Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

 

 

 

 

 

 

 

    2024          01          04                                    2023/ШЦТ/34

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт С-н А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт С-н А /регистрийн дугаар ***/.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.А 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” нэртэй баарны үүдэнд хохирогч Г.Б- нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А-н өгсөн “...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Би хохирогчид хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэв. 

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б- хохирогчоор өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 05-ны шөнө онгоцоор ирээд Улаанбаатар хотод буусан. Хөшигтийн хөндийн нисэх дээр ганц шил архи ажлынхантайгаа уусан. Бөөнөөрөө төв рүү орж бааранд оръё гээд шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “В” бааранд Ө, Д, А, Ч, Б нарын хамт орсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, юунаас болж маргалдсанаа санахгүй байна. “В” баарнаас А-н хамт гарсан. Баарны үүдэнд зогсож байхад А миний зүүн нүд, хөмсөг хэсэг рүү баруун гараараа хүчтэй цохиход би арагшаа дагзаараа саваад унасан. Би унахдаа ухаан алдсан учраас юу ч санахгүй байна. Би хэсэг манарч байгаад сэргэсэн. Тэгээд Б намайг таксинд суулгаж өгсөн. Маргааш нь эмнэлэгт очиж хөмсөгтөө оёдол тавиулсан. Цагдаагийн байгууллага дээр ирээд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Бат-Ирээдүй нь надад хэлэхдээ би та хоёрын хажууд зогсож байсан, А чиний нүүр рүү цохих үед чи арагшаа саваад унасан. Газар унасан хойно чинь толгойн дээр чинь хөлөөрөө дэвсэлсэн гэж надад хэлсэн. Маргааш нь А над руу залгаад байсан. Би орой яваад очъё, шүүх эмнэлэгээр яваад хэрэггүй, хохирлыг чинь өгнө гэж хэлсэн. Гомдолтой байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-н гэрчээр өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед “Эм си эс ай интернэйшнл” ХХК-ийн ээлжийн 120 гаруй хүн ажлаасаа буусан. Ажлынхаа газрын Ө, Д, Б-, А, Ч нарын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “В” баар руу ороод бид нар 1 шил архи, 10 гаруй пиво авч суусан. Бааран дотор ямар нэгэн асуудал гараагүй. 2023 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 02 цаг өнгөрч байхад А, Б- бид гурав түрүүлээд баарнаас гарсан. А, Б- нар баарны гарах хаалганы гадаа хоорондоо ярилцаад байж байсан. Би юу ярьсан талаар мэдэхгүй. А нь гэнэт Б нүүр рүү баруун гараараа цохисон. Б- шууд хойшоо толгойгоороо арагш саваад унасан. Б- газар унасан хэвтээ байдалтай байхад А нүүрэн дээр нь ирээд нэг удаа дэвссэн. Би очоод Б босгох гэхэд ухаан орохгүй байсан. Хэсэг хугацааны дараа ухаан ороод Б- хөмсөгнөөс цус гарсан, хацар нь хавдсан байсан. Тэр хооронд А явсан байх харагдахгүй байсан. Б-г дагуулаад баар руу ороод хувцаснуудаа авсан. Буцаж гараад Б-г Гэмтлийн эмнэлэгт үзүүлье гэхэд би эгчийндээ очлоо гэхээр нь таксинд суулгаж өгсөн. Маргааш нь Б- гэрт нь очиход нүд нь хөхөрсөн. Хөмсөг дээрээ оёдол тавиулсан байсан. Зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Би А руу гар утсаар холбогдох гэсэн чинь холбогдож чадаагүй. Б- өөрөө А-тай холбогдсон гэж хэлсэн. Би юу болсон талаар Б-д хэлж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай “...Э.Б- биед тархи доргилт, зүүн хөмсөг, зовхи, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чамархайн хуйх, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.А-н яллагдагчаар өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө “В” бааранд ажлынхантайгаа хамт орсон. Б-, Б, Ө, бас шинэ залуугийн хамт байсан. Бид архи, пиво уусан. Архи уугаад халаалт авч согтох хүртэл Б-тэй ямар ч муухай харилцаагүй байсан. Б- нилээн согтсон, намайг тамхины өрөө оръё гээд дагуулаад явсан. Би дагаад тамхины өрөө орсон. Б- бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Ажлынхаа талаар яриад дургүйцсэн байдалтай харьцаа хандлага нь буруу тийшээгээ хандаж эхэлсэн. Чи хэн юм бэ гээд намайг түлхэхээр нь би Б- нүүр рүү нэг удаа алгадсан. Би тамхины өрөөнөөс гараад гадуур хувцасаа аваад гараад явсан. Миний өмнө Б- намайг хайгаад явж байсан. Баарны үүдэнд гарангуутаа Б- нүүр рүү нэг удаа цохисон. Б- нь урагшаа харуулдаад унасан. Намайг цохих үед Б хараад зогсож байсан. Б- нь ямар ч хяналтгүй болоод муужраад унасан. Хэсэг хугацааны дараа Б- босож ирэхэд нь нүүрийг нь хартал шанаа хэсэг нь хавдсан, хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 36-38 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Шүүгдэгч С.А нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” нэртэй баарны үүдэнд хохирогч Г.Б- нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Э.Б- эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Б-н мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.А өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.А хохирогч Э.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос С.А- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч С.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А- Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.А- эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлэв.

 

Гурав: Бусад асуудлын талаар

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Г.Б- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А “...Би хохирогчид хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэж мэдүүлсэн ба ба хохирогч Г.Б- “...хохирол төлбөрт 500.000 төгрөг хүлээн авсан. Цаашид гарах хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх тэмдэглэл /хх-ийн 80 дахь тал/ авагджээ.

 

Иймд хохирогч Г.Б- энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.А-с нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Т овогт С-н А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч С.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.А- оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Г.Б- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.А-с  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч С.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ