Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

 

   

 

 

 

 

   2024           01           08                                    2024/ШЦТ/38

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогч Б.М-

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос А овогт С-н А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, /РД:***/, А овогт С А.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.А 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цаг 10  минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Говь” цогцолборын хойд замд  “Тоёота Приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч З.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Агийн “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч З.М-ын “...2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бэлтгэлээ тараад харих замдаа явган хүний гарц дээр дайруулсан. Машин сайн харж байгаад гарцаар гарсан. Гарч байхад гэнэт хурц гэрэл тусаад ухаан балартаж унасан. Одоогийн байдлаар миний биед зүүн талын өвдөг бяцралтай, тахилзуур ясны хоёр мултралтай, шаант булууны гадна талд нийт 3 хугарал гарсан. Мөн булчин шөрмөс маань их хэмжээгээр гэмтсэн. Миний хувьд агаарын циркийн үзүүлбэр үзүүлдэг тул удаан хугацаанд ийм гэмтэлтэй байх нь хүнд байна. Цаашид нөхөн сэргээх эмчилгээний зардал болон 11 сард гэрээгээр агаарын үзүүлбэр үзүүлэхээр гадаад улсруу явах гэж байсан гэрээний мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 5-6 дэх тал/,  

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл

/хавтаст хэргийн 11 дахь тал/,

 

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.М-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цаг 08 минутын үед бэлтгэлээ дуусчихаад гэртээ харихаар “Говь цогцолбор”-ын хойд талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явж байгаад явган хүний гарцаар хойноос автомашинд мөргүүлж гэмтсэн ба хэсэгхэн хугацаанд юу болсныг санахгүй байж байгаад сэргэхэд нэг залуу намайг зүгээр үү гээд дуудаад байгаа харагдсан. Тэр залуу намайг мөргөсөн машины жолооч гэдгийг сүүлд мэдсэн, би зам дээр хэвтэж байсан. Удаагүй намайг түшээд босгох гэхэд миний хоёр хөл хөдөлж чадахгүй түшүүлж дамнуурган дээр хэвтэхэд түргэний машинд оруулаад тэндээсээ Гэмтлийн эмнэлэгт хүргүүлж үзүүлсэн. Толгойны баруун талын хажуу хэсэгт хагарсан байна гээд оёдол тавьсан. Миний хөл өвдөөд байхад гэмтлийн эмч тоохгүй байхаар нь хувийн эмнэлэгт зураг авахуулахад өвдөгний үе няцралтай байна гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б-н иргэний нэхэмжлэгч /хариуцагчаар өгсөн: “...Би уг автомашиныг 2021 онд өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулж авсан. Миний төрсөн дүү С.А автомашин жолоодож яваад осол гаргасан, хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

            - “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын хол, ойр гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс, марк, хээ нь тэнхлэг тус бүр дээрээ ижил байна. Автотээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн STENHOJ T-71096 хайчин өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд: хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: урд салхины шил гол хэсэгтээ бяцарч, цөмөрсөн, копут гол хэсэгтээ хонхойж сэвтсэн, урд улсын дугаар голоороо нумарсан, урд талын оврын гэрлүүд асахгүй зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байв. Зүүн болон баруун гар талын хол, ойр гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, урд салхины шил гол хэсэгтээ бяцарч, цөмөрсөн, копут гол хэсэгтээ хонхойж сэвтсэн, урд улсын дугаар голоороо нумарсан, урд талын оврын гэрлууд асахгүй зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байв. Зүүн болон баруун гар талын хол, ойр гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, урд талын оврын гэрлүүд асахгүй байгаа нь ослоос өмнө үүссэн хуучин эвдрэл байх боломжтой. Харин урд салхины шил гол хэсэгтээ бяцарч, цөмөрсөн, копут гол хэсэгтээ хонхойж сэвтсэн, урд улсын дугаар голоороо нумарсан зэрэг нь ослын үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байна. Мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, ABS систем хэвийн ажиллагаатай байна. Тоормосны систем нь хийн, хий буюу шингэн дамжуулгатай тоормосны системтэй үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүйгээр тоормосны дөрөө дээр гишгэх хүчнээс шалтгаалж зам дээр тоормосны мөр үүснэ. Харин ABS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай “...3.М-ын биед зүүн тахилзуур ясны толгой, шаантны булууны хугарал, ясны эдийн няцрал, мэдрэлийн салааны гэмтэл, өвдөгний урд чагтан холбоосны суналт, өвдөгний зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн дээд хэсэгт шарх, баруун гарын чигчий хуруу, зүүн бугуй, сарвуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гуя, шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дахь тал/,

 

  • Мөрдөгчийн магдлагаа /42-43 дахь тал/, Сэтгэцэд учирсан хор уршгийн

зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 88 дахь тал/, Хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 95-98 дахь тал/, Эрүүл мэндийн даатгалын санд 208.000 төгрөг төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 71 дэх тал/,

Дансны хуулга /хавтаст хэргийн 73-82 дахь тал/, Хохирлын баримтууд 83-84, 110 дахь тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.А-гийн яллагдагчаар

өгсөн: “...Би 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ослын талаар мэдүүлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/, мөн шүүгдэгч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн  “...Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цаг өнгөрч байхад ах С.Б-н эзэмшлийн “Тоёота приус 20” маркийн автомашиныг жолоодон ажлаа тарчихаад гэртээ харихаар 3, 4-р хорооллын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд нэг талдаа 3 эгнээтэй замын 2 дугаар эгнээгээр “Говь цогцолбор”-ын харалдаа явж байхад явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлд явган зорчигч зам хөндлөн гарч байсаныг анзаараагүй мөргөж унагаасан. Би явган зорчигчийг харсан даруйдаа тоормос гишгэсэн боловч хэтэрхий тулаад ирчихсэн байсан болохоор яаж ч чадаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 48 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/, гэрч С.Батын мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/ гэрч Б.О-н мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цаг 10  минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Говь” цогцолборын хойд замд  “Тоёота Приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч З.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч З.М-ын мэдүүлэг, “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хамааруулна гэж заажээ.

 

Шүүгдэгч С.А нь B, С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/ болох нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байх ба шүүгдэгч С.А нь замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан дээрх заалтыг зөрчсөн байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

Иймд шүүгдэгч С.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч С.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч С.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.Агийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хувийн байдал, хохирол төлбөрийг сайн дураар төлсөн, цаашид гарах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзнэ үү гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж өөрчлөлт оруулсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж хуульчилсан байна.

 

Иймд шүүгдэгч С.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн зардлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсын яллагч, өмгөөлөгчийн санал, хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч С.Ад Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг хохирогчид гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч З.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-1/ тусгасан байна.

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 69 дэх талд авагдсан байна.

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 19 дахин нэмэгдүүлж 10.450.000 /арван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг хохирогч З.М-ын сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцов.

 

Хохирогч З.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А-гаас хохирол төлбөрт сэргээн засах эмчилгээ хийлгэх 4 сарын хугацааны төлбөр 6.950.000 төгрөг, MRI шинжилгээний төлбөр 640.000 төгрөг, эмнэлэгт явах унааны зардал 650.000 төгрөг, кальци 72.000 төгрөг, витамин ДЗ 26.000 төгрөг, глюказамин 126.000 төгрөг, дархлаа сайжруулах бэлдмэл 250.000 төгрөг, бусад зардал 269.162 төгрөг осол болсноос хойш гадаад улсруу гэрээгээр явах ёстой байсан 6 сарын гэрээний мөнгө 20.628.000 төгрөг, бэлтгэлээ хийж эхлэх үед өвдөг болон шагай хамгаалах наалт 89.900 төгрөг, нийт 29.701.062 төгрөг нэхэмжилснээс шүүх хэрэгт авагдсан /хх-ийн 110 дахь тал/ нотлох баримтуудын хүрээнд мөн хохирогч З.М- шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгч С.А нь хохирол төлбөрт нийт 5.859.025 төгрөг төлж барагдуулсан 29.701.062 төгрөгөөс хасаж тооцож өгнө үү...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч С.А-гаас нийт 10.793.316 төгрөг гаргуулж хохирогч З.М-д олгож шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн хохирогч З.М- энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Агаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Мөн шүүгдэгч С.А нь эрүүл мэндийн даатгалын санд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт нийт 208.000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй байна.

 

         Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.С.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт С-н А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-гаас 10.793.316 /арван сая долоон зуун ерэн гурван мянга гурван зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-д олгосугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч С.А 208.000/ хоёр зуун найман мянга/ төгрөг төлснийг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.М- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Агаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч С.А энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ