлд байдаг ба шүүгдэгч С.Доржпүрэв нь бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болж байгаа, мөн С.Доржпүрэв нь ялгүй болсон зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан ялаас албадан ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэлээ.

Бага насны хохирогч Д.Содномын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр /хх-20/ тогтоогдож байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Туяамаа нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх хэлэлцэхгүй орхилоо.

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.19-ний өдрийн 139/ШЗ2017/00119 дугаар захирамжаар /хх-44/ С.Доржпүрэвт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар арга хэмжээ авсан нь хүчин төгөлдөр хэвээр тул энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заалаа.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Мөх овогт Содномцэрэнгийн Доржпүрэвийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 50 дугаар зүйл, мөн хуулийн Тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Мөх овогт Содномцэрэнгийн Доржпүрэвт  450 /дөрвөн зуун тавин/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар ялтан С.Доржпүрэвт оногдуулсан 450 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Туяамаа нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, энэ хэргийн улмаас С.Доржпүрэвээс эд хөрөнгө хурааж, битүүмжлээгүй, С.Доржпүрэв нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

5. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.19-ний өдрийн 139/ШЗ2017/00119 дугаар захирамжаар С.Доржпүрэвийг гэр бүлээсээ тусдаа амьдрахыг даалгаж, С.Доржпүрэвийг хохирогчтой уулзах болон уулзахаар оролдох, хохирогчийн асрамжинд байгаа насанд хүрээгүй хүнтэй харилцахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох арга хэмжээ авсан болохыг дурьдсугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар Д.Содномын амбулаторийн картны хуулбарыг 201712000009 тоот хэрэгт хадгалах хугацаа дуустал үлдээж, уг картны эх хувийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Туяамаад хүлээлгэн өгч баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Доржпүрэвт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ                                  С.СЭРЖМЯДАГ