Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0640

 

 

 

 

 

 

 

 

Б.Ж-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен

Нэхэмжлэгч: Б.Ж

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Д, Б.Т

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/72 дугаар захирамжийн Б.Д, Б.Тилеухабыл нарт холбогдох хэсгийг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1103 дугаартай “Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн Б.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, хуучнаар Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах газрын тухай байршлаас А.Б-ы газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээгээр 600 м.кв газрыг Б.Ж-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0089 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 110/2026/0025/З

ТОДОРХОЙЛОХ нь:     

1. Нэхэмжлэгч Б.Ж-ээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/72 дугаар захирамжийн Б.Д, Б.Т нарт холбогдох хэсгийг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1103 дугаартай “Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн Б.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, хуучнаар Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах газрын тухай байршлаас А.Б-ы газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээгээр 600 м.кв газрыг Б.Ж-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2026/0089 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.1.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ж-ийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/72 дугаар захирамжийн Б.Д, Б.Т нарт холбогдох хэсгийг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1103 дугаартай “Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн Б.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, хуучнаар Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах газрын тухай байршлаас А.Б-ы газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээгээр 600 м.кв газрыг Б.Ж-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. “... Хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр маргаан бүхий газрыг шилжүүлэн эзэмших хүсэлт гаргаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж заасан. Энд өв залгамжлагч хүсэлт гаргах хугацааны талаар тодорхойлон заагаагүй, хамгийн гол нь анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуусаагүй байх ёстой. Талийгаач А.Б-д Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга 2002 оны 07 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий 600 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан ба анхдагч гэрээнд заасан хугацаа 2032 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дуусна.

А.Б-ы газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй, одоо хүртэл хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч нь анхдагч гэрээнд заасан хугацаа дуусаагүй байхад хүсэлтээ гаргасан бол тухайн хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх ёстой.

Нөгөө талаар Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өмчлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Б.Ж нь хууль ёстой өвлөгч байна. Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзэх зохицуулалттай.

Б.Ж нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан ба өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй учир түүнийг өвийг хүлээн авсанд тооцно. Энэ тохиолдолд Б.Ж нь тухайн газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар хэдийд ч хүсэлт гаргах эрхтэй. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Түүнчлэн Б.Ж нарын тухайн маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн эзэмших талаар хүсэлт гаргаагүй нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаантай.  Эцэг, эх нь нас барснаас хойш нэхэмжлэгч нь зуны болон өвлийн амралтын үеэр Улаанхус сумын төвд байдаг нагац нарын гэрт түр амьдарч хичээл эхлэх үед 2006-2008 онуудад “Пазнет энэрэл” ТББ-ын охидын дотуур байранд байрлаж суралцаад 2008 онд Өлгий сумын Билге тегин бүрэн дунд сургуулиас 12 дугаар анги төгссөн. Дараа нь Турк улс руу явж 3 жил суралцаад 2011 онд төгсөн ирж 2012 онд Ховд аймгийн иргэн Б.Дасымтай гэр бүл болж тэрнээс хойш тэнд амьдарч байна.

Түүний дүү Б.Б нь 2005 оноос Улаанхус сумын Согоог багт оршин суух өөрийн төрсөн эгч Б.М-н гэрт очиж тэнд амьдарч тэндхийн сургуульд суралцаж 2016 онд 9 дүгээр анги төгсөөд 2016-2019 онуудад Ховд аймагт амьдардаг хүргэн ах Б.Д, эгч Б.Ж нартай хамт амьдарч, тэндхийн “Ховд-Мирас” НҮТББ-ын дэргэдэх дотуур байранд байрлаж Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд үргэлжлүүлэн суралцаж 2019 онд 12 дугаар анги төгссөн.

2019-2024 онуудад Турк улсад суралцсан, одоо Говь-Алтай аймаг дахь “Алтайн оюуны хүмүүжил” ТББ-ын жижүүрийн багшаар ажиллаж байна. Эцэг А.Б нас барах үед Б.Ж 18 настай, түүний дүү Б.Б7 настай байсан. Дүү Б.Б нь 2019 онд 18 нас хүрч ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Турк улс руу явж тэнд 5 жил суралцаад 2024 онд Монгол Улсад эргэж ирсэн. Б.Б нь сургуулиа төгсөөд Монгол Улсад эргэн ирж амьдрах болсон учир тэд 2024 оноос маргаан бүхий газрыг хөөцөлдөж Улсын бүртгэлийн хэлтэст хандаж лавлагаа авч, улмаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Өлгий сумын Засаг даргад хандсан. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж 2008 оноос хүсэлт чадаагүй. Б.Ж, Б.Б нарын зорилго нь эцгийн амьд сэрүүн байхдаа хууль ёсоор эзэмшиж байсан газрыг үргэлжлүүлэн эзэмшиж тухайн газарт эцэг эхийн гал голомтыг үргэлжлүүлэх явдаг байдаг.  

Маргаан бүхий газрын асуудлаар Б.Ж, Б.Б нар нь Баян-Өлгий аймгийн Газар харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Өлгий сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарт хамтдаа өргөдөл, гомдол гаргаж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед Б.Б нь Говь-Алтай аймагт ажиллаж амьдарч байсан учир Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж чадаагүй, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаанаас хойш шүүхэд хандах 30 хоногийн хугацаа дуусах гээд байсан учир Б.Ж-ийн нэрээр нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг солих хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсаныг дурдах нь зүйтэй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/257 дугаартай албан бичигт "...2005 оны сансрын зургийг үндэслэж маргаан бүхий газруудыг зураглаж үзэхэд Б.Д-н хуучин хашааны газрын талбайн хэмжээ ойролцоогоор 1170 м.кв, Б-ы эзэмшлийнх гэх хашааны газрын талбайн хэмжээ ойролцоогоор 876 м.кв, хоорондын зай 8,8 м.кв байна..." гэж дурдсан.


Энэ нь Б.Д, А.Б нарын эзэмшил газар тухайн үед тус тусдаа хашаатай, хоорондоо тодорхой зайтай байсныг нотолно.

Өлгий сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаар захирамжаар 1184 м.кв газрыг гуравдагч этгээд Б.Д, түүний хүү Д.Хуаныш нарт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 41 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

Энэ газар нь Б.Д-н аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дээрх албан тоотод дурдсан газар бөгөөд Өлгий сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/55 дугаар захирамжаар Б.Д-н газар эзэмших эрхийн 778 м.кв газрыг хүү нь Д Хуанышад, 396 м.кв газрыг Д Хуандахад тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн.

Өөрөөр хэлбэл Б.Д нь өөрийн эзэмшил газрыг хоёр хүүхдээ шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргуулаад дараа нь А.Б-ы эзгүй байсан газрыг Өлгий сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/72 дугаар захирамжаар эзэмшиж, дараа нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1103 дугаар захирамжаар өмчилж авсан байдаг. Анхан шатны шүүх эдгээр үйл баримтуудад дүгнэлт өгөөгүй.

Б.Ж-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр товлогдож шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гуравдагч этгээд Б.Д мэдүүлэг өгөхдөө би тухайн газрыг худалдаж аваагүй, ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй, байшинг буулгаж авч явсны дараа би А.Б-д энэ газрыг би авч болох уу гэхэд “тэг” гэсэн, тэгээд ч тухайн үед газар ямар ч үнэ цэнэгүй байсан, дараа нь А.Б надад байшингийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг өгсөн, тухайн гэрчилгээ гэрт байгаа гэх байдлаар мэдүүлсэн.

Шүүхээс тухайн өдөр хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан.

Харин 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр Б.Д нь би тухайн газрыг худалдаж авсан, 50,000 төгрөг өгсөн, мөнгө авсан баримт байхгүй учраас мөнгө өгсөн гэж хэлэх хэцүү байна гэх байдлаар өмнөх мэдүүлгээсээ эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх түүний сүүлийн хуралдаан дээр өгсөн мэдүүлгийг үндэслэн худалдаж авсан байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Хэрэв Б.Д нь тухайн газрыг А.Б-аас худалдаж авсан бол тухайн үед яагаад өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй вэ гэдэг асуулт урган гарна. Үнэхээр худалдаж авсан бол бүхэл бүтэн 16 жилийн дараа 2021 онд өөрийн нэр дээр эзэмших шийдвэр гаргуулахгүй, тухайн үед өөрийн нэр дээр шилжүүлж авах боломжтой байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Иймд энэхүү гомдлыг дээрх үндэслэлүүдээр хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2026/0089 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-т “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, ...-д эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, ... -д эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасан бөгөөд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдааны тогтоолоор тус сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн байна.

3. Уг шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/72 дугаар захирамжаар тус сумын 10 дугаар багт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Б.Д-д 644 м.кв, Б.Тилеухабылд 693 м.кв газрыг 50 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, улмаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй”, 12.1.3-т “Аймгийн төвийн сумын Засаг дарга ... өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж зааснаар дээрх газрыг гуравдагч этгээд нарт өмчлүүлэх шийдвэр гаргажээ.  

4. Нэхэмжлэгчээс “... анхдагч гэрээнд заасан хугацаа 2032 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дуусна. А.Б-ы газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа” гэж маргасан.

5. Хэрэгт анхан шатны шүүхээс хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, холбогдох зургууд, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1/255 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн маргаан бүхий газрын сансрын зураг авагдсан байна. 

6.Тогтоогдсон үйл баримтын тухайд, 2002 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, маргаан бүхий газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргаас А.Б-д 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэн 03013389 дугаартай гэрчилгээ олгож, улмаар уг газар дээрээ 104 м.кв хувийн орон сууц барьсныг 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, А.Б, Х.Г, Б.Б, Б.А, Б.Ж, Б.К нарын нэр дээр бүртгэсэн бөгөөд үүний дараа 2002 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Х.Г, 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А.Б нар нас барсан,  

 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 26/11 дугаартай “Пазилет энэрэл” ТББ-ийн тодорхойлолтод “Б.Ж 2006-2008 он хүртэл 2 жил охидын дотуур байранд байрласан. 2008-2011 он хүртэл Бүгд Найрамдах Турк улсад суралцсан” гэж,

“Ховд мирасс” ТББ-ын тодорхойлолтод “Б.Б нь 2016-2019 оны хооронд дотуур байранд байрлан суралцаж, 2019-2024 онд Бүгд Найрамдах Турк улсад суралцаж байгаад эх орондоо ирсэн” гэж,

нэхэмжлэлд “... хувийн орон сууцыг эцэг А.Б амьд сэрүүн байхдаа 2005 онд Х.Еламан гэх хүнд худалдсан. Эцэг, эх нас барах үед Б.Ж, Б.Б нар нь ерөнхий боловсролын сурагч байсан ба сургууль төгссөний дараа Бүгд Найрамдах Турк улс явж сургууль төгсөөд ирсэн” гэх тайлбар,

мөн маргаан бүхий газрын асуудлаар анх 2025 оны 09 дүгээр сард хандсан, гуравдагч этгээдээс “... газрын гэрчилгээнд А.Б-ы нэр бичигдсэн байсан бөгөөд 2005 онд Б.Д надад үнэ тохирч худалдсан” гэх тайлбар болон газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг нотлох баримтаар гарган өгсөн байна.  

7. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-т “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-т “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан.

8. Хэргийн үйл баримтыг Газрын тухай хуулийн холбогдох заалтуудтай уялдуулан тайлбарлавал, одоо маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчийн амьдарч байсан гэх хувийн орон сууц байхгүй, 2005 оноос хойш гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар уг газрыг ашиглаагүй, 2021 оноос өмнө нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн бодитоор эзэмшиж, газрын төлбөр төлж байгаагүй, гэрээ байгуулаагүй, гэрээний биелэлтийг талууд дүгнээгүй, нэхэмжлэгч нь 2012 онд Монгол Улсад ирснээс хойш газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй, маргаан бүхий актад холбогдуулан 2025 оноос маргаж эхэлсэн, А.Б нь Б.Д-д газар эзэмших эрхийн гэрчилгээгээ эх хувиар нь өгсөн зэргээс үзвэл А.Б-ы газар эзэмших эрх дуусгавар болсон, 2021 онд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрх үүссэн байх тул хариуцагчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.     

9. Энэ талаар “... гуравдагч этгээд Б.Т, Б.Д нарт тухайн байршлаас газар эзэмшүүлж, өмчлүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ж нь маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан үндэслэлээр эзэмших эрхтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.  

10. Нэхэмжлэгчээс А.Б-ыг нас барах үед, мөн 2012 онд Монгол Улсад ирснээс хойш 2025 он хүртэл маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлтийг хариуцагчид гаргаж байгаагүй нь тогтоогдсон энэ тохиолдолд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу хэн нэгний эзэмшил, ашиглалтад байгаагүй газрыг Б.Д болон Б.Тилеухабыл нарт эзэмшүүлж, улмаар өмчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/72 дугаар захирамжийн Б.Д, Б.Т нарт холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1103 дугаартай “Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн Б.Д-д холбогдох хэсэг нь хууль ёсны дагуу гарсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2026/0089 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

        ШҮҮГЧ                                                      Г.БИЛГҮҮН

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН