| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0296/З |
| Дугаар | 221/МА2026/0629 |
| Огноо | 2026-09-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0629
Ч.Т-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д
Нэхэмжлэгч: Ч.Т
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай захирамжийн хавсралтын 83 дахь заалтын миний эзэмшлийн гараашинд холбогдуулсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, үүний улмаас надад учруулсан хохирол буюу тоосгон гараашны үнийг одоогийн зах зээлийн үнэлгээгээр тооцож 10,000,000 төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаргуулах” тухай,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0679 дүгээр шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0296/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ч.Т-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай захирамжийн хавсралтын 83 дахь заалтын миний эзэмшлийн гараашинд холбогдуулсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, үүний улмаас надад учруулсан хохирол буюу тоосгон гараашны үнийг одоогийн зах зээлийн үнэлгээгээр тооцож 10,000,000 төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0679 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дугаарт заагдсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны байрны зүүн болон зүүн урд талд, 63 дугаар байрны баруун талд 21 ширхэг тоосгон гарааш гэх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гараашийг буулгасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан 10,000,000 төгрөгийг хариуцагч нийслэлийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтууд болон Үндсэн хуулийн суурь зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус тодорхой заасан. Нэхэмжлэгч Ч.Т нь маргаан бүхий газар дээр хууль ёсны газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, газар эзэмших гэрээгүй, эрх бүхий байгууллагын захиргааны актгүйгээр газрыг ашиглаж байсан. 1998 онд иргэн, байгууллагаас гарааш худалдан авсан гэх хэлцэл нь тухайн газар дээр барилга байгууламж барих, газар эзэмших бие даасан эрхийг үүсгэх хууль зүйн үндэслэл болохгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өмчлөх эрхийн хамгаалалт болон нөхөн олговортой холбоотой зохицуулалт нь зөвхөн хууль ёсны дагуу, шударгаар олгож авсан өмчид хамаарна. Нэгэнт нийтийн эзэмшлийн зам, талбайд эрхийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй барьж байршуулсан байгууламжийг шударгаар олж авсан өмч гэж үзэх боломжгүй бөгөөд захиргааны байгууллага хуулиар хүлээсэн зөрчил арилгах чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө хууль бус газар ашиглагчид нөхөн олговор буюу хохирол төлөх хууль зүйн тогтоол байхгүй юм.
Хохирлын хэмжээг бодитоор тогтоолгүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийн хохирлын хэмжээг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт эсхүл хөндлөнгийн хараат бус үнэлгээний байгууллагын дүгнэлтээр бодитой тогтоолгүйгээр, зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах зарчмыг өнгөц баримтлан, нэхэмжлэгчийн гаргасан тооцооллыг шууд хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн.
Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасны дагуу нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам, орчны аюулгүй байдлыг алдагдуулж, зөвшөөрөлгүй баригдсан гарааш, байгууламжийг албадан буулгаж, газрыг зөрчлийг барилгах бүрэн эрхтэй. Энэхүү үйл ажиллагаа нь хувийн ашиг сонирхлоос илүүтэй нийтийн ашиг сонирхол, иргэдийн эрүү аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хийгдсэн захиргааны хууль ёсны арга хэмжээ юм.
Нийслэлийн Засаг даргын захирамж болон түүнийг хэрэгжүүлэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгчийн зүгээс хууль ёсны газар эзэмших эрхээ нотолж чадаагүй тул хариуцагчаас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ч.Т-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... нийслэлийн Засаг даргын А/211 дүгээр захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр батлан гаргаж, нийтэд мэдээлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас захирамжийг хэрэгжүүлэн мэдэгдэх хуудас өгч, газраа чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн. Нэхэмжлэгч Ч.Т нь тухайн захирамжийг гарснаас хойш удалгүй тус захирамжийн талаар бодитоор мэдэж авсан байдаг.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий А/211 дүгээр захирамжийн талаар 2025 оны эхээр хэдийн мэдэж авсан атлаа уг захирамжид холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийг зөвхөн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буюу захирамж гарснаас хойш бараг жилийн дараа гаргасан байна.
Нэхэмжлэгч захиргааны актыг өөрөө мэдсэнээс хойш хуульд заасан 30 хоногийн хугацаанд шүүхэд хандаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулийн хөөн хэлэлцэх хугацааг илтэд хэтрүүлсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Т нь Засаг даргын А/211 дүгээр захирамжийн талаар Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж байсан хэдий ч тус Зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 69 дүгээр дүгнэлтээр түүний гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч тус 69 дүгээр дүгнэлттэй маргахгүй байгаа бөгөөд захиргаан байгууллагын эцсийн шийдвэр хууль ёсны хүчин төгөлдөр хэвээр байхад захиргааны актад шууд холбогдуулж, хугацаа хэтрүүлэн шүүхэд хандаж байгаа хууль бус юм.
Мөн нэхэмжлэгч нь тухай газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй, эзэмших эрх нь хууль ёсоор үүсээгүй тул уг газрын хувьд захиргааны актын улмаас зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхол байхгүй нэхэмжлэл гаргах субъект биш юм.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмшихийг хориглосон. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т зааснаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн тохиолдолд газрыг чөлөөлөх бүрэн эрхийг Засаг даргад олгосон байдаг. Нэхэмжлэгч Ч.Т нь зохих эрх бүхий байгууллагын шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр нийтийн эзэмшлийн газарт дур мэдэн гарааш барьж ашигласан. Түүнчлэн, сансрын болон агаарын зургаар 2009-2010 оны хооронд гараашны байршлаа зөвшөөрөлгүй шилжүүлэн барьсан болох нь тогтоогдсон. Иймд нийтийн ашиг сонирхол, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор зөвшөөрөлгүй баригдсан гараашийг чөлөөлөхөөр гаргасан нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дүгээр захирамж нь хуульд бүрэн нийцсэн бөгөөд нэхэмжлэгчид 10,000,000 төгрөг олгох хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дүгээр захирамжийн талаар бодитоор авч мэдэж байсан хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасан 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр хэтрүүлж, бараг 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдлыг тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ч.Т-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дахь заалтын миний эзэмшлийн гараашинд холбогдуулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, үүний улмаас надад учруулсан хохирол буюу тоосгон гараашны үнийг одоогийн зах зээлийн үнэлгээгээр тооцож 10,000,000 төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дүгээр захирамжаар газар чөлөөлөх гараашны байршлыг 1 дүгээр хавсралтаар баталж, уг хавсралтын 83 дугаарт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо “Хорооны байрны зүүн болон зүүн урд талд, 63 дугаар байрны баруун талд” байршилтай 21 тоосгон гарааш” гэж тусгасан байх бөгөөд үүнд нэхэмжлэгчийн гарааш багтсан гэж үзэж захирамжийн хэрэгжилтийг хангуулж гараашийг буулган газрыг чөлөөлсөн байна.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “24 дугаартай нэхэмжлэгчийн гарааш нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 28 дугаар байрны баруун зүгт, хорооны байрны баруун талд байрлаж байсан” гэж, 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн гарааш буулгах үед хийгдсэн тэмдэглэл бүхий жагсаалтад 4х-24 гэсэн дугаарлалттай гараашны мэдээлэл байхгүй, мөн нэхэмжлэгчээс “... миний гарааш 4 дүгээр хорооны байшингийн баруун талд бөгөөд дугаарласнаар 24 дэх гарааш тул уг захирамжийн үйлчлэлд хамаарахгүй” гэж маргажээ.
5. Гэтэл хариуцагчаас “... тухайн байршилд 21 гарааш байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гарааш үүнд хамаарч байгаа. Харин мэдэгдэх хуудсыг хэзээ, хаана нааснаас хамаараад нэг бүрчлэн дугаарладаг болохоос 4х-24 гэсэн нь гараашны дугаар биш, мэдэгдэх хуудасны дугаар. 21 гарааш дотор 1-21 хүртэл дугаарлана гэсэн зүйл байхгүй” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл дээрх А/211 захирамжид дурдсан 21 гараашны тоонд нэхэмжлэгчийн гарааш багтаж байгаа эсэх, мөн талуудын маргаж буй 24 гэх дугаарлалт, уг захирамжид заасан байршил нэхэмжлэгчийн гараашны байрлалаас зөрүүтэй байгаа талаар тодруулж, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах нь захирамжийн үндэслэл, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна.
6. Монгол Улсын нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар “Барилгын байршилт тогтоож газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийн 9-т “Тагнуулын төв газрын орон сууцны барилгыг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний барааны 73 дугаар дэлгүүрийн зүүн хойд талд байрлуулан 0.12 га газар”, нийслэлийн Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/709 дүгээр захирамжийн хавсралтын 3-т ““ТЕГ-28” сууц өмчлөгчдийн холбоонд нийслэлийн Засаг даргын 1996 оны А/158 дугаар захирамжийг үндэслэн 1979 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах” эрхийг тус тус олгожээ.
7. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 28 дугаар байрны 23 тоотод байршилтай 48.4 м.кв, 3 өрөө орон сууцыг гараашны хамт худалдан авсан нь 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012692 дугаартай гэрчилгээ, гараашны үнэ хүлээлгэн өгсөн баримт, үлдэгдэл төлбөрийн тооцоо хийх тухай мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.
8. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “...манай гарааш хашаан дотор байсан нийт 12 гараашны нэг нь, одоо үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 5 гараашийг буулгаагүй байгаа” гэх тайлбарт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгчийн гарааш болон буулгаагүй байгаа 5 гараашны газар нь сууц өмчлөгчдийн холбооны газарт ороогүй, хэрэв сууц өмчлөгчдийн холбооны газар дээр гарааш баригдсан бол уг захирамж хэрэгжихгүй, эдгээр 21 гарааш сууц өмчлөгчдийн холбооны сүүлд нэмэгдүүлж авсан газарт мөн ороогүй” гэх тайлбарыг хийсэн бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд хэргийн оролцогчдын зөрүүтэй тайлбарыг шүүх нотлох зарчмын хүрээнд нэхэмжлэгчийн гарааш байрлаж байсан газар нь сууц өмчлөгчдийн холбооны газарт хамаарч байгаа эсэх талаар тодруулж, нотлох баримтыг холбогдох байгууллагаас гаргуулах нь зүйтэй.
9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3472 дугаар захирамжаар “... маргаан бүхий захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ажлын хэсэг байгуулагдсан эсэх, маргаан бүхий гараашийг буулгах ажлыг хариуцаж байсан алба хаагчдын мэдээллийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулж, нотлох баримт ирсэнтэй холбоотойгоор гэрчээр асуух”-аар шийдвэрлэсний дагуу тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/4377 албан бичгээр нотлох баримт гаргуулахаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандсан бөгөөд тус газрын 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01-07/3401 дугаартай албан бичгээр “... Ажлын хэсэг байгуулагдаагүй” гэх хариу ирүүлжээ.
10. Эндээс үзвэл, дээрх шүүгчийн 3472 дугаар захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй, хэргийн оролцогчид гарааш буулгах үед дүүргийн газар зохион байгуулагч байсан гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд маргаан бүхий гараашийг буулгах ажлыг хариуцаж байсан албан хаагчийг гэрчээр асуух нь хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг тогтоох, улмаар хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна.
11. Нэхэмжлэгчээс “маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол буюу 10,000,000 төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс “Үндэсний статистикийн хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05/322 дугаар албан бичиг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0439 дүгээр тогтоол”-ыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
12. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ 18-20 м.кв хэмжээтэй гараашны одоогийн зах зээлийн үнэлгээнд тулгуурласан гэх боловч хаанаас хийсэн, ямар үнэлгээнд үндэслэж 10,000,000 төгрөгийг хохирол эсхүл нөхөн төлбөр гэх аль хэлбэрээр нь тооцож хариуцагчаас гаргуулж байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл мөнгөн дүнгээр илэрхийлж буй хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, баримтаар тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул уг нөхцөл байдлыг тодруулж холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлага болон бодит үүссэн нөхцөл байдлыг тодруулаагүй орхигдуулсан гэж үзэхээр байна.
14. Мөн анхан шатны шүүхээс 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг ханган шийдвэрлэхдээ шийдвэрийн Тогтоох нь хэсэгт “... уг хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан 10,000,000 /арван сая/ төгрөгийг хариуцагч нийслэлийн Засаг даргаас гаргуулах” гэж, харин шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт 10,000,000 төгрөгийн хохирол гэж, мөн хэргийн оролцогч хэн аль нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 10,000,000 төгрөгийн нөхөн олговор гэж тус тус тайлбарласан.
15. Хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болон нөхөн олговор нь эрх зүйн хувьд ялгаатай ойлголт бөгөөд нөхөн олговор олгохтой холбоотой асуудлыг Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журамд зааснаар тус тус зохицуулахаар байх тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, шүүх зөрүүтэй дүгнэлт хийхгүй байхыг цаашид анхаарах нь зүйтэй.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тус тус заасан.
17. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 69 дүгээр дүгнэлтийг тус зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13-14/8264 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлснийг 2026 оны 01 сарын 06-ны өдөр гардаж авсан нь Монгол шуудан ХК-ийн шуудан үйлчилгээний 44 салбарын шуудан хүргэгчийн дэвтэрт хийсэн тэмдэглэл, мөн нэхэмжлэгч нь 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийн хооронд гадаад улсад зорчсон баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч захиргааны актыг өөрөө мэдсэнээс хойш хуульд заасан 30 хоногийн хугацаанд шүүхэд хандаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулийн хөөн хэлэлцэх хугацааг илтэд хэтрүүлсэн байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
18. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй буюу нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0679 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН