Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/03053

 

 

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/03053

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:А.С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:С ХХК-д холбогдох,

 

Цалин 6 380 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч А.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би С ХХК-д экскаваторын операторын албан тушаалд сарын 1 300 000 төгрөгийн цалинтайгаар 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн хөлс болох нийт 7 800 000 төгрөгийн цалин авах ёстойгоос 1 417 000 төгрөг авсан. Үлдэгдэл цалин болох 6 380 000 төгрөгийг одоог хүртэл элдэв шалтгаан хэлж хойшлуулан олгохгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний хохирлыг барагдуулж ажилласан хугацаанд олгогдох ёстой хөдөлмөрийн хөлсийг олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:А.С нь С  ХХК-д экскаваторын операторын албан тушаалд сарын 1 300 000-1 500 000 төгрөгийн цалинтайгаар 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн хөлс болох нийт 7 800 000 төгрөг авах байснаас 1 417 000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 6 380 000 төгрөгийг өдийг хүртэл С  ХХК нь өгөөгүй байна. Нэхэмжлэгч А.С нь удаа дараа цалингаа авахаар нэхэхэд удахгүй төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд С ХХК-иас 6 380 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү. Хариуцагч талаас С  ХХК-д нэхэмжлэгч А.Сг ажиллаж байгаагүй гэх тайлбарыг гаргаж байна, 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр С  ХХК-иас А.Сгийн цалин 617 500 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 600 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12 дугаар сарын үлдэгдэл цалин буюу С  ХХК гэх утга бүхий 205 710 төгрөгийг  тус тус цалин гэж шилжүүлсэн байдаг. Тиймээс Төв аймгийн Заамар сумын уурхайд А.С нь 6 сарын турш экскаваторын операторын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагч талаас гаргаж буй А.Сг танихгүй, С  ХХК-д ажиллаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарыг эдгээр нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:А.С гэдэг хүнтэй манай байгууллага хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авч цалин хөлс олгож байгаагүй. Гүйцэтгэх захирал гэж нэхэмжлэлд дурдсан Б 99062290, менежер Хашаа /99131551/ гэх хүмүүс нь манай байгууллагатай нэг хэсэг хамтран ажиллаж байсан Б Х ХХК-ийн хүмүүс юм шиг байна. Иймд манай байгууллагад ажиллаж байгаагүй хүний цалинг хариуцахгүй гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь А.С нь С  ХХК-д ажиллаж байгаагүй. Ажилд томилсон тушаал гараагүй. С  ХХК-ийн байгуулсан хөдөлмөрийн гэрээ гээд хавтаст хэрэгт гэрээ авагдсан байна. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд зурагдсан гарын үсэг С ХХК-ийн захирал Төмөрийн гарын биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой, нийгмийн даатгал төлөх ёстой. С  ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний загварыг ашиглаж, хөдөлмөрийн гэрээ хийсэн хүмүүс, дансаар мөнгө шилжүүлэхдээ С  ХХК-иас гэж хийх нь тодорхой шүү дээ. Тиймээс дансны хуулгаар нотлогдож байгаа гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь нийгмийн даатгал төлөгдөөгүй, ажилд томилсон тушаал байхгүй. Жинхэнэ хариуцагчийг олж өгөхийн тулд би гэрч асуулгах хүсэлтийг гаргасан. Уурхайд ажиллаж байсан гэж тайлбарлаж байна. Хэрвээ уурхайд ажиллаж байсан бол С  ХХК уурхай ажиллуулдаг эсэх, уурхай руу ажилтныг оруулж байсан эсэхийг нэхэмжлэгч яагаад нотолж чадахгүй байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гэрч Б.Бшүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн С ХХК-д ажиллаж байгаа, үүнээс өмнө ажиллаж байгаагүй. Хаан банкны 50...... тоот данс нь миний эзэмшлийн данс мөн, Б ах гуйж надаар А.Сд мөнгө хийлгэсэн, Б ах л гүйлгээний утга дээр нь ингээд бич гэж хэлсэн гэв.

   

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.С нь хариуцагч С ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар суманд ажилласан тул цалингийн үлдэгдэл 6 380 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч С ХХК нь А.Стай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнийг ажиллуулж цалин өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

А.С нь С ХХК-д сарын 1 300 000 төгрөгийн цалин хөлстэйгөөр ажиллаж байсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

А.С нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр С ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг байгуулсан байх боловч уг гэрээг баталж хариуцагч байгууллагын захирал Ш.Тгарын үсэг зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2169 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Нөгөө талаар А.Сгийн Хаан банкин дах 5272085954 тоот дансанд Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкин дах 5014413122 тоот данснаас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С ХХК 12 сарын урьдчилгаа цалин гэсэн утга бүхий 600 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр С 12 сар үлдэгдэл гэсэн утга бүхий 205 710 төгрөгийн гүйлгээнүүд хийгдсэн байгааг Бгийн хүсэлтээр хийсэн гэж гэрч Б.Бмэдүүлж байна.

 

Иймд А.С нь С ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул түүний цалингийн үлдэгдэл 6 380 000 төгрөгийг С ХХК-иас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 6 380 000 /зургаан сая гурван зуун наян мянган/ төгрөг гаргуулах тухай А.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН