| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 66/2024/0047/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/54 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2014/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0047/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000046 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум,, оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,******* ,
Холбогдсон хэргийн талаар:
******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Наран хотхоны 01 дүгээр байрны гадна үл ялиг зүйлээр шалтаглан иргэн Д.*****ын цээж хэсэгт өшиглөж газар унагаан, хөлөөрөө өшиглөж, толгой хэсэгт гараараа нэг удаа цохиж, шатны бариул мөргүүлэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамрын таславчийн цоорол, зүүн нүдний дээд, доод зовхи, хэвлийд цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05/,
Хохирогч Д.*****ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн : “...хаалгаар дөнгөж ороод нэг давхар руу гардаг шатаар дээшээ өгсөхөд өөдөөс миний таньдаг******* эхнэрийн хамт гарч ирээд******* шууд миний цээж рүү жийж унагаад миний дээр гараад намайг зодсон. Эхнэр нь салгах гэж үзсэн ч дийлэхгүй байсан. Тэгээд би орцноос гараад гадагшаа зугтахад миний хойноос хөөж байгаад намайг дахин орц руу ороход байдаг төмөр бариулыг миний толгойгоор мөргүүлээд байсан. Тэгээд би дахиад зугтаагаад “Оргил” худалдааны төв рүү гүйгээд явсан. Оргилын урдаас би эхнэр рүүгээ яриад*******т зодуулчихлаа гэж хэлээд манай эхнэр намайг гарч ирж авсан, эхнэртэйгээ буцаад очиход******* байхгүй байсан. Эхлээд орц руу ороход миний цээж рүү нэг удаа жийж унагаагаад намайг унахад миний элэг рүү баруун хөлөөрөө нэлээд хэдэн удаа өшиглөсөн, тэгээд намайг зугтаад орцноос гарахад араас зуурч аваад миний нүүр рүү баруун гараараа нэг удаа цохиод намайг доошоо тонгойход шатны бариул нэг удаа мөргүүлсэн, тэгээд би шууд зугтаасан. Архи уучихсан байсан. Хэр хэмжээтэй уусныг нь би мэдэхгүй ээ нэлээн согтуу байсан. ...Намайг өс хонзонгийн улмаас зодож цохисон байхаа. Бид хоёр урьд өмнө муудалцаж байсан зүйл байхгүй. Миний бодлоор надад өс хонзон санасан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-11/,
Гэрч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай гэрт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 07 цагийн үед гээд манай найз ирсэн бөгөөд манай нөхөр*******, нар 1 шил архи уугаад сууцгааж байгаад******* гэрт очихоор болж*******, бид гурав Дархан сумын 8 дугаар баг, Наран хотхоны байранд очсон.******* гэрт байж байгаад оройн 20 цагаас хойшоо, ямар ч байсан харанхуй болчихсон байсан бөгөөд******* гэрээс******* бид хоёр гараад иртэл байрны орцны үүдэнд ***** гээд найзтайгаа манай нөхөр таараад ***** хандаж “чи хотод явж байна гэсэн чинь яасан бэ, чи жаахан хүн чанартай байгаач” гээд ***** 2-3 удаа цохисон, би тэр хоёрыг би салгаж авах гэтэл чадахгүй байсан бөгөөд тэр үед *****хоёр зууралдаж байгаад орцны гадаа хашлага дээр ***** унагаачих шиг болсон бөгөөд ***** унахдаа хашлага мөргөчих шиг болсон. Тэр үед би арай гэж*******ийг салгаж аваад гэр рүүгээ чирээд явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “... Д.*****ын биед хамрын таславчийн цоорол, зүүн нүдний дээд, доод зовхи, хэвлийд цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-22/,
*******ийн: “...22 цагийн орчимд******* гэрээс харих гээд гараад иртэл орцны үүдэнд ***** зогсож байгаад надтай тааралдсан. Тэр үед би эхнэр болох хамт явж байсан бөгөөд ***** би хандаж “чи яасан хүн чанаргүй болчихсон юм, найзыгаа хээр хаядаг хэн юм бэ” гэж хэлээд *****ын гэдэс, цээж хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэр үед *****ын хувцаснаас зуурсан байсан болохоор эхнэр бид хоёрыг салгах гэж байхад ***** бид хоёр зууралдаж байгаад газарт унасан тэр үед ***** унахдаа шатны бариул мөргөчих шиг болсон. Тэгээд ***** надаас салангуутаа Оргил худалдааны төвийн тийшээ чиглэн гүйгээд явсан. Тэгээд манай эхнэр намайг дагуулаад гэр лүү явж харьж амарсан. Найз болохыг хээр орхиод явсан гэдэг шалтгаанаар загнаж 2-3 удаа цохисон нь үнэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодсон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:
Хохирогч Д.***** шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн, шүүгдэгч гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан зардлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******т прокурортой тохиролцсон ял эрүүгийн харуцлагын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД