Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/41

 

 

   

 

 

 

 

 

   2024           01           08                                    2024/ШЦТ/41

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Т.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-н Э-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Т-н Э /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.Э- 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнийн 1-2 цагийн хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” бааранд байхдаа хохирогч О.М- “Айфоне 12 про макс” загварын гар утсыг олоод бусдын өмч гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 2.200.000 төрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э- мэдүүлэхдээ “...тэр өдөр Шагай гэдэг хүнтэй 7 цаг өнгөрч байхад уулзахад хамт усанд яваад ирье гэж хэлсэн. Түүнээс хойш 10 цагийн үед Шагай ах бид хоёр нэг нэг пиво уусан. Тэр үед найз О, Д хоёр над руу залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь Шагай ахтай уулзаад байж байна гэхэд дөрвүүлээ хамт уулзъя гэж хэлсэн. Ингээд караоке оръё гээд ахуйн үйлчилгээний тэнд байдаг караоке орсон. Уг газраас 0.75 граммтай нэг шил “Эдэн” гэх нэртэй архи авч уусан. Караокеноос шөнө 1 цаг болж байхад гарахад Шагай ах гэртээ харилаа гээд явсан ба бид хэд цаашаа хорооллын эцсийн “П” нэртэй бааранд орсон. Уг баарны 2 давхарт байдаг ширээнд сууна гэхээр нь дээшээ гарч гадуур хувцаснуудаа тавиад, бүжиглэж байгаа хүмүүсийг 2 давхраас хараад зогссон. Гэтэл наад ширээ чинь биш юм байна, өөр ширээн дээр суух юм байна гэхээр нь куртикээ авахад хажууд нь утас унасан байхаар нь Д-ны утас юм байна гэж бодоод аваад халаасандаа хийсэн. Тэгээд Д-г хайхад байхгүй байсан ба өөр бааранд ороод сууж байхад Д- ирсэн. Би гараад явах гэж байхад хаачих гэж байгаа юм бэ гэхээр нь эмээгийн бие өвдөөд байна гэнэ гэж хэлэхэд Д- хаах гэж байгаа юм чинь нэг мөсөн цуг сууж байгаад гаръя гэхээр нь за гээд цуг суусан ба манай найз охин залгаад байхаар нь Шагай ахын гэрт очсон. Очиход Шагай ах эхнэртэйгээ мөн манай найз охины хамт байсан. 5 цаг болж байхад гаднаас хоёр цагдаа орж ирсэн. Надад тэр утсыг аваад завших санаа байгаагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба утас дуугарсан бас Д-д утас өгөх гэх мэтийг санаагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай “...Баянгол

дүүргийн 7 дугаар хороо, “***” /***/ бааранд “Айфоне 12 про макс” маркийн гар утас алдагдсан гэх гэмт хэргийн гомдол, мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 14 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

 

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.М- хохирогчоор өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 01-02 цагийн үед манай найз Чинзориг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***/ бааранд байна гэж хэлэхээр нь би ажил дээрээ 4 найзтайгаа байж байгаад ороход 2 давхарын хэсэгт ширээнд уугаад сууж байсан. Би бааранд орохдоо зүүн талын урд халаасандаа “Айфоне 12 про макс” маркийн гар утсаа хийгээд орсон. Хэсэг сууж байгаад гарахдаа баарны үүдэнд очоод утсаа үзэхэд байгаагүй. Тэгээд би баарны зохион байгуулагч болон хамгаалагч нарт хэлээд камер шүүхэд юу ч харагдахгүй, мэдэгдэхгүй байсан. Би утасныхаа “Find my phone”  асаасан байсан учраас найзынхаа утсаар ID кодоо хийгээд хайтал миний утас GPS нь тухайн бааранд зааж байсан. Энэ хугацаанд миний утас дуудаж байсан боловч огт аваагүй. Хэсэг хугацааны дараа шалгахад хорооллоос хойш гэр хороолол руу өгсөөд явчихсан байсан. Ингээд би цагдаа дуудчихсан байсан болохоор цагдаа нар ирээд нэг айлын хашаанд очсон. Тухайн хашаанд 3 гэр байсан ба хашааны гадаа зогсож байтал нэг гэрээс нь хоёр эмэгтэй бие засахаар гарч ирэхээр нь тухайн айл руу ороод дуут дохиог ашиглан дуугаргахад гэрт байсан 2 залуугийн нэг залуугийнх нь куртикны халааснаас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Эд зүйл хураан авсан тухай “...Эд зүйл хүлээн авах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мэдүүлэг авах 01 тоот өрөөнд 06 цаг 30 минутад эхэлж, 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 35 минутад эд зүйл хүлээн авах ажиллагааг дуусгаж танилцуулав...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...I phone 12 pro maх” 1.950.000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Н-н гэрчээр өгсөн:

“...Манай найз залуу Э 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ах болох А-н гэрт очиж уулзахаар болоод тухайн өдрийн 19 цагийн үед гэрээсээ гарсан. Би Э- рүү залгахад утсаа авахгүй байхаар нь “Г.А” гэх нэртэй фэйсбүүк хаяг руу нь залгаж найз залуугаа асуухад нэг үл таних эмэгтэй утсыг нь аваад А, Э нар найзуудтайгаа уулзана гээд гарчихсан, удахгүй хүрээд ирнэ гэж хэлсэн. Удалгүй ахиад А-н фэйсбүүк хаяг руу залгаж Э очсон уу гэж асуухад нөгөө хоёр чинь ирээгүй байна, чи манай гэрт хүрээд ир гэхээр нь гэрээсээ гараад 2023 оны 11 дүгээр сарын 14-ний 00 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд Ан эхнэр Энхүүнээтэй танилцаад хоорондоо жаахан яриа өрнүүлж байгаад “тэр хоёр ямар хүмүүстэй гарсан” гэж асуухад би мэдэхгүй байна, найзууд нь ирээд аваад явсан гэж хэлсэн. Удалгүй байж байтал 2023 оны 11 дүгээр сарын 14-ний 01 цаг өнгөрч байхад А- хүрээд ирэхээр нь Э яасан юм бэ гэж асуутал Э- найзуудтайгаа үлдчихсэн, ах нь тэр найзуудтай нь маргалдах гээд байсан болохоор нь түрүүлээд хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд би Э-н дугаар руу нь “чи одоо хаана байгаа юм бэ, би А ахынд чинь байна” гэж хэлтэл “за одоохон очно, намайг энд байгаа хүмүүс явуулахгүй байна” гэж хэлсэн бөгөөд удалгүй 2023 оны 11 дүгээр сарын 14-ний 02 цаг өнгөрч байхад хүрээд ирсэн. Улмаар бид хоёр А ахынд жаахан байж байгаад “одоо гэртээ харья” гээд Энхүүнээ эгчтэй гадаа гарч биеэ засчихаад буцаад гэр рүү нь орох гэтэл өөдөөс хоёр цагдаа болон нэг үл таних эрэгтэй Э-г аваад гарч байсан. Тэгэхээр нь би яагаад авч явж байгаа талаар асуутал цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг авна гээд найз залууг маань аваад явсан. Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 14-ний 07 цаг болж байхад над руу үл таних дугаараас “та Э-гийн найз охин мөн үү, найз залуугаа батлан даалтад аваад яв” гэхээр нь тус цагдаагийн хэлтэс дээр очиход манай найз залууг хүний гар утас авсан байна гэж хэлсэн...

2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр найзуудтайгаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй шөнийн цэнгээний газар орсон бөгөөд тухайн үед “Айфоне 12 про макс” маркийн гар утас сандал дээр байж байхаар нь Д- гэх найзынхаа гар утастай андуураад авчихсан талаараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.О-н гэрчээр өгсөн:

“...найз Д-той 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчимд уулзаад найз Э рүү залгаж юу байна, хаагуур байна, одоо уулзах уу гэж асуухад би Баянгол дүүрэг дэх Усан сангийн ойролцоо ахындаа байна гэж хэлэхээр нь бид хоёр очоод авъя гэж хэлээд айл руу явсан. Тэгээд гэрийнх нь гадаа очоод хүний 2, 2 ширхэг 0.5 граммын шар айраг уучихаад дуудлагын жолооч дуудсан. Удалгүй Э, А гэх хүнтэй гэрээс гарч ирээд бид дөрөв хоорондоо ярилцаж байгаад караоке орохоор болоод Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар ахуйн үйлчилгээ гэх нэртэй газар руу явцгаасан. Тэгээд нэрийг нь сайн мэдэхгүй караокед ороод тэндээ 0,7 граммын архи ууж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 23 цаг өнгөрч байхад гарцгаасан. Э-н ах гэх А нь гэр рүүгээ харилаа гээд яваад өгсөн. Э, Д- нартай ярилцаж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Fire” гэх нэртэй бааранд орохоор болоод тэндээсээ таксидаад очсон. Улмаар бааранд тухайн өдрийн 23 цаг өнгөрч байхад ороход үүдэнд байсан баарны зөөгч бид гуравыг дагуулаад дээш гардаг хоёр давхар руу эхлээд гарсан. Бид гурав гадуур өмсөж явсан хувцасаа тайлаад өлгүүр байхгүй байсан учир сууж байсан ширээнийхээ буйдан дээр тавьчихсан. Эсрэг талд мөн адил дээш гардаг хоёр давхарын хэсэг байхаар нь бид гурав хувцаснуудаа аваад 2 давхар руу нь гараад хүний 1,1 ширхэг 0,5 граммын шар айраг ууж байтал тэнд байсан үл таних хүмүүстэй бид гурав маргалдах гээд байхаар нь ойролцоо байдаг “Vibe” гэх нэртэй бааранд орохоор болоод явсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 14-ний 02 цаг өнгөрч байхад ороод нэг ширхэг 0,7 граммын архи аваад ууж байтал Д- найзтайгаа уулзчихаад гараад ирье гэж хэлээд гарсан. Тэрнээс хойш ямар үйл явдал болсныг нь сайн санахгүй байна. Яагаад гэвэл их хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх  тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-ы гэрчээр өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчимд найз Э- рүү залгаж юу байна, хаагуур байна гэж асуухад би Баянгол дүүргийн Усан сангийн ойролцоо ахындаа байна гэж хэлэхээр нь бид хоёр очоод авъя гээд тэр айл руу явсан. Тэгээд Баянгол дүүргийн Усан сангийн ойролцоо байдаг Э-н ах болох А-гийн гэрийнх нь гадаа очоод хүний 2, 2 ширхэг 0,5 граммын шар айраг уусан. Удалгүй Э ах болох А- гэх хүнтэй гэрээсээ гарч ирээд бид дөрөв хоорондоо ярилцаж байгаад караоке орохоор болоод Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар Ахуйн үйлчилгээ гэх нэртэй газар руу явж нэрийг нь сайн мэдэхгүй караокед ороод тэндээ 0,7 граммын “Eden” гэх нэртэй архи ууж сууж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 13-ны 23 цаг өнгөрч байхад гарцгаасан.  Э-гийн ах А- гэр рүүгээ харилаа гээд явсан. Манай найз Э-, О- нартай ярилцаж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Fire” гэх нэртэй бааранд орохоор болоод тэндээсээ таксидаад очсон. Бааранд тухайн өдрийн 23 цаг өнгөрч байхад ороход үүдэнд байсан баарны зөөгч бид гуравыг дагуулаад дээш гардаг хоёр давхар руу нь эхлээд гарсан. Тэгээд бид гурав гадуур өмсөж явсан хувцасаа тайлаад өлгүүр байхгүй байсан учир сууж байсан ширээнийхээ буйдан дээр хувцасаа тавьсан. Тэгээд ямар зүйл захиалахаа мэдэхгүй байж байгаад эсрэг талд мөн адил дээш гардаг хоёр давхарын хэсэг байхаар нь бид гурав хувцаснуудаа аваад 2 давхар руу нь гарсан. Хүний 1, 1 ширхэг 0,5 граммын шар айраг ууж байтал тэнд байсан үл таних хүмүүстэй бид гурав маргалдах гээд байхаар нь ойролцоо байдаг “Vibe” гэх нэртэй бааранд орохоор болоод явсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 14-ний 02 цаг өнгөрч байхад “Vibe” гэх нэртэй бааранд ороод нэг ширхэг 0,7 граммын “Eden” гэх нэртэй архи аваад ууж байтал манай нэг найз хорооллын эцэст ирчихсэн байна гэхээр нь гарч уулзчихаад удалгүй буцаад баар руугаа ороод шатаар дээш өгсөж байтал найз Э- бууж ирэхээр нь чи хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад манай ээжийн бие өвдөөд байна, гэр рүүгээ явахгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь “одоо энэ баар хаалгаа барилаа шүү дээ, гурвуулаа хамт жаахан сууж байгаад гаръя гэж хэлтэл за гэж хэлээд буцаад хамт баар руу орсон. Тэгээд бид гурав тайзан дээр бүжиглэж байх хооронд Э- нэг мэдсэн чинь явчихсан байсан...

Би тухайн үед “Айфоне XR” гэх хар өнгийн, гадуураа хар өнгийн кейстэй гар утастай байсан бөгөөд би гар утсаа байнга куртикныхээ энгэрийн халаасанд хийчихдэг, ямар нэгэн газар орохдоо гар утасаа ил гаргаж тавьдаггүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 422-43 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Э-гийн яллагдагчаар өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 22 цаг өнгөрч байхад А- ах надтай уулзъя гээд байхаар нь би “Усан” гэх нэртэй газар уулзаж нэг, нэг шил шар айраг уух гээд байж байтал манай найз О- над руу залгаад “ хаана байгаа юм” гэхээр нь “Шагай ахтай уулзаад байж байна” гэхэд О- “ би Д-той хамт явж байна, дөрвүүлээ уулзаад караоке оръё гэж хэлээд Баянгол дүүргийн Минж плазагийн баруун талд байрлах нийтийн караоке руу орсон. Ороод бид нар 1 цаг гаруй дуулж байгаад гарсан. Тэгээд тэндээсээ гарахад А- бид нарт хандан “ах нь одоо гэр рүүгээ харилаа" гээд явсан. Улмаар бид нар хоорондоо ярилцаж байгаад Хорооллын эцсийн “Пайр” гэх нэртэй бааранд орохоор явсан бөгөөд бааранд ороод шатаар дээш өгсөн 2 давхарт нэг ширээ заагаад байхаар нь тэр ширээнд суухаар болсон. Тэгээд би тэр ширээний сандал дээр куртикээ тавьчихаад хоёр давхараас доор бүжиглэж байсан хүмүүсийг хараад хэсэг хугацаанд байж байтал манай найз Д- надад хандан “энэ ширээн дээр суухгүй, өөр ширээн дээр суухаар боллоо” гэж хэлэхээр нь сандал дээр байсан өөрийнхөө куртикийг автал куртикний хажууд сандал дээр нэг гар утас байхаар нь манай найзуудын нэгнийнх нь юм байх даа гэж бодоод тэр гар утсыг куртикныхээ зүүн талын халаасанд гар утсыг хийсэн. Тэгээд суух гэж байсан ширээн дээрээ куртикээ тавьчихаад гадаа гарч тамхи татах гээд гарахад гадаа хүмүүс хоорондоо зодолдоод байхаар нь буцаж баар руу ороод бид нар хоорондоо ярьж байгаад бүгдээрээ энэ газраас гаръя гээд гарцгаасан. Улмаар тэндээсээ гараад ойролцоо байдаг “Vibe” гэх нэртэй бааранд орсон. 2023 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө 03 цаг өнгөрч байхад найз охин маань над руу залгаад “А- ах түүний эхнэртэй нь бид гурав байна, чи одоо хүрээд ир” гэж хэлэхээр нь би “Vibe” баарнаас таксидаад А- ахынд очсон. Тэндээ байж байтал 2023 оны 11 дүгээр сарын 14-ний 05 цаг өнгөрч байхад цагдаа нар орж ирээд “амрыг эрье” гээд миний тухайн өдөр өмсөж явсан ногоон өнгийн куртикнээс “Айфоне 12 про макс” загварын гар утсыг гаргаж ирсэн. Тэгээд намайг цагдаа хэлтэс рүүгээ аваад явсан... Би тухайн гар утсыг хамт явж байсан найзуудын маань нэгнийх нь гар утас гэж бодоод аваад явсан. Надад өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй байсан... Би тухайн үед гар утас дуугарч байхыг мэдээгүй. Анх бид нар уулзаж байхад Д- машины урд суучихсан байх үед нь харахад “Айфоне” маркийн гар утас барьчихсан байхаар нь Д-ых гэж бодоод тухайн гар утсыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд 49 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дахь тал/ зэрэг болно.

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Т.Э- 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнийн 1-2 цагийн хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пайр” бааранд байхдаа хохирогч О.М- “Айфоне 12 про макс” загварын гар утсыг олсон үйл баримт тогтоогдож байна.

Харин тухайн гар утсыг бусдын өмч гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.200.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэж гэмт хэргийн үндсэн шинж байхаар тодорхойлжээ.

 

Тодруулбал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бусдын өмчийг гэмт этгээд хууль бус аргаар өөртөө хэрхэн олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

 

Завших гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар  авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж,

2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж,

мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг ”, 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотолбол зохих байдал болгон заасан байна.

 

Хэргээс үзэхэд шүүгдэгч Т.Э- 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнийн 1-2 цагийн хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пайр” баараар үйлчлүүлж байхдаа хохирогч О.М- “Айфоне 12 про макс” загварын гар утсыг найз Д-ы гар утас гэж андууран куртикныхаа халаасанд хийсэн улмаар энэ хугацаанд шүүгдэгч Т.Э-рүү түүний найз охин болох Н.Н залгаж, А-н гэрт ирэхийг дуудсан, Т.Э- А-н гэрт очсон байх ба өглөөний 6 цагийн орчимд хохирогч О.М “Find my phone” /байршил заагч/-аар гар утасныхаа байршилыг тогтоон гар утсаа олж авсан үйл баримт байна.

 

Мөн түүнчлэн хавтаст хэрэгт Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай “...Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “****” бааранд “Айфоне 12 про макс” маркийн гар утас алдагдсан гэх гэмт хэргийн гомдол мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 14 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/, Эд зүйл хураан авсан тухай “...эд зүйл хүлээн авах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мэдүүлэг авах 01 тоот өрөөнд 06 цаг 30 минутад эхэлж, 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 35 минутад эд зүйл хүлээн авах ажиллагааг дуусгаж танилцуулав...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагааны явцад О.М- хохирогчоор өгсөн “...би утасныхаа “Find my phone” асаасан байсан учраас найзынхаа утсаар ID кодоо хийгээд хайтал миний утас GPS нь тухайн бааранд зааж байсан. Энэ хугацаанд миний утас дуудаж байсан боловч огт аваагүй, хойноос нь очихдоо утасныхаа байршилаар нэг айлын хашаанд очсон. Тухайн айл руу ороод дуут дохиог ашиглан дуугаргахад гэрт байсан 2 залуугийн нэг залуугийнх нь куртикны халааснаас гарч ирсэн. Ингээд утсаа олсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/, шүүгдэгч Т.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогчид хохирол учруулаагүй гэдэг утгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, би тухайн гар утсыг найзынхаа гар утас гэж бодоод халаасандаа хийсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас тухайн утас дуугарсан эсэхийг мэдээгүй...” гэх мэдүүлэг тус тус авагдсан байна.  

 

Эдгээр хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч Т.Э-гийн яллагдагчаар өгсөн Би тухайн гар утсыг хамт явж байсан найзуудын маань нэгнийх нь гар утас гэж бодоод аваад явсан. Надад өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй байсан... Би тухайн үед гар утас дуугарч байхыг мэдээгүй. Анх бид нар уулзаж байхад Д- машины урд суучихсан байх үед нь харахад “Айфоне” маркийн гар утас барьчихсан байхаар нь Д-ых гэж бодоод тухайн гар утсыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ -ээр 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнийн 1-2 цагийн хооронд Т.Э- хохирогч О.М- “Айфоне 12 про макс” загварын гар утсыг олсон улмаар тухайн өдрийн өглөөний 6 цаг 30 минутад эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн үйл баримтаар улсын яллагчийн яллаж буй үндэслэл няцаан үгүйсгэгдэж байна.

 

Эдгээрээс үзэхэд шүүгдэгчийн дээрх үйлдэлд гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан, захиран зарцуулсан буюу завшсан үйлдэл, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр  тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн  хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Т.Э-г цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Хохирол, хор уршгийн талаар:

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/ хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Т.Э- бусдад төлөх төлбөргүй байна.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас Т.Э- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.10, 36.13, 37.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-н Э-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Э- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ5