Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/03120

 

2020 12 07  183/ШШ2020/03120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.У-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Б-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1988 онд Б.Б-тай танилцаж, 1994 оны 4 дүгээр сараас хамтран амьдарсан. Бид 1997 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн ...... дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин Б.Үжин 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, охин Б.У 1999 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, хүү Б.Д 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Сүүлийн арван жил бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Б.Б-тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Д-г өөрийн асрамжинд авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Б.Д-г миний асрамжинд байлгахаар харилцан тохиролцсон болно. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Д-г миний асрамжинд үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.У-ын гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул ямар нэгэн гомдол санал байхгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

 

           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Г.У, Б.Б нар 1988 онд танилцаж, гэр бүл болж 1997 оны 3 дугаар сарын 26-ны өдөр .........  дугаар гэрчилгээгээр гэрлэлтээ бүртгүүлж, 1997 оны 3 дугаар сарын 26-ны өдөр охин Б.Үжин, 1999 оны 10 дугаар сарын 09-ний өдөр охин Б.У, 2005 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Д нарын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-9/

Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд хүү Б.Д-г эх Г.У-ын асрамжинд үлдэхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх Г.У нь хүү Б.Д-г эцэг Б.Б-тай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.

Гэрлэгчдэд шүүх хуралдааны товыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хэн аль нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй боломжгүй тул түүний эзгүйгээр шүүх хуралдааныг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасантай нийцэж байх тул гэрлэгчдийг эзгүйгээр шийдвэрлэв.

Дээрхийг нэгтгээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү Б.Д-г эх Г.У-ын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн ба эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.У, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Д-г эх Г.У-ын асрамжинд үлдээсүгэй.

 

 3. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Б.Б-г хүүхдүүдтэй нь уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Уд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У-д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ