Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/шш2022/0166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ө” ХХК /РД:---/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны актад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Ж.Д, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ө” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч анх 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан, тус дүүргийн Х******* тосгонд 20000 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/139 дүгээр  захирамжаар нэхэмжлэгч компанид “Х*******, Т ХХК-ийн эзэмшлийн газрын зүүн урд талд” байршуулан, аж ахуйн зориулалтаар 20000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх ба уг захирамжийг үндэслэн 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн 0292857 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгож, 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн газрын албатай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байна.

2.1 Нэхэмжлэгч компаниас 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 17-01 дүгээр албан бичгээр Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд 20 000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хандсаныг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын “Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/87 дугаар захирамжийн 7-д “Ө” ХХК-ийн 19999 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар сунгаж, талууд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан,

2.2 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Д” ХХК-ийг төлөөлж Л.А, нөгөө талаас “Ө” ХХК-ийг төлөөлж Ч.С нар харилцан тохиролцож Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Х******* хаягт байрлах 20001 м.кв газрыг эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, хүсэлт гаргасныг үндэслэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/275 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар “Ө” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан газрын хэмжээг нэмэгдүүлж нийт 40000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн,

2.3 Уг шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн 000323866 дугаар гэрчилгээг олгож, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ.

2.4 2018 оны 6 дугаар сарын 22-ны иргэн А.Б, “Ө” ХХК-ийг төлөөлж Ч.Э нар харилцан тохиролцож Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо Т ХХК-ийн зүүн талд байрлах 30000 м.кв газрын эрхийг шилжүүлэх гэрээ байгуулснаар нэхэмжлэгч компаниас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 18/05 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Газрын харилцааны албанд хүсэлт гаргасныг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын А/467 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар “Ө” ХХК-д 30000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэн 000016971 дүгээр гэрчилгээ олгосон.

Маргаан бүхий захиргааны акт болох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, “б, г” 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй гэсэн үндэслэлээр нийт 80 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосны дотор, нэхэмжлэгч компанийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/275 дугаар захирамж бүхий 18******* /13*******9/ нэгж талбарын дугаартай 40000 м2, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/467 дугаар захирамж бүхий 13******* нэгж талбарын дугаартай 29984 м2 талбай бүхий, хоёр газар хамрагдсан байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдэж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Ст гомдол гаргасны хариуд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 07/4971 дүгээр “...2 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэж хариу өгсөн, үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...1/ “Ө” ХХК нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу өөрийн эзэмшлийн хоёр газрыг аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар буюу төмс, хүнсний ногоо тарьж ашигладаг. Газар эзэмших хугацаанд газар эзэмших гэрээ, Газрын тухай хууль зөрчиж байгаагүй, энэ талаар дүүргийн газар зохион байгуулалтын алба, төрийн бусад эрх бүхий байгууллагаас шаардлага, мэдэгдэл өгч, торгууль, шийтгэл ногдуулж байгаагүй, хууль зөрчсөнийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр тогтоол, шийдвэр байдаггүй.

Захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргахад нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах заалтыг зөрчсөнөөс хууль бус захирамж гаргаж, нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл А/369 дүгээр захирамжийн үндэслэл болсон 40.1.1-т заасныг зөрчсөн гэх аливаа баримт байхгүйн зэрэгцээ хууль тогтоомж, гэрээний заалтыг ноцтой зөрчсөн нөхцөл байдал бий болоогүй.

2/ Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу компани нь газар эзэмшигч болж, Газар зохион байгуулалтын албатай  байгуулсан гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж ирсэн. Тухайлбал 2019 оны жилийн эцсийн байдлаар газрын төлбөрийн өргүй тухай тооцоо нийлсэн актыг дүүргийн Газар зохион байгуулалтын албатай үйлдэж байсан. 2020, 2021 оны газрын төлбөрийг Газар зохион байгуулалтын албанаас үүсгэсэн нэхэмжлэхийн дагуу цахимаар төлсөн.

Гэтэл Газрын тухай хуулийн 40.1.5-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д "..., бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасныг тус тус зөрчсөн.

4/ Дээрх хоёр газрын эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар аваагүй, харин газар эзэмшигч иргэнээс эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авсан тул дээрх үндэслэлд хамааралгүй юм. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтгүй нь А/369 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй болохыг илтгэж байна.

5/. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулж, тайлбар, санал өгөх боломжийг олгоогүй, уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хэзээ, хэнд, хаана гаргахыг дурдаагүй буюу захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан шинжтэй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах" гэснийг зөрчиж газар эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэдэг тайлбарыг сүүлд хариу тайлбартаа өгсөн. Захирамжид энэ талаар үндэслэл байдаггүй. Энэ хоёр газрыг нэгийг нь иргэнээс шилжүүлж авсан, нөгөөхийг нь эзэмшил газраа томруулж авсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл дээр, хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг “дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” гэдэг үндэслэл байдаггүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.

2/ Хэрэгт авагдсан баримтын хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг. Нийт төлсөн нь 10 560 000 гээд баримт байгаа. 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/139 дүгээр захирамж гарснаар анх газрын харилцаа үүссэн. Энэ захирамжийн дараа 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/87 тоот захирамж дахин гарсан. Энэ захирамжийн 7 дугаар хэсэгт “Ө” ХХК 2012 оны А/139 дүгээр захирамж тоот гэрчилгээнд нэмээд 19999 м.кв газрыг эзэмшүүлэв гээд бичигдсэн байгаа.

Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт нь 2018 оны 420170168 гэсэн дугаартай акт байгаа. 2012, 2013, 2016, 2015, 2017 оны хувьд жил болгон 1 760 000 төгрөг, нийтдээ 10 560 000 төгрөгийг төлөөд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй байгаа.

2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар “Д” ХХК дээр байж байгаад 8 дугаар сард манайх руу шилжсэн. Энэ хугацаанд 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн өргүй, төлсөн үнийн дүнг бичсэн байгаа. Төлбөр төлөөгүй гэдэг нь баримтаар үгүйсгэгдэж байгаа юм. 5880 000 төгрөгийн тухайд 2021 оны 4, 3 дугаар улирлын төлбөрийн үлдэгдэл гэдгийг дурдмаар байна.

3/ Хариуцагч талаас эзэн биегүй зүйл яриад байна. Нягтланд нь мэдэгдсэн гээд. Хэзээ мэдэгдсэн нь ч тодорхойгүй, төрийн байгууллагууд тогтоосон журмаараа утсаар ярьсан тэмдэглэл үйлдэх ёстой, тийм тэмдэглэл нь хэрэгт авагдаагүй.

4/ Бид нар эзэмшил газраа хамгаалах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор гадуур нь хашаа татсан. Энэ нь үзлэгээр тогтоогдсон. Бас төв замаас эзэмшил газарлуу чиглэсэн шороон зам, мөн цахилгааны дэд станц барьсан, эдгээртэй холбоотой баримтуудыг шүүхэд өгсөн. Эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор барилга байгууламж барьчихсан. Тэр нь Дээд шүүхийн тайлбараар тухайн газрыг эзэмшиж байгаа гэж ойлгогдож байгаа” гэв.  

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг 2020 оны 5 дугаар сараас хариуцаж эхлэн хээрийн судалгаа хийх явцад уг аж ахуй нэгж байгууллагын газар дээр тодруулга хийсэн мөн суурин судалгаа, сансрын зургаас тус аж ахуй нэгж байгууллага нь 13*******, 13*******9 нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай эзэмшил газартаа төмс хүнсний ногоо тариалдаггүй, тус газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байсан.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно", Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 "эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт болон эдлэн газрын хил заагийн тэмдэглээсийг гэмтээх, устгах, зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлэхийг хориглоно", Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.12-т "Эдлэн газрын эргэлтийн цэгүүдийг хөдөлгөсөн, нүүлгэн шилжүүлсэн, устгахгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчин зохих зөвшөөрөлгүй эзэмшил газраа хэтрүүлэн ойролцоогоор 19000 м2 талбай илүү ашиглаж байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно", иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5-д "Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд нь төлөх" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 13******* нэгж талбартай 2018 оны А/467 дугаар захирамжтай 30000 м2 талбай бүхий эзэмшил газрынхаа газрын төлбөрийг тус оны 1, 2 дугаар улирлыг төлөөгүй байсан бөгөөд Захиргааны акт гарснаас хойш буюу 2021 оны 8 сарын 31-ний өдөр газрын төлбөрөө төлсөн байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дах заалтуудын үндэслэл бүрдсэн тул газар эзэмших эрх нь хүчингүй болсон байна. Тус аж ахуй нэгж байгууллага нь иргэн Ч.Эаас эрх шилжүүлэн авсан гэх худал мэдээлэл өгсөн байх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/467 дугаар захирамжаар иргэн А.Бийн эзэмшил газрыг эрх шилжүүлэн авсан байна.

2/ 13*******9 нэгж талбарын дугаар бүхий 40000 м2 аж ахуйн зориулалттай, 20000 м2 газраа дүүргийн Засаг даргын 2012 оны А/139 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшсэн бөгөөд 2018 оны А/87 дугаар захирамжаар 19999 м2 газрыг аж ахуйн зориулалтаар хугацаа сунгуулсан байна. Мөн дүүргийн 2018 оны өөрийн эзэмшлийн 20000 м2 газар дээр нэмж  “Д” ХХК-ийн 20000 м2 газрын эрхийг шилжүүлж авч нэгтгэн нийт 40000 м2 газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшсэн байна.

Иймд Газрын тухай хуулийн 38.2.2 дах заалтын дагуу газар эзэмших эрх шилжүүлэн авагч тал нь газартай холбоотой бүх үүрэг хариуцлагын хүлээн авахаар зохицуулсан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамж, 2016 оны А/697 дугаар захирамжаар "2003 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш гаргасан захирамжийн дуудлага худалдаа, шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх"-ээр даалгасан тул дээрх аж ахуй нэгж байгууллагаас дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжилсэн болно.

3/ “Ө” ХХК-ийн 99******* гэсэн утасны дугаар манайд бүртгэлтэй байдаг. Тухайн тэр бүртгэлтэй дугаарт холбогдсон. Тус компанитай холбогдсоны дагуу тухайн аж ахуйн нэгжийн нягтлан бодогч гээд хүн ирсэн. Тэр хүнд мэдэгдлийг өгсөн байгаа. Ерөнхийдөө бол танайх ийм ийм зөрчилтэй ийм захиргааны акт гарах гэж байгаа талаар мэдэгдсэн байгаа. Мөн тэр хүнтэй манай ажлын 3 дугаартай өрөөнд хүлээн авч уулзсан. Сараа гэж нэртэй төлбөрийн мэргэжилтэн ирсэн. 99******* гэсэн дугаарлуу бид залгаж мэдэгдсэн байгаа. Манай дээр бүртгэлтэй байсан дугаар нь л энэ байсан. Энэ дугаарлуу холбогдсон. Холбогдоод тухайн мэргэжилтэн ирсэн. Бид нар ийм ийм шалтгаантай байна. Танайх газраа хоёр жил ашиглаагүй болон хуульд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй байна гэсэн. Ер нь бол газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй л гэж үзэж байгаа.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ “Ө” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөх хуулийн шаардлагыг зөрчсөн бөгөөд төлбөрт 5,880,488 төгрөгийг төлөөгүй байна.

2/ Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/275 дугаар дугаар захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 3 жил дараалан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/467 дугаар захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гарах хүртэл 2,8 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон байна.

Тухайлбал нэхэмжлэгч газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшиж байгаа болохоос биш төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшээгүй. Хэрвээ төмс, хүнсний зориулалтаар эзэмшиж байгаа бол Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар 5 га хүртэл хэмжээтэй газар эзэмших эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хууль зөрчигдөх нөхцөл байдал үүснэ.

3/ Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т "Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-гаас илүүгүй байна" гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан. Харин 33.1.2-т "энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн болно.

Мөн хуулийн 36 дугаар зүйлд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөхөөр зохицуулсан бөгөөд 36.2-т "Дуудлага худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна" гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр баталсан "Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай" А/697 дугаар захирамжийн 1.4 дэх хэсэгт "нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг" Нийслэлийн газрын алба болон бусад газруудад үүрэг болгосон байна.

4/ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан шаардлагын хүрээнд нэхэмжлэгчид хүргүүлэхээр Дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 13/510 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг гаргаж, утсаар мэдэгдсэн боловч хүлээн авахаас зориуд зайлсхийж татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн асуудлаар тайлбар, саналаа ирүүлээгүй болно. Мөн нэхэмжлэгчид мэдэгдсэн ч хариуцагчаас гарах шийдвэр, түүний үр дагавар өөрчлөгдөхгүй, энэ нь шийдэлд нөлөөлөхөөргүй байх тул энэ үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь шүүхэд хандаж “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “...өөрийн эзэмшлийн хоёр газрыг аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар буюу төмс, хүнсний ногоо тарьж ашигладаг... 40.1.1-д заасан ноцтой зөрчсөн нөхцөл байдал бий болоогүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэдэг тайлбарыг сүүлд хариу тайлбартаа өгсөн, захирамжид энэ талаар үндэслэл байдаггүй...мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй хариуцагчийн гаргасан шийдвэр нь холбогдох хууль тогтоомжид үндэслээгүй, бодит нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй” гэж тодорхойлсныг хариуцагч “...газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй... эзэмшил газраа хэтрүүлэн ойролцоогоор 19000 м2 талбай илүү ашиглаж байна...газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх, дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй...мэдэгдэл хүргүүлсэн...” гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч анх 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан, тус дүүргийн Х******* тосгонд 20000 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/139 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох, баталгаажуулах тухай” захирамжаар нэхэмжлэгч компанид “Х*******, Т ХХК-ийн эзэмшлийн газрын зүүн урд талд” байршуулан, аж ахуйн зориулалтаар 20000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх ба уг захирамжийг үндэслэн 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн 0292857 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгож, 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж улмаар 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/87 дугаар захирамжаар “Ө” ХХК-ийн 19999 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар сунгаж, талууд газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулсан,

4. 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Д” ХХК-ийг төлөөлж Л.А, нөгөө талаас “Ө” ХХК-ийг төлөөлж Ч.С нар харилцан тохиролцож Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Х******* хаягт байрлах 20001 м.кв газрыг эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, хүсэлт гаргасныг үндэслэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/275 дугаар захирамжаар “Ө” ХХК-ийн эзэмшил газар дээр уг газрыг нэмж нийт 40000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн 000323866 дугаар гэрчилгээг олгож, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг талууд байгуулсан,

5. Түүнчлэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны иргэн А.Б, “Ө” ХХК-ийг төлөөлж Ч.Э нар харилцан тохиролцож  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо Т ХХК-ийн зүүн талд байрлах 30000 м.кв газрыг шилжүүлэх “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулснаар нэхэмжлэгч компаниас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасныг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/467 дугаар захирамжаар “Ө” ХХК-д 30000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэн 000016971 дүгээр гэрчилгээгээр 29984.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар олгосноор 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр талууд “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

6. Маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, “б, г” 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй хавсралтад дурдсан 80 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх ба уг захирамжийн хавсралтын 12, 13-т нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/275 дугаар захирамж бүхий нэгж талбарын 13*******9 дугаартай 40000 м2, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/467 дугаар захирамж бүхий, нэгж талбарын 13******* дугаартай 29984 м2 газрууд тус тус хамрагдсан байна.

7. Нэг. Хариуцагчийн гаргасан захиргааны актын гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн дээр дурдсан, 40.1.6-д заасан зохицуулалт нь нэгд, газар эзэмшигч гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй байх, хоёрт, ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх, гуравд, хугацаа нь 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд хэрэглэгдэх агуулгатай.

8. Нэхэмжлэгчид Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/275 дугаар болон 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/467 дугаар захирамжуудыг үндэслэн талуудын хооронд байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 09, 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 6.4-т “жич: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно” гэжээ.

9. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар болон шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл нэхэмжлэгч нь эзэмшил газар дээрээ хашаа барьж, манаач ажиллуулсан, орон нутгийн замаас өөрийн эзэмшил газар луу орсон газрыг тэгшилж шороон зам тавьсан, мөн цахилгааны дэд станц барьсан болох нь тогтоогдож байхад хариуцагч захиргааны байгууллага эдгээр нөхцөл байдлыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6.4-т тайлбарласан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэгт яагаад хамаарч байгаа талаар тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

11. Нөгөө талаар нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүй” байсан гэж үзсэн үндэслэлээ ч хариуцагч нотлон тогтоох үүрэгтэй бөгөөд тухайн тохиолдолд ямар учраас нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь, мөн “2 жил дараалан” гэх хугацааг хэрхэн тооцсон болох нь  хэрэгт цугларсан нотлох баримтууд болон маргаан бүхий захиргааны актаас тодорхой нотлогдож тогтоогдохгүй байна.

12. Тухайлбал, нэхэмжлэгчид Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/275 дугаар болон 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/467 дугаар захирамжуудыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдон 2019 оны 7 дугаар сарын 09, 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нүүд байгуулагдсан, талуудын хооронд гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад “газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүйн дээр хариуцагч “зориулалтын дагуу” гэдгийг хэрхэн ойлгож хэрэглэсэн нь ч тогтоогдохгүй байна.

13. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид тухайн газруудыг “аж ахуйн зориулалтаар” эзэмших эрх олгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс “хүлэмжийн аж ахуй эрхлэх зорилготой, зам тавьж хашаа барьж, манаач ажиллуулан, улмаар цахилгааны шугам татсан” гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй атлаа ямар үндэслэлээр “зориулалтын дагуу ашиглаагүй”  гэж үзсэн нь тодорхойгүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг зөрчжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэх нөхцөл байдлууд, түүнчлэн гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жил дараалан газраа ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

14. Хоёр. Хариуцагчийн гаргасан захиргааны актын, Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:  

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага...газрын төлбөр төлөгч байна” 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах...газарт төлбөр ногдуулна” тус тус заасан

15. Нэхэмжлэгчид Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/275 дугаар болон 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/467 дугаар захирамжуудыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдон 2019 оны 7 дугаар сарын 09, 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нүүд байгуулагдсан, уг гэрээнүүдийн 2.2-т зааснаар 13*******9 нэгж талбарын дугаар бүхий газрын тухайд, төлбөр нь нэгжийн үнэ 358.0 төгрөг, улиралд 3580000 төгрөг, жилд нийт 14320000 төгрөг төлөхөөр, 13******* нэгж талбарын дугаар бүхий газрын төлбөр нь нэгжийн үнэ 358.0 төгрөг, төлбөрийг улиралд 2683568 төгрөг, жилд нийт 10734272 төгрөг байхаар тус тус тохиролцсон байна.

16. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар “Газар ашиглаж, эзэмшиж гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аар “Ө” ХХК-ийн нэгж талбарын 1333707839 дугаартай газрын төлбөрийн тооцоо 2012, 2013 онд тус тус 1,760,000 төгрөг төлөөгүй, 2014 онд 4,620,000 төгрөг төлж үлдэгдэл 1,980,000 төгрөг, 2015 онд 4,180,000 төгрөг төлж үлдэгдэл 1,540,000 төгрөг, 2016 онд 2,640,000 төгрөг төлөхөөс 1,760,000 төгрөг төлж, үлдэгдэл 880,000 төгрөг, 2017 оны алданги  528,000 төгрөг төлөөгүй, 2018 онд 2,640,000 төгрөг төлөхөөс 5,280,000 төгрөг төлж, үлдэгдэл 2,640,000 төгрөг, 2019 онд шинэ үнэлгээгээр 10,065,000 төгрөг төлөхөөс 2,640,000 төгрөг төлж үлдэгдэл 7,953,000 төгрөг, 2020 онд 10,734,272  төгрөг төлөхөөс 18,687,272 төгрөг төлж, үлдэгдэл 7,953,000 төгрөг, 2021 онд 9,205,088 төгрөг төлөхөөс 3,324,600 төгрөг төлж, үлдэгдэл 5,880,488 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 5,880,488 төгрөгийн үлдэгдэлтэй гэж,

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар “Газар ашиглаж, эзэмшиж гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аар “Ө” ХХК-ийн нэгж талбарын 13*******9 дугаартай газрын төлбөрийн тооцоог 2012 онд 1,760,000 төгрөг төлөхөөс 1,760,000 төгрөг төлж, 2013 онд төлөөгүй, 2014 онд 1,760,000 төгрөг төлөхөөс 3,520,000 төгрөг төлж үлдэгдэл 1,760,000 төгрөг, 2015, 2016, 2017,2018, 2019, 2020 онуудад тус тус газрын төлбөрийг бүрэн  төлж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр газрын төлбөрийн үлдэгдэлгүйг тус тус тогтоосон байх ба 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,840,526, 1,227,017 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 741,990 төгрөг, 5,521,578 төгрөгийг Баянзүрх дүүргийн  татварын албанаас үүсгэсэн нэхэмжлэхийн дагуу бүрэн төлжээ.

17. Хариуцагч нь нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж  үзсэн ба нэхэмжлэгчийн эзэмшил 2 газрын тухайд өөр өөр буюу нэгж талбарын 13*******9 дугаартай газрын тухайд төлбөрийн тооцоогүй, харин нэгж талбарын 1333707839 дугаартай газрын төлбөрийн тооцооны хувьд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 5,880,488 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарсан байхад бүхэлд нь газрын төлбөр төлөөгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нөгөө талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч нь тухайн оны газрын төлбөрийг бүрэн төлөх үүрэг хүлээхгүй.

 Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг газрын  төлбөрөө тогтоосон хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл нь баримтаар үгүйсгэгдэж байх бөгөөд хариуцагч тухайн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоох үүргээ гүйцэд хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэв.

18. Гурав. Хариуцагчийн гаргасан захиргааны актын, Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэжээ.

19. Үүнээс үзвэл, Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан зохицуулалт нь газар эзэмшигч, Газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг зөрчсөн байх, тухайн зөрчил нь 2 буюу түүнээс дээш удаа, эсхүл “ноцтой” байх тохиолдолд хэрэглэгдэх, өөрөөр хэлбэл зөрчил гаргасан ба уг зөрчил нь удаа дараа буюу ноцтой байх тохиолдолд хэрэглэгдэнэ.

20. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагыг, Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан “зөрчил гаргасан” гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч тухайн зөрчил нь чухам ямар зөрчил болох, уг зөрчлийг удаа дараа гаргасан нь эрх бүхий ямар байгууллагын дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон болох, эсхүл ямар “ноцтой зөрчил” гаргасныг тодорхой тогтоогоогүй атлаа хуулийн энэ заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

21. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн хариу тайлбарт “...дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, эзэмшил газраас илүү газрыг хашаалж ашигласан”-ыг “ноцтой зөрчил” гэж тодорхойлон маргаж, түүний үндэслэлээ “Нийслэлийн Засаг даргын, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/697 дугаар “Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамжийн 1.4 дэх хэсэгт “Нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг үүрэг болгосон...,Газрын тухай хуулийн 33.1.2-т заасныг зөрчиж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн” гэж тайлбарласан.

22. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүссэн нөхцөл байдлаас үзвэл тэрээр “Д” ХХК-иас 20 000 м2 газрын эрхийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр, иргэн А.Бээс 30 000 м2 газрыг мөн 2018 оны “Эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр тус тус шилжүүлэн авсан, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасан ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийг газар эзэмших эрхээ анхнаасаа дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар олж авах ёстой байсан гэж үзэхгүй.

 Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга, хуулийн 33.1.2 дахь хэсэгт заасан, тодорхой тохиолдлуудад зөвхөн дуудлага худалдаа, эсхүл төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмших эрх олгох бөгөөд нэгэнт хууль ёсны эзэмшигчээс газрын эрхийг шилжүүлэн авч байгаа тохиолдолд “дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар аваагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн боломжгүй.

23. Хариуцагчийн иш татаж маргасан, Нийслэлийн Засаг даргын, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/697 дугаар “Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамжийн 1.4 дэх хэсэгт “...дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллах үүргийг Дүүргийн газрын албанд хариуцуулсан...”-аас үзвэл дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлэх боломжтой, энэ үүрэг нь хариуцагч захиргааны байгууллагад хадгалагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч нь тухайн асуудлыг ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “удаа дараагийн, эсхүл ноцтой зөрчил” гэж үзсэнээ тодорхой нотлох баримт, эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрээр нотлоогүй тул нэхэмжлэгчийг дээр дурдсан зөрчлийг гаргасан гэж үзэж Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

24. Харин “нэхэмжлэгч нь эзэмших эрх бүхий газраас илүү хашаалж ашигласан” гэх үндэслэлийн тухайд, хариуцагчийн гаргасан захиргааны актад тусгайлан заагаагүй, нэхэмжлэгч уг асуудлаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тухайн нөхцөл байдал тогтоогдсон тул энэ талаар тусад нь шийдвэр гаргах хариуцагчийн эрхийг энэ шийдвэр хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “сонсох ажиллагааны мэдэгдлийг утсаар холбогдож хүлээн авахыг мэдэгдсэн боловч хүлээж авахаас зориуд татгалзсан, тайлбараа ирүүлээгүй” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “сонсох ажиллагааны мэдэгдэл ирүүлээгүй” гэж маргасан боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг журмын дагуу явуулсан нь тогтоогдохгүй байна.

25. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр, хариуцагчийн гаргасан захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН