Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2020/00589

 

 

 

2020 оны 08 сарын 25 өдөр     

    Дугаар 153/ШШ2020/00589       

                           Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ........... багт оршин суух, .......... овогт Н-ийн Н-н нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 153/2020/00571/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н-ийн Н миний бие 1968 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багт Намнангийн 3 дахь охин болж төрсөн. Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд 1-р ангид 1977 онд элсэн орж суралцаад, 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 8-р анги төгссөн. Ховд аймгийн нэгдүгээр 10-н жилийн сургуульд элсэн орсон боловч 1985 онд аав минь зуурдаар нас барсан. Ингээд эх, өнчин 4 дүүгийн хамт Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1991 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад, 7 дугаар сард Лачаагийн Батлхагватай гэр бүл болж тус нэгдэлдээ малчнаар ажилласан. Миний бие одоог хүртэл мал маллан амьдардаг билээ.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үед цалин хөлс олгосон бичилтийг хийхдээ миний эхийн нэр дээр цалин хөлсийг бичсэн байсан учраас мөн 2006 онд гэр шатаж хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримт нь үгүй болсон учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд ........регистрийн дугаартай, ...... овогт .........-ийн Н намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд хүсэлтийн шаардлагаа багасгасан хүсэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох ХААТР-1 маягтаас харахад намайг 1987 онд саальчнаар ажиллаж байсан гэх баримт байгаа учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хүсэлтийн шаардлагаа 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнааражиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Н миний бие нь тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Миний бие нь хөдөө ууланд нөхрийн хамт хоёулаа мал маллан амьдардаг учраас 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй болсон учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Нэхэмжлэгч Н.Нг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1133 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 3-р бригадын 1984-1988, 1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 5-11 дүгээр тал/

2.Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаар албан бичиг /хх-ийн 16 дугаар тал/

3.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 862 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 маягт /хх-ийн 27-28 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ............ овогт Н-ийн Н  1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ОТГОНЖАРГАЛ