| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0033/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2024-02-01 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.*******д холбогдох эрүүгийн 2315003860011 дугаартай, 163/2024/0033/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймгийн ******* суманд 1969 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг Хөндлөн гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэн тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315003860011 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг Хөндлөн бүрд гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 4 ширхэг босоо нойтон мод тайрч бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 358.498 төгрөгийн шууд хохирол, 1.156.494 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь:
- шүүгдэгч М.Баасандамбын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-26 дахь тал/,
- Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 27-30 дахь тал/,
- Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31-33, 42-44 дэх тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтст хэргийн 34-38 дахь тал/,
- Эд мөрийн баримт хураан авсан тухай тогтоол /хавтаст хэргийн 46 дахь тал/,
- Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 48-50 дахь тал/,
- Иргэний нэхэмжлэгч Э.*******гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
- Гэрч Б.*******гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
- Гэрч А.*******гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,
- Гэрч Б.*******-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны 109 дугаартай: Хууль бусаар мод бэлтгэсэн гэх Булган аймгийн ******* сумын Ундрах 4 дүгээр багийн нутаг Хөндлөн гэх газар нь газар нутгийн байршлын хувьд 3 дугаар мужлалд хамаарч байна. 2023 онд Булган аймгийн ******* сумын Ундрах 4 дүгээр багийн нутаг Хөндлөн бүрд гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг олгосон эсэх нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй. Шинжилгээнд ирүүлсэн модны тайрдасыг шинж тэмдгээр нь “Монгол орны мод сөөг” гарын авлагатай хайрцуулахад Pinacese LindI-Нарсны овгийн Larix sibirica - Сибир шинэс болох нь тогтоогдов. Шинжилгээнд ирүүлсэн модны тайрдас 22%-ийн чийгшилтэй нойтон мод байна. ...Экологи эдийн засгийн үнэлгээ 385.498,08 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77-80 дахь тал/,
- Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №21/01/02 дугаартай: Хууль бусаар ойгоос мод бэлтгэхэд ашигласан улсын дугаартай Kia Bongopronter загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 1.152.000 төгрөг, хятад хөрөөний зах зээлийн үнэ 70.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 91-95 дахь тал/,
- Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон: Шинжээчийн 109 дугаартай дүгнэлтийг үндэслэн “Байгаль орчныг хамгаалах” тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 0.8 м3 нойтон модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 385.498,08 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 1.156.494,24 төгрөгийн нөхөн төлбөр болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 98 дахь тал/ зэрэг бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө зэрэг биет нотлох баримтуудын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч М.Баасандамбын санаатай үйлдлийн улмаас Байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч М.******* нь дээрх хуулийн шаардлагыг зөрчиж 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг Хөндлөн бүрд гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 4 ширхэг босоо нойтон мод тайрч бэлтгэж, улсын дугаартай Kia Bongopronter загварын тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч М.Баасандамбыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч М.Баасандамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч М.Баасандамбын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 385.498,08 төгрөгийн шууд хохирол учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 1.156.494,24 төгрөгийн /хавтаст хэргийн 98 дахь тал/ хохирол учирсан бөгөөд дээрх хохирлыг шүүгдэгч М.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд төлсөн байна.
Иймд шүүгдэгч М.Баасандамбыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Баасандамбын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан байгаль экологид учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Баасандамбын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн хөрөө, тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч М.Баасандамбын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.152.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай Kia Bongopronter загварын тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 10 ширхэг 0.8 м3 хэрэглээний зориулалттай нойтон шинэс төрлийн модыг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Баасандамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баасандамбыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Баасандамба нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Баасандамбад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.152.000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай Kia Bongo pronter загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 10 ширхэг 0.8 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон модыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч М.Баасандамбаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, 70.000 /далан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын төсөвт оруулсугай.
7. Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч М.Баасандамбын 61728 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгож, 04083003 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчинтөгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ