Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/42

 

   

 

 

 

 

 

 

    2024          01         09                                      2024/ШЦТ/42

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-н М-т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Э-н М- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.М- нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” хүнсний дэлгүүрийн лангуун дээр Б.М-н эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Z flip” загварын гар утсаа мартаж гээгдүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М-ын өгсөн: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг

 

Эрүүгийн **** дугаартай хавтаст хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-н хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 8 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй дэлгүүрт ороод үйлчлүүлж байхдаа лангуун дээр нь өөрийн эзэмшлийн “Samsung Z flip” загварын гар утсаа тавиад мартсан. Тэгээд гэртээ очоод утсаа хайгаад олоогүй болохоороо буцаж дэлгүүр дээр ирж камерийн бичлэгийг шүүж үзэхэд хоёр согтуу эрэгтэй хүн аваад гарсан байсан. Би өөрийн дугаар руу залгаж үзэхэд холбогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Г-н гэрчээр өгсөн:

“...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр би дэлгүүр дээр ажлаа хийж байсан. Хоёр залуу орж ирээд архи аваад гарахдаа лангуун дээр байсан жижиг цүнхтэй юм авахаар нь юу авчихав гэж асуухад энэний түрийвч гээд хамт байсан хүн рүүгээ заасан. Тухайн утасны эзэн нилээд хэдэн цагийн дараа гар утсаа асууж орж ирсэн. Би мэдэхгүй гэхэд камер үзээд утсыг нь архи аваад гарсан 2 залуу аваад гарсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

    Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

 

“Кости Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...“Samsung Z flip” маргийн гар утсыг 1.200.000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.М-ын яллагдагчаар өгсөн:

“...2023 оны 8 дугаар сарын 30-ны орой 21 цаг өнгөрөөгөөд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны гадаа тамхи татаад сууж байхдаа нэг залуутай танилцсан. Надтай танилцсан хүн ганц юм ууя, хамжих юм байна уу гэж асуухаар нь би байгаа гээд бид хоёр “***” дэлгүүр рүү ороод 0.5 литрийн архи, нэг тамхитай авсан. Аваад гарах үед танилцсан залуу түрүүлээд гарсан. Би араас нь гарахад лангуун дээр нэг гар утас байсан. Би надтай танилцсан залуугийн гар утас гэж бодож авч гараад өгөх гэтэл миний утас биш гэж хэлсэн. Тэгээд өгөх гэтэл надтай танилцсан залуу архиа уучихаад бол гэж хэлсэн. Би байрны урд талын саравчинд орж нөгөө залуутай архиа хувааж уучихаад гэртээ хариад унтсан. Өглөө сэрээд нөгөө утасыг нь олоогүй, хаясан юм шиг байна. Би сайн анзаараагүй, гадаа харанхуй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэргийн үндсэн шинжээр  тодорхойлжээ.

 

Гээгдэл эд хөрөнгийг завших хууль зүйн ойлголт нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн буюу өмчлөгч, эзэмшигчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран санамсаргүй хаягдаж орхисон эд хөрөнгийг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас олж авсны дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсныг ойлгоно.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.М- нь хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа лангуун дээр  санамсар, болгоомжгүй байдлаар мартаж явсан Б.М-н “Samsung Z flip” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө буюу бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч нь өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан ба уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан. Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” бол гэж гэмт хэргийн шинжид материаллаг шинжийг хуульчилсан.

 

Шүүгдэгчийн хохирогчид учруулсан 1.200.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.М-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч Б.М-н, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаааны явцад шүүгдэгч Б.М-ын өгсөн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хавтаст хэрэгт хохирогч Б.М-нын “...хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 69 дэх тал/ авагдсан байх  тул шүүгдэгч Б.М-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас Б.М- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Э-н М-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Э.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Э.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг сиди-г хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.М- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ