Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/100

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Энхчимэг хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ы *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000001985 дугаартай эрүүгийн  хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 8-12 насны 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн *******, *******ны *******од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор  Хан-Уул дүүргийн **************, ны тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:УМ/, ******* овогт *******ы *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар*******ны нутаг дэвсгэрт хохирогч тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. надад гомдол саналгүй гэсэн.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305000001985 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Марал-Эрдэнийн өгсөн: “Би 2023 оны 9 дүгээр сарын 20-нд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар******* Хилчин хотхон гэртээ байж байхад танил ******* нь 22 цаг 30 минутын үед уулзъя бааранд оръё жоохон шоудъя гэхээр нь би гарахгүй гэхэд цуг байсан найз охин Сондор гаръя л даа гэхээр нь гэрээсээ гараад *******той Хан-Уул дүүргийн Мишээл экспогийн баруун талд гэрт нь очоод бид гурав хүний нэг “Сөжү” архи уугаад талбайн урд байдаг “Lux” гэх бааранд 00 цагийн үед ороод 0,75-тай виски ууж байгаад бааранд манай хуучин цуг ажилладаг байсан Төгөлдөр гэх залуутай таараад сайн уу гээд мэндэлсэн чинь *******  хардаад уурлаад байсан. Шөнийн 03 цагийн үед баарнаас гараад би *******ыг намайг хардаад янз бүрээр хэлээд байхаар нь таксинд суугаад чамтай хэрэлдэн барин цуг явмааргүй байна өөр такси бариад яв гэхэд арын суудал дээрээс бууж ирээд намайг машины урд сууж байхад хаалга татаж онгойлгоод үснээс зулгаагаад баруун гараараа миний зүүн хацар руу нэг удаа цохихоор нь би таксины жолооч найз хоёртоо наадахаа суулгачих цагдаад аваачиж өгнө гээд суулгаад талбайгаас гэрийн зүг явж байхад такси дотор янз бүрээр хэлээд араас цохих гээд байхаар нь таксины жолоочийг ахаа ойрхон цагдаагийн газар хүргээд өгчих гэхэд Төмөр замын дээд сургуулийн урд талаар эргээд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадаа ирээд таксины жолооч та нар одоо буу би та нараас мөнгө авахгүй гээд буулгаад хөдлөөд явахад ******* дахин хэрүүл өдөөд намайг хавсарч унагаад миний дээр суугаад миний хоёр хацар руу хоёр гараараа 3-4 удаа цохисон би арай гэж босож ирээд үүдэнд цагдаа таараад бид гурвыг цагдаагийн байрандаа оруулсан. *******той одоогоос 4 жилийн өмнө танилцсан, намайг цуг амьдаръя гээд гуйгаад байдаг найзын холбоотой уулздаг залуу. Одоогоор мөнгө төгрөг байхгүй болохоор мөнгө гаргаж эмчлүүлсэн зүйл байхгүй хавдраа буулгах гэж хүйтэн өндгөөр жин тавьсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтэй танилцсан. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ын өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын 21-нд , ******* гэх залуутай шоудахаар болоод Сүхбаатарын талбайн урд байдаг “Lux” бааранд орж ууж идэж байгаад шөнийн 03 цагийн үед бид гурав гарч ирээд такси барьж яваад найз залуу болох *******той маргалдаад байсан. ******* нь таксины жолоочийг зогсож бай гээд зогсоогоод машины араас буугаад урд сууж байсан Марал-Эрдэнийн хиймэл үсийг нь авч шидээд нэг удаа Марал-Эрдэнийг цохих шиг болсон. Би хойно сууж явсан болохоор яаж цохисныг хараагүй. цагдаагийн газар орно гээд *******ыг таксинд суулгаад Төмөр замын дээд сургуулийн урдуур эргээд цагдаагийн хэлтсийн гадаа таксинаас буугаад хоорондоо дахин маргалдахад ******* нь Марал-Эрдэнийг дахин цохих шиг болсон уурлаад чулуугаар *******ыг цохих гэж байхад би салгаад цагдаагийн хэлтэс рүү орсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

3. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12164 дугаартай шинжээчийн “Д.Марал-Эрдэнийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Б.*******ын өгсөн: “2023 оны 9  дүгээр сарын 21-нд би өөрийн танил рүү 21 цагийн үед өнөөдөр жоохон шоудах уу гэхэд за тэгье бүжиглэмээр байна гэхээр нь манайд хүрээд ирээч би таксины мөнгийг чинь өгье гэхэд нэлээн удаж байгаад шөнийн 00 цагийн үед манай гэрийн гадаа ирээд би таксины мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд , Сондор буюу ( ) нар нь манай гэрт орж ирээд 2 шил “Сөжү” гэх архийг бид гурав хувааж уугаад манай гэрээс гарцгаасан. Манай гэрээс гараад талбайн урд байдаг “Lux” гэх бааранд ороод 0,75 литрийн хэмжээтэй виски аваад хоёр давхрын ширээнд суугаад ууж бүжиглэж байхад гэнэт алга болчихоор нь доошоо нэг давхар руу очтол хэдэн залуустай маяглаад байж байсан. Тэгээд миний уур хүрээд би баарнаас гараад драмын театрын урд 30 орчим минут сууж байгаад гэнэт харих гэснээ за дагуулж ирчхээд орхиж яваад яахав гэж бодоод буцаад нөгөө баарандаа ороход надад уурлаад байсан. Тэгээд баарнаас гараад такси бариад би Сондортой ард нь суугаад урд суугаад явж байтал намайг хэл амаар гутаан доромжилж орилж чарлаад байсан. Тэгээд миний уур хүрээд гийн хиймэл үсийг авч шидэх гэж байгаад тохойгоороо хацар руу нь нэг удаа цохисон. бүүр орилж хашхираад байсан чинь такси бид гурвыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадаа буулгаад мөнгө авахгүй уурлаад яваад өгсөн. Таксинаас буугаад над руу орилоод цохиод байхаар нь би ухарч байгаад баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл газраас чулуу аваад намайг цохих гэж дайрч байхад цагдаа ирээд дотогшоо аваад орсон. Гадаа над руу дайраад байсан хүн чинь цагдаагийн газар орж ирээд гэнэт яриа нь өөрчлөгдөөд намайг буруутгаад байсан. Би нэлээн согтолтой байсан. Би 2 жилийн өмнө танилцаж байсан. Ямар нэгэн гэр бүлийн харилцаагүй хааяа нэг гадуур уулздаг. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэж бодож байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал) 

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар*******ны нутаг дэвсгэрт найз тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Д.Марал-Эрдэнийн өгсөн: “...Төгөлдөр гэх залуутай таараад сайн уу гээд мэндэлсэн чинь ******* нь хардаад уурлаад байсан шөнийн 03 цагийн үед баарнаас гараад...намайг машины урд сууж байхад хаалга татаж онгойлгоод үснээс зулгаагаад баруун гараараа миний зүүн хацар руу нэг удаа цохисон...Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадаа...******* дахин хэрүүл өдөөд намайг хавсарч унагаад миний дээр суугаад миний хоёр хацар руу хоёр гараараа 3, 4 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал), гэрч ын өгсөн: “...******* нь таксины жолоочийг зогсож бай гээд зогсоогоод машины араас буугаад урд сууж байсан Марал-Эрдэнийн хиймэл үсийг нь авч шидээд нэг удаа Марал-Эрдэнийг цохих шиг болсон...Төмөр замын дээд сургуулийн урдуур эргээд цагдаагийн хэлтсийн гадаа таксинаас буугаад хоорондоо дахин маргалдахад ******* нь Марал-Эрдэнийг дахин цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12164 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал), яллагдагчаар Б.*******ын өгсөн: “... урд суугаад явж байтал намайг хэл амаар гутаан доромжилж орилж чарлаад байсан. Тэгээд миний уур хүрээд гийн хиймэл үсийг авч шидэх гэж байгаад тохойгоороо хацар руу нь нэг удаа цохисон...Таксинаас буугаад над руу орилоод цохиод байхаар нь би ухарч байгаад баруун гараараа нэг удаа цохисон..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч Д.Марал-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.*******ын хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар*******ны нутаг дэвсгэрт өөрийн найз хохирогч тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Б.*******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч Д.Маргад-Эрдэнийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Харин хохирогч Д.Маргад-Эрдэнэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтыг гаргаж өгөх боломжгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байх боловч түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах зардал, хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Иймд шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                   

ТОГТООХ нь:           

1. ******* овогт *******ы *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ