| | 2020 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2020/03195 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч:Б.Б нэхэмжлэлтэй, Хариуцагч:Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, 14 дүгээр байр, 68 тоотод оршин суух, регистр ЦА 87101172, Мөнх овогт Баатарын Бат-Эрдэнэд холбогдох, 6 515 950 төгрөгийг, 250 000 төгрөгийн үнэтэй I pad 4 маркийн төхөөрөмжийн хамт гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Б, өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Бийн эзэмшлийн Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөл хэсэгт 432 дугаартай павильоныг түрээслэх эрхийг худалдан авах зорилгоор 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг Б.Бд Хас банкны ард салбараас авч өгсөн. Павильон түрээслэх эрхийг Б.Бэс худалдан авахаар харилцан тохиролцож нэр шилжүүлэхээр тохиролцсон боловч миний нэр дээр шилжүүлээгүй би энэ эрхийг шилжүүлэн аваад Б.Анхбаярт тус эрхийг шилжүүлж өгөх байсан боловч дээрх хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан. Иймд энэ хэлцлээс болж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б надаас 8 500 000 төгрөгийг гаруулж, Б.Анхбаяр олгохоор шийдвэрлэсэн. Мөн түүнчлэн улсын тэмдэгтийн хураамжид 150 950 төгрөгийг би төлж хохирсон. Мөн тус павильоныг түрээслэх зорилгоор Нарантуул олон улсын худалдааны төвд түрээсийн төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 905 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 230 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 230 000 төгрөгийг тус павильоныг би эзэмшиж ашиглаагүй атал эдгээр мөнгийг төлж хохирсон. Түүнчлэн надаас I pad 4 маркийн төхөөрөмж авсан боловч буцааж өгөхгүй байгаа тул гаргуулахыг хүсэж байна. Иймд Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн 432 дугаар павильоны түрээслэх эрхийг худалдан авах зорилгоор 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 5 000 000 төгрөг, түрээсийн төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 905 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 230 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 230 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөг нийт 6 515 950 төгрөгийг, I pad 4 маркийн төхөөрөмжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Б.Бэс Нарантуул худалдааны төвийн 432 дугаар лангууны түрээслэх эрхийг нь шилжүүлж авахын тулд 2 жилийн түрээсийн төлбөрийг төлж, дээрээс нь 5,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон. Тэгээд би 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Б.Бд 5 000 000 төгрөгийг өгч, лангууны 2 жилийн түрээсийн төлбөр болох 1 315 000 төгрөгийг хоёр хувааж Нарантуул захын Голомт банкны дансанд тушаасан. Мөн ipad-г 230 000 төгрөгөөр худалдсан. Иймд хариуцагч Б.Бэс 6 535 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б.Б бид хоёр анхнаасаа түрээслэх эрхийг шилжүүлэхээр тохиролцож, мөнгөө өгч авсан. Тэрнээс биш түрээслэх талаар ярилцаагүй. Би тус лангууг түрээсэлж үйл ажиллагаа явуулаагүй. Зөвхөн надад эрхийг шилжүүлж өгөхөөр хэлцэл байгуулсан. Сарын 500 000 төгрөгөөр түрээсэлнэ гэж ярьж байгаагүй худлаа тайлбар гаргаж байна. Анх эрхийг шилжүүлж өгнө гэж гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл эрхийг шилжүүлж өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:Сайхансамбуу захиралтай Нарантуул группийн SS клубт би тасралтгүй 10 жил тогооч, зохион байгуулагчаар ажиллаж ирсэн бөгөөд ажилтан, албан хаагчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, амьдралын баталгааг нь хангахад дэм болох зорилгоор тус группийн зүгээс гол мэргэжлийн хүмүүстээ Нарантуул захад тус компанийн хөрөнгө болох павильоныг хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслүүлэн ажиллуулах боломж олгодог байсан. Энэ хүрээнд би захын өргөтгөлийн бөөний худалдааны төвд байрлалтай 432 тоот павильоныг түрээслүүлэн ажиллуулах эрхтэй болсон. Би 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл өөрийн нэр дээр, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Нарантуул Трейд компанийн тогооч Э.Билэгтийн нэр дээр эзэмшин түрээслэх эрхтэй байсан. Б.Б нь 2018 оны 5 дугаар сард тус павильоныг надаас түрээслэн ажиллуулах тухай хүсэлтийг нэг бус удаа тавьж ирсэн учир би эхнэртэйгээ зөвшилцөөд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслүүлэхээр тохирч Б.Бтай дараах нөхцөлөөр амаар хэлцэл байгуулсан. Сар бүрийн төлбөрийг 500 000 төгрөгөөр тооцож, нэг жилээс доошгүй хугацаанд түрээслэх, түрээсийн жилийн төлбөрийг бөөнөөр авах, цаашид хэлцлийг сунгах эсэхийг тухайн үед шийднэ гэсэн агуулгатай хэлцэл хийсэн. Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 16 сар миний эзэмших эрхтэй павильоныг түрээслэн ажиллуулсан бөгөөд энэ хугацааны түрээсийн төлбөрт 8 000 000 төгрөг төлөх ёстойгоос Б.Б нэг л удаа 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг бэлнээр өгсөн, бусдаар энэ хүнээс мөнгө аваагүй, 250 000 төгрөгийн үнэ бүхий I pad 4 маркийн төхөөрөмжийн хувьд Б.Бын нөхөр Г.Батням нь Нарантуул Трейд ХХК-ийн Баялаг Ундраа худалдааны төвд түрээслэн ажиллуулдаг лангуугаа зөрчлийн улмаас хаалгасан байсан. Танилын хувьд би зохих хүмүүстэй ярьж байж буцаан нээлгэж өгсөн, үүний талархал болгож өөрийн тоглодог байсан хуучин I pad-ыг бэлэг болгон өгснийг би санаж байна. Гэхдээ буцаан авна гэсэн учир өгөхөд татгалзахгүй. Миний эзэмшиж байсан 432 дугаар павильоны хууль ёсны өмчлөгч нь Нарантуул Трейд ХХК бөгөөд энэ компанийн эзэмшлийн хөрөнгийг /павильоныг/ хэн нэгэн дур зоргоор бие биедээ шилжүүлэх, түрээслэх эрхийг худалдах эрхгүй бөгөөд хуулиар хориотой. Гэтэл Б.Б нь аман хэлцлээр тохирсноо үгүйсгэж павильоныг түрээслэх эрхийг худалдан авсан мэтээр бодит байдлыг гуйвуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Б.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Б.Б би 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл өөрийн нэр дээр, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Нарантуул ХХК-ийн тогоочийн нэр дээр эзэмшин түрээслэх эрхтэй байсан. Энэ лангуу 2018 оны 5 дугаар сард түрээслэх тухай хүсэлтийг нэг бус удаа тавьж байсан.Тиймээс Б.Бын тавьсан хүсэлтийг зөвшөөрсөн. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Б.Бтай дараах аман хэлцлийг байгуулсан. Үүнд нэгдүгээрт сарын бүрийн төлбөрийг 500 000 төгрөгөөр тооцсон. Хоёрдугаарт түрээсийн төлбөрийг бөөнд нь авахаар аман хэлцэл байгуулсан. Нэхэмжлэгч Б.Б 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл миний эзэмших эрхтэй лангууг түрээсэлсэн. Хэлцлийн дагуу 8 000 000 төгрөгийг өгөх ёстой байсан боловч 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөгийг өгсөн. Өөр төлөлт хийгээгүй, 5 000 000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь түрээсийн төлбөр байсан бөгөөд худалдах худалдан авах гэрээ биш гэдгийг анхаараарай. Тэр 250 000 төгрөгийг үнэ бүхий Ipad-н хувьд Б.Бын нөхөр Г.Батням нь Баялаг-Ундраа худалдааны төвд лангуу ажиллуулдаг байсан бөгөөд зөрчлийн улмаас лангуугаа хаалгуулсан байсан. Би холбогдох хүмүүстэй ярьж, лангууг буцаан нээлгүүлсэн, үүний талархал болгож тус Ipad-г хариуцагч Б.Бд бэлэглэсэн. Миний эзэмшиж байсан 432 дугаар лангууны хууль ёсны өмчлөгч нь Нарантуул ХХК бөгөөд уг компанийн эзэмших хөрөнгийг хэн нэгэн өөрийн дураар бусад шилжүүлэх, худалдах эрхгүй. Гэтэл Б.Б нь түрээсэлсэн байж худалдан авсан мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэгч Б.Балжинямын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү, талуудын хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй гэв. Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Бэс Нарантуул худалдааны төвийн 432 тоот павильоны түрээслэх эрхийг худалдан авахаар шилжүүлсэн 5 000 000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 1 365 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 150 950 төгрөг, нийт 6 515 950 төгрөгийг, 250 000 төгрөгийн үнэтэй I pad 4 маркийн төхөөрөмжийн гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ. Хариуцагч нь Б.Бтай 2018 оны 5 дугаар сард Нарантуул худалдааны төвийн 432 тоот павильоны түрээслэх тухай хэлцлийг түүнтэй амаар хийсэн, Б.Б тухайн павильоны 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түрээслэн ажиллуулсан, түрээсийн төлбөрт 8 000 000 төгрөг өгөхөөс 5 000 000 төгрөг өгсөн, өөр мөнгө аваагүй, 250 000 төгрөгийн үнэтэй I pad 4 маркийн төхөөрөмжийг надад бэлэглэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Хэрэгт нэхэмжлэгчээс өгсөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00973 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн агуулгаас үзэхэд Б.Б нь Нарантуул худалдааны төвийн 432 тоот павильоны түрээслэх эрхийг Б.Бэс худалдан авна гэж ойлгосон байна гэж үзэхээр байна. Тухайлбал нэхэмжлэгч Б.Б Нарантуул худалдааны төвийн 432 тоот павильоны түрээслэх эрхийг өөрөөсөө худалдан авах саналыг Б.Анхбаярт 2018 оны 4 сард тавьж байсан, улмаар 8 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, Б.Анхбаяр нь 8 500 000 төгрөгийг Б.Бд шилжүүлсэн, энэхүү мөнгийг Б.Б нь Б.Анхбаярт буцаан өгөхийг зөвшөөрсөн байна. Зохигчдын хооронд Нарантуул худалдааны төвийн 432 тоот павильоны түрээслэх эрхийг худалдах болон түрээслэх тухай хэлцлийг бичгээр хийгээгүй боловч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөгийг Б.Бд шилжүүлсэн тухай үйл баримтад талууд маргахгүй байна. Иймээс Б.Б нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээнээс татгалзаж, Б.Б-йн эзэмшлийн бусдад худалдах эрхгүй хөрөнгийг худалдан авах зорилгоор түүнд шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг Б.Б нь буцаан шаардах эрхтэй байна. Харин Голомт банкны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн орлогын мэдүүлгээр хийсэн 950 000 төгрөгийн гүйлгээнд харилцагчийн гарын үсэг зурагдаагүй байхад үүнийг Б.Б хийсэн гэж үзэх боломжгүй байна. Мөн Голомт банкин дах Б.Бын эзэмшлийн 2505005230 тоот данснаас 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гарсан 1 039 000 төгрөгийн зарлагын гүйлгээг 432 тоот павильоны түрээслэх эрхийн үнийг Б.Бд шилжүүлсэн байна гэж үзэх боломжгүй байна. Мөн Б.А-ын нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ Б.Баас гаргуулан шийдвэрлэсэн улсын тэмдэгтийн хураамжийн 150 950 төгрөгийг Б.Бэс шаардаж байгаа үндэслэл нь тодорхой бус байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Б.Б нь 250 000 төгрөгийн үнэтэй I pad 4 маркийн төхөөрөмжийг Б.Бд худалдсан тухайгаа баримтаар нотлоогүй байх тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Б.Бэс 5 000 000 /таван сая/ төгрөгийг гаргуулан Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 545 000 /нэг сая таван зуун дөчин таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 206 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс 94 950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН |