Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/85

 

  

 

 

 

 

 

      2024         01           29                                    2024/ШЦТ/85

 

                               

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Х-н д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** /регистрийн дугаар ***/, Б овогт Х-н Д.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.Д нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хороо, *** байрны 182 тоотод хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Х.Д нь эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Тухайн хэрэг гарсан өдөр манай хамт ажилладаг эгч болох Ууганбаярын төрсөн өдөр болоод бид нар ажил дээрээ бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гарсан. Бид нар тэндээс гараад манай гэрт очсон. Гэрт орохдоо дэлгүүрээс юм аваад дуудлагаар хоол захиалан идсэн. Тэр үед тооцоо хийх гээд би rap утсаа олоогүй тул Н- эгчээр тооцоо хийлгээд дараа нь өгөхөөр тохирсон. Бид нар гэрт байхдаа авч орсон зүйлээ хэрэглээд Н- эгч, У, эгч Б эгч нар явахаар болоод гадуур хувцсаа өмсөх гэтэл Н- эгчийн гадуур хувцас олдохгүй байсан. Гэтэл Н- эгч надад хувцас олоод өгөөч гэж хэлсэн. Би хайгаад олохгүй байсан чинь Н- эгч чи миний гадуур хувцсыг аваад намайг явуулахгүй гээд байна гэж хэлсэн. Би тухайн үед би ч гэсэн гар утсаа хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Гэтэл чи нуусан гээд над руу дайраад намайг сууж байсан чинь хөлөөрөө миний баруун хөлийн булчин хэсэгт нэг удаа өшиглөөд ил зуух байдаг хэсэг рүү түлхэж унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд Н- эгчийн үснээс нь зуураад автал мөн миний үснээс зуураад миний хүзүү хэсгээс гараараа урсан. Ингээд би зууралдаж байгаад салаад нойлын өрөөнд ороод толинд харахад хүзүү зулгарсан байхаар нь чи намайг урсан байна гэж хэлээд уурласан чинь намайг дахиад намайг гараараа цээж хэсэгт түлхсэн ба би энэ үед хойш савж унаад босож ирээд Н- эгчийг зуурч аваад харилцан маажилцсан байх. Тэгээд бид хоёр зууралдаад байж байхад Ууганбаяр эгч бид хоёрыг салгасан чинь Н- эгч намайг маажлаа гээд уурлаад нөхрөө дуудаад цагдаад дуудлага өгсөн. Тэгж байгаад Н- түрүүлээд гарсан бөгөөд Ууганбаяр эгч Бямбаа эгчийг сэрээсэн. Би цагдаа дуудсан бол хамт явна гэж хэлээд гараад ирсэн чинь Н- эгч байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

 

            Хохирогч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хамт ажилдаг Ууганбаярын төрсөн өдөр гээд О, Б, Б, У, Д нартай хамт гурван шил 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутагт байдаг ** байрны 10 давхарт байдаг найз Дгийн гэрт 00 цаг 10 минутад очсон. Бид нар хамт олноороо тэнд ахиад нэмж 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво аваад хувааж уусан. Энэ хооронд О, Б нар гэртээ харихаар явсан. Б согтоод унтаад өгсөн байсан. Ингээд би шөнө 04 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд У-н хамт хувцсаа хайхад миний гадуур хувцас цув олдохгүй байхаар нь явсан найз нараасаа асуух гээд залгасан чинь нөгөө хоёр утсаа авахгүй байсан юм. Гэтэл гэрийн эзэн Д надад хандаж чи намайг хулгайд хардаад байна гээд гэнэт уурлаж миний толгойтой үснээс зуураад дугтарч чирээд, надад чи миний утсыг хайгаагүй байж өөрийнхөө хувцсыг хайгаад байна гэж хэлээд миний баруун нүдний дээд зовхи орчим бага зэрэг урчихсан. Ингээд намайг газар унгаагаад дахин цааш яваад манай найз Ууганааг мөн зуураад үсдээд авсан. Энэ үед унтаж байсан Б эгч сэрээд бид нарыг салгасан. Би тухайн үед чиний утсыг хайлгүй яах юм гээд харуулсан чинь шууд намайг үсдээд зүүн нүдний доод зовхи хэсэгт хумсаараа урчихсан. Би тухайн үед чи нүүр урчихлаа гэж хэлсэн чинь миний хүзүүг урчихсан байна гэж хэлээд байсан. Тэгж байгаад цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

 

           Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ууганбаярын төрсөн өдөр болоод ажлын хамт олноороо ажил дээрээ 2 шил архи уугаад тэндээс бүгд гараад Дгийн гэрт очсон. О, Б 2 түрүүлээд явцгаасан. Харин У, Н-, Д бид 4 үлдсэн. Намайг унтаж байхад У намайг сэрээхэд Н-, Д нар хоорондоо маргалдаж байсан. Гэтэл Д гэнэт Н-гийн үснээс зулгаагаад буйдан дээр дарж хэвтээд байсан ба дарж хэвтэж байхдаа Н-г цохиод өшиглөөд байсан гэтэл гэнэт Н-гийн нүүр хэсэг их цус болсон байсан. Би салгах гээд чадахгүй байсан тул Ууганбаярыг цагдаа дууд гэж хэлсэн. Гэтэл тэр 2 салцгаасан. Салсныхаа дараа Н- гар утсандаа өөрийнхөө нүүрийг хараад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа гадаа ирээд Н-гийн утас руу залгаад хаяг асуутал Д хаягаа хэлж өгөхгүй байсан. Тэгээд Н- цагдаатай уулзана гээд өөрөө гарчихаад эргэж орж ирээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

           Гэрч О.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн шөнө Н-, Б, Д бид 4 байсан. Б эгч түрүүлээд унтаад өгсөн. Тэгээд Н- бид 2 явах гэхэд Н- гадуур хувцсаа хайгаад олохгүй байхаар нь Н- Дд “би хувцсаа хайгаад олохгүй байна, хаана байгаа юм, Д эгчийнхээ хувцсыг олоод өгөөч” гэж хэлэхэд Д “наагуур чинь байгаа байлгүй хайгаад олохгүй юу, би ямар хулгайч уу” гээд Н-г ариун цэврийн өрөөний үүдэнд байхад үснээс нь зулгаад газарт дараад байсан. Тэгээд би салгаж дийлэхгүй яахаа мэдэхгүй зогсож байтал тэр 2 салж босож ирээд Д гэнэт над руу дайраад миний үснээс зулгаасан. Д “миний гар утас олдоогүй байхад чиний гадуур хувцас юу юм, би тэр хувцсыг чинь аваагүй” гээд Н- рүү орилоод байсан. Тэгээд би унтлагын өрөөд ороод Б эгчийг сэрээсэн. Гэтэл Д дахин Н-г үсдээд буйдан дээр дараад байсан. Энэ үед Н- харилцан Дгийн үснээс зулгаасан байдалтай байсан. Тэгээд Б эгч бид 2 салгах гээд дийлэхгүй байхаар нь Бямбаа эгч цагдаа дуудъя гэж хэлээд тэр хоёрын хажуугаас холдсон. Тэгээд тэр 2 салцгаасан. Цагдаа ирээд Н- рүү залгаад байрны гадаа ирчихлээ хэдэн тоот вэ гэхэд Д хаягаа хэлж өгөхгүй байхаар нь Н- цагдаатай уулзана гээд гадаа гарчихаад эргэж орж ирээгүй. Бямбажав эгч бид 2 удалгүй гараад гэр, гэр рүүгээ явцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Н.Н-гийн биед зүүн зовхинд язарсан шарх, баруун зовхи, бугалга, тохой зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт, хоёр нүдний зовхи, зүүн шанаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 36-37  дахь тал/,

 

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 

Шүүгдэгч Х.Д-гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Х.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Х.Дд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт “Мед траума” толгой /тодосгогчгүй тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар/ дүрс оношилгооны эмнэлгийн 150.000 төгрөгийн баримт  /хх-ийн 51 дэх тал/, Шүүх эмнэлгийн Ерөнхий газрын шинжилгээний 8.586 төгрөгийн баримт /хх-ийн 52 дахь тал/ тус тус авагдсан  байх тул шүүгдэгч Х.Дгаас 158.586 төгрөг гаргуулж хохирогч  Н.Н-д олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Х-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дгаас 158.586 /нэг зуун тавин найман мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Н-д олгосугай.

 

6. Шүүгдэгч Х.Д энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ