| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 108/2020/0060/Э |
| Дугаар | 750 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.4., 27.11.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 750
Д.Дад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Аянагүл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважав, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Ариунболдын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважав, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Дад холбогдох эрүүгийн 1907004350034 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
.................., 19....... оны ....... дүгээр сарын ..........-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 48-8 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............../,
Төв аймгийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн орчимд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд Налайх дүүргийн 5 дугаар хороо Элстэй гэх газарт асфальтан зам дээр Тоёота Приус-20 маркийн 62-31 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйл 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газарт буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ЗХД-ийн 11 дүгээр зүйлийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас З.Гантулгын жолоодон явсан 87-95 ХЭҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч болох 7 настай Г.Ариунзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, З.Гантулгын эзэмшлийн Истана маркийн 87-95 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6.617.000 төгрөгийн хохирол учруулж, хохирогч З.Гантулгын амь насыг хохироож улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Д.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ...............д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар Д.Дын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Дад оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Дад оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Даас 12.216.329 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважавт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 20.309.441 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 02376371 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг Д.Дад буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Прокурор Э.Ариунболд бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхээс Д.Дын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүгдэгч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Диск хавчуулах гэж байгаад анхаарал сарниад эсрэг урсгал руу орчихсон байсан, тэгээд би хэсэг ухаан балартаад автомашин дотроо сэрсэн, тэгээд амь авраарай гэж хэсэг орилж байгаад автомашинаасаа буусан. Тухайн үед нүүр ам нил цус болоод нүд юм харахгүй байсан. Тэгээд утсаараа залгадаг товчлуур дээр дараад хамгийн сүүлд залгасан дугаар руу хэд хэдэн удаа залгаж байж утсаа авсан” гэх, гэрч Г.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 9 дүгээр сард Налайх дүүргийн 2 дугаар хороонд явж байхад Дэлгэрбат гэх манай машинд суугаад гэртээ хүргүүлсэн. Тэгэхдээ тухайн үед миний ашиглаж байсан утасны дугаарыг аваад дараа такси хэрэгтэй бол залгаж дуудаж болох уу гээд авч байсан. 2019 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01-02 цагийн үед унтаж байтал 2-3 удаа утас дуугараад байхаар нь утсаа автал “Дэлгэрбат байна намайг ирээд аваадахаач” гэхээр нь очиж авсан. Тухайн үед Дэлгэрбатаас архи бол үнэртэж байсан. Айхтар согтуу бол байгаагүй” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Д нь хамгийн сүүлд гэрч Наранбаатартай утсаар яриагүй, өөрөө дугаарыг нь хийж эсхүл гар утасныхаа хадгалсан дугаарын бүртгэл рүүгээ орж залгасан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн гэрч Г.Наранбаатарын “...тухайн үед Дэлгэрбатаас архи бол үнэртэж байсан. Айхтар согтуу бол байгаагүй” гэх мэдүүлэг болон шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5968 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “С04154654” гэсэн серийн дугаартай Б.Дэлгэрбатын гэх цусанд 1,2 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,2 спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэргээр өөрийгөө удирдан жолоодох чадвартай, өөрийн үйл хөдлөлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан болох нь тоггоогдож байна. Мөн өөртөө тусламж хүсэж 2-3 удаа гэрч Г.Наранбаатар руу залгачихаад цагдаагийн 102, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн 103 дугаарын утас руу залгаж хохирогчид тусламж үзүүлэх боломжтой байсан. Шүүгдэгчийн хэлсэнчлэн хоёр нүд нь юу ч харахгүй байсан бол утсаар 2-3 удаа дуудлага хийж Г.Наранбаатар руу ярих боломжгүй юм. Шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хүн дуудаад эмнэлэг явсан” гэх, “Наранбаатар ирээд намайг автомашиндаа суулгаад Налайхын эмнэлэг дээр аваачаад нүүрэнд оёдол тавиулсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Мандалцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Дэлгэрбат 01 цагийн үед гарч яваад 01 цаг 30 минутаас хойш гэртээ цус нөжтэйгээ холилдсон орж ирсэн. Авч ирсэн хүнээс юу болсон талаар асуухад намайг утсаар дуудахаар нь би явж очсон. Машин тэрэг нь аймар болчихсон өөрөө зам дээр явж байсан гэсэн. Тэгээд ах Отгонбаярыг дуудаад эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг зэргээр Дэлгэрбат нь шууд эмнэлэг яваагүй, Наранбаатараар гэртээ хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн хэлсэнчлэн хоёр нүд нь юу ч харахгүй байсан бол шууд эмнэлэг рүү явж яаралтай тусламж үзүүлэх байсан. Нүд нь юм харж байсан учир гэр рүү нь хүргэж өгсөн гэж хэрэгт цугларсан үйл баримтуудаас дүгнэхээр байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважавын гэрчээр өгсөн “...Би нөгөө машины хүнийг яаж байгаа бол гээд хартал цаана автомашинаасаа гарчихсан согтуу байгаа бололтой гуйваад явж байгаа харагдсан.” гэх мэдүүлгээр хоёр мөргөлдсөн гэх тээврийн хэрэгсэл ойрхон байсан, нэгнээ харах бүрэн бололцоотой байсныг харуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байхад түүнийг чөлөөлсөн нь энэ хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, болсон үйл баримтын дүгнэлт хийвэл зохих нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан үндэслэл тогтоогдож байх тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн дахин хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эсрэг урсгалд орон мөргөлдсөн буруутай үйлдлийн улмаас нөхөрт минь хавсарсан олон гэмтэл учирч нас барсан. Миний охин Ариунзаяад хөнгөн зэргийн гэмтэл учирсан, Истана маркийн автомашин эвдэрсэн зэргээр манай гэр бүлд хүнд гарз хохирол учирч, хүүхдүүд минь эцэггүй, хагас өнчирч, би өрх толгойлж үлдсэн. Дэлгэрбат нь хэрэг шүүх рүү шилжтэл нэг ч удаа холбогдож ярьж байгаагүй, нөхрийг минь эмнэлэгт хэвтэж байхад эргээгүй, хохирол төлбөр төлөөгүйд их гомдолтой байдаг. Өөрийн гэм буруутай үйлдлийн нь улмаас нэг айлд ямар их гарз хохирол учруулснаа ойлгож гэмшихгүй байгаа, урьд нь 2 удаа ял шийтгүүлж байсан, хохирол төлбөр барагдуулаагүй этгээдэд анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй, хөнгөдсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан байхад хорих ялын доод талын хэмжээгээр ял оногдуулсан нь ийнхүү шударга ёсны зарчимд үнэхээр нийцэхгүй байна. Мөн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж үзэж прокурор яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх шүүгдэгч Дэлгэрбатын болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Харин ч шинжээчийн дүгнэлтээр Дэлгэрбатын нүдэнд гэмтэл учраагүй, зөвхөн тархи доргилт, нүүр, сарвуунд шарх, зөөлөн эдийн гэмтэл учирч хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, гэрч Наранбаатарын мэдүүлгээр Дэлгэрбат нь өөрийгөө ирж авахыг гуйсан зэргээс үзэхэд осол гаргасан, өөрөө согтуугаар жолоодсон, үүний улмаас өөр бусад хүн гэмтсэн байх магадлалтай гэдгийг сайн мэдэж байсан бөгөөд “юм харахгүй байна” гэж худлаа шалтаг хэлж найз нөхдөө дуудан зөвхөн өөрийгөө бодож ослын газрыг санаатайгаар орхиж яван эмнэлгийн тусламж авсан, бид нарт эмнэлгийн тусламж дуудах яаралтай арга хэмжээг найз нөхдөөрөө дамжуулаад ч гэсэн авах боломжтой байсан атал осол гаргасан жолоочийн хүлээх үүргээ биелүүлээгүй нь тодорхой байхад Дэлгэрбатад гэмтэл учирч эмнэлгийн тусламж авснаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан байдал үгүйсгэгдэж байгаа гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь шударга бус, хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэж байна. Энэ хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд 32.525.770 төгрөг нэхэмжилсэн боловч үүнээс 12.216.329 төгрөгийг гаргуулахаар, үлдсэн зардал 6.509.751 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг, талийгаачийн банкны зээлийн төлбөрийн үлдэгдэл 11.299.690 төгрөг зэрэг нийт 20.309.441 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Би Хэнтий аймагт оршин суудаг бөгөөд энэ хэрэг нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж, тус дүүргийн цагдаагийн газарт шалгагдсан тул зайлшгүй миний өмнөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, надад хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч шаардлагатай болж, өмгөөлөгч сонгон авсан. Хэрвээ энэ хэрэг учрал болоогүй бол би өмгөөлөгч хөлсөлж зардал гаргахгүй байх байсан. Мөн нөхөр минь амьд байсан бол банкны зээлээ өөрийн олдог орлогоороо төлөх байсан. Гэтэл одоо ажилгүй, орлогогүй, нялх хүүхэдтэй би энэ их өр төлбөрийг төлөх чадваргүй байна. Энэ зээлийг өрхийн хэрэгцээндээ авсан байсан ч, орлогоороо эргэн төлөлт хийх хүн нь бусдын буруутай үйлдлээс болж нас барсан байхад энэ хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй атал ийнхүү шүүхээс энэ хэрэгт хамааралгүй, гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш гэж үзэн хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Мөн 6.509.751 төгрөгийн зардлын баримтууд нь хэрэгт байгаа, тамга тэмдэг, гарын үсэгтэй шаардлага хангасан байхад нотлох баримтгүйгээр шаардсан гэж байгаа нь илт үндэслэлгүй байна. Иймд гомдлыг минь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважавын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Хохирогчид учирсан хохирол төлбөрийн талаар, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн орчим Налайх дүүргийн замд зорчин явсан З.Гантулга харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Хүний алтан амь юугаар ч үнэлэгддэггүй билээ. Хохирогчийн зүгээс уг хэргийн мөрдөн байцаалтад өөрт учирсан хохирол бүрийг, баримт тус бүрээр гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс уг баримтуудыг тодорхой үндэслэлийн хүрээнд хангахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. 2. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно, З. Энэ хуульд заасан “ноцтой хохирол, хор уршиг” гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно” гэж хуульчлан заасан байх бөгөөд хохирогч Т.Лхагважавын амьдралд уг хэргийн улмаас ноцтой хохирол, хор уршиг учирсан гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Хэрэг гарах цаг хугацаанд хохирогч жирэмсэн байсан бөгөөд одоо 3 охинтой эрхэлсэн тодорхой ажил байхгүй амьдралаа авч явдаг хань нь согтуу жолоочийн хариуцлаггүй үйлдлээс болж алтан амиа алдаж, амьдрал нь нөхөж баршгүй хохирол учирсан болох нь тодорхой нотлогддог. Шүүхээс өмгөөлөгчтэй байгуулсан 2.500.000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан учраас хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл хохирогч Т.Лхагважав нь Хэнтий аймагт оршин суудаг хэрэг үйл баримтыг Налайх дүүрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа учраас бие давхар байдлаас болоод нааш цаашаа явах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай тул зайлшгүй өмгөөлөгчийн тусламж авах хэрэгцээ шаардлага үүссэн. Нэг үгээр хэлбэл энэ хэрэг гараагүй бол энэ хүн ингэж өмгөөлөгч авах зайлшгүй шаардлага гарахгүй байсан нь тодорхой. Энэ гэмт хэргийн үйл явдлаас болж гарч байгаа зардал нь хор уршигт хамаарна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1 “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж хуульчлан заасан байна. Амь хохирогч 11.300.000 төгрөгийн банкны зээлтэй уг зээлийг одоо хохирогч Т.Лхагважав төлж байна. Иймд хохирогч Т.Лхагважавын нэхэмжилсэн 32.525.000 төгрөг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан заасан гэмт хэргийн хохирол, хор уршигт хамаарахаар байгаа тул уг хохирлыг ялтан Д.Даас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Шүүхээс гэм буруутай тооцсон хуулийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэл хэрэгсэхгүй болгосон зуйлчлэлийн талаар, улсын яллагчийн зүгээс ялтан Д.Дад Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчаар татаж анхан шатны эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн боловч, шүүхээс “...Учир нь: Хэргийн үйл баримтаас үзэхэд ослын улмаас шүүгдэгч гэмтсэн, гар утаснаасаа хэн нэгэн рүү /Г.Наранбаатар/ тусламж хүсэж эмнэлэгт хүргэгдсэн болох нь: шүүгдэгч Д.Дын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “би хэсэг ухаан балартаад автомашин дотроо сэрсэн, тэгээд амь авраарай гэж хэсэг орилж байгаад автомашинаасаа буусан тухайн миний нүүр ам нил цус болоод нүд юм харахгүй байсан. Тэгээд утсаараа залгадаг товчлуур дээр дараад хамгийн сүүлд залгасан дугаар руу хэд хэдэн удаа залгаж байж утсаа авсан, тухайн үед таксинд явдаг зүс таних Наранбаатар гэх залуу руу залгагдсан байсан тул би үнэн учраа хэлээд нүд юм харахгүй байна осолд орчихлоо ирээд аваач гээд тэр залуугаас гуйж Гордок дөнгөж өнгөрөөд байгаа гэдгээ хэлсэн. Ингээд би автомашиныхаа хажуугаас юм харж чадахгүй тул хөдлөлгүй ойролцоогоор 30-40 орчим минут болж байж Наранбаатар ирээд намайг автомашиндаа суулгаад авч яваад Налайхын эмнэлэг дээр хүргэж өгсөн. Би тухайн үед юм харж чадахгүй байсан тул хаашаа ч явж чадахгүй нөгөө хүмүүсээ яаж байна гэж ч харах боломжгүй байсан юм. ” гэх, гэрч Б.Лхагважаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дэлгэрбат над руу өөрөө эмнэлэг дээр байна, нүд юу ч харахгүй байна аваар болчихлоо гэдгээ хэлэхээр нь Батсүх бид хоёр шууд Налайх руу буцаж Дэлгэрбат дээр очсон юм.” гэх,
гэрч Г.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Налайх дүүрэгт байх гэртээ унтаж байтал утас 2-3 удаа утас дуугараад байхаар нь утсаа автал “Дэлгэрбат байна намайг ирээд аваадхаач” гэхээр нь би энэ шөнө орой болсон хойно чадахгүй таныг хаана гэж очиж авах юм гэтэл “чи ахдаа тус болоо би утсаа аваад залгатал чиний дугаар залгагдаад байна, миний нүд юм харахгүй байна” гэхээр нь би хариу хэлэлгүй утсаа тасалчихсан чинь дахиад 3 удаа залгахаар нь аргагүй эрхэнд утсаа автал “ах нь ерөөсөө юм харахгүй байна чи ямар ч байсан хүрээд ирээч” гээд гуйгаад байхаар нь би хувцсаа өмсөөд Гордок руу явсан, Дэлгэрбат автомашиныхаа хажуу талд машинаа түшээд зогсчихсон байхаар нь “юу болсон юм бэ та” гээд асуутал “ах нь ийм л юм болчихлоо, би юу ч харахгүй байна чи ахыгаа эмнэлэг рүү хүргээд өгөөч” гэхээр нь би шууд суулгаад Налайхын эмнэлэг дээр хүргэж өгчихөөд би шууд гэр рүүгээ харьсан ийм л зүйл болсон” гэх мэдүүлгүүд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 ша 574 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн газраас эрүүгийн хариуцлагаас зайлсхийх, хохирогчид тусламж үзүүлэхгүй байх зорилготойгоор зугатсан гэж шүүх дүгнэх үндэслэлгүй байна.” гэж үзэж уг зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1. “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчлан заасныг зөрчсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйлчлэл нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял шийтгэхээр хуульчлан заасан бөгөөд шүүх ял шийтгэл оногдуулахдаа ямар учраас 3 жил буюу хөнгөн ял шийтгэл оногдуулсанаа шийтгэх тогтоолд заагаагүй. Ялтны зүгээс ямар нэгэн хохирол төлбөр төлөөгүй байхад ингэж хөнгөн ял шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нөгөө талаас хууль тогтоогч нар нь 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хуульчлахдаа согтуурсан гэдгээр хүндрүүлэн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээс ялгаж хуульчилсан. Учир нь авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг нь болгоомжгүй байдлаар үйлдэгддэг бөгөөд уг зүйлчлэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь түүний эрүүгийн хариуцлага хүндрэхээр заасаар байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын дээд хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийг зөрчсөн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заахаар хуульчилсан байхад яагаад 3 жилийн хөнгөн ял шийтгэл оногдуулж байгаа талаар зааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчлан заасан байх бөгөөд ялтан Дэлгэрбат нь осол болсныг лавтай сайн мэдсэн байтлаа цагдаа болон эмнэлэг дуудаагүй хэргийн газрыг орхин зугтаасан болох нь хангалттай нотлогддог. Өөрөө эмнэлэг дээр очсон боловч осолд орсон түргэн дуудах ямар нэгэн үйлдэл хийгээгүй улмаас амь хохирогч хэргийн газар 1 цаг гаруй цус алдаж амь насаа алдах нөхцөл эрсдэл шууд үүссэн талаар хохирогч шүүх хуралдаанд мэдүүлдэг. Хэрэв цаг хугацаа алдалгүй түргэн тусламж ирсэн бол амь хохирогч өнөөдрийн эрсдэлтэй байдалд орохгүй байх байсан нь хэргийн үйл баримтаас нотлогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх дүгнэлт байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Д.Дад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заажээ.
Анхан шатны шүүх хохирогч Т.Лхагважавын “...Би нөгөө машины хүнийг яаж байгаа бол гээд хартал цаана автомашинаасаа гарчихсан согтуу байгаа бололтой гуйваад явж байгаа харагдсан. ...” /1хх 25-26/, гэрч Г.Наранбаатарын “...2019 оны 9 дүгээр сард Налайх дүүргийн 2 дугаар хороонд явж байхад Дэлгэрбат гэх манай машинд суугаад гэртээ хүргүүлсэн. Тэгэхдээ тухайн үед миний ашиглаж байсан утасны дугаарыг аваад дараа такси хэрэгтэй бол залгаж дуудаж болох уу гээд авч байсан. 2019 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01-02 цагийн үед унтаж байтал 2-3 удаа утас дуугараад байхаар нь утсаа автал “Дэлгэрбат байна намайг ирээд аваадахаач” гэхээр нь очиж авсан. Тухайн үед Дэлгэрбатаас архи бол үнэртэж байсан. Айхтар согтуу бол байгаагүй. ...” /1хх 44-45/, гэрч Д.Мандалцэцэгийн “...Дэлгэрбат 01 цагийн үед гарч яваад 01 цаг 30 минутаас хойш гэртээ цус нөжтэйгээ холилдсон орж ирсэн. Авч ирсэн хүнээс юу болсон талаар асуухад намайг утсаар дуудахаар нь би явж очсон. Машин тэрэг нь аймар болчихсон өөрөө зам дээр явж байсан гэсэн. Тэгээд ах Отгонбаярыг дуудаад эмнэлэг рүү авч явсан. ...” /1хх 47-48/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх тул Д.Дын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө”, мөн зүйлийн 1.1-т “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчил нь хуулийн энэ үндэслэлд хамаарч байна.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Дад холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Д.Дад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх болсон учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагважав, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд анхан шатны шүүх хохирол төлбөрийг нотлох баримтад үндэслэн зөв дүгнэлт өгч үнэлэн нэг мөр үндэслэлтэй шийдвэрлэвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Дад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Д.Дад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ