| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0033/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/29 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
хохирогч Т.,
шүүгдэгч П.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******д холбогдох эрүүгийн 2315000000285 дугаартай, 163/2024/0033/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******-*******ын *******, ******* аймгийн Улаан-Уул суманд 1990 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан, 33 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт ******* улсын дугаартай Ниссан Эдван /Nissan Edwan/ загварын тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 15.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж гол замаар Т.ын жолоодож явсан ******* улсын дугаартай Соната-6 загварын загварын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас мөргөлдөж зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Т.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Т.ын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж., Ш.Саранцэцэг, Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000285 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч П.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт ******* улсын дугаартай Ниссан Эдван /Nissan Edwan/ загварын тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 15.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж гол замаар Т.ын жолоодож явсан ******* улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас мөргөлдөж зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Т.гийн эрүүл мэндэд баруун хацар ясны хугарал, баруун нүдний зовхи, баруун нүдний алим, баруун алга, баруун гуянд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, жолооч Т.ын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж., Ш.Саранцэцэг, Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.гийн өгсөн: *******гийнхтэй саахалт айлууд. Осолд ороод сар гаран Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэмтэл, мэдрэлийн тасагт хэвтсэн. *******г байцаалт өгөөд гарч явна гэж утсаар ярихаар нь айл саахалт хүмүүс, тэгээд чи ч гэсэн гэмтсэн болохоор эмнэлэгт үзүүлж яваад дараа нь болъё гэсэн. Гэтэл тэрнээс хойш дахиж утсаар яриагүй, ирж уулзаагүй. Хотод очиж эмнэлэгт хэвтээд зураг авахуулсан чинь тархины хагалгаанд ор гэсэн. Нааш цаашаа явах зардал, эм тарианы мөнгийг өгчихвөл болно. Айл саахалт болохоор утсаар ярих байх, уулзах байх гэж бодсон ч таг алга болсон. Мөрдөгчид 1.000.000 төгрөг нэхэмжилнэ гэж хэлсэн. Одоо би хувийн эмнэлгээр яваад байгаа ба хагалгаанд орохоо хүлээгээд байж байгаа. Хэдэн төгрөг орохыг мэдэхгүй байна. Энд байхдаа 1.000.000 орчим төгрөг зарцуулсан гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд эрүүгийн 2315000000285 дугаартай хэргээс:
1. Хэрэг учрал нь Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт асфалтан зам дээр болсон байв. Уг асфалтан замаас 62-44 , ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөж замын хойд талд гарсан байдалтай байв. ...Уг осол болсон газарт ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан ба замын гол хэсгээр цасгүй, замын зах, ирмэг хэсгээр цастай байв гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,
2. Хохирогч Т.гийн өгсөн: 2023 оны 11 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн үед манай гэрт ******* гэх манай саахалт айлын залуу өнөөдөр идшээ хийгээд ганц юм уучихлаа гээд нэлээд халамцуу нэг шил 0.75 литрийн “Экс” нэртэй архитай ирсэн. Тухайн үед манай нөхөр бид хоёр хоол ундаа идээд сууж байсан. Тэгээд ******* хоол унд идчихээд авч ирсэн нэг шил архиа задалсан. Тэр үед миний нойр хүрээд эрт унтсан. Намайг унтаж байх хойгуур манай нөхөр болон ******* хоёр нэг шил архи хувааж уугаад хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд намайг манай нөхөр сэрээгээд банкны картаа өгөөч гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлэхэд тэр хоёр хоёулаа цуг дэлгүүр яваад нэг шил архи авчихаад ирье гээд бид гурав хамт дэлгүүр явсан. Бид гурав дэлгүүр лүү *******гийн машинтай явсан ба тухайн үед би хойд талын суудал дээр суусан. Харин ******* өөрийнхөө машиныг бариад, манай нөхөр жолоочийн эсрэг талын урд суудал дээр суусан. Тэгээд бид гурав хүмүүсийн хэлдгээр “хоёр ихэр” дэлгүүрийн гадаа ирээд зогссон. Тэгтэл ******* би энэ дэлгүүрт өртэй та хоёр орчихоод ир гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр би орохгүй гээд байхаар нь би ганцаараа дэлгүүр лүү ороод 0.5 литрийн “Экс” нэртэй нэг шил архи, мөн том савтай “Fuze tea” нэртэй ундаа аваад гарч ирээд бид гурав шууд гэр лүүгээ явахаар хөдөлсөн. Тэгээд дэлгүүрийн гаднаас хөдлөх шиг болоод л нэг мэдсэн манай нөхөр намайг түшчихсэн би машины гадна талд зогсож байсан. Тэгээд харахад манай машин нэг машинд мөргүүлчихсэн байдалтай эмнэлэг болон цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан. ...Дэлгүүр лүү орчихоод гарч машинд суугаад хөдөлсөн тэгээд нэг мэдэхэд машины гадаа нөхөртэй түшүүлчихсэн зогсож байсан. Би тухайн ослыг яаж болсон талаар юу ч мэдэхгүй байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай нөхөр болон ******* хоёр архи уучихсан байсан. Тухайн осол болохоос өмнө миний бие эрүүл саруул, мотоциклоо унаад малаа маллаад явж байсан хүн. Энэ ослоос хойш миний тархинд цус хуралт болон хаван, уйланхай зэрэг гэмтлүүдтэй болсон. Осолд орсон өдрөөс хойш Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж өнөөдөр эмнэлгээс гарч ирж байна. Эмнэлгийн зүгээс Улаанбаатар хот руу явж гэмтэл болон мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Намайг хэвтэн эмчлүүлж байх хугацаанд манай нөхөр эм, тариа болон хоол унд зөөж байсан. Өдөр болгон Булган аймгийн ******* суманд байх гэрээсээ өөрийнхөө машинаар ирээд хоолны газраас хоол зөөж байсан. Манай нөхөр гаднаас 120.000 төгрөгөөр 2 удаа эм тариа авсан. Тухайн эм тариа авсан баримт нь байгаа. Мөн эмнэлэгт байх хугацаанд хоол унд зөөж байсан гээд 1.0 сая төгрөг болсон. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Мөн цаашид Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгээд, эмчилгээ хийлгэх гэж байгаа. Энэ эмчилгээний төлбөр зардалд хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
3. Иргэний нэхэмжлэгч Т.ын өгсөн: 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би Орхон аймгаас Булган аймгийн Тэшиг сум орох гээд өөрийн эзэмшлийн саарал өнгийн Соната-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодон эхнэр Мягмарсүрэн, ээж , охин болон Тэшиг сумын хоёр иргэний хамт явсан. Улмаар Булган аймгаас гараад явж байх үед зам чөлөөтэй байсан ба хоёр ихэр дэлгүүр гэж нэрлэдэг газрын ойролцоо явж байхад замын хажуу урд талаас цагаан өнгийн ******* улсын дугаартай суудлын тээврийн хэрэгсэл ямар нэгэн гэрэл дохио байхгүй шууд зам хөндлөн гарах үйлдэл хийсэн бөгөөд би тээврийн хэрэгслийг жолоодож тойрч гарах боломжгүй байсан тул жолооны чигийг өөрчлөхгүй зогсоох арга хэмжээ авсан боловч миний машин зогсолгүй мөргөлдсөн. Миний бодлоор цагаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн буруугаас болж осол гарсан гэж бодож байна. Туслах замаас орж ирж байж надад зам тавьж өгөөгүй. Би зогсоох арга хэмжээ авсан боловч тухайн машиныг очоод мөргөсөн. Тухайн үед бол цагаан өнгийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй зогсох байх гэж бодож байсан. Зам руу орж ирэх үйлдлийг л харсан. Түүнээс зогсож байгаад орж ирсэн үү шууд орж ирсэн үү гэдгийг мэдэхгүй байна. Миний хувьд өөрийн ******* улсын дугаартай саарал өнгийн Соната-6 загварын тээврийн хэрэгсэлд эвдрэл учирч хохироод байгаа. Эвдрэл гэмтлийн үнэлгээг нэхэмжилнэ. Мөн ослын газраас журмын хашаа хүртэл ачуулахад 50.000 төгрөг, журмын хашааны мөнгө 130.000 төгрөг, Булган аймгаас Орхон аймаг руу тээвэрлэхэд 170.000 төгрөг зарцуулсан. Мөн Орхон аймагт оношилгоонд оруулахад 60.000 төгрөг, эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэхэд 275.000 төгрөгийг төлсөн. Мөн өнөөдөр Булган аймагт дуудагдан ирэхэд 30.000 төгрөгөөр шатахуун хийсэн. Ингээд бэлнээр 715.000 төгрөгийг зарцуулсан ба үүнийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
4. Насанд хүрээгүй хохирогч Б.ийн хууль ёсны төлөөлөгч М.Мягмарсүрэнгийн өгсөн: Миний хувьд санал хүсэлт байхгүй. Манай охин нь одоо 4 сар гарантай бөгөөд ярьж хэлж чадахгүй учир би төлөөлж мэдүүлэг өгч байна. 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би нөхөр , охин , хадам ээж болон Тэшиг сумны хоёр иргэний хамтаар Орхон аймгаас Тэшиг сумын чиглэлд явсан. Ингээд Булган аймгаас гараад явж байх үед зам чөлөөтэй байсан ба би урд талын суудал дээр охин ийг тэврээд сууж явсан. Тэгтэл замын урд талаас цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл зам хөндлөн гарах үйлдэл хийсэн ба манай машинд зам тавьж өгөлгүй шууд хөдөлгөөн хийсэн бөгөөд гэрэл дохио байхгүй байсан. Улмаар асфальтан замын зорчих хэсэг дээр мөргөлдөөд тээврийн хэрэгслүүд замаас гарч зогсоцгоосон. Миний бодлоор цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл туслах замаас ирж байж зам тавьж өгөлгүй зам хөндлөн гарах үйлдэл хийснээс болсон гэж бодож байна. Тухайн үед зогсоох арга хэмжээг манай нөхөр авсан боловч машин маань зогсолгүй ойрхон байсан учир гулгасаар байгаад мөргөсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь зогссон шинж байгаагүй цаанаас хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн чигээрээ зам руу шууд орж ирж урд талд хөндлөн болж зогссон. Миний хувьд ийг эмнэлгийн байгууллагаар үзүүлж гэрээр эмчилгээ хийсэн. Би эм тарианы зардалд нийт 153.100 төгрөгийн эмчилгээ хийсэн бөгөөд Булган аймагт ирж шинжээч эмчид үзүүлсэн зардал мөн орж байгаа. Манай хадам ээж нь уг ослоос болж гэмтлийн зэрэг тогтоогүй боловч эмнэлгийн үзлэгт 80.000 төгрөг зарцуулсан байгаа уг мөнгийг бас нэхэмжлэх боломжтой бол би авмаар байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
5. Иргэний нэхэмжлэгч Ш.ийн өгсөн: Тухайн өдөр би нөхөр ын хамтаар Орхон аймаг руу ажлаар явчихаад Булган аймгийн Тэшиг сум руу гэртээ харих гээд таксинд суусан юм. Бид нар Орхон аймгаас гараад Булган аймаг өнгөрөөд явж байтал замын зүүн гар талаас машин орж ирээд жолоочийн талын хаалга хэсэг рүү мөргөсөн. Бид нарын сууж явсан машин замын хажуу талын цастай хэсэг рүү орж зогссон. Харин мөргөсөн машин бас замын хажуу тал руу гараад зогссон. Бид нарын сууж явсан машин төв замаар явж байсан харин мөргөсөн машин туслах замаас орж ирж мөргөсөн тийм учраас нөгөө машины буруу гэж бодож байна. Би эмнэлэгт үзүүлээд гарсан зардлаа нэхэмжилнэ. Намайг Улаанбаатар хот руу явж зөөлөн эд болон судасны имрай хийлгэ гэсэн. Миний баруун талын шанаа болон эрүү өвчтэй байгаа юм идэж чадахгүй байгаа. Миний эмнэлгээр явж үзүүлсэн мөн эмнэлэгт хэвтсэн болон эмийн сангаас авсан эмийн баримт байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
6. Иргэний нэхэмжлэгч Ж.ын өгсөн: Тухайн өдөр эхнэр Саранцэцэгийн хамт Булган аймгийн Тэшиг сум руу гэртээ харих гээд Орхон аймгаас таксинд суусан юм. Ингээд Булган аймгийн төв өнгөрөөд 10 орчим км явж байсан чинь зүүн гар талаас гэнэт нэг машин гарч ирсэн. …Бид нарын сууж явсан машин төв замаар явж байсан. Харин нөгөө машин туслах замаас гэнэт гарч ирсний улмаас зам тээврийн осол болсон. Нөгөө машины жолоочийн буруугаас болж зам тээврийн осол болсон гэж бодож байна. Машин гэнэт гараад ирсэн ба миний сууж явсан машины жолооч зогсоох гэж тоормос гишгэсэн боловч тухайн үед цас орсон зам халтиргаатай байсан болохоор гулсаж очиж мөргөсөн. Тухайн цагаан өнгийн машин нь шууд зам хөндлөн гарах үйлдэл хийсэн. Би эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Эмнэлгээр явж үзүүлж эм тариа авсан баримт байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
7. Гэрч С.ын өгсөн: 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орой ******* нь манайд ирсэн. Тэгээд би идэш хийчихээд ирлээ ганц пиво уумаар байна гэхээр нь надад юм байхгүй шүү дээ гэж хэлтэл тэгвэл хамт хоёулаа асфальтан замын хажуу талд байдаг дэлгүүр орж юм авчихаад ирье гэхээр нь зөвшөөрч эхнэр гийн хамтаар гурвуулаа явсан. Тухайн үед ******* нь надад согтсон шинж тэмдэг ажиглагдахгүй байсан. Ингээд дэлгүүр орж 2.5 литрийн хэмжээтэй пиво 1 ширхэг, 2 ширхэг тамхи зэргийг аваад дэлгүүрийн гаднаас ******* машинаа барьж хөдөлсөн. Харин хажуу талд нь би суусан ба арын суудалд манай эхнэр сууж явсан. Тэгээд дэлгүүрийн урдаас хөдлөөд асфальтан зам руу нийлдэг уулзвар хэсэг дээр очтол миний талаас буюу ертөнцийн баруун талаас нэг машин ирж байхаар нь машин ирж байна зогсож байгаарай гээд тухайн тээврийн хэрэгслийг өнгөрөөсний дараа нь хөдөлгөөн эхэлж асфальтан замаар хөндлөн гарах үйлдэл хийтэл ертөнцийн зүгээр зүүн талаас машин ирж мөргөсөн. Улмаар осол болж манай машин асфальтан замын баруун талд гарчихсан байдалтай байсан. Тэгээд жолооч ******* нь машинаас бууж чадахгүй хаалга нь мөргөлтөөс болж онгойхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө талаар *******г татаж машинаас буулгасан. Нөгөө машины хүмүүс нэлээн удаж байж бид нар дээр ирсэн. …Тухайн үед ******* нь ирж байгаа машиныг харалгүй хөдөлгөөн хийсэн бөгөөд туслах замаас орж ирж байж зам тавьж өгөөгүйн улмаас осол гарсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал,
8. Гэрч Д.ийн өгсөн: …Тухайн үед замын урд талаас цагаан өнгийн тээврийн хэрэгсэл гарч ирж зам хөндлөн гарах үйлдэл хийсэн. Тэгэхэд манай хүү тухайн машиныг мөргөхгүй гэж тоормос гишгэж жолооны хүрдийг баруун тийш дарсан боловч зогсож амжилгүй тухайн машиныг очиж мөргөсөн. Миний бодлоор нөгөө цагаан машин хөдлөн гэрэлгүй орж ирсэн болохоор буруу байх гэж бодож байна. Гэнэт л ороод ирсэн. Тухайн үед зогсоох арга хэмжээ авсан боловч машин нь зогсолгүй очиж мөргөсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
9. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 293 дугаартай шинжээчийн: Б.ийн биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
10. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 294 дугаартай шинжээчийн: Ш.Саранцэцэгийн биед эрүүний доор, хүзүүний баруун талд, баруун хөлийн гуянд цус хуралт, эрүүний доод хэсэгт зулгаралт, баруун хөлийн шилбэний урд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Баруун хөлийн шилбэний урд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүний доор, хүзүүний баруун талд, баруун хөлийн гуянд цус хуралт, эрүүний доод хэсэгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
11. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 286 дугаартай шинжээчийн. Ж.ын биед духны дээд хэсэг, баруун хөмсөгний доод хэсэгт шарх, зүүн мөрний дээд, баруун хөлийн шилбэний урд цус хуралт, баруун хөлийн хөлийн шилбэний урд дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Духны дээд хэсэг, баруун хөмсөгний доод хэсэгт шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн мөрний дээд, баруун хөлийн шилбэний урд цус хуралт, баруун хөлийн хөлийн шилбэний урд дунд хэсэгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн хамаарахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,
12. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 289 дугаартай шинжээчийн: Т.гийн биед баруун хацар ясны хугарал, баруун нүдний зовхи, баруун нүдний алим, баруун алга, баруун гуянд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,
13. Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаартай: Жолооч *******-******* овогтой ******* /*******/ нь цагдаагийн хайлт мэдээллийн санд жолоодох эрхийн "В" ангиллын эрхтэй байна. Жолооч Тэрбиш овогтой // нь цагдаагийн хайлт мэдээллийн санд жолоодох эрхийн "ВСО" ангиллын эрхтэй байна. Тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Жолооч *******-******* овогтой ******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Харин жолооч Тэрбиш овогтой / / нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Уг зам тээврийн осол болон үндсэн шалтгаан нь *******-******* овогтой ******* /*******/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол замаас ирж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас болж осол гарсан байна гэх магадлагаа /хавтаст хэргийн 82 дахь тал/,
14. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5912 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "*******" гэж хаягласан цуснаас 2,1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 2,1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 94-96 дахь тал/,
15. “Бан хас” хязгаарлагдмал хувьцаат компанийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23/02/04009 дугаартай шинжээчийн: ******* улсын дугаартай Хюундай соната-6 загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 6.500.000 төгрөг, эвдрэл гэмтлийн үнэлгээ 3.705.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 103-107 дахь тал/,
16. Шүүгдэгч П.*******гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: Тухайн үед би машин бариад Ганбаатар ах миний хажууд суугаад харин эгч хойд талд ганцаараа сууж явсан. Тэгээд засмал асфальтан замаар хөндлөн гарах гээд зүүн гар тал руугаа харахад нэг машин ирж байхаар өнгөрөөгөөд баруун гар тийш хартал ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй байхаар нь машинтайгаа зам хөндлөн гартал би нэг мэдэхэд машиныхаа гадна талд ухаан алдчихсан байдалтай байж байгаад сэрсэн. …Би тухайн үед зам хөндлөн гарах үйлдэл хийхдээ хоёр талын урсгалын хөдөлгөөнийг харж байгаад хөдөлгөөн үйлдсэн боловч баруун талаас ирж буй тээврийн хэрэгслийг хараагүй хөдөлгөөн үйлдсэний улмаас тус зам тээврийн осол гарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-122 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Т., иргэний нэхэмжлэгч Т., Ш., Ж., насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мягмарсүрэн нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч С., Д. нарын мэдүүлэг, Булган аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 289, 293, 294, 286 дугаартай дүгнэлтүүд, мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаартай магадлагаа зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч П.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны орой 21 цаг 30 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах засмал зам дээр ******* улсын дугаартай Ниссан Эдван /Nissan Edwan/ загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас зам тээврийн осол гаргаж Т.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Т.ын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж., Ш.Саранцэцэг, Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Т.гийн биед учирсан хүндэвтэр, Б., Ш., Ж. нарын биед учирсан хөнгөн гэмтэл нь авто осолд орох үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн буюу зам тээврийн ослын үед цохих, цохигдох байдлаар үүссэн гэмтлүүд болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч П.*******гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Өөрөөр хэлбэл ******* улсын дугаартай Ниссан Эдван /Nissan Edwan/ загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч П.******* жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой юм.
Иймд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт шүүгдэгчийн жолоодож явсан ******* улсын дугаартай Ниссан Эдван /Nissan Edwan/ загварын тээврийн хэрэгсэлийг иргэний нэхэмжлэгч Т.ын жолоодож явсан ******* улсын дугаартай саарал өнгийн Соната-6 гэж хооронд нь сольж бичсэн байгааг анхаарах нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч П.*******г согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч Т.гийн эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Т.ын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж., Ш.Саранцэцэг, Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутайг нотолж, яллах байр суурьнаас оролцож, санал дүгнэлтээ гаргаж,
шүүгдэгч П.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьнаас тус тус оролцов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч П.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.*******гийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас түүний машинд сууж явсан зорчигч Т.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Т.ын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж., Ш.Саранцэцэг, Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирчээ.
Иргэний нэхэмжлэгч Т. нь тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээ 3.705.000 төгрөг, оношлогоонд оруулсан төлбөрт 60.000 төгрөг, журмын хашаа хүртэл ачуулах, журмын хашааны төлбөрт 180.000 төгрөг, Булган аймгаас Орхон аймаг руу тээвэрлэхэд 170.000 төгрөг, үнэлгээний хөлс 275.000 төгрөг, шатахууны зардалд 30.000 төгрөг нийт 4.420.000 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг хавтаст хэрэгт хавсарган ирүүлсэн бөгөөд дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Т.од төлсөн 1.000.000 төгрөгийг хасаж, 3.420.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Ш.Саранцэцэг, Ж, нар нь эм худалдан авсан болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал буюу гэм хорын хохиролд 1.157.900 төгрөгийг нэхэмжилж, 358.420 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх хохирлоос нотлох баримтын хэмжээгээр Ж.ын 5281009460 дугаарын дансанд 358.420 төгрөгийг төлсөн байх тул иргэний нэхэмжлэгч Ж., Ш.Саранцэцэг нарын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй үндэслэлээр 799.480 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 799.480 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Б., түүний хууль ёсны төлөөлөгч М.Мягмарсүрэн нь Б.ийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан төлбөрт 50.000 төгрөг, эм худалдаж авсан 48.100 төгрөг, шатахууны зардалд 55.000 төгрөг, өөрийн ээж Д.ийг эмнэлэгт үзүүлсэн зардалд 80.000 төгрөг нийт 233.100 төгрөгийг нэхэмжилсэн, шүүгдэгч П.******* нь 233.100 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.ын /М.Мягмарсүрэнгийн нөхөр/ 5498059563 дугаарын дансанд төлсөн байх тул шүүгдэгч нь насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Б., түүний хууль ёсны төлөөлөгч М.Мягмарсүрэн нарт төлөх төлбөргүй байна.
Хохирогч Т. нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1.594.094 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний /тархины цүлхэн авах хагалгаа/ зардлаа нэхэмжилж 1.214.094 төгрөгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг нотлох баримтын шаардлага болон хэргийн хамаарлыг шинжлэн судлаад 1.070.545 төгрөгийн нотлох баримтын шаардлагыг хангаж, Бриллант эмнэлэгт 380.000 төгрөгөөр MRI-д харуулсныг төлбөрийн баримтгүй ч Толгойн Соронзон Резонанст томографи-д харуулсан шинжилгээний хариуг үндэслэн хангаж, 1.450.544 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 143.550 төгрөгийг хэрэгт хамааралгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч П.*******гээс нийт 4.870.575 /дөрвөн сая найман зуун далан мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, үүнээс 3.420.000 /гурван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.од олгож, 1.450.545 /нэг сая дөрвөн зуун тавин мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.д тус тус олгож, хохирогч Т.гийн нэхэмжлэлийн шаардлагаас 143.550 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Ш.Саранцэцэг, Ж. нарын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй үндэслэлээр 799.420 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Т. нь цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч Ш.Саранцэцэг, Ж. нар нь гэмт хэргийн улмаас учирсан 799.420 төгрөгийн гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.*******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч П.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 126-130, 134-139 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч П.******* нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Улсын яллагчаас шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” 2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.*******д холбогдох хэрэг нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарч, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд шилжүүлсэн.
Улсын Их хурлын 2023 оны 12 сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хүндрүүлсэн бөгөөд тус өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд орсон тус өөрчлөлтийг мөрдөж эхлэхээс өмнө үйлдэгдсэн, мөн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж, эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т. нь цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч Ш.Саранцэцэг, Ж. нар нь гэмт хэргийн улмаас учирсан 799.420 төгрөгийн гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч П.******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч П.*******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч түүнд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.*******гээс 4.870.575 /дөрвөн сая найман зуун далан мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, үүнээс 3.420.000 /гурван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 2-254 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Т.од, 1.450.545 /нэг сая дөрвөн зуун тавин мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн ******* сумын 2-р багт оршин суух хохирогч Т.д тус тус олгож, хохирогч Т.гийн нэхэмжлэлийн шаардлагаас 143.550 /нэг зуун дөчин гурван мянга таван зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Ш.Саранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангахгүй 799.420 /долоон зуун ерэн есөн мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Т. нь цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч Ш.Саранцэцэг, Ж. нар нь гэмт хэргийн улмаас учирсан 799.420 /долоон зуун ерэн есөн мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийн гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч П.*******гээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Адъясүрэнгийн 1152672 дугаартай жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудсын хамт Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ