Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 20234ШЦТ/69

 

 

 

 

 

 

 

 

   2024          01           22                                    2024/ШЦТ/69

                               

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Доржгочоогийн Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, /РД:***/, Б овогт Д-н Б-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Б- 2023 оны 11 дүгээр сарын 03-ны оройн 23 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичилийн 20 дугаар байрны хойд замд “Соната-8” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч болох Э.А-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Б-ын “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 30 минутаас 23 цаг 30 минутын үед Бичлийн 12 дугаар хорооноос баруунаас зүүн чиглэлтэй эмнэлэг орох гэж 30-40 км цагийн хурдтай явж байгаад замын хойд талаас нэг хүн гарч ирээд гүйхээр нь тоормос гишгэхэд зогсож амжихгүй мөргөсөн. Тэр даруй түргэн болон цагдаа дуудаж хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчийн эмнэлэгт хэвтсэн бүх зардал төлбөрийг төлсөн. Хохирогчтой уулзахад санал гомдол байхгүй гэсэн. Сая гэр рүүгээ явах гэж байгаа гэхээр нь зардлыг нь өгсөн...” гэх мэдүүлэг, 

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 7-9 дэх тал/, 

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл

/хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.А-ийн хохирогчоор өгсөн: “...Манай гэр хөдөө байдаг ба хотод зочид буудалд байрлаж ажил хийдэг юм. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа тараад буудалдаа ирээд 21 цагийн үед ганцаараа 0.5 литрийн савалгаатай 3 лааз “Сэнгүр” пиво уучихаад бага зэргийн согтолттой, өөрийгөө хянах чадвартай байсан ба тэр үед татах тамхигүй болчихоор нь тамхи авах гээд дэлгүүр ороод буцаад явахдаа авто замын явган хүний гарцгүй хэсгээр ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй зам гарч явтал миний баруун гар талаас цагаан өнгийн суудлын машин ирээд намайг мөргөсөн. Би мөргүүлээд газарт унаад байж байтал нөгөө машины жолооч бууж ирээд намайг зүгээр үү гэхээр нь би гайгүй юм шиг санагдаад зүгээрээ гэж хэлээд босох гэтэл миний баруун хөл хугарчихсан босож чадахгүй байсан. Тэгээд тэр ах эмнэлэг, цагдаа дуудаад ГССҮТ-д хүргэгдэж тэндээ хэвтэн эмчлүүлхээр болсон...

Миний зүгээс эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан биеийн байдал хэвийн тогтворжсон. Одоо жолоочоос эмчилгээний зардалтай холбоотой мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Хохирогч Э.А-ийн өвчний түүх /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Хохирол төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

            - “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн **** дугаартай шинжээчийн “...“Hyundai Sonata-8” маркийн **-** улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд хойд тэнхлэг дэх дугуйн тоормосны хүчний зөрүү, холын гэрлийн тусгалын хэмжээ зэрэг үзүүлэлтүүд нь стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Урд салхины шил доод хэсгээсээ цацарч хагарсан каподны зүүн урд талын ирмэг хэсэг бага зэрэг нугарсан зэрэг гэмтэлтэй ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд салхины шил доод хэсгээсээ цацарч хагарсан каподны зүүн урд талын ирмэг хэсэг бага зэрэг нугарсан, ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй зэрэг гэмтэлтэй. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, ABS системтэй, тоормосны системийг тоормосны стенд болон гар жолоодлого хийж шалгахад хэвийн ажиллаж байлаа. “Hyundai Sonata-8” маркийн **-**  улсын дугаартай автомашин нь 2023 оны 8-р сарын 10-нд “Да хүрээ” Техникийн хяналтын үзлэгийн төвөөр орж тэнцсэн байна. ТХҮ-ийн хугацаа дуусаагүй байсан байна. Асуултад дурьдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-57 дахь тал/,

 

            2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа “...Жолооч Д.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна” гэснийг зөрчсөн нь осол болох шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Э.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64 дэх тал/,

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай “...Э.А-ийн биед  баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх  хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ын яллагдагчаар

өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрээсээ гараад миний өөрийн нэр дээр байдаг өөрийн эзэмшлийн “Hyundai sonata” маркийн **-**  дугаарын автомашиныг жолоодон 1 дүгээр хороололд найзыгаа хүргэж өгчихөөд буцаад ганцаараа Эх нялхас руу хүн эргэх зорилготой 23 цаг 40 минутын орчимд 3, 4-р хорооллын арын Бичилийн замаар “247” нэртэй зочид буудлын харалдаа ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай замын 2 дугаар эгнээгээр явж байтал замын хойд талаас явган гарцгүй хэсгээр 30 орчим насны согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай эрэгтэй хүн гэнэт гүйгээд гараад ирэхэд нь тэр залууг хараад тоормос гишгэсэн боловч тулаад ирчихсэн байсан учир машиныхаа урд хэсгээр мөргөөд нөгөө залуу урд салхины шилэн дээр гараараа тохойлдоод газарт унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/ болон хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 37 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дахь тал/, гэрч Д.Н-н мэдүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/, гэрч Д.Б-э мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.А-ийн мэдүүлэг, “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-57 дахь тал/,  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хамааруулна гэж заажээ.

Шүүгдэгч Д.Б- нь С, М ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/ болох нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Б-ыг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан 700 /долон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/  төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж өөрчлөлт оруулсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус хуульчилсан байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн зардлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, улсын яллагч, өмгөөлөгчийн санал, хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг хохирогчид гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Мөн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 43 дахь тал/ авагдсан байх ба шүүгдэгч Д.Б- нь эрүүл мэндийн даатгалын санд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт нийт 1.314.000 /нэг сая гурван зуун арван дөрвөн мянган/ төгрөг төлснийг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт хохирогч Э.А-ийн гаргасан “...шүүгдэгч Д.Б- нь хохирол төлбөрт нийт 2.500.000 төгрөг нөхөн төлсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-ийн 106 дахь тал/ авагдсан байх тул  шүүгдэгч Д.Б-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-н Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4.  Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Б- 1.314.000 /нэг сая гурван зуун арван дөрвөн мянган/ төгрөг төлснийг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.Б- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ