| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00560/и |
| Дугаар | 153/ШШ2020/00587 |
| Огноо | 2020-08-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2020/00587
| 2020 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2020/00587 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ................... тоотод оршин суух, Х овогт Ж-ын Т-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00560/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Ж.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Жаргал овогтой Т нь 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын 8-н жилийн дунд сургуулийн цэцэрлэгт үндсэн багшаар ажилласан.
Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн ажилд орсон тушаал нь олдоод, ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Надад 1992 оныг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байсан бөгөөд улсаас жил өгч байхад нийгмийн даатгалын байцаагч та 1993 оноос эхлэн ажилласан жилээ нөхөн тооцуулж авч болох юм байна гэсний дагуу би Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1993-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан.Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн юм.
Иймд Ж.Т намайг Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн цэцэрлэгт 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Тг Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн цэцэрлэгт 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 05 дугаар 31-ний өдрийн 1272 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн 1989 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 45 дугаартай Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, байрны багшаар ажиллуулах тухай тушаалын хуулбар, /хх-ийн 3-4 дүгээр тал/
2.1990 онд авахуулсан гэрэл зураг /хх-ийн 9 дүгээр тал/
3.Гэрч З.Төмөрбаатарын... Би 1986 оны хавар Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд 1987 оны 5 сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн халуун усны үйлчлэгч, сургуулийн үйлчлэгч, жижүүрээр 1996 он хүртэл ажилласан. Ж.Т нь намайг 1987 оны 5 сард Ховд аймгийн Дөргөн сумын сургуулийн үйлчлэгчээр ажилд ороход сургуулийн багш ажилчдын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Дараа нь Ховд аймгийн Дөргөн сумын цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан. Ховд аймаг руу шилжих хүртлээ Дөргөн сумын цэцэрлэгт ажиллаж байсан. Би оныг нь тодорхой хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/
4.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1993-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 13 дугаар тал/
5. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШЗ2020/01897 дугаартай шүүгчийн захирамжаар ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/180 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ж.Тгийн 1990-1991 онуудын Ховд аймгийн Дөргөн сумын сургуульд ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр /хх-ийн 35-44 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ..... овогт ......-ын Т -г Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн цэцэрлэгт 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ