Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/39

 

 

 

 

 

 

 

 

    2024          01         08                                      2024/ШЦТ/39

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Б-ад холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” захад машин зардаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ***  тоотод оршин суудаг гэх, Б овогт Б-н Б- /регистрийн дугаар ***/.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ :

Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын 12 тоот өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч Д.А-гийн эзэмшлийн 650.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Нөүт-20 5 жи” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “...Ариун цэврийн өрөө орох гэж гараад буцаж орохдоо 12 тоот өрөөний хаалга нь онгорхой байхаар нь гар  утсыг авсан. Надад хулгай хийх бодол байгаагүй. Цагдаагаас ярихад нь тэр даруй буцааж аваачиж өгсөн...” гэв. 

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.А-гийн хохирогчоор өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Н, Г, А, А нартай уулзаж Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” нэртэй зочид буудлын 3 давхарын 12 тоот өрөөнд орж 2.5 литрийн хэмжээ бүхий 4 ширхэг “Сэнгүр “нэртэй пиво хувааж уусан. 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих  шөнө 02 цагийн үед Н, Г нар яваад цаг гаруй өнгөрсний дараа А гараад өрөөнд А ах бид 2 үлдсэн ба А- ах унтсан. Би өөрийн гар утсыг оролдож байгаад өөрийн орны зүүн талд толгойн хажуу талд тавиад унтсан. 2023 оны 8 дугаар сарын 23-ны өглөө 08 цагийн үед сэрээд А- ахад хандаж та миний дугаар руу залгаад үзээч гэж хэлэхэд ах А- дуудаж байна гэж хариулахаар нь дуудаж байгаа юм чинь байгаа юм байна гэж бодоод унтсан. 2023 оны 8 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед сэрээд өөрийн утсыг хайсан боловч байхгүй байсан. Тэгээд залгахад  утас холбогдохгүй байсан. Камер шүүж үзэхэд 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 05 цагийн үед манай хажуугийн өрөөнд байсан үл таних эрэгтэй хүн манай өрөөнд орж миний гар утсыг авсан байсан. Би өөрийн эзэмшлийн саарал өнгийн “Samsung note 20” маркийн гap утсыг 2023 оны 8 сарын дундуур хувь хүнээс 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ үнээрээ үнэлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Б-ны гэрчээр өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 01 цагийн үед Б-, Б, Ш нар хөдөө орон нутгаас ирэхэд нь би тосож аваад “*” нэртэй зочид буудалд  02 цагийн үед ороод 2.5 литрийн хэмжээ бүхий 2-3 пиво хувааж ууцгааж байгаад 2023 оны 8 дугаар сарын 23-ны өглөө буудлын өрөөнөөс бүгд гараад би гэр рүүгээ ганцаараа явсан. Тэд нар хөдөө явна гэж хэлээд үлдсэн. Буудалд орох үед миний бичиг баримтаар бүртгүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хөдөө ажлаар явж байсан чинь Цагдаагийн газраас залгаж хүний утас хулгайд алдагдсан талаар мэдүүлэг өгөх хэрэгтэй байгаа талаар хэлсэн. Би Б- руу залгаж цагдаагаас залгаад утас алдагдсан асуудал дээр мэдүүлэг өг гэж байна, нөгөө хэд хаана байгаа бэ гэсэн чинь “юу гэж байна” гэж асуухаар нь “цагдаад бичлэг байгаа гэнэ” гэж хэлсэн. Энэ талаар Б- сонсоод “тэр утас нь надад байгаа” гэхээр нь “чамд байгаа юм бол очиж уулзаж учраа ол” гэж хэлээд мөрдөгчийн дугаарыг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд П.А-ын гэрчээр өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Н, Г, А-, А нарын хамт Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй зочид буудлын 3 давхарт байх өрөөнд ороод 2.5 литрийн хэмжээ бүхий 4 ширхэг пиво ууцгаасан. Миний нойр хүрээд унтаад өгсөн. 2023 оны 8 дугаар сарын 23-ны өглөө сэрсэн чинь буудлын өрөөнд А- бид 2 хоёр байсан, найзууд хэзээ явсан талаар мэдээгүй. А- өөрийн гар утсаа хайсан боловч олоогүй. Бид нар буудлын хяналтын камерийг шүүж үзэх үед хажуу өрөөнөөс үл таних эрэгтэй хүн ганцаараа гарч ирээд манай өрөөнд ороод гарч байсан бичлэг олсон. Тэгээд тухайн хүмүүсийн бүртгэлийг шалгуулж регистрийн дугаарыг нь авч цагдаагийн албан хаагчид өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...“Samsung note 20” маркийн гap утсыг 650.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө найз Б, Б нарын хамт 04 цагийн үед Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд орсон. Тухайн буудалд орохоос өмнө бид нар архи согтууруулах ундаа уусан байсан. Бид нар орсон өрөөндөө 2.5 литрийн хэмжээ бүхий 2 пиво хувааж уусан. Би өрөөнөөс гарсан чинь хажуу талын өрөөний хаалга онгорхой байхаар нь тухайн өрөөнд орсон чинь 2 эрэгтэй унтаж байсан. Газар гар утас байхаар нь тухайн гар утсыг аваад өрөөнөөс гараад явсан. Гарч ирээд сим картыг нь утаснаас нь салгаж хаяад утсыг халаасандаа хийгээд Тээврийн бирж ороод Дархан явах унаанд суугаад гэр рүүгээ харьсан. Өнөөдөр манай найз руу цагдаагаас залгасан байхаар нь би гар утсыг нь аваад ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл: Шүүгдэгч Б.Б- 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*” зочид буудлын 12 тоот өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч Д.А-гийн эзэмшлийн “Самсунг Нөүт-20 5 жи” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ үйл баримт шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.А-, гэрч П.Б, П.А- нарын өгсөн мэдүүлэг, “Хас үнэлгээ”ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй, тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

 

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Харин хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл хамаарч хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Б- үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй зочид буудлын *** тоот өрөөнд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-д нэвтэрч гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул Баянгол дүүргийн прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тодруулбал: 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө хохирогч Д.А- Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй зочид буудлын ** тоот өрөөнд төлбөр төлж, үйлчлүүлж байсан ба харин шүүгдэгч Б.Б- хохирогчийн үйлчлүүлж байсан өрөөний хажуу өрөө болох 13 тоот өрөөнд байжээ.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б- зочид буудлын 12 тоот өрөө буюу хохирогч Д.А-гийн өрөөнд түүний зөвшөөрөлгүйгээр орсон тул түүний дээрх үйлдлийг хууль бус нэвтрэлт гэж ойлгоно.

 

Иймд шүүгдэгч Б.Б- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

           

            Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийг удирдлага болгон яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг буюу 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө” гэж бичсэн байх ба ингэж бичсэнийг шүүх хуралдаанд техникийн шинжтэй алдаа гэж тайлбарлав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг гарсан байдалд гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг нотолбол зохих байдалд хамааруулсан ба улсын яллагчид дахин ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Прокуророос шүүгдэгч Б.Б-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд “...хаалга нь онгорхой байхаар нь гар утсыг нь авсан...” гэж мэдүүлж байгааг тодруулбал шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Б- “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм үйлдэл гаргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж хуульчилжээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, түүнд оногдулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэрэгт эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 10 дахь тал/, эд зүйл хүлээн авсан тухай баримт /хх-ийн 1 дэх тал/, хохирогч Д.А-гийн “...хохирлоо бүрэн барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 114 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Б.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б овогт Б-н Б-ыг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Б-н Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.Б- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ