| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0027/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/27 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/27
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгч А.Т-ы өмгөөлөгч С.А-,
Шүүгдэгч А.Т-, М.Е- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын Е-, Т овогт А-ы Т- нарт холбогдох эрүүгийн 2313000000256 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 54 минутад хүлээн авч, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, 199...... оны ..... дугаар сарын ...........-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Баян-............... аймгийн .......... суманд төрсөн, казах, дээд боловсролтой, математик загварчлал мэргэжилтэй, “Г-х” ХХК-ний борлуулалтын ажилтан, ам бүл 3, ээж, дүү нарын хамт амьдардаг гэх, Баян-............... аймгийн ........... сумын ....... дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, БЮ................. регистрийн дугаартай, Б овогт М-ын Е-.
2. Монгол Улсын харьяат, 19........... оны ........ дугаар сарын ..........-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Баян-............... аймгийн ............... суманд төрсөн, казах, бүрэн дунд боловсролтой, Хүнсний биотехник мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-............... аймгийн .............. сумын ............ дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, БЮ........... регистрийн дугаартай, Т овогт А-ы Т-.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Е- нь Баян-Өлгий аймгийн .......... сумын ........ дүгээр багийн нутаг дэвсгэрт ......... тоотод байх иргэн Б.А-гийн хашааны гадна 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэн А.Т-ыг зодож, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч А.Т- нь Баян-Өлгий аймгийн .......... сумын ........ дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.А-г зодож, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Т-, М.Е- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч А.Т-, Б.А- нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна” гэв.
2. Шүүгдэгч А.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчтой хэл ам болж маргаан болж зодоон гарсан. Дараа нь хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч уучилсан” гэв.
3. Шүүгдэгч М.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б.А-г гэрт нь хүргэж өгөх гэж очиж байхдаа хүнд зодуулсан гэж хэлсэн. Хэн зодсон бэ гэж асуухад хэлээгүй. Дүүгээс нь асууж мэдсэн. А.Т- зодсон гэдгийг мэдсэн. Хохирогчийг эмнэлэгт үзүүлээд харих замдаа А.Т- нь Б.А-гийн гэрийн гадна байсан тул яагаад эмэгтэй хүнийг зодож байна гэж урандаа цохисон” гэв.
4. Шүүгдэгч А.Т-ы өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Т- нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хохирлыг арилгасан. Шүүгдэгч нар хоорондоо эвлэрсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313000000256 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
5. Хохирогч А.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,
6. Хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78, 80 дахь тал/,
7. Гэрч Б.А-, Б.А- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82, 84-85 дахь тал/,
8. Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 576 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 89-91 дэх тал/,
9. Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 578 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 95-97 дахь тал/,
10. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 03-04 дэх тал/,
11. Хохирогч Б.А-гээс гаргаж өгсөн 5 хуудас бүхий баримт, түүнийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 07-13 дахь тал/,
12. Яллагдагч М.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 130 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,
13. Яллагдагч А.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 128 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
14. Шүүгдэгч А.Т-, М.Е-, өмгөөлөгч С.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
15.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
16. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Т-, М.Е- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
17. Шүүгдэгч М.Е- нь Баян-Өлгий аймгийн ............... сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт ........ тоотод байх иргэн Б.А-гийн хашааны гадна 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэн А.Т-ыг зодож, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А.Т- нь Баян-............... аймгийн ............... сумын ........ дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.А-г зодож, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
18. Хохирогч А.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2023 оны 2 дугаар сард Б.А- гэх эмэгтэйтэй танилцаж найзалж эхэлсэн. Тэгээд тэрээр надаас 2023 оны 2 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл нийт 13,000,000 орчим төгрөгийг бэлнээр болон дансаар зээлж авсан. Тэрээр надаас хэрэглээний мөнгө хэрэгтэй байна, дараа нь буцаагаад өгье гэж хэлээд авсан ч буцаагаад надад ямар ч мөнгө төгрөг төлөөгүй байна. Тийм учраас түүнээс зээлсэн мөнгөө авахаар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн үед Б.А- нь надтай утсаар яриад уулзах хэрэгтэй гэхээр нь түүний ажил болох “И.с” ...............” ТББ-д очиж хаалганы цоож сольж өгөөд гэрт нь хүргэж өгөхөөр хамт явсан. Тэрээр гэртээ очоод хувцсаа сольж гарч ирээд надтай цуг ............... сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр Сагсай явах замд байгаа шинэ гүүрний тэнд очоод ярилцаж байгаад би мөнгөө асуухад тэрээр надтай хэрүүл маргаан хийж байгаад надаас 6,000,000 төгрөг асуугаад байр түрээслэх гэсэн юм гэхээр нь тийм мөнгө надад байхгүй гэж түүнтэй хэрэлдэж байгаад тэрээр намайг толгой руу цохиж уурлаад машиныг цохих гээд байхаар нь түүний нүүр лүү баруун гараараа 2-3 удаа алгадсан. Тэр үед нь түүний уруул нь хавдсан. Тэгээд түүнийг эмнэлэгт хүргэж өгье үзүүлье гэхэд тэрээр үзүүлэхгүй гэхээр нь би түүнийг гэрт нь хүргэж өгөөд явсан. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн үед түүнтэй ярилцаж мөнгө хэзээ өгөхийг асуух гэж гэрт нь очиход тэрээр нэг залуутай гэрийнхээ хажууд алхаад явж байсан. Тэр үед нөгөө залуу миний машины хаалгыг татаж онгойлгоод чи эмэгтэй хүн зоддог ямар хүн чанаргүй залуу вэ гээд машин дотор гараараа зодоод машинаас буулгаж бас гараараа зодсон. Тэр үед түүнд гар хүрээгүй түүнд ямар учиртай тэдний гэрт ирсэн эсэх талаар тайлбарлах гэхэд миний үгийг тоохгүй намайг зодсон. Тэгээд тэрээр намайг зодсоны дараагаар цагдаад дуудлага өгсөн. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Тэр залуу намайг гараа атгаж байгаад зодсон, гартаа ямар нэг зүйл барьж зодсон асуудал байхгүй. Би Б.А-тэй дотно харилцаатай, бид хоёр хааяа хоорондоо уулздаг юм. Тэрээр надтай танилцах үедээ ганцаараа амьдардаг байсан. Би Б.А-д зээлсэн мөнгийг дансны хуулгаа харж байгаад авчирч өгье, харин намайг зодсон залууд гомдол байхгүй, тэр залуу бидний хоорондын асуудлыг мэдэхгүй байж түргэн уураар намайг зодсон түүнд гомдолгүй...”, “...түүний зүгээс намайг залилсан асуудал байхгүй, уг мөнгийг надад хувааж төлж өгөхөөр Б.А- тохирсон байгаа. Иймд уг гомдолд 13,000,000 орчим төгрөгийг дахин шалгах шаардлагагүй. Б.А- бид хоёр өөрсдөө хоорондоо тохирч шийднэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,
19. Хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хаан банкны ...............данс нь миний Хаан банкны эзэмшлийн данс байгаа. Миний зүгээс түүнээс над руу шилжүүлсэн мөнгө төгрөгийг зээлсэн асуудал байхгүй. Харин тэр өөрөө миний араас гүйдэг байсан болохоор мөнгө шилжүүлдэг байсан юм. Би уг мөнгийг гаргаж өгөх болно. Уг асуудалтай холбоотой А.Т-тай уулзаад ярьж тохирсон байгаа...,
...Би урьд нь өмгөөлөгчийн туслахаар ажилладаг байсан ба тухайн үед холбоонд ажилладаг А.Т- гэх залуутай 2021 оны 09 дүгээр сараас мэнд мэддэг болсон. Тэгээд тэрээр намайг ажиллаж байх хугацаанд надтай холбоо тогтоох гэж нэг ёсны уулзъя гээд байсан болохоор ажлаасаа гарч “И.с” ...............” ТББ-д ажилд орсон. Тэгсэн ч гэсэн тэрээр миний араас зууралдаж намайг гэрт очихоор гэрийн үүдэнд хүлээж байдаг байсан. Тэгээд уржигдар буюу 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 20 цагийн үед А.Т намайг ажлаас гараад гэр рүү явж байх замд цагаан өнгийн “приүс” загварын машинд суулгаж аваад ............... сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр Скай паласын хойно баригдаж байгаа цэцэрлэгийн тэнд очоод машин дотор сууж байхдаа чи М.Е-тай гэрлэх гэж байгаа юм байна би чамайг түүнтэй гэрлүүлэхгүй чи намайг яагаад хүлээхгүй байгаа юм гэж уурласан. Тэр үед би түүнийг чи гэр бүлтэй хүн миний араас гүйгээд яахын бэ больё гэж хэлэхэд тэрээр уурлаад намайг машин дотроо хоолой боож, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад намайг гэрийн гадна буулгачихаад яваад өгсөн. Би гэртээ ороод дүүгээ сэрээгээд миний ирсэн байдлын зургийг аваадах намайг хүн зодчихлоо гээд зураг авхуулчихаад унтаж амарсан. Тэгээд өчигдөр, өнөөдөр эмнэлгээр явж байгаад өнөөдөр орой 21 цагийн үед найз залуу М.Е- намайг гэр рүү хүргэж өгч байх замдаа бид хоёр манай гудамжинд байдаг хүнсний дэлгүүрээс гоймон аваад гэрт очиж идье гээд дэлгүүрээс гоймон аваад гарч байхад уг дэлгүүрийн гадна А.Т- портер загварын ....... БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж зогссон. Тэр үед найз залуу М.Е- түүнийг машин дотор нь зодоод машинаас буусны дараа ч мөн түүнийг гараараа зодож байгаад өөрөө цагдаад дуудлага өгсөн. Би намайг зодсон асуудалд нь өөрөө тусдаа гомдол гаргаж шалгуулах болно. М.Е- түүнийг гараараа зодсон ямар нэгэн багаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Түүний нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад зодсон. Анх машин дотор байхад нь тэр хоёр бие биенийхээ цээж хэсэг рүү цохиод байсан. Би түүнийг холбоонд өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байх үед нь мэнд мэдэж таньдаг болсон. Түүнээс ямар нэгэн мөнгө төгрөг зээлж байгаагүй...” гэх” мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78, 80, 84-85 дахь тал/,
20. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ““...дээрх өдрийн орой 20 цаг өнгөрч байхад эгч Б.А- над руу утсаар залгаад ажлаасаа тарчихлаа гэр лүү харьж явна гэхээр нь би аан за за гэж хэлээд утсаа салгаад эгчийг ирчих юм байна гэж бодоод унтаад өгсөн юм. Тэгээд шөнө унтаж байсан чинь намайг хүн татаад сэрээхээр нь харсан чинь эгч Б.А- байсан тухайн үед түүний нүүрний хэсэгт нь ил цус тогтсон байдалтай харагдаж байсан. Тэгэхээр нь би босоод эгчээс яасан юу болсон бэ гэхэд А.Т- намайг машиндаа суулгаж авч яваад машин дотор зодсон гэж хэлсэн. Тухайн үед яг хаана, юуны улмаас зодсон талаар нарийн юм хэлээгүй. Тэгэхэд цаг шөнийн 02 цагийн орчим болж байсан. Тэгээд эгч надад хандаад чи миний биед үүссэн гэмтлүүдийн гэрэл зургийг аваадах гэхээр нь би өөрийнхөө гар утсаар зургийг нь дарсан. Тухайн үед эгчийн уруул хавдсан, баруун талын нүдний дотор хэсэг нь улайсан, баруун талын мөр нь хөхөрсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/,
21. Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 576 дугаартай “...Б.А-гийн биед баруун хацарт цагариг хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдэнд салстад цус харвасан, дээд уруулд хэгзэрсэн, доод эрүүний урд хэсэгт цагариг хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, хүзүүний урд хэсэгт багалзуурдсан хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн мөрөнд гадна хөх ягаан туяатай цус хуралттай, баруун бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шуунд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн алганд шалбарсан, баруун бугалганы доод хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Б.А-гийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 89-91 дэх тал/,
22. Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 578 дугаартай “...А.Т-ы биед тархины доргилттой, баруун ба зүүн нүдэнд битүү хавдартай, салстад цус харвасан, хөх ягаан туяатай цус хуралттай, дээд ба доод зовхинд цус хуралттай, духанд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавантай, хамрын үзүүрт шархтай, дээд уруулд шархтай, хүзүү хоолойд багалзуурдсан хөндлөн байрлалтай хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн ташаанд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн өгзгөнд хөх ягаан туяатай, баруун гуяд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. А.Т-ы дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 95-97 дахь тал/,
23. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 03-04 дэх тал/,
24. Хохирогч Б.А-гээс гаргаж өгсөн 5 хуудас бүхий баримт, түүнийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 07-13 дахь тал/,
25. Яллагдагч М.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Б.А- гэх охинтой 2022 оны 12 дугаар сараас эхэлж танилцаад үерхэж эхэлсэн. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн үед Б.А- надад нүүр нүд, нь хавдсан, уруул нь хавдсан байдалтай, хамарнаас нь цус гарсан байдалтай зургаа над руу мессенжер чатаар явуулаад намайг хүн зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би 10 цагийн үед гэрт нь очоод юу болсон талаар асууж тодруулахад тэрээр надад "би дараа нь хэлнэ, одоо хэлмээргүй байна" гэсэн тул би түүнийг дагуулаад эмнэлэгт очиж үзүүлээд орой тийшээ 16 цагийн орчимд гэрт нь хүргэж өгөөд явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 09 дүгээр сарын 03-ны өглөө би Б.А- руу залгаад "бие чинь зүгээр үү яаж байна" гэж асуухад бүх бие маань зовиуртай өвдөөд байна, толгой эргээд байна" гэж хэлсэн тул би дахиад гэрт нь очоод дагуулж аваад "Инкар" нэртэй хувийн эмнэлэгт очиж эмчид үзүүлээд шингэн залгуулаад, эм тариа бичүүлж аваад буцаад гэр лүү нь алхаад явж байхад Б.А-гээс хэн зодсон талаар дахин дахин асуухад Б.А- надад хэлэхдээ "2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А.Т- намайг машиндаа суулгаж авч яваад зодсон" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 20 цаг 20 минутын орчимд байсан байх Б.А-гийн гэрийн ойролцоо байдаг наг дэлгүүрт орж эд зүйл авч гараад Б.А-гийн хашаанд нь орох гэж байхад А.Т- нэг портер загварын машинтай ирээд бид хоёрын хажууд зогссон. Тэгэхэд би А.Т-д уурлаад "чи муу эмэгтэй хүнийг ингэж зодохоос ичихгүй байна уу" гэж хэлээд машиных нь хаалгыг онгойлгож ороод түүнийг гараараа хэд хэдэн удаа цохиж зодоод дараа нь машинаас гаргаж ирээд мөн адил гараараа хэд хэдэн удаа цохиж зодоод би өөрөө цагдаа дуудаж мэдэгдсэн. Болсон хэрэг энэ. Би энэ хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130 дахь тал/,
26. Яллагдагч А.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 01- ний өдөр би Б.А-г “И.с” ТББ-н үүднээс очиж авсан. Тэгээд бид хоёр миний машинтай хамт ............... сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэртэд очиж маргалдсан. Хэрүүл маргаан гарч байх үед би Б.А-гийн хүзүүнээс зүүн гараараа бариад баруун гараараа нүүр лүү нь 2,3 удаа алгадсан юм. Тэгээд бид хоёр тэр дороо эвлэрээд би Б.А-г гэрт нь хүргэж өгсөн юм. Тэрнээс өөр ямар нэгэн асуудал болоогүй, миний хувьд Б.А-гээс уучлалт гуйсан. Тухайн үед би машин дотор Б.А-гийн нүүр лүү 2, 3 удаа алгадсан, тэгээд хүзүүг нь зүүн гараараа багалзуурдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт.
27. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
28. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
29. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
30.Шүүгдэгч А.Т- нь хохирогч М.Е-гийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед баруун хацарт цагариг хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдэнд салстад цус харвасан, дээд уруулд хэгзэрсэн, доод эрүүний урд хэсэгт цагариг хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, хүзүүний урд хэсэгт багалзуурдсан хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн мөрөнд гадна хөх ягаан туяатай цус хуралттай, баруун бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шуунд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн алганд шалбарсан, баруун бугалганы доод хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
31. Шүүгдэгч М.Е- нь хохирогч А.Т-ы дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед тархины доргилттой, баруун ба зүүн нүдэнд битүү хавдартай, салстад цус харвасан, хөх ягаан туяатай цус хуралттай, дээд ба доод зовхинд цус хуралттай, духанд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавантай, хамрын үзүүрт шархтай, дээд уруулд шархтай, хүзүү хоолойд багалзуурдсан хөндлөн байрлалтай хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн ташаанд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн өгзгөнд хөх ягаан туяатай, баруун гуяд хөх ягаан туяатай цус хуралттай буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
32. Шүүгдэгч М.Е-, А.Т- нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
33. Иймд шүүгдэгч М.Е-, А.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
34. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, хоорондын таарамжгүй байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
35. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
36. Хохирогч А.Т-, Б.А- нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
37. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч М.Е-, А.Т- нарыг хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн зорилтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч тус бүрт 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн ял оногдуулах” дүгнэлтийг,
38. Шүүгдэгч А.Т-ы өмгөөлөгч С.А-гаас: “Улсын яллагчийн зүгээс санал болгож байгаа торгох ялыг дэмжиж байна. Торгох ялтай холбоотой ямар нэгэн маргаангүй” гэх дүгнэлтийг,
39. Шүүгдэгч нараас: Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
40. Шүүгдэгч А.Т-, М.Е- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
42. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Т-, М.Е- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
43. Шүүгдэгч А.Т-, М.Е- нар урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
44. Шүүгдэгч А.Т-, М.Е- нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр, шүүгдэгч А.Т-д 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр тус тус торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
45. Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, торгох ялыг ялгамжтай оногдууллаа.
46. Шүүгдэгч А.Т-, М.Е- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
47. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Т-, М.Е- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдаж байна.
48. Шүүгдэгч М.Е-, А.Т- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-ын Е-, Т овогт А-ы Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Т-ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е-, А.Т- нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч М.Е-, А.Т- нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.Е-, А.Т- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК