Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Л.Одончимэг, Г.Мөнхбат нарын  бүрэлдэхүүнтэйгээр   тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн туслах Г.Нямаа

Улсын  яллагч Д.Баянмөнх

Иргэний нэхэмжлэгч: Т.Пунцагдаш

Иргэдийн төлөөлөгч У.Мөнхбаяр

Хохирогч Ч.Энхтүвшин, Л.Самданжамц

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч И.Болдбаатар нарыг оролцуулан Дундговь  аймгийн  Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар  зүйлийн 145.2, 148 дугаар  зүйлийн  148.3 дахь хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн И.Болдбаатарт  холбогдох эрүүгийн 201612000101  тоот  хэргийг  2017 оны  02 сарын 20-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

     Шүүгдэгч: 1982 оны 8 сарын 12-ны  өдөр  Дундговь аймгийн  Адаацаг  суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн  тодорхой  ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн  хамт  Дундговь  аймгийн Адаацаг сумын төв Тавины 5-15 тоотод  оршин  суух, урьд 1 удаа  ял  шийтгүүлж  байсан, хэрэг  хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан  мэдрэл  бүрэн Хорин  овгийн  Итгэлмаагийн Болдбаатар /РД:ЗЮ82081919/

Шүүгдэгч И.Болдбаатар нь  давтан буюу 6 удаагийн  үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан, орон  байранд нэвтэрч бусдын  эд  хөрөнгийг хулгайлах, хулгайлах гэмт  хэрэгт  шийтгүүлэн  ялтай  байх   хугацаандаа  давтан буюу 3 удаагийн үйлдлээр  бусдын эд хөрөнгийг залилан  мэхлэх гэмт  хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний  нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

1.Бусдын эд хөрөнгийг 6 удаагийн  давтан  үйлдлээр  хулгайлсан гэх  гэмт хэргийн  талаар:

 

А. 2016.5.23-ны  өдөр Дундговь аймгийн  Эрдэнэдалай сумын 5-р багийн  нутаг Гучин гэх газарт нутаглах иргэн Ч.Энхтүвшингийн  гэрт хууль бусаар нэвтэрч 6 ш мөнгөн аяга,  модон тагш 1ш,  үндсэн хул 2ш, эрэгтэй мөнгөн бүс 1ш,  эмэгтэй мөнгөн бүс 1 ш, зэргийг  хулгайлж 3.502.000 төгрөгийн  хохирол  учруулсан гэх үйлдлийн  талаар:

Шүүгдэгч И.Болдбаатар  нь 2016.5.23-ны  өдөр Дундговь аймгийн  Эрдэнэдалай сумын 5-р багийн  нутаг Гучин гэх газарт нутаглах иргэн Ч.Энхтүвшингийн  гэрт хууль бусаар нэвтэрч 6 ш мөнгөн аяга,  модон тагш 1ш,  үндсэн хул 2ш, эрэгтэй мөнгөн бүс 1ш,  эмэгтэй мөнгөн бүс 1 ш, зэргийг  хулгайлж 3.502.000 төгрөгийн  хохирол учруулсан болох  нь  хохирогч Ч.Энхтүвшингийн  “...2016.5.23-нд 12 цаг  өнгөрч  байхад гэрээ  цоожлоод ус руу  малаа  услахаар явсан. Малаа  услаад 14 цаг 50 минутанд гэрийн гадаа ирсэн  чинь манай гэр онгорхой байсан. Гэртээ  орсон чинь зүүн авдарны  цоожыг эвдлээд доторхи зүйлийг  нь гаргаад хаячихсан байсан. Би  эрэгтэй, эмэгтэй мөнгөн  бүс нийт 2 ш, дунд гарын хуучин цагийн  мөнгөн  аяга 2 ш, дунд гарын шинэ цагийн  мөнгөн аяга 3 ш, дунд гарын мөнгөөр бүрсэн  модон  тагштай аяга 1 ш,  модон тагш  1 ш,  үндсэн хул 2 ш зэрэг эд зүйлсээ хулгайд алдсан.  Би дунд гарын шинэ цагийн  мөнгөн  аяга 2 ш, дунд гарын мөнгөөр бүрсэн модон  тагштай аяга 1ш, үндсэн хул 2 ширхэг, 1 ширхэг модон  тагшаа эргүүлэн авсан.  Одоо үлдсэн  зүйлээ  нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн  59, 63, шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэг/,  гэрч  Ж.Нарандэлгэрийн  “...2016.05.23-ны  өдөр гэртээ байхад 14 цагийн үед С.Тунгалагтуяа утсаар  яриад энд нэг хүн мөнгөн аяга  зарна гэж  байна. Та авах уу гэхээр нь би тэр хүнээ дагуулаад манайд хүрээд ир гэсэн юм. Удалгүй С.Тунгалагтуяа саарал өнгийн шелепен малгайтай, хар өнгийн  богино  савхин куртиктай, хромон гуталтай насаар 30-35  насны гэмээр залуу дагуулж ирсэн. Тэр залуу надад 3 мөнгөн  аяга, 2 үндсэн хул, 1 пивор хул аяга үзүүлээд 2 мөнгөн  аягыг нь 500.000 төгрөгөөр авах уу гэхээр нь авахгүй гэсэн... ” гэх  мэдүүлэг  /1-р хх-ийн  92-93/, гэрч С.Тунгалагтуяагийн  “...2016.05.23-ны өдөр намайг Дэлгэрдалай орших нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар  сууж байхад манай дэлгүүрт нэг  танихгүй залуу орж  ирээд “танай суманд алт, мөнгөн  эдлэл авдаг хүн  байна уу” гэж  асуухаар нь хойно нэг хүн  байгаа гээд Нарандэлгэр гэдэг хүн рүү утсаар ярьсан. ...Нарандэлгэрт 3 мөнгөн аяга, 2 тагш, 1 пивор хул үзүүлээд авахгүй гээд бид 2-ыг явуулсан. Тэгээд дэлгүүрийн  гадаа  ирээд  байтал нөгөө залуу  миний  машинд орж  ирээд  “та 2 мөнгөн  аяга  аваач” гэхээр нь би мөнгө  байхгүй гэж  хэлсэн. Тэгтэл тэр залуу надад бензиний мөнгө  байдаггүй, та надад 100.000 төгрөг өгөөч, би 2 мөнгөн  аяга  өгье гэхээр нь би 100.000 төгрөгөөр 2 мөнгөн  аяга худалдаж авсан. Тэр хүн надад 1 дунд гарын мөнгөн аягыг 50.000 төгрөгөөр бодоод та маргааш шилжүүлээрэй,  би дансаа утсаар  ярьж хэлнэ  гээд  аягаа  үлдээгээд явсан...”гэх  мэдүүлэг  /1-р хх-ийн  94-96/, гэрч  Г.Лхагвасүрэнгийн “...Манай гэрээс 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, үндсэн хул 2 ширхэг, хуван хул 1 ш, эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс зэрэг эд зүйл  алдагдсан...” гэх  мэдүүлэг  /1-р хх-ийн 97-98/, гэрч Б.Батбаатарын “...Тэр хүн над дээр ирээд ах хүү 1 пиво уух уу гэхээр нь тэгье гэсэн. 1 лааз нийслэл пиво гаргаж өгсөн. Уунгаа  ярьж суутал тэр залуу  өөрийгөө Рашаант бригадын халзан Гоёогийн хүү Мөнхбаатар гэж  танилцуулаад  би хэдэн жилийн өмнө айлд 4 адуу зарсан юм.Тэгээд өртөгөө авах гээд очтол ийм юм өглөө гээд үүрч явсан  цүнхээ нээхэд дотор нь 3 мөнгөн  аяга, мөнгөн бүс, 2 ширхэг үндсэн хул, 1 ширхэг шинэ үеийн аяга нэг пальчик нарийн эссэ тамхи, бас цүнхэнд нь архины шил дуугарч байсан.  Тэр залуу манай аав ядарсан хүнд тусалж байгаарай гэж  хэлсэн  гээд надад 2 ширхэг үндсэн  хул, 1 ширхэг шинэ цагийн модон хул, 1 хайрцаг эссэ тамхи өгсөн. Тэр залуу хар өнгийн савхин куртиктай, зүүн гарын долоовор хуруу нь байхгүй,  бор царайтай, монхор хамартай, хар хромон гуталтай байсан...”гэх  мэдүүлэг ” /1-р хх-ийн  99/,  С.Тунгалагтуяагаас 3ш мөнгөн аяга хураан авсан тэмдэглэл, фото зургууд  /1-р хх-ийн 29-34/, хохирогч Ч.Энхтүвшинд 3ш мөнгөн аяга  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 35/, Б.Батбаатараас модон хул 1ш, үндсэн хул 2 ширхэгийг  хураан авах тогтоол, тэмдэглэл, фото зураг /1-р хх-ийн  44-46/, Ч.Энхтүвшинд 2016.08.03-ны өдөр 3 ширхэг хулыг хүлээлгэн  өгсөн  тэмдэглэл /1-р хх-ийн  47/, шүүгдэгч И.Болдбаатарын шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн “...Нэг  айл байхаар нь очтол цоожтой байсан. Царилаар цоожыг  хөшиж ороод авдарны  цоожыг нь сэрээгээр хөшсөн.  Дотроос нь 6 ш мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй мөнгөн  бүс, үндсэн хул 2 ш, модон  хул 1 ширхэгийг тус тус авсан ...”  гэх мэдүүлэг,  эд  зүйлийн  үнэлгээ /1-р хх-ийн 107, 110/  болон хэрэгт  цугларсан  бусад  бичгийн  баримтуудаар тогтоогдож  байна.

 

Б. 2016 оны 6 сард Төв аймгийн  Баян-Өнжүүл сумын  1-р багийн нутаг “Гашуун” гэх  газраас иргэн Б.Жамбалын 2 тооны  адууг  тээврийн  хэрэгсэл ашиглан  хулгайлж 2 сая төгрөгийн  хохирол  учруулсан гэх үйлдлийн талаар:

 Шүүгдэгч И.Болдбаатар  нь 2016 оны 6 сард Төв аймгийн  Баян-Өнжүүл  сумын 1-р багийн  нутаг  “Гашуун” гэх  газраас  иргэн Б.Жамбалын 2 тооны  адууг  хулгайлсан  болох  нь  хохирогч Б.Жамбалын “...Манайх Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1-р багийн  нутаг Гашуун гэх газар нутаглаж  байсан юм. Тухайн үед буюу 2016  оны 6 сарын 14-ний өдөр санагдаж байна. Наранбаатар над руу утсаар яриад “танай хонгор халзан, хүрэн хоёр морийг чинь довын гуанзан дээр хүн  унаад явж байна” гэж хэлсэн. Тэр хоёр адуу хоёул номхон адуу байсан.” гэх  мэдүүлэг /2-р хх-ийн  56-58/,  гэрч Ж.Наранбаатарын  “...2016.06.12-ны өдөр хамаатны хүн болох Намбаа гэрийн утасруу залгаад танай 2 морь хаана байгаа вэ байхгүй бол Өвөр бүрдийн ойролцоо Хандын Шархүү гэдэг айлын гаднаас ус уудаг байсан 2 морь буруу гараар орчих шиг боллоо гэсэн.  Тэгээд Намбаа надад утсаар довын гуанзан  дээр манай 2 адууг хүн унаад явж байхыг хүн харсан гэж хэлсэн...” гэх  мэдүүлэг /2-р хх-ийн 68-69/, гэрч  Ц.Наранбаатарын “ 2016 оны 6-р сард манай нутгийн  Шархүү гэх хочтой Алтанхүү гэх залуутай уулзаад хамаатан Жамбал ахын 2 адууг сураглахад байхгүй байхаа буруу гараар орсон  байхаа гэхээр нь Жамбал ахын хүү Наранбаатар руу утсаар ярьж хэлсэн. Зөв гуяндаа хөвчтэй саран дэвсгэртэй өрөө онги тамгатай хүрэн морь, зөв гуяндаа саран дэвсгэртэй галтай хөндлөн зуузай тамгатай цавьдар морь байсан” гэх  мэдүүлэг  /2-р хх-ийн  103/,  гэрч Д.Энх-Амгалангийн “...2016 оны 6 сарын эхээр шаргал өнгийн  хужаа мотоцикльтой залуу 5-6 тооны адуу алдчихсан эрж явна гэж ирсэн.  Тэр залуу цай уучихаад гэрээс гарч дурандаж байгаад манай адуунуудын 2 нь энэ урд байна гээд төд удалгүй адууг тууж ирээд танай хашаанд баръя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэр залуу манайхаас хазаар, ногт, эмээл аваад нэг  морийг  нь унаад нөгөөхийг нь хөтлөөд бусад адуугаа харна гээд явсан. Явахдаа унаж ирсэн мотоциклоо үлдээсэн. Тэгээд эргэж ирээгүй” гэх  мэдүүлэг  /2-р хх-ийн 105/, Д.Энх-Амгалангийн  эзэмшлээс Пекон маркийн улаан шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг хураан авах тогтоол /2-р хх-ийн 98/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 59/, шүүгдэгч И.Болдбаатарын шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2 морийг давааны ар хүртэл унаж яваад  нэг  айлын хүн гуйж Налайх хүртэл ачуулсан. Авсан  2 морины тамгыг ажиглаагүй, Жамбалын алдсан морины зүстэй таарч  байгаа” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн  баримтуудаар  тогтоогдож байна.

 

В. 2015 оны 5 дугаар  сард Төв аймгийн  Бүрэн  сумын  5-р багийн “Булангаа”  гэх  газар  оршин  суух иргэн  Н.Ганболдын  гэрээс 1 ширхэг мөнгөн  хазаар хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан  гэх  үйлдлийн  талаар:

 Шүүгдэгч И.Болдбаатар нь 2015 оны 5 сард  Төв  аймгийн  Бүрэн  сумын 5-р багийн  нутаг  “Булангаа” гэх  газар нутаглах иргэн  Н.Ганболдын  гэрээс 1 ширхэг  мөнгөн  хазаар хулгайлсан  болох нь  хохирогч Н.Ганболдын “...2015 оны 5 сарын 20-ын үеэр манай  гэрт  танихгүй  хүн  ирээд гэрийн  гадаа зогсож байгаа  харагдсан. Тухайн  үед манайхан гадаа  мал  төллөж байсан  болохоор   сайн  анзаараагүй  юм. Тэгээд гэртээ  орж  ирээд  эмээл дээр  байсан  мөнгөн   хазаар  алга  болсныг    мэдсэн. Тэр өдөр  манайхаар  өөр  гадны  хүн  орж  гараагүй ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн  61-63/,  гэрч Ч.Пүрэвсүрэнгийн  “2015 оны хавар Төв аймгийн Бүрэн  сумын Булангаа багийн төв дээр Ганболд гэх айлд байж байтал нэг залуу мотоцикльтой ирж зогсоод тантай уулзъя гээд өөрийгөө Болдоо гэж танилцуулсан. Төлөг зарах гэсэн  юм худалдаж авах уу гэсэн. Би эхнэрээсээ асуугаадахий гээд Ганболдын гэр лүү ороход Болдоо араас дагаад ороод ирсэн. Гэрийн  хойд талруу нь хараад утсаар ярьж байхад Болдоо миний ард сууж байснаа гэнэт би урагшаа явчихаад ирье гээд гарахаар нь би хөөе хүлээж бай хамт явъя гэхэд их л яаруу сандруу гараад явсан. Эргэж ирээгүй.  Тэр өдрийн маргааш орой нь Ганболд надаас манай эмээл дээр байсан мөнгөн  хазаар байдаггүй чи анзаарсан  уу,  гэж асуусан, би мэдэхгүй гэдгээ хэлсэн. Би Ганболдоос танайд гадны хүн ирсэн үү гэхэд чамтай уулзаад байсан өчигдөрийн залуу л ирсэн,  өөр хүн ирээгүй гэсэн.  Ганболдынд 5 товруутай цул мөнгөн хазаар байдаг байсныг би мэднэ. Тэр залуу давхраатай хар нүдтэй, аль гарынх нь билээ ямар ч байсан нэг хуруу нь байхгүй харагдаж  байсан ... ” гэх  мэдүүлэг /2-р хх-ийн 106/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 64/,  шүүгдэгч  И.Болдбаатарын  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн “...Пүрэвсүрэн гэдэг хүнтэй уулзаж  мал зарах гэж  очсон. Тэгтэл эхнэр мөнгөнд явсан утсаар  ярья гээд Ганболдын гэр лүү ороод цаашаа хараад  утсаар ярьж  байхаар  нь  эмээл  дээр  байсан хазаарыг нь авсан. Тэр хазаар 3 товруутай, хол ороолттой хазаар байсан...” гэх мэдүүлэг  болон  хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудаар тогтоогдож байна.

Г. 2016.5.22-23-нд шилжих шөнө Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 7-р багийн 12-р байрны урд талд байсан  иргэн П.Амьдралсайханы  “ИЖ планета 2” маркийн  мотоциклийг хулгайлж 500.000 төгрөгийн  хохирол  учруулсан гэх  үйлдлийн талаар:

Шүүгдэгч И.Болдбаатар нь 2016.5.22-23-нд шилжих шөнө Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 7-р багийн 12-р байрны урд талд байсан  иргэн П.Амьдралсайханы  “ИЖ планета 2” маркийн  мотоциклийг хулгайлж 500.000 төгрөгийн  хохирол  учруулсан болох нь  хохирогч П.Амьдралсайханы “...2016.5.22-ны  өдөр 22 цагийн  үед Сайнцагаан  сумын 7-р баг 12-р байрны  урд талын цагаан  байрны  хойд талд мотоциклио тавьсан юм. Тэгээд маргааш нь буюу 2016.5.23-ны өглөө ажилдаа  явах гээд гадаа гараад  мотоцикль тавьсан  газраа очтол  алга болсон байсан...” гэх   мэдүүлэг /1-р хх-ийн 66/, хохирогч Л.Самданжамцын “...2016.5.23-ны  өглөө 06 цагийн үед  Сайнцагаан  сумын 1-р баг Тал булаг гэх газар гэртээ унтаж  байхад гадаа  мотоцикль ирж  зогсоод  нэг  залуу орж  ирсэн. Тэр залуу Улаанбаатар хотоос  явж байна. Өөрийгөө  Эрдэнэбүрэн  гэж  танилцуулаад, 2006-2011 онд Дундговь аймагт прокуророор ажиллаж  байсан  гэж хэлсэн. Тэр залуугийн  унаж  ирсэн  мотоцикль нь дээр үеийн  шаргал  өнгийн  ИЖ-2 гэдэг  мотоцикль байсан....” гэх  мэдүүлэг  /1-р хх-ийн  70-71/,  “ИЖ-2” мотоциклийг Л.Самданжамцаас хураан авсан тогтоол, тэмдэглэл, фото зургууд /1-р хх-ийн  40-42/,  эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 116/, шүүгдэгч  И.Болдбаатарын  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн “...Шөнө 5 цагийн үед аймагт ирээд байрны гаднаас хуучны ИЖ Планета 2 маркийн  мотоцикль хулгайлсан...” гэх  мэдүүлэг  болон  хэрэгт  авагдсан  бусад бичгийн  баримтуудаар тогтоогдож  байна.

 

Д. 2016 оны 6 сард Дундговь  аймгийн Адаацаг сумын  “Ар урт” бригадын  “Хажуугийн  ус” гэх  газарт  нутаглах  иргэн  Г.Мөнхбаатарын  гэрээс 1 ширхэг мөнгөн  аяга  хулгайлж 200.000 төгрөгийн  хохирол  учруулсан гэх үйлдлийн талаар:

Шүүгдэгч  И.Болдбаатар  нь 2016 оны 6 сард Дундговь  аймгийн Адаацаг сумын  Ар урт бригадын  Хажуугийн  ус гэх  газарт  нутаглах  иргэн  Г.Мөнхбаатарын  гэрээс 1 ширхэг мөнгөн  аяга  хулгайлсан болох  нь хохирогч Г.Мөнхбаатарын “  ...2016 оны 6 сарын   дундуур  би өөрийн  найз Гансүхтэй Адаацаг  сумын төвийн  хойд ард Ар- Урт гэх  газар  луу  явдаг зам дээр  байхад нэг  танихгүй  залуу  ганцаараа  ирсэн. Тэр залуу  Гансүхийг таньж байсан.  Бид хэдэн  лааз пиво уучихаад гэр лүүгээ  явсан. Тэр өдрийн  маргааш нь  гэртээ  эхнэртэйгээ  унтаж  байхад нэг мотоцикльтой  хүн ирчихээд явчихаар нь хүүхдүүд  ирчихээд хөдөллөө  гэж  бодоод сэрэлгүй унтсан.  Босоод цайгаа  уух гэтэл миний цай уудаг  дунд гарын шинэ цагийн  содон  шинж тэмдэггүй цулгай мөнгөн аяга байхгүй болсон  байхаар нь хүүхдүүдээс асуухад өглөө байсан, бид цай хийгээд орхисон  гэж хэлсэн.  Тэгээд тэр өдөр үдээс хойш нь Гансүхийнд бууж болсон  асуудлыг  хэлэхэд өчигдөр хамт уусан залуу манайд хоноод өглөө эрт хөдөлсөн.  Танайх руу чигтэй явсан. Урьд нь хулгайд холбогдож байсан  гэж хэлсэн.  Тэр залуу хул шаргал мотоцикльтой явж байсан” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 68/,  гэрч  О.Гансүхийн  “...Болдбаатар араас дагаад манайд ирж хоноод өглөө 7 цагийн үед босч хоол идчихээд явсан. Болдбаатарыг манайхаас явсан өдрийн үдээс хойш Мөнхбаатар манайд ирээд танайд ирж хоносон өчигдөрийн залуу хаанахын хүн юм. Манайхаас мөнгөн аяга хулгайлчихсан байна гэхээр нь манай нутгийн хүүхэд байгаа юм хаана байдгыг  нь мэдэхгүй гэж хэлсэн”   гэх мэдүүлэг /1-р хх-ийн  88/,  эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 116/,  шүүгдэгч И.Болдбаатарын  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн “...Би Г.Мөнхбаатарынхаас 1 ширхэг шинэ мөнгөн  аяга  авсан.  Энэ үйлдэлээ  хүлээн зөвшөөрч байна...” гэх  мэдүүлэг болон  хэрэгт  цугларсан  бусад бичгийн  баримтуудаар тогтоогдож байна.

 

Е.  2016.6.7-ны өдөр Дундговь аймгийн  Гурвансайхан  сумын 2-р багийн “Шонбанз” гэх газарт нутаглах  иргэн  Б.Ариунболдын гэрт  хууль бусаар нэвтэрч эмээлийн 6 мөнгөн тоноглол хулгайлж 800.000 төгрөгийн  хохирол  учруулсан гэх үйлдлийн талаар:

Шүүгдэгч И.Болдбаатар  нь 2016.6.7-ны өдөр Дундговь аймгийн  Гурвансайхан  сумын 2-р багийн “Шон банз” гэх газарт нутаглах  иргэн  Б.Ариунболдын гэрт  хууль бусаар нэвтэрч эмээлийн 6 мөнгөн тоноглол хулгайлж 800.000 төгрөгийн  хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн   болох  нь  хохирогч Б.Ариунболдын “ Манайх Дундговь аймгийн  Гурвансайхан  сумын  төвөөс хойш 2-р багийн  “Шон банз” гэх газар өвөлжөөтэй. Манайх өвөлжөөн дээрээ нутаглаж  байгаад 2016.05.20-оор оторт явсан. Явахдаа  өвөлжөөн  дээрээ  нэг  гэрээ  үлдээгээд явсан  юм. 2016.06.09-ний өдөр өвөлжөөн дээрээ  ирээд  гэртээ  орох  гэхэд манай үүдний  амбаарын цоож  байхгүй, хаалгыг  нь  чулуугаар  даруулчихсан  байсан. Тэгээд гэртээ  орох  гэхэд гэрийн хаалга  онгорхой,  цоожны толийг  мурийлгачихсан байсан. Гэртээ ортол  манай  гэрийн  хойно байсан  авдар  онгорхой байсан...Эд зүйлээ  бүртгэхэд  авдранд байсан  эмээлийн 6 цагаан  байхгүй болсон байсан…” гэх мэдүүлэг  /2-р хх-ийн 200-201/, гэрч Х.Мөнхзулын “...2016.06.07-ны орой 21 цагийн үед манайд мотоцикльтой эрэгтэй хүн ирсэн...өврөөсөө гялгар ууттай зүйл гаргаж ирээд эмээлийн хэрэглэл гээд сэгсэрсэн, сэгсэрэхэд нь металл зүйл дуугарч байсан. Бид түүнийг  нэг их сонирхоогүй. Тэр хүнийг ирснээс хойш 2 хоногийн дараа манай саахалт айлын Ариунболд, Нандинцэцэг 2 манайд ирээд манай гэрт хулгай оржээ. Гялгар уутанд хийгээд авдранд хийчихсэн байсан эмээлийн цагаан алга болсон гэж байсан…” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 202/,  гэрч С.Нандинцэцэгийн  “...манайх Шон банз дахь бууцандаа жижиг гэрээ орхиод 2016.05.20-оор оторт нүүсэн. Дараа нь 2016.06.09-ний өдөр нөхөр Ариунболдын хамт очиход гэрийн хаалгыг чулуугаар дарсан, гэрийн хаалгыг онгойлгосон  байсан. Гэртээ ортол авдар доторх эд зүйлийг онгичиж гаргаж хаясан байсан.  Тэгээд юмаа бүртгэтэл авдран дотор байсан, торон дотор хийсэн, эмээлийн  6 цагаан чимэглэл байхгүй байсан.  ...2 баавар 4 даруулга байсан...”  гэх  мэдүүлэг /2-р хх-ийн 203/, гэрч М.Баяннямын  “...2016.06.07-ны өдрийн орой саахалт айл Базаррагчаагийнд буухад өндөр рультэй, бараан мотоцикльтой хүн  ирсэн байсан. Тэднийд ороход  ...мотоциклийн эзэн  нь гэх 30 гаран настай гэмээр залуу сууж байсан. Намайг орсны дараа тэр хүн өврөөсөө гялгар ууттай юм гаргаж ирээд сэгсрээд эмээлийн хэрэглэл тэмээгээр худалдаж авлаа гэж хэлчихээд буцаагаад өвөртөө хийсэн.  Гаргаж ирэхэд нь металл зүйл тачигнаж  дуугарч байсан...” гэх  мэдүүлэг  /2-р хх-ийн  204/,  эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 212, гэрч Х.Мөнхзул, М.Баянням  нараар шүүгдэгч  И.Болдбаатарыг  таньж олуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 198-199/ болон  бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн  хэлэлцүүлэгт  шүүгдэгч  И.Болдбаатар  нь “Би Гурвансайхан  суманд явж байсан  боловч Ариунболдынхоос эмээлийн 6 цагаан  аваагүй” гэсэн   мэдүүлгийг  өгч  байх боловч түүний  мэдүүлэг нь  бусад баримтаар  нотлогдохгүй  байна.

Иймд Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуульд заасан  үндэслэл журмын дагуу  цуглуулж, бэхжүүлж  авсан дээрхи  баримтуудыг үндэслэн Б.Ариунболдын гэрт  хууль бусаар нэвтэрч эмээлийн 6 мөнгөн тоноглол хулгайлсан  байна  гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2. Давтан  буюу 3 удаагийн үйлдлээр, итгэл  эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг  залилан  мэхэлж  авсан  гэх  гэмт хэргийн  талаар:

 

А. 2016.6.13-ны  өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн  11-р хороонд байрлах Хонхорын  хорих  ангийн  гаднаас иргэн О.Тэмүүлэнгийн   “Хонда сивик” маркийн  автомашиныг залилан   мэхэлж авсаны  улмаас  1.480.200 төгрөгийн  хохирол  учруулсан  гэх үйлдлийн  талаар:

Мөрдөн  байцаалтын шатанд  2016.6.13-ны  өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн  11-р хороонд байрлах Хонхорын  хорих  ангийн  гаднаас иргэн О.Тэмүүлэнгийн   “Хонда сивик” маркийн  автомашиныг залилан   мэхэлж, улмаар 1.480.200 төгрөгийн  хохирол учруулсан  гэх үйлдэлд шүүгдэгч И.Болдбаатарыг холбогдуулан Эрүүгийн  хуулийн  Тусгай  ангийн  148 дугаар  зүйлийн  148.3 дахь хэсэгт  зааснаар  ял  сонсгон, яллах  дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  хэргийн  зүйлчлэл тохироогүй байна  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир  нь: Шүүгдэгч И.Болдбаатар  нь хохирогч  О.Тэмүүлэнгээс  түүний  эзэмшлийн 86-59 УБЦ  улсын  дугаартай Хонда сивик маркийн   машиныг нь итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар  өөрийн  өмчлөлд оруулсан  гэж  үзэх хангалттай  баримт  хэрэгт  авагдаагүй  байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч И.Болдбаатар  нь хохирогч О.Тэмүүлэнгээс “...түлхүүрээ  орхичих,  ах  нь дуу  сонсоод байж байя... “ гэж хэлээд  түлхүүрийг  нь  авч үлдэж   байгаа  үйлдэл нь бусдын  эд хөрөнгийг  залилан  мэхэлж  авч  байгаа  бус  харин өөр гэмт хэрэг  үйлдэхэд бэлтгэж буюу хохирогчийн эзэмшлийн  машиныг  авахад учирч болох саад бэрхшээлийг  арилгаж  байгаа  үйлдэл юм.   Мөн хохирогч О.Тэмүүлэн  нь  өөрийн  эзэмшлийн  Хонда сивик” маркийн  автомашиныг шүүгдэгч И.Болдбаатарын  эзэмшил, ашиглалтанд өөрийн  сайн дураар  шилжүүлсэн  үйл баримт  тогтоогдохгүй байна. 

Хохирогч  О.Тэмүүлэнгийн  эзэмшлийн “Хонда сивик” маркийн  автомашиныг түүнийг эзгүй  хойгуур нь авч, явж  байгаа  үйлдэл  нь бусдын  эд хөрөнгийг  хулгайлах гэмт  хэргийн шинжийг  бүрэн  агуулсан байна.

Иймд шүүгдэгч И.Болдбаатарт холбогдуулан хохирогч О.Тэмүүлэнгийн  эзэмшлийн  86-59 УБЦ  улсын  дугаартай “Хонда сивик” маркийн   машиныг залилан  мэхэлж авсан  гэх үйлдэлд Эрүүгийн  хуулийн  148 дугаар  зүйлийн  148.3 дахь хэсэгт  зааснаар  ял  сонсгон, яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлснийг  мөн  хуулийн  145 дугаар  зүйлийн 145.2 дахь хэсэг  болгон  хөнгөрүүлэн  өөрчиллөө.

Шүүгдэгч И.Болдбаатар нь 2016.6.13-ны  өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн  11-р хороонд байрлах Хонхорын  хорих  ангийн  гаднаас хохирогч О.Тэмүүлэнгийн  эзэмшлийн 86-59 УБЦ  улсын  дугаартай “Хонда сивик” маркийн автомашиныг  хулгайлж 4.000.000 төгрөгийн  хохирол учруулсан  болох нь хохирогч О.Тэмүүлэнгийн  “2016 оны 6 сарын  12-ны  өдөр 20 цагийн  орчим  өөрийн  эзэмшлийн 86-59 УБЦ  улсын  дугаартай Хонда сивик маркийн   машинтайгаа  халтууранд явж  байгаад Гандангийн  автобусны  буудал дээр зогсож  байтал хөдөөнөөс  ирсэн  бололтой  30 орчим  насны  халамцуухан хүн  ирээд  нисэх орно гэж  хэлээд  суусан...Сац нэртэй зочид буудалд  хүргүүлээд  ахыгаа  өглөө  ирж аваарай  гээд  нэмээд 20.000 төгрөг  өгсөн. Маргааш нь 8 цаг 20 минутын орчим очиж  нөгөө  ахыг авсан. Хонхорын  хорих  анги орно, ах нь  тэнд найзыгаа  эргэнэ, тэгээд Да хүрээ ороод  ачааны  машин  худалдаж  аваад нутаг буцна гэсэн. ..Тэгээд хонхорын 409-р хорих  ангид очоод шоронгийн  шалган  руу  орсон. Тэгтэл харгалзагч  нь бичиг  баримтгүй  хүн  оруулахгүй гэсэн. Тэгтэл тэр ах  чи энэ  хүнснүүдийг манай  найз Гэрэлтэд  оруулаад  өг, болж  өгвөл уулзалтын 15 минутыг нь  дуусгаад юм хумыг нь  идүүлчихээд гараад ирээрэй  гэж хэлэхээр  нь  түлхүүрээ  аваад  буух  гэтэл  ахын  дүү  түлхүүрээ  орхичих,  ах  нь дуу  сонсоод байж байя гэхээр  нь түлхүүрээ  үлдээчихээд уг  хорих  анги  руу  орсон. Гэрэлт гэгчийг дуудаад  эргэлтийн  хүнснүүдийг  нь  өгөөд 5 минут болчихоод гараад  ирэхэд  миний  машин  байхгүй  байсан.  Миний  машинд 1.480.200 төгрөгийн  хохирол учирсан байсан. Үүнийгээ  нэхэмжилнэ ” гэх  мэдүүлэг  /2-р хх-ийн 236/,  О.Тэмүүлэнд машин хүлээлгэн  өгсөн  тухай тэмдэглэл /1-р хх-ийн  233/,  иргэний нэхэмжлэгч  Ц.Отгонжаргалын “Миний 86-59 УБЦ улсын  дугаартай  машинаар  манай  хүү  Тэмүүлэн  таксинд явдаг  байсан. Миний  хүү  Тэмүүлэн  миний  машиныг эзэмших, захиран  зарцуулах  эрхтэй. Учирсан хохирлоо нэхэмжилнэ ...” гэх  мэдүүлэг /2-р хх-ийн  239/,  гэрч О.Эрдэнэсүхийн “...И.Болдбаатар нь 2016 оны 6 сард нэг  удаа  хамт  хоригдож байсан  хүмүүсээ эргэх  гэж  ирсэн. Тухайн  үед согтуу  байхаар  нь  уулзуулахгүй  гэж  хэлээд  гаргахад  хамт  явсан  залуугаа  манай  дүү  байгаа юм, дүүгээрээ  авчирсан  юм аа  оруулчихаж  болох уу  гэхээр  нь хамт  явсан  залуугаас  нь асуухад дүү нь  байгаа  юм гэсэн. Тэгэхээр  нь  тэр залууг нь  оруулсан. Тэр  залуу  орж авчирсан  юм аа дамжуулж  өгчихөөд  гарч  явсанаа төд удалгүй  эргэж  орж  ирээд тэр хүн  миний   машиныг  аваад  явчихлаа  гэж  хэлсэн. Тэгэхээр  нь  би тэр  залууд  цагдаад  мэдэгд гэж  хэлсэн...” гэх  мэдүүлэг  /1-р хх-ийн 240-рт/  техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 243/, шүүгдэгч И.Болдбаатарын  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн  “...Адаацаг  сум явах гэсэн  унаа  олдохгүй болохоор нь Тэмүүлэнгийн   машиныг авч явсан. Тэр өдрөө Баян-Өнжүүл суман дээр цагдаад баригдсан... ” гэх  мэдүүлэг болон хэрэгт цугларсан  бусад бичгийн  баримтуудаар  тогтоогдож  байна.

 

Б. 2016.6.4-ний  өдөр  Улаанбаатар хотын  Сонгино  хайрхан  дүүргийн  19-р хороо 8а байрны  гадна  талаас иргэн Т.Амгалангийн  “Дайлим дая стар” маркийн  61-66 УБ улсын  дугаартай  мотоциклийг  залилан   мэхэлж авсаны  улмаас 1.100.000 төгрөгийн   хохирол  учруулсан гэх  үйлдлийн талаар:

Шүүгдэгч И.Болдбаатар  нь 2016.6.4-ний  өдөр  Улаанбаатар хотын  Сонгино  хайрхан  дүүргийн  19-р хороо 8а байрны  гадна  талаас иргэн Т.Амгалангийн  “Дайлим дая стар” маркийн  61-66 УБ улсын  дугаартай  мотоциклийг  залилан   мэхэлж авсан болох  нь хохирогч Т.Амгалангийн  “…2016.6.4-ний  өдөр 14 цагийн  орчим  Сонгинохайрхан  дүүргийн  19-р хорооны нутаг  дэвсгэрт байрлах 8а байрны  зогсоол  дээр  өөрийн  эзэмшлийн  61-66 УБ улсын  дугаартай  хар  өнгийн  никель тоногтой дэйстер маркийн  мотоциклио зогсоочихоод ажил руугаа  ороод гараад ирэхэд 170-175 см  өндөртэй,  махлаг  бор  царайтай, түрийтэй гуталтай,  саравчтай малгайтай эрэгтэй хүн  миний  мотоцикль дээр  мордчихсон  сууж байсан. ...Энэ мотоциклийг чинь  сонирхоод байгаа  юм. Зарах  юм уу, дүүдээ  авч  өгмөөр  байна,  ах  нь хөдөөний хүн  байгаа  юм,  хэдээр зарах вэ, дуу  нь ямар вэ, явдал нь зөөлхөн  байна  уу, ах нь  нэг  унаад  энд тойроод үзчихье  тэгэх үү гэсэн. Тэгэхээр  нь би  зарвал  заръя гэж  бодоод та  нэг тойроод үзчих, унаж  чадах  юм  уу  гэхэд чаднаа  гэхээр  нь би мотоциклио асааж өгсөн. Тэр ах унаад холдоод  явахаар  нь  эргээд  ирэх  байх  гэж  хартал  тэр  чигтээ  цаашаа  явчихсан. Би араас  нь такси бариад хөөгөөд “Арвайн үндэс”  ХХК-ийн харалдаа  очоод алдсан...” гэх  мэдүүлэг /2-р хх-ийн 159-р  тал/,  гэрч  Б.Золжаргалын  “…2016.6.4-ний өдөр 14 цагийн  орчимд Сонгино хайрхан  дүүргийн  19-р хорооны  нутаг  дэвсгэрт байрлах 8-р байранд  ах  Амгалангийн  хамт  очоод  ажил  руу  нь  ороод хэсэг  байж  байгаад  гараад  иртэл бор царайтай, дундаж  өндөртэй, шөвийсөн  төрхтэй хөдөөний  хүн  ахын  мотоцикль дээр  суучихсан байж  байхаар нь манай  ах чи хүний  мотоцикль дээр  яагаад  суугаад  байгаа  юм гэхэд  сонирхсон  юм, би  дүүдээ  ийм мотоцикль авч өгөх  гээд  байгаа  юм,  асаагаад өгөөч, нэг  тойроод үзье гэхээр  нь  манай  ах  мотоциклио асааж өгсөн. Тэгтэл мотоциклийг  нь   унаад зугтаагаад явсан. Араас нь  хөөгөөд явтал “Арвайн үндэс” ХХК-ийн  орчимд очоод  алдчихсан... ” гэх  мэдүүлэг /2-р хх-ийн 163-рт/,   “DAELIM” маркийн мотоциклийг  Т.Пунцагдашаас хураан авах тогтоол, тэмдэглэл, фото зургууд  /1-р хх-ийн 48-52/,  уг мотоцикль эзэмшигч нь Т.Амгалан болохыг нотолсон   баримтууд, тээврийн  хэрэгслийн гэрчилгээ  /1-р хх-ийн 155, 2-р хх-ийн  150-152/, иргэний нэхэмжлэгч Т.Пунцагдашийн “  2016 оны 6 сарын  эхээр Дэлгэрцогт  сумын төвд “Туулант гол” нэртэй дэлгүүрийн  үүдэнд  нэг  залуутай мотоциклийн  наймаа  хийсэн  юм.  Тэр хар  өнгийн мотоциклийг унаж  байсан  мотоцикль дээрээ 150.000 төгрөг  өгч авсан....” гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 77-78-рт/,  эд зүйлийн  үнэлгээ /2-р хх-ийн 148/, хэрэгт цугларсан  бусад бичгийн  баримтууд зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Болдбаатар нь шүүхийн  хэлэлцүүлэгт “...Би Улаанбаатар хотод Сонсголонгийн  гүүрний  дор ганцаараа  пиво уугаад сууж байтал 2 залуу  ирээд  мотоцикль авах уу гэсэн.  Тэгээд нэг нь яваад уг  мотоциклийг авч ирсэн. Ирэхдээ хар  өнгийн касктай байсан. Тэгээд би 350.000 төгрөгөөр худалдаж  авсан...” гэсэн мэдүүлэг өгч байгаа  боловч шүүгдэгчийн  мэдүүлэг  нь хэрэгт  авагдсан бусад баримтуудаар тогтоогдохгүй  байна.

 

В. 2016.5.23-ны  өдөр  Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын 1-р баг  “Тал  булаг” гэх  газар  оршин  суух иргэн Л.Самданжамцын “Юүнганг”  маркийн 27-93 ДУЗ улсын  дугаартай  мотоциклийг залилан мэхэлж 1 сая  төгрөгийн  хохирол учруулсан гэх  үйлдлийн талаар:

Шүүгдэгч  И.Болдбаатар  нь 2016.5.23-ны  өдөр  Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын 1-р баг  “Тал  булаг” гэх  газар  оршин  суух иргэн Л.Самданжамцын “Юүнганг”   /Чансаа/ маркийн 27-93 ДУЗ улсын  дугаартай  мотоциклийг залилан мэхэлж 1 сая  төгрөгийн  хохирол учруулсан болох  нь хохирогч Г.Самданжамцын  “ ...2016.5.23-ны  өглөө 06 цагийн үед  Сайнцагаан  сумын 1-р баг Тал булаг гэх газар гэртээ унтаж  байхад гадаа  мотоцикль ирж  зогсоод  нэг  залуу орж  ирсэн. Тэр залуу Улаанбаатар хотоос  явж байна. Өөрийгөө  Эрдэнэбүрэн  гэж  танилцуулаад  2006-2011 онд Дундговь аймагт прокуророор ажиллаж  байсан  гэж хэлсэн. Тэр залуугийн  унаж  ирсэн  мотоцикль нь дээр үеийн  шаргал  өнгийн “ИЖ-2” гэдэг  мотоцикль байсан. Манайхаас баруун тийш  байдаг “Жаргалант” гэдэг  газар очиж аавтайгаа уулзах гэсэн  юм гэж хэлсэн.  Тэр залуу унаж яваа мотоциклоо зарах гэж байгаа юм гээд намайг  мотоциклоо түр унуулаач аавтайгаа уулзаад хүрээд ирье гэхээр нь би шар өнгийн  “YINGANG” маркийн  27-93 ДУЗ улсын  дугаартай мотоциклио тэр залууд өгөөд явуулсан.  Тэрнээс хойш  эргэж ирээгүй. Миний мотоциклийг  залилаад явсан. Би тэр залууг эргээд ирэх л байх гээд итгээд л мотоциклио өгөөд явуулсан юм. Би мотоциклио авмаар байна...”  гэх мэдүүлэг  /1-р хх-ийн  70-71, шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг/,  иргэний  нэхэмжлэгч Т.Ёндонгийн  “...2016 оны 5 сарын сүүл, 6 сарын эхээр Довын гуанзанд байх гэрт нэг залуу ирээд би мотоциклоо таньд орхиод явъя, 3 хоноод ирээд авна гээд явсан.  10 гаран хоногийн дараа хөтөлгөө морьтой ирсэн. Мотоциклоо авах уу гэхэд би шинэ мотоцикль авчихсан. Та наад мотоциклоо ав гэсэн.  Хэд юм гэхэд  50.000 гэсэн. Мөнгийг нь өгөөд авсан...” гэх  мэдүүлэг /1-р хх-ийн  100-рт/,  Т.Ёндонгоос “YiNGANG” маркийн 27-93 ДУЗ улсын дугаартай мотоциклийг хураан авах тогтоол /1-р хх-ийн  36/,  эд зүйл хураан  авч үзлэг хийсэн  тэмдэглэл /1-р хх-ийн 37/, тээврийн  хэрэгслийн  гэрчилгээ /1-р хх-ийн 38-39/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 112/, шүүгдэгч И.Болдбаатарын шүүхийн  хэлэлцүүлэгт  өгсөн  “...Самданжамцаас мотоциклийг  нь гуйж унаад, ИЖ Планета-2 мотоциклио  орхиод Эрдэнэдалай явсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх  мэдүүлэг, хэрэгт цугларсан  бусад бичгийн  баримтууд   зэргээр  тогтоогдож  байна.

 

3. Шүүгдэгчийн  гэм  буруу, ялтай  байдал,  оногдуулах  ял  шийтгэлийн  талаар:

      Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан  дээрхи  баримтуудаар  шүүгдэгч  Итгэлмаагийн  Болдбаатар нь  7 удаагийн  давтан  үйлдлээр, тээврийн  хэрэгсэл ашиглан, бусдын орон байранд нэвтэрч,  бусдын  эд  хөрөнгийг  хулгайлсан,  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт  шийтгүүлэн  ялтай байх  хугацаандаа  2 удаагийн давтан үйлдлээр бусдын  итгэлийг  эвдэж, хуурч  мэхлэх аргаар  эд  хөрөнгийг  нь   залилан  мэхэлж авсан  болох  нь тогтоогдож  байна.

Шүүгдэгч  И.Болдбаатар  нь 2016.03.30-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн  хэргийн  анхан  шатны  шүүхийн  328 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн 145 дугаар  зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2016.05.09-нд хугацаа дуусч суллагдсан болох нь  шийтгэх тогтоол /1-р хх-ийн 208-211/, ялтны зан байдал, засрал хүмүүжлийн  тодорхойлолт /1-р хх-ийн  212-р тал/  суллагдсан  хүмүүст олгодог тодорхойлолт /1-р хх-ийн  212-н ар  талд/ зэргээр  тогтоогдож  байх  ба  Эрүүгийн  хуулийн 78 дугаар  зүйлийн  78.2.3 дахь хэсэгт  заасан  ялтай   байдал  дуусаагүй  байна.

Мөрдөн  байцаалтын  шатанд шүүгдэгч  И.Болдбаатарын 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг  залилан мэхэлж авсан үйлдэлд  Эрүүгийн  хуулийн  148 дугаар  зүйлийн  148.3 дахь хэсэгт  зааснаар  буюу “урьд нь  хулгайлах  гэмт  хэрэгт  шийтгүүлсэн  этгээд энэ  гэмт  хэргийг  үйлдсэн” гэж  үзэж  ял сонсгон, яллах  дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  хэргийн  зүйлчлэл тохирсон  байна.

Иймд шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан  дээрхи баримтуудыг үндэслэн шүүгдэгч  И.Болдбаатарыг давтан  буюу 7 удаагийн   үйлдлээр, тээврийн  хэрэгсэл  ашиглан, бусдын  орон  байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд,  урьд нь хулгайлах  гэмт  хэрэгт  шийтгүүлсэний  дараа  ялтай  байдал  дуусаагүй  байхдаа  давтан буюу 2 удаагийн  үйлдлээр бусдын  эд хөрөнгийг  залилан  мэхэлж  авсан  гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Шүүгдэгч И.Болдбаатар  нь бусдын эд хөрөнгийг  залилан  мэхлэх гэмт  хэргийг   давтан  үйлдсэн  нь ял хүндрүүлэх,  бусдын  эд  хөрөнгийг хулгайлах гэмт  хэргийг ялтайд тооцогдох  хугацаа  дуусаагүй  байхдаа  үйлдсэн  нь   ял  хүндрүүлэх  нөхцөл  болох  ба  ял хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Шүүгдэгч И.Болдбаатарын  үйлдсэн “2015 оны 5 дугаар  сард Төв аймгийн  Бүрэн  сумын  5-р багийн “Булангаа” гэх  газар  оршин  суух иргэн  Н.Ганболдын  гэрээс 1 ш мөнгөн  хазаар хулгайлж 3000000 төгрөгийн хохирол учруулсан”  гэмт хэрэг  нь  Анхны ардчилсан  сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг  тохиолдуулан Өршөөл үзүүлэх  тухай  хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас  өмнө  үйлдэгдсэн байх тул  мөн  хуулийн 7 дугаар  зүйлийн  7.1 дэх хэсэгт зааснаар дээрхи үйлдлийг  хэрэгсэхгүй  болгож, өршөөлд хамрууллаа. 

Шүүгдэгч И.Болдбаатар нь бусдаас хулгайлсан  болон  залилан  мэхэлж авсан 3 мотоциклийг ашиглан бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт  хэрэг  үйлдсэн  болох нь  шүүхийн  хэлэлцүүлэгт  судлагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн  хуулийн  49 дүгээр  зүйлд  зааснаар  уг  3 мотоциклийн  үнийг  шүүгдэгчээс хурааж улсын орлогод оруулахаар  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  И.Болдбаатарт Эрүүгийн  хуулийн 145 дугаар  зүйлийн  145.2 дахь хэсэгт  зааснаар  500.000 төгрөг хурааж, 4 жилийн  хугацаагаар  хорих  ял,  Эрүүгийн  хуулийн  148 дугаар  зүйлийн  148.3 дахь хэсэгт зааснаар 2.100.000 төгрөг хурааж 8 жилийн  хугацаагаар  хорих  ял оногдуулахаар  шийдвэрлэлээ.

Эрүүгийн  хуулийн  57 дугаар  зүйлийн  57.1 дэх  хэсэгт  зааснаар  шүүгдэгч И.Болдбаатарт оногдуулсан  хөнгөн ялыг  хүндэд  нь  багтааж, түүний  биечлэн  эдлэх  ялыг 2.100.000 төгрөг  хурааж,   8 жилийн  хугацаагаар  хорих  ялаар  тогтоож, шүүгдэгч  нь  хүнд гэмт хэрэг  үйлдсэн  байх тул  Эрүүгийн  хуулийн  52 дугаар зүйлийн  52.6 дахь хэсэгт зааснаар  түүний  эдлэх хорих ялыг  чанга  дэглэмтэй  хорих  ангид  эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Эрүүгийн  хуулийн  59 дүгээр  зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдбаатарын энэ хэргийн  улмаас баривчлагдсан, цагдан  хоригдсон  276 /2016.6.13-аас  өнөөдрийг  хүртэл/ хоногийг  хорих ял  эдэлсэн  хугацаанд нь оруулан  тооцно.

 

4. Хохирол төлбөр, иргэний  нэхэмжлэлийн  талаар: 

А.Хохирол төлбөрийн талаар:

- Шүүгдэгч И.Болдбаатар  нь  Ч.Энхтүвшингийнхээс эд зүйл  хулгайлж 3.502.000 төгрөгийн  хохирол  учруулсан  боловч 2 үндсэн  хул /2*450000/ шахмал хул 1*12000/, мөнгөөр бүрсэн модон тагш /250.000/ дунд гарын  мөнгөн аяга 2*180.000/ зэрэг  1522.000 төгрөгийн  эд  зүйлийг  мөрдөн  байцаалтын шатанд хураан  авч  хохирогчид хүлээлгэн  өгсөн  байна.

Мөн хохирогч О.Тэмүүлэнд “Хонда сивик” маркийн 86-59 УБЦ улсын  дугаартай  машиныг  хүлээлгэн өгсөн  болохыг дурдлаа.

Иймд шүүгдэгч И.Болдбаатар нь  хохирогч Ч.Энхтүвшинд  эрэгтэй  мөнгөн бүс/500.000/, эмэгтэй мөнгөн бүс /300.000/  хуучин цагийн  дунд гарын 2 мөнгөн аяга /2*500.000/  шинэ цагийн  дунд гарын  мөнгөн  аяга /1*180.000/  зэргийн  үнэ   буюу 1980.000 төгрөг,  хохирогч Б.Жамбалд 2 морины үнэ 2.000.000 төгрөг,  хохирогч Н.Ганболдод мөнгөн  хазаарын үнэ 3.000.000 төгрөг,  хохирогч Г.Мөнхбаатарт мөнгөн  аяганы  үнэ  200.000 төгрөг,  хохирогч Б.Ариунболдод эмээлийн 6 мөнгөн тоноглолын үнэ 800.000 төгрөг буюу нийт 7.980.000 төгрөгийн  хохирлыг хохирогч нарт төлөөгүй  байх тул  шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох үндэстэй байна.

 Шүүгдэгч И.Болдбаатар нь хохирогч П.Амьдралсайханд 500.000 төгрөгийн,  хохирогч Л.Самданжамцад 1.000.000 төгрөгийн, хохирогч Т.Амгаланд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан нь төлөгдөөгүй  байгаа  боловч  дээрхи хохирогч  нараас  хулгайлсан, залилан мэхэлж авсан  3 ширхэг мотоциклийг  мөрдөн  байцаалтын шатанд хурааж, ирүүлсэн  байх  тул  27-93 ДУЗ улсын дугаартай / арал №LW4UBCMC 2DK005877, моторын  №UG163FML 39002143/ мотоциклийг хохирогч Л.Самданжамцад, “Иж Планета 2” маркийн улсын дугааргүй шар  өнгийн  мотоциклийг / арлын №XTKM 71070*0001247, моторын №P501001320/ хохирогч П.Амьдралсайханд, улсын дугааргүй  “Дайлим дая стар” маркийн /арал №KMYOVL1252C3096798, хөдөлгүүр №VL125E1019361/ мотоциклийг хохирогч Т.Амгаланд тус тус эрүүлэн олгохоор шийдвэрлэлээ.

 

Б. Иргэний  нэхэмжлэлийн  талаар:

Шүүгдэгч И.Болдбаатар  нь  Ч.Энхтүвшингийнхээс хулгайлсан  эд зүйлээс 3 ширхэг  мөнгөн  аягыг С.Тунгалагтуяад 100.000 төгрөгөөр  зарсан  ба уг аягыг мөрдөн байцаалтын  шатанд хураан  авч  хохирогчид хүлээлгэн  өгсөн   болох  нь  С.Тунгалагтуяагийн  мэдүүлэг /1-р хх-ийн  94-96/,  эд зүйл  хураан  авч, хүлээлгэн  өгсөн  тэмдэглэл /1-р хх-ийн 29-35/ зэргээр,   

- Т.Амгалангийн  эзэмшлийн “Дайлим дая стар” маркийн мотоциклийг залилан  мэхэлж  авсаны дараа иргэний  нэхэмжлэгч  Т.Пунцагдашид зарсан ба уг  мотоциклийг мөрдөн  байцаалтын  шатанд Т.Пунцагдашаас хураан  авсаны  улмаас түүнд 400.000 төгрөгийн  хохирол учирсан болох нь Т.Пунцагдашийн  иргэний нэхэмжлэгчээр  өгсөн  “би 2016 оны 6-р сарын эхээр  Дэлгэрцогт сумын  “Туулант гол” нэртэй дэлгүүрийн үүдэнд нэг залуутай мотоциклийн наймаа хийсэн юм. Тэр хар өнгийн  мотоциклийг би өөрийн  унаж явсан  мотоцикль дээр150000 төгрөг  нэмээд наймаа хийсэн.  Одоо мотоциклио авчихвал өөр нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгээр  /1-р хх-ийн  78, шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг/,  

- Л.Самданжамцын “Юүнганг”  маркийн 27-93 ДУЗ улсын  дугаартай  мотоциклийг залилан мэхэлж авсаны дараагаар Т.Ёндонд 50.000 төгрөгөөр зарсан  болох нь Т.Ёндонгийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгээр /1-р хх-ийн  73/,

-2016 оны 5 сарын 21-23-ны хооронд Дэлгэрцогт сумын төвд иргэн Ж.Энхзулын гэрт  хууль бусаар нэвтэрч алх, галын сийлтүүр, бэлтгэлийн цамц зэрэг  эд зүйл хулгайлсан болох нь Ж.Энхзулын мэдүүлэг, эд зүйл хураан  авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр,

-2016.05.22-23-нд шилжих шөнө Дэлгэрцогт суманд байрлах  Туулант гол ХХК-ийн   дэлгүүрээс эд зүйл  хулгайлж 119000 төгрөгийн  хохирол  учруулсан  болох  нь Д.Отгонбатын иргэний нэхэмжлэгчээр өгсөн  мэдүүлэг /1-р хх-ийн 82/,  эд зүйлийн  үнэлгээ /1-р хх-ийн  198/ зэргээр,

  -2016.05.22-23-ны шилжих шөнө Дэлгэрцогт сумын  төвд байрлах “Цахир Амардалай” дэлгүүрээс эд зүйл  хулгайлан  55400 төгрөгийн  хохирол  учруулсан  болох  нь И.Бямбасүрэнгийн  иргэний  нэхэмжлэгчээр  өгсөн  мэдүүлэг /1-р хх-ийн 84/, эд зүйлийн  үнэлгээ /1-р хх-ийн  198/ зэргээр

- 2016 оны 6 сарын эхээр Гурвансайхан  сумын  төвд байрлах  “Дэвших” цайны  газраас  иргэн Г.Оюунбүргэдийн  гар утсыг  хулгайлж 100.000 төгрөгийн  хохирол учруулсан  болох  нь Г.Оюунбүргэдийн   хохирогчоор өгсөн “Тэр залуутай хамт дэлгүүрээс  гарч довжооноос буугаад төмөр  хашааны хаалгаар  гарах  үед миний гар  утасны  дуутай адилхан  дуу  гарахаар нь халаасаа тэмтэртэл миний  утас  байгаагүй. Тэгэхээр нь цайны газар  луу гүйж ороод утсаа  үзтэл миний утас алга болсон  байсан. Гүйж гарч   ирээд хартал нөгөө  хоол идсэн  хар  өнгийн  өндөр  гартай,  урд дугуй нь нарийн, ард дугуй нь өргөн  мотоцикльтой залуу  эмнэлгийн  урдуур засмалаар баруун зүгт давхиж байсан. Тэр  дор нь хүний  утсаар  залгаж  үзэхэд миний  утас дуудаж  байгаад  холбогдохоо байсан” гэх   мэдүүлэг /2-р хх-ийн   209/,  эд  зүйлийн  үнэлгээ /2-р хх-ийн 212/ зэргээр

- хохирогч О.Тэмүүлэнгийн эзэмшилд байсан “Хонда сивик ”   маркийн 86-59 УБЦ улсын дугаартай автомашиныг хулгайлж, Улаанбаатар хотоос Төв аймгийн Баян-Өнжүүл сум орох замдаа эвдэлж уг автомашины жинхэнэ  эзэмшигч Ц.Отгонжаргалд 1.480.000 төгрөгийн  хохирол учруулсан болох нь Ц.Отгонжаргалын иргэний нэхэмжлэгчээр өгсөн  мэдүүлэг /1-р хх-ийн 239/,  “Вендо” ХХК-ийн  хөрөнгийн  үнэлгээний  тайлан /1-р хх-ийн 43/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний  хуулбар /1-р хх-ийн 248/  зэргээр тус  тус  тогтоогдож байна.  

Шүүгдэгч  И.Болдбаатар  нь “...Би Гурвансайхан  суманд дэлгүүрээр орсон, цайны газраар ороогүй, Оюунбүргэдийн  гар  утсыг  аваагүй ...” гэж  шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлж  байх  боловч түүний  мэдүүлгийг  нотлох баримт  хэрэгт  авагдаагүй  байна.

Иргэний  нэхэмжлэгч Ж.Энхзул, И.Бямбасүрэн, Т.Ёндон, Т.Пунцагдаш  нар  нь  иргэний  нэхэмжлэлээсээ  татгалзсан  болох  нь тэдний  иргэний  нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгээр  нотлогдож байх тул дээр дурдсан  иргэний  нэхэмжлэгч нарт учирсан гэх хохирлыг шүүх хэлэлцэхгүй орхилоо.  

Мөрдөн  байцаалтын  шатанд  Д.Энх-Амгалангаас хураан авч шүүхэд ирүүлсэн “Fekon”  маркийн /арал №LDAPAK100CCB11074, хөдөлгүүр№162FMG-11*12010246*,/ улсын дугааргүй мотоцикль нь иргэний  нэхэмжлэгч Т.Пунцагдашаас шүүгдэгч И.Болдбаатар  авсан  мотоцикль мөн  болох  нь иргэний  нэхэмжлэгч болон  шүүгдэгчийн мэдүүлгээр  нотлогдож байх тул иргэний нэхэмжлэгч Т.Пунцагдашд эгүүлэн  олгохоор  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч И.Болдбаатараас 1.799.000 төгрөгийг  гаргуулан  иргэний  нэхэмжлэгч, С.Тунгалагтуяад 100.000 төгрөг, Д.Отгонбатад 119.000 төгрөг, Г.Оюунбүргэдэд 100.000 төгрөг, Ц.Отгонжаргалд 1.480.000 төгрөгийг тус тус  олгох үндэстэй байна.  

Иймд шүүгдэгч И.Болдбаатараас нийт 9.779.000 төгрөгийг  гаргуулан  хохирогч, иргэний  нэхэмжлэгч  нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

5. Бусад асуудлын талаар:

 Энэ хэрэгт эд  мөрийн  баримтаар хураагдаж  ирсэн “Vongvi top cecuite” гэсэн  бичигтэй  цоож 1 ширхэг, “Blossom super” гэсэн  бичигтэй цоож  1 ширхэгийг тус  тус  эд  мөрийн  баримтаар  хураан  ирүүлсэн  байх  тул Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн 88 дугаар  зүйлийн  88.1.3 дахь хэсэгт  зааснаар  устгах нь зүйтэй  гэж  үзэв.

Мөрдөн  байцаалтын  шатанд хохирогч О.Тэмүүлэнгээс хулгайлж авсан “Хонда сивик” маркийн  автомашинд учирсан  хохирлыг  үнэлгээг  “Вэндо” ХХК гүйцэтгэсэн  ба уг үнэлгээний  зардлыг хохирогч О.Тэмүүлэн  төлсөн  болох нь хэргийн 1-р  хавтаст хэргийн  245 дугаар  хуудсанд авагдсан бэлэн  мөнгөний  орлогын баримтаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн  байцаан  шийтгэх хуулийн 99 дүгээр  зүйлийн 99.1.2, 101 дүгээр  зүйлийн  101.1 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгчээс  гаргуулж хохирогч О.Тэмүүлэнд олгох нь   зүйтэй гэж  үзлээ.

Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 285, 286, 288, 290 дүгээр зүйлийн 290.3,  291, 293 дугаар  зүйлийн  293.1,  294, 297, 299, 301 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн 246 дугаар  зүйлийн 246.2 дахь хэсэгт  зааснаар хохирогч О.Тэмүүлэнгийн  эзэмшлийн “Хонда сивик” маркийн  86-59 УБЦ улсын  дугаартай автомашиныг залилан  мэхэлж авсан  гэж шүүгдэгч И.Болдбаатарт Эрүүгийн  хуулийн  148 дугаар зүйлийн  148.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгон, яллах  дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн  хуулийн  145 дугаар зүйлийн 145.2 гэж  хөнгөрүүлэн  өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Хорин  овгийн  Итгэлмаагийн  Болдбаатарыг 7 удаагийн буюу давтан үйлдлээр, орон  байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг  хулгайлж бусдад үлэмж  хэмжээний  хохирол учруулах гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд, мөн  бусдын  эд хөрөнгийг  хулгайлах гэмт  хэрэгт  шийтгүүлээд  ялтай байх хугацаандаа 2 удаагийн буюу давтан үйлдлээр бусдын эд  хөрөнгийг  залилан  мэхэлж  авч бусдад  бага  бус хэмжээний  хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцсугай.

3. Анхны ардчилсан  сонгууль  болж  байнгын  ажиллагаатай  парламент  байгуулагдсаны 25 жилийн  ойг тохиолдуулан  Өршөөл  үзүүлэх тухай  хуулийн  7 дугаар  зүйлийн  7.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч  И.Болдбаатарт  холбогдуулан Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн  145.2 дахь хэсэгт  зааснаар  ял сонсгон, яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн  “2015 оны 5 дугаар  сард Төв аймгийн  Бүрэн  сумын  5-р багийн Булангаа  гэх  газар  оршин  суух иргэн  Н.Ганболдын  гэрээс 1 ширхэг мөнгөн  хазаар хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан”  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч  Итгэлмаагийн  Болдбаатарт  Эрүүгийн  хуулийн  Ерөнхий  ангийн 49 дүгээр  зүйл, мөн  хуулийн Тусгай ангийн 145 дугаар  зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар  500.000 /таван зуун мянга/  төгрөг  хурааж 4 /дөрөв/ жилийн  хугацаагаар  хорих ял, Эрүүгийн  хуулийн  Ерөнхий  ангийн 49 дүгээр  зүйл, мөн  хуулийн Тусгай ангийн 148 дугаар  зүйлийн  148.3 дахь хэсэгт зааснаар  2.100.000 /хоёр сая нэг  зуун мянга/ төгрөг хурааж, 8 /найм/ жилийн  хугацаагаар  хорих  ял тус тус оногдуулж  шийтгэсүгэй.

5. Эрүүгийн  хуулийн  57 дугаар  зүйлийн  57.1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч  И.Болдбаатарт оногдуулсан  хөнгөн  ялыг  хүндэд нь багтааж, түүний  биечлэн  эдлэх  ялыг  2100000 /хоёр сая нэг зуун мянга/  төгрөг  хурааж, 8 /найм/ жилийн  хугацаагаар  хорих  ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн  хуулийн  52 дугаар  зүйлийн  52.6 дахь хэсэгт   зааснаар шүүгдэгч И.Болдбаатарт оногдуулсан 8 жилийн  хугацаагаар  хорих   ялыг  чанга  дэглэмтэй  хорих   ангид эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн  хуулийн  59 дүгээр  зүйлийн  59.1, 59.2, Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.7 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч  И.Болдбаатарын  энэ хэргийн  улмаас баривчлагдсан, цагдан  хоригдсон нийт 276 хоногийг  хорих ял  эдэлсэн  хугацаанд нь оруулан  тооцсугай.

8. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж  ирсэн 27-93 ДУЗ улсын  дугаартай   “Vingang” /чансаа/ мотоциклийг  хохирогч Л.Самданжамцад,  улсын дугааргүй “ИЖ планета-2” маркийн  шар өнгийн  мотоциклийг хохирогч П.Амьдралсайханд,  улсын дугааргүй,  хар өнгийн “Дайлим дая стар” маркийн  мотоциклийг хохирогч Т.Амгаланд,  улсын  дугааргүй  шаргал  өнгийн  “Fekon” маркийн  мотоциклийг  иргэний  нэхэмжлэгч Т.Пунцагдашид тус тус эгүүлэн олгосугай.

10. Иргэний  хуулийн  497 дугаар  зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн  510.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдбаатараас 9779200 /есөн сая долоон зуун  далан  есөн мянган/  төгрөгийг  гаргуулан  хохирогч Ч.Энхтүвшинд 1980000 /нэг сая есөн зуун наян мянган/ төгрөгийг, хохирогч Б.Жамбалд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг, хохирогч Н.Ганболдод 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, хохирогч Г.Мөнхбаатарт  200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг,  хохирогч Б.Ариунболдод 800000 /найман зуун мянган/ төгрөгийг, иргэний  нэхэмжлэгч Ц.Отгонжаргалд 1480000 /нэг сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг, иргэний  нэхэмжлэгч С.Тунгалагтуяад 100000 /нэг зуун мянган/ төгрөгийг,  иргэний  нэхэмжлэгч Д.Отгонбатад 119000 /нэг зуун арван есөн мянган/ төгрөгийг, иргэний  нэхэмжлэгч Г.Оюунбүргэдэд 100000 /нэг  зуун мянган/ төгрөгийг  тус  тус  олгосугай.

11. Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3, 121.4 дэх хэсэгт зааснаар  иргэний нэхэмжлэгч И.Бямбасүрэн, Т.Пунцагдаш, Ж.Энхзул, Т.Ёндон нар нь иргэний  нэхэмжлэлээсээ татгалзсан тул холбогдох нэхэмжлэлийг  хэлэлцээгүй болохыг дурдсугай.

12. Хохирогч Ч.Энхтүвшинд мөнгөн аяга 3 ширхэг, үндсэн  хул 2 ширхэг, модон хул 1ширхэг, хохирогч О.Тэмүүлэнд “Хонда сивик” маркийн 86-59 УБЦ улсын  дугаартай автомашиныг  тус тус хүлээлгэн өгсөн  болохыг дурдсугай.

13. Шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болмогц Дундговь  аймаг  дахь Цагдаагийн  газарт хадгалагдаж  байгаа 27-93 ДУЗ улсын  дугаартай “Vingang” /чансаа/ мотоциклийг  хохирогч Л.Самданжамцад,  улсын дугааргүй “ИЖ планета-2” маркийн шар өнгийн  мотоциклийг хохирогч П.Амьдралсайханд,  улсын дугааргүй,  хар өнгийн “Дайлим дая стар” маркийн  мотоциклийг хохирогч Т.Амгаланд,  улсын  дугааргүй  шаргал  өнгийн  “Fekon” маркийн мотоциклийг  иргэний  нэхэмжлэгч Т.Пунцагдаш нарт тус тус  хүлээлгэн  өгч баримтыг И.Болдбаатарт холбогдох  эрүүгийн  201612000101 тоот  хэрэгт хавсаргахыг  шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.

14. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн 99 дүгээр  зүйлийн  99.1.2, 101 дүгээр  зүйлийн  101.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн  үнэлгээний  хөлс 58000 /тавин  найман мянган/ төгрөгийг шүүгдэгч И.Болдбаатараас гаргуулан  хохирогч О.Тэмүүлэнд олгосугай.

15. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 88 дугаар  зүйлийн  88.1.3 дахь хэсэгт  зааснаар  энэ хэрэгт эд  мөрийн  баримтаар хураагдаж  ирсэн “Vongvi top cecuite” гэсэн  бичигтэй  цоож 1 ширхэг, “Blossom super” гэсэн  бичигтэй цоож  1 ширхэгийг тус  тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

16.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Болдбаатарт урьд авсан цагдан хорих таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

17.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт  шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү,  Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ

 

     ШҮҮГЧИД                               Л.ОДОНЧИМЭГ

 

                                                Г.МӨНХБАТ