| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0035/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/35 |
| Огноо | 2024-02-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/35
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгч Ж.К- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ж-гийн К-т холбогдох эрүүгийн 2313000050021 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг 02 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2......... оны ........ дугаар сарын ..........-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, эх, дүү, 2 ахын хамт Баян-Өлгий аймгийн ..... сумын ....... дугаар ....... багийн ......... дүгээр гудамжны .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, А овогт Ж-гийн К-, регистрийн дугаар: БЮ.....;
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.К- нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн .......сумын ....... дүгээр багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.У-ы гээгдүүлсэн “Самсунг А54” загварын гар утсыг олж авч, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж төрсөн дүү болох Х.М-эд “хүнээс худалдан авсан” гэж итгүүлэн худалдаж, гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 905,000 /есөн зуун таван мянга/ төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Прокурор Д.А- шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ж.К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуульд зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас олсон орлого болох 700,000 төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлого болгох саналыг гаргаж байна” гэв.
2. Шүүгдэгч Ж.К- шүүх хуралдаанд: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгч Ж.К- нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ..... дүгээр багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.У-ы гээгдүүлсэн “Самсунг А54” загварын гар утсыг олж авч, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж төрсөн дүү болох Х.М-эд “хүнээс худалдан авсан” гэж итгүүлэн худалдаж, гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 905,000 /есөн зуун таван мянга/ төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-11 дэх тал/ “Мобиком корпорац” ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 08-ний өдөр ирүүлсэн 4/5543 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 14 дэх тал/, “Юнител” ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05-01/9568 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 15 дахь тал/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн БӨА-23-0257 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 53-57 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч М.У-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч М.У-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/, ялагдагч Ж.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
6. Шүүгдэгч Ж.К- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
7. Энэ хэргийн улмаас хохирогч М.У-д учирсан 950.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Х.Мухаммед нь хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.К-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Иймд шүүгдэгч Ж.К-т Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 550 нэгж нь 550.000 төгрөгтэй тэнцэх юм.
11. Шүүгдэгч Ж.К- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.К-т оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
13. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.К- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
14. Шүүгдэгч Ж.К-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
15. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.К-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 700.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Ж-гийн К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.К-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.К- нь торгох ялыг хуульд хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ж.К- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.К-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.К-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 700.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.К-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК