| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00665/и |
| Дугаар | 153/ШШ2020/00590 |
| Огноо | 2019-07-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2020/00590
| 2020 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2020/00590 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ........... С-ийн нэхэмжлэлтэй, .....тоотод оршин суух, холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00665/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Г.С оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С миний бие нь 2011 онд Э.С-тай танилцан үерхэж улмаар 2014 оны 07 дугаар сарын 01-нд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдарх хугацаанд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охин Өнөрбаяр төрсөн. Бид ажлын шаардлагаар хуримын маргаашнаас нь эхлэн 2 талд амьдарч эхэлсэн. Гэрлэснээс хойш зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2017 оны 03 сард гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргаж эвлэрүүлэн зуучлагчаар дамжин шүүх хурлаар орж эвлэрсэн хэдий ч дахин зан харьцааны тааламжгүй байдал үүсч шүүх хурал болж өнгөрсний 2 дахь хоногоос нөхөр болох С Улаанбаатар хотод тусдаа амьдрахаар явсан. 2019 оны 04 сарын 11-нд 2 дахь удаагаа гэрлэлт цуцлуулах өргөдөл гаргасан хэдий ч нэхэмжлэгч, хариуцагч нар Улаанбаатар хотод байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн аваагүй. Бид 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралаа зохиох шаардлагтай болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Бидний гэрлэлтийг цуцалж охин С.Өнөрбаярыг эх миний асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч Э.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Г.Сын нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2014 онд хуримаа хийсэн боловч ажлын шаардлагаар тус тусдаа амьдарсаар ирсэн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Дундын өмч байгаа ч түүнийг эхнэр болох Г.Сод үлдээж байгаа болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Э.С-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 8401000213 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охин С.Өнөрбаяр төрсөн болох нь 8401000080 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 6,7 дугаар тал/
Нэхэмжлэгч Г.С, хариуцагч Д Э.С нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч болон 2017 онд шүүхэд хандсан боловч эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин С.Өнөрбаяр нас болон хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх Г.Сын асрамжид үлдээн, эцэг Э.С-аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин С.Өнөрбаярыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Э.С-аас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин С.Өнөрбаярыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Э.С-ын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Э.С-аас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Г.С нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Хариуцагч Э.С-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагт товлогдсон шүүх хуралдаанаар Э.С-ыг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлзэх эрхийг нь хангаж хойшлуулсан. Иймд түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 104,040 төгрөгийг Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин С.Ө Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 203,400 төгрөгийн 50 хувь болох 101,700 төгрөгийг сар бүр хариуцагч Э.С төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин С.Өнөрбаярт сар бүр төлөх тэтгэлэг 101,700 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,220,400 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,840 төгрөг, нийт 104,040 төгрөгийг хариуцагч Э.С-аас гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгохоор тогтов.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.Сод хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Э.С-т тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Г.С , Н.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин С.Ө-ыг эх Г.С-ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин С.Ө-ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Э.С-аас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Э.Ст, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Г.Сод тус тус даалгасугай.
5.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С-аас улсын тэмдэгтийн хураамж нийт 104,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДГ.Сод олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.Сарул-Одод, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Э.С-т тус тус мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ