Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Д.Баянмөнх

Хохирогч С.Оюунчимэг

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

Шүүгдэгч Л.Өсөхбаяр нарыг оролцуулан, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Хүнд овгийн Лувсанравдангийн Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201612000164 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол Улсын иргэн, 1970 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 4 дүгээр гудамжны 24 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй гэх Хүнд овгийн Лувсанравдангийн Өсөхбаяр. /Регистрийн дугаар ЗЮ70062410/                                                  

 

             Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Л.Өсөхбаяр нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт аспальтан замын 176/126 тэмдэгтийн шонгоос хойд хэсэгт 5187 ДУА улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Мөнхбатын амь насыг хохироосон, Р.Тогтохбазарын бие махбодид хүндэвтэр, Л.Батжаргал, Б.Галт нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Л.Өсөхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй гэв.

 - Хохирогч С.Оюунчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Талийгаач бид хоёр 1990 онд гэр бүл болж, 1992 онд охинтой болсон. Талийгаач маань хувиараа бизнес эрхэлдэг, даруу дөлгөөн, цэвэрч нямбай, ажилсаг, гэр бүлийнхээ ганц түшиг тулгуур нь байсан. 2016 оны 10 дугаар сарын 3-ны өглөө эмнэлэгт байгаа ээждээ цай хүргэж өгнө гээд гэрээсээ гарсан юм. Ингээд 10 цагийн үед утсаар ярихад “төвд явж байна, одоо очлоо” гэж хэлсэн ч ирээгүй. 14 цагийн үед утасруу нь дахиад залгахад утас нь холбогдохгүй байсан. 16 цагийн үед “танай хүн осолд орсон байна” гэж хэлэхийг сонсоод итгээгүй. Шүүгдэгчээс нийт 11402000 төгрөг хүлээн авсан. 2016 оны 11 дүгээр сараас эхлэн байнга даралт ихсэх болсон. Мөн зүрх дэлсэх, зүрхээр үе үе хатгуулах, нойр муудах, бөөр өвдөх болсон. Сая эмэгтэйчүүдийн өвчний улмаас хагалгаанд орсон, энэ нь сэтгэл санааны хямралаас болсон байна гэж эмч хэлсэн. Мөн охины маань сэтгэл санаа хямралтай байгаа. Иймээс сэтгэл санааны хохиролд 50000000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү,  холбогдох нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Гомдолтой байна гэв.

- Л.Батжаргалыг гэрчээр байцаасан тэмдэглэлд “..2016 оны 10 дугаар сарын 3-ны өглөө миний танил Б.Галт гэх хүн надруу залгаад “Л.Өсөхбаяр хэдүүлээ Дэлгэрхангай сумруу явж хороо, бууц янзалж ирье” гэхээр нь би зөвшөөрсөн. Л.Өсөхбаярын машинтай Б.Галт ирээд намайг аваад замаараа Б.Мөнхбат, мэнгэт Жагай нарыг аваад Дэлгэрхангай сумруу үд дунд гарсан. Замаараа Луус орж Б.Мөнхбат дэлгүүрээс 2 шил архи аваад Хулд сум өнгөрөөд зогсож авсан архиа бүгдээрээ ууцгаасан. Аймгаас гарахад Б.Галт жолоочийн хажууд, зөв талын ард талд би, голд Б.Мөнхбат, буруу талын ард талд мэнгэт Жагай сууж явсан. Архи ууж дуусаад хөдлөх үед мэнгэт Жагай, Галт хоёр байраа сольж сууцгаасан. Цаашаа бага зэрэг явж байтал жолооч эсрэг урсгалд ороод бага зэрэг явах шиг болсон. Тэгсэн мэнгэт Жагай гэнэт хажуунаас нь татах шиг л болсон. Тэгээд машин замаас баруун гар тийшээ гарч онхолдсон. Би ухаан алдсан, түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Бид хэд хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйлгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 32 /

- Б.Галтыг гэрчээр байцаасан тэмдэглэлд “..Цаашаа яваад Хулд сум өнгөрөөж зогссон. Хулд сумаас хэр хол явсныг мэдэхгүй байна, би нэлээн согтуу өглөө гарахдаа архи уусан байсан юм. Тэгээд зогсоод Б.Мөнхбатын авсан архинаас бид ууцгаасан, архи ч дууссан, тэгээд цаашаа бага зэрэг яваад  нэг мэдсэн машин замаас гарч онхолдсон. Би ухаан алдсан, түүнээс хойш юу болсоныг би сайн санахгүй байна... мэнгэт Жагай урд суудал дээр сууж явсан, жолоочийн гарнаас татсан үгүйг би огт санахгүй байна... Аймгаас гарснаас хойш Л.Өсөхбаяр л машинаа барьж явсан юм...архи ууж дуусаад хөдлөхдөө мэнгэт Жагай бид 2 байраа сольж суусан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 /

- Р.Тогтохбазарыг гэрчээр байцаасан тэмдэглэлд “..2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр би цагийг нь сайн мэдэхгүй байна, Б.Галт гэх  хүнтэй явж байгаад Л.Өсөхбаяр гэх залуутай таарсан. Л.Өсөхбаяр Дэлгэрхангай сум явна гэж байсан. Тэгээд би болон Б.Галт, Б.Мөнхбат, Л.Батжаргал бид хэд явж хороог нь янзлалцаад хөлс мөнгө авахаар болж Л.Өсөхбаярын жижиг тэрэгтэй Дэлгэрхангай сумруу гарцгаасан. Замдаа Луус сум орж Б.Мөнхбат 2 шил архи аваад Хулд сум өнгөрөөд ууцгаасан. Архиа ууж дуусаад хөдлөхөд би машины урд талын суудал дээр суусан, Б.Галт арагшаа суусан. Тэгээд бага зэрэг явж байтал жолооч эсрэг урсгалд ороод бага зэрэг явсан. Тэгэхээр нь би хөөе гээд зүүн гараа өргөтөл жолооч сандрахдаа буруу талруугаа огцом дарж замаас гаран онхолдсон. Би ухаан алдсан. Би жолоочийн гар болон рульд хүрч татсан зүйл байхгүй. Зүгээр хөөе гээд зүүн гараа өргөсөн. Тухайн үед жолооч эсрэг урсгалд орсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35/

- Гэрч Д.Ганхуягийн “...Би 2016 оны 4 дүгээр сард Верна маркийн 5187 ДУА улсын дугаартай  машиныг Л.Өсөхбаяр гэдэг хүнд зарсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх нэрээ шилжүүлээгүй байгаа юм. Одоо надад хамааралгүй машин. Л.Өсөхбаярт машиныг зарсантай холбоотой өр авлага ямар нэгэн асуудал байхгүй. Би Л.Өсөхбаярт машин зарсан мөнгөө бүгдийг нь авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36/

- Иргэний нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн “...Миний ажилладаг “Ялгуусан” ХХК нь Мандалговь-Даланзадгад А0202 чиглэлийн 0-154 км авто замыг хариуцдаг. Манай компанийн хариуцдаг засмал замд 2016 оны 12 сард тэмдэг, тэмдэглэгээ, тумбаны тооллого хийж явахад Хулд сумаас баруун урагш 40 километрт ус зайлах хоолойны 1 тумба суурьнаасаа мултарч, замын хажуу талд ойчсон, тумба хагараад дахин ашиглах боломжгүй болсон байсан. Би нэг ширхэг тумбаа 34650 төгрөгөөр үнэлж байна..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 237/

           - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “5187 ДУА улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл байв. Арлын №KMHCG41BPYU105608 дугаартай машины хаалганы салхины шил хагарсан, жолоочийн талын урд крыло салсан, буруу тал хонхойсон, капот хэмхэрсэн, крыло хэмхэрсэн, урд буфер хэмхэрсэн, их гэрэл хагарсан, дохионы гэрэл хагарсан, тос масло гоожсон, жолоочийн талын урд талын дугуй хагарсан, жолоочийн талын хойд хаалга цөмөрч хонхойж орсон, хойд крыло цөмөрч эвдэрсэн, хойд буфер хагарч эвдэрсэн, багаж цөмөрч эвдэрсэн, жолоочийн эсрэг талын хойд дугуй хагарсан, яндан муруйсан, жолоочийн эсрэг талын 2 хаалга хэмхэрсэн, хойд талын бүх гэрэл хагарсан, кабины орой цөмөрсөн, яажийсан, зүүн урд талын таван бул мултарсан, радиотар эвдэрсэн” гэжээ /1-р хх-ийн 8-10/

 

              - Шинжээчийн 160200423 дугаартай дүгнэлтэд “..Р.Тогтохбазарын биед шилбэ ясны далд хугарал, дунд чөмөгт ясны толгой хэсгийн мултрал, чамархай мөрөнд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх ясны хугарал, түнх мултарсан гэмтэл нь хатуу мохоо зүйлд цохигдох үений ачаалал даах хүчнээс давсан хүчээр хөших үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /1-р хх-ийн 39/

 

          - Шинжээчийн 160200424 дугаартай дүгнэлтэд “..Л.Батжаргалын биед тархи доргилт, хацарт зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ./ 1-р хх-ийн 41/

 

- Шинжээчийн 160200425 дугаартай дүгнэлтэд“..Б.Галтын биед мөрний зөөлөн эдийн гэмтэл, хацрын зулгаралт, зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ./ 1-р хх-ийн 43/

- Шинжээчийн 160200426 дугаартай дүгнэлтэд “...Л.Өсөхбаярын биед өвдөгний үений дотор холбоосны тасралт, зүүн 8-р хавирганы хугарал, тархи доргилт, шилбэнд зулгарсан, нуруунд бөөрний түвшинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ./ 1-р хх-ийн 45/

- 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд:

“1. Верна маркийн 5187 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Өсөхбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

           2. Жолооч Л.Өсөхбаяр нь “хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн.

           3. Жолооч Л.Өсөхбаярын хажуу талын суудал дээр зорчин явсан иргэн Р.Тогтохбазар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй байна” гэжээ. /1-р хх-ийн 47/

 

          - Дундговь аймгийн Авто тээврийн төвийн техникийн шинжээчийн дүгнэлтэд:

          “5187 ДУА улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймагт тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдсан байна. Ослын улмаас зүүн урд хаалга хэмхэрсэн, шил нь хагарсан, зүүн урд цап, амортизаторын тулгуур хэсгээр тасарсан, таван бул мултарсан, гар мурийсан, шарнир тасарсан, лонжром цөмөрсөн, крыло хэмхэрсэн, зүүн урд дугуй буудаж хагарсан, урд хөндлөн траверс хэмхэрсэн, төв гал хамгаалагч сууриараа булгарсан, тормозны трубка тасарсан, хөргөлтийн болон кондейшны радиаторууд хагарсан, буфер хэмхэрсэн, урд их гэрлүүд дохионы гэрлийн хамт хагарч хэмхэрсэн, урд салхины шил хагарсан, сэнс хагарсан, баруун урд крыло цөмөрсөн, зүүн 2 талын хаалганууд хэмхэрч шилнүүд нь хагарсан, зүүн хойд дугуй хагарсан, яндан хугарсан, хойд багажны хэсэг урагш цөмөрч чихэгдсэн, хойд шил хагарсан, зүүн буфер хагарсан, түлшний сав цөмөрсөн, хойд гэрлүүд бүгд хагарсан, зүүн хойд хаалга чихэгдэж шилнүүд хагарсан, кабины орой цөмөрч яажийсан, баганууд мурийсан, аккумлятор хагарсан, тос масло гоожсон, хөдөлгүүр асах боломжгүй зэрэг эвдрэл гэмтэл илэрсэн бөгөөд дээрх эвдрэлүүд нь ослоос үүссэн байна. Тухайн тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуй буудаж, хий огцом гарсан нь осол болоход нөлөөлсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь асах боломжгүй тул тормоз болон бусад эд анги бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай байсан эсэхийг шалгах боломжгүй” гэжээ. /1-р хх-ийн 50/

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8912 дугаартай “…Б.Галт 2524 эр гэсэн хаягтай цусанд 2,9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 52/

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8914 дугаартай “..Л.Батжаргал 49 эр НЭ67061916 гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 54/

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8911 дугаартай “..Р.Тогтохбазар ЗЮ7042271 гэсэн хаягтай цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,7 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 56/

 

              - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8913 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Лувсанравдангийн Өсөхбаяр эр ЗЮ70062410 гэсэн хаягтай цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,4 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэжээ. /1-р хх-ийн 58/

              - Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 160100042 дугаартай дүгнэлтэд: “Б.Мөнхбатын цогцост онош хэсэгт бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Тухайн  гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн цусанд 4.5 % этилийн спирт илэрсэн байх ба энэ нь хүнд зэргийн согтолтын хэмжээ болно. Талийгаач АВ/IV/ бүлгийн цустай байна. Б.Мөнхбатын цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Б.Мөнхбат нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ” гэжээ. /1-р хх-ийн 68-69/

 

              - 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 56 дугаартай дүгнэлтэд:

              “1. ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Мөнх-Эрдэнийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна.

               2. Верна маркийн 5187 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Өсөхбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а/-д зааснаар жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн” гэжээ. /1-р хх-ийн 218/

 

              - 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахлах дэслэгч Э.Нэмэхбаярын 2016.12.18-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийн №4 зураг дээр гарсан тээврийн хэрэгслийн мөр нь шарвалтын мөр, тормозны мөр эсэх нь тогтоох боломжгүй байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан №4 зураг дээр гарсан тээврийн хэрэгслийн мөрөөр тухайн тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явсан эсэх нь тогтоох боломжгүй. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Л.Өсөхбаяр нь зогсоох арга хэмжээ аваагүй байна” гэжээ. /1-р хх-ийн 239/

 

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 531 дугаартай

           “1. Техникийн шинжээч Н.Батчулууны 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна” гэсэн заалтуудыг үндэслэн хариулах боломжгүй.

            2. Хавтаст хэргийн материал дахь зам тээврийн осолд холбогдсон автомашины их биед учирсан эвдрэл гэмтэл осолд нөлөөлөхгүй.

            3. Хавтаст хэргийн материалд 5187 ДУА улсын дугаартай Hyundai Verna маркийн автомашины зүүн хойд дугуй ослын дараа хийтэй харагдаж байгаа болон шинжилгээгээр хийлж шалгахад хаймар дугуй ободны завсараар хий алдаж байх тул буудаж огцом хий нь гараагүй. Зүүн урд дугуйн дээрх обод, хаймар дугуйны эвдрэл гэмтлүүд нь ослын үед автомашинаар мөргөх, дайрах, онхолдох үед үүссэн байх үндэслэлтэй. Иймд дээрх хоёр дугуй зам тээврийн осолд нөлөөлөх үндэслэлгүй.

             4. 5187 ДУА улсын дугаартай Hyundai Verna маркийн автомашины зүүн урд дугуйны эвдрэл гэмтлүүд нь ослын үед автомашинаар мөргөх, дайрах, онхолдох үед үүссэн байх үндэслэлтэй.

             5. 5187 ДУА улсын дугаартай Hyundai Verna маркийн автомашины зүүн урд дугуй ослын үед хагарсан, зүүн хойд дугуй ослын дараа хий алдсан байна.

             6. 5187 ДУА улсын дугаартай Hyundai Verna маркийн  автомашины зүүн урд дугуй нь ослын өмнө хагарсан бол хаймар дугуйн нэг тал обод зам хоёрын хооронд хавчуулагдаж, хаймар дугуйн хажуу хацар хэсэгт автомашины жин, ободны ирмэгийн даралтын нөлөөгөөр тойрог хэмжээтэй элэгдэж зүсэгдсэн гэмтэл үүснэ, нөгөө талд обод замтай шууд харьцаж ободны ирмэгээр зам дээр нарийн зурагдсан мөр үүсгэж, мөн ободны ирмэг тойрог хэмжээгээр элэгдэж зурагдаж дэрвийсэн гэмтэл үүсдэг. Иймд дээрх шинж тэмдэгүүд хавтаст хэргийн материал болон зүүн урд дугуйнд байхгүй тул уг дугуй хагараад цаашид замтай харьцаж өнхрөөгүй байна гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 241-248/

 

          - 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-7/

          - 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-22/

          - “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-64/

          - Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 274 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн актад “5 ханатай иж бүрэн гэр 4000000 төгрөг, Toshiba маркийн 32 инчийн зурагт 350000 төгрөг, Sharp маркийн угаалгын машин 300000 төгрөг, Frestech маркийн хөргөгч 650000 төгрөг” гэжээ /1-р хх-ийн 66/

           Биологийн шинжилгээний 9020 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 71-74/

          - Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 75-77/

          - 9019 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 70/

          - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 100/

          - Хураан авах тогтоол /1-р хх-ийн 210-212/

          - Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /1-р хх-ийн 104-195/

         - Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн актад “ Засмал замын тумба 34650 төгрөг” /1-р хх-ийн 250/ зэрэг болно.

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Л.Өсөхбаяр нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 5187 ДУА улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Р.Тогтохбазарын бие махбодид хүндэвтэр, Л.Батжаргал, Б.Галт нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, Б.Мөнхбатын амь нас хохирсон болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Өсөхбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний бие махбодид хүндэвтэр, хоёр хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, мөн бусдын амь нас хохирсон байх тул гэм буруутайд тооцож, түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт “...тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хүртэл хугацаагаар хасах”-аар заасан байх тул шүүгдэгч Л.Өсөхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн  хугацаагаар хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд  оногдуулсан  хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Р.Тогтохбазар, иргэний нэхэмжлэгч Б.Галт, Л.Батжаргал нар “…гомдол санал нэхэмжлэх зүйлгүй..” /2-р хх-ийн 7, 10, 11/, иргэний нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд “нэг ширхэг тумбаны үнэ 34650 төгрөгийг нэхэмжилнэ...” /1-р хх-ийн 237/ гэх мэдүүлэг өгсөн боловч түүний мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэлд гаргасан “нэг ширхэг тумбаны мөнгө авсан, нэхэмжлэх зүйлгүй” /2-р хх-ийн 9/ гэсэн хүсэлт хэрэгт тус тус авагдсан байх  тул хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ

Харин хохирогч С.Оюунчимэг энэхүү гэмт хэргийн улмаас түүний нөхөр Б.Мөнхбат амь хохирсонтой холбогдон гарсан зардал 11402500 төгрөг болон сэтгэл санааны хохиролд 50000000 /тавин сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нотлох баримтыг хэрэгт хавсаргажээ. Шүүгдэгч нь хохирогч С.Оюунчимэгт 11402000 /арван нэгэн сая дөрвөн зуун хоёр мянга/ төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэвч хохирогчийн сэтгэл санааны хохирлын хэмжээг нотолсон баримтгүй, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид энэ төрлийн хохирлыг хэрхэн тооцох зохицуулалт байхгүй тул сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 50000000 /тавин сая/ төгрөгтэй холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хэрэгт хураагдсан АЯ0396410 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр 5187 ДУА улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл нь Д.Ганхуягийн эзэмшлийнх байх боловч хэргийн 36 дугаар талд гэрч Д.Ганхуягийн “...Би 2016 оны 4 дүгээр сард Верна маркийн 5187 ДУА улсын дугаартай машиныг Л.Өсөхбаяр гэдэг хүнд зарсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрх нэрээ шилжүүлээгүй байгаа юм..Би Л.Өсөхбаярт машин зарсан мөнгөө бүгдийг нь авсан...” гэх мэдүүлэг авагдсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаалтын шатанд хурааж ирүүлсэн 5187 ДУА улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл, АЯ0396410 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Л.Өсөхбаярт буцаан олгож, шүүгдэгчийн “BCDE” ангиллын 42785 дугаартай жолооны үнэмлэхийг зохих байгууллагат шилжүүлэхээр шийдвэрлэв.

Мөрдөн байцаалтын  шатанд шүүгдэгч  Л.Өсөхбаярын эзэмшлийн таван ханатай монгол гэр, Toshiba маркийн 32 инчийн  зурагт, Sharp маркийн угаалгын машин, Frestech маркийн хөргөгчийг мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шүүгдэгч Л.Өсөхбаярт хариуцуулан  шийдвэрлэсэн байх боловч шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй  болгов.  

Шүүгдэгч Л.Өсөхбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хүнд овгийн Лувсанравдангийн Өсөхбаярыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн Б.Мөнхбатын амь нас хохирч, Р.Тогтохбазарын бие махбодид хүндэвтэр, Б.Галт, Л.Батжаргал нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Л.Өсөхбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Өсөхбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Л.Өсөхбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Оюунчимэгийн сэтгэл санааны хохиролд 50000000 /тавин сая/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Өсөхбаяраас дахин нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн таван ханатай монгол гэр, Toshiba маркийн 32 инчийн  зурагт, Sharp маркийн угаалгын машин, Frestech маркийн хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан 5187 ДУА улсын дугаартай “Верна” маркийн тээврийн хэрэгсэл, АЯ0396410 дугаартай гэрчилгээг шүүгдэгч Л.Өсөхбаярт буцаан олгож, шүүгдэгч Л.Өсөрбаярын “BCDE” ангиллын 42785 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хуулбарыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэгт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Өсөхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнийг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Өсөхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэх хүртэл шүүгдэгч Л.Өсөхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ