Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/шш2022/0208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК /РД:---/,

Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар нарын хоорондын “2003-2010 оны хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөр, хайгуулын ажлын зардал 291 800 000 төгрөгийг өнөөдрийн /2021.09.20/ ам.долларын ханшаар бодож, зөрүү 639 481 481, 2017-2020 онд төлсөн 21 591 732 төгрөг нийт 661 073 213 төгрөгийг гаргуулж, “С” ХХК-д буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газар болон Сангийн яамны Төрийн сангийн газарт даалгах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “...2003-2010 оны хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөр болон энэ хугацаанд зарцуулсан хайгуулын ажлын зардал 291 800 000 төгрөгийг өнөөдрийн /2021.09.20/ долларын ханшаар бодож, зөрүү 639 481 481, 2017-2020 оны сүүлийн 3 жил төлсөн төлбөр 21 591 732 төгрөг нийт 661 073 213 төгрөгийг гаргуулж, “С” ХХК-д буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газар болон Сангийн яамны Төрийн сангийн газарт даалгах”-аар маргаж байна.
  2. 1/ Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Ш” нэртэй 3252 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2002 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 633 тоот шийдвэрээр иргэн Ө.Гад анх олгосон.

Иргэн Ө.Гын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр шинэчлэн бүртгэж ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн.

Тус компанийн тусгай зөвшөөрөл нөхөн авахыг хүссэн өргөдлийн хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 427 дугаар шийдвэрээр XV-******* дугаар гэрчилгээ хавсралтыг шинээр нөхөн олгосон байна.

2/ Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Д” нэртэй 2342 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2002 оны 8 дугаар сарын 29-ний 633 тоот шийдвэрээр “Ц” ХХК-д анх олгож, тус компанийн шилжүүлэх өргөдлийг хянан үзээд Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2004 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 891 дүгээр шийдвэрээр иргэн Б.Эд, 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар шийдвэрээр “С” ХХК-д тус тус шилжүүлсэн байх ба тусгай зөвшөөрөл нөхөн авахыг хүссэний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 428 дугаар шийдвэрээр XV-******* дүгээр гэрчилгээ хавсралтыг шинээр нөхөн олгожээ.

Улмаар нэхэмжлэгч компаниас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хд 99 дүгээр албан бичгээр “...нэгэнт хайгуулыг дуусгаж, нөөцийг тооцоолон улсын бүртгэлд авсан мөн нөхөн олговор аваагүй олон жил болсон тул дүйцүүлэн талбай олгох болон нөхөх олговор  олгох асуудлыг хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж хандахад Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 9/1262 дугаар албан бичгээр “...хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн.

  1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас анх 2021 оны 4 дүгээр сарын 26-ны /шууданд 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн/ өдөр тус шүүхэд хандан “С” ХХК-иас нөхөн олговор олгож өгөх хүсэлтийг холбогдох хууль, журамд заасны дагуу шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хуульд заасны дагуу нөхөн олговрыг олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “2003-2010 оны хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөр болон энэ хугацаанд зарцуулсан хайгуулын ажлын зардал 291 800 000 төгрөгийг өнөөдрийн /2021.09.20/ долларын ханшаар бодож, зөрүү 639 481 481, 2017-2020 оны сүүлийн 3 жил төлсөн төлбөр 21 591 732 төгрөг нийт 661 073 213 төгрөгийг гаргуулж, “С” ХХК-д буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газар болон Сангийн яамны Төрийн сангийн газарт даалгах” гэж өөрчлөн тодорхойлсон, энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.
  2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Манай компани өөрийн ашигт малтмалын хайгуулын XV-00*******, XV-00******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан боловч Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хууль батлагдсан тул хуулийн үйлчлэлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тодорхойгүй хугацаагаар шийдвэрлэх боломжгүй хэмээн хариу өгч, манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхацсан, Засгийн газрын 2011 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан нөхөх олговор олгох журмын дагуу төр нөхөн олговор төлөх үүрэгтэй боловч олговор олгоогүй.

Манай компанийн хувьд урт нэртэй хуульд хамрагдсанаар үйл ажиллагаа явуулах эрхгүй болж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан боловч удаа дараа шийдвэрлэлгүй орхигдуулсны улмаас тусгай зөвшөөрлийн эрхээ алдсан, төрөөс тусгай зөвшөөрлийн нөхөн төлбөр гэж төлөхгүй байгаа хэрнээ ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байсаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон,

2/ Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд манай компанийн дээрх хоёр тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу давхцалтай эсэх, улсын тусгай хамгаалалт болон бусад хайгуул ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон талбайтай давхцалтай эсэх талаар лавлагаа хүсэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/5366 тоот албан бичгээр "С" ХХК-ийн эзэмшиж байгаа XV-*******, XV-******* тоот тусгай зөвшөөрлүүд нь Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх болон ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцалтай болохыг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 066/3040 тоот албан бичгээр, Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолуудаар тогтоосон, ойн сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай, үйл ажиллагаа явуулах боломжгүйг тодорхойлсон.

Нэгэнт манай компани урт нэртэй хуультай давхацсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй нь тодорхой болсон тул тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болохоос өмнө хуульд заасны дагуу нөхөн олговроо авах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдэлж Ашигт малтмал, газрын тосны газарт "нөхөн олговроо хуульд заасны дагуу авах" хүсэлтийг өгсөн боловч Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 9/1262 тоот албан бичгээр үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор олгох асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газар шийдвэрлэх бүрэн боломжтой атал нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, "С" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

3/ Монгол Улсын Засгийн газрын 2010 оны "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох тухай" 299 дүгээр тогтоолын хавсралтын 21-д заасны дагуу 291.800.000 төгрөгийн нөхөх олговор авах эрхтэй. Энэхүү 291 сая төгрөгийн хувьд 2009 онд урт нэртэй хууль батлагдах үеийн тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниас гаргасан зардал бөгөөд 2010 оны 10 сарын байдлаар ам,доллар 1296.98 төгрөг байсан ба 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан долларын ханш 2,848.46 төгрөг байна. Иймд 2010 оны 10 сарын байдлаар төлсөн зардлыг өнөөдрийн долларын ханшаар бодож зөрүүг нь нөхөх олговорт авах эрхтэй гэж үзэж байна. Тухайлбал, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ханшаар тухайн үеийн 291 сая төгрөгийг бодож үзэхэд 639.481.481 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан.

Урт нэртэй хуульд хамрагдсан болохыг 2020 оны 5, 11 сард албан ёсоор мэдэгдсэн. Иймд "С" ХХК хамрагдсан болохыг захиргааны байгууллага мэдэгдсэнээр төлбөр төлбөр төлөх үүрэг үүссэн тул энэ үеийн ханшаар тооцож авах эрхтэй байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Хариуцагч талаас 2010 онд 299 дүгээр тогтоол гараад нийтэлсний дараа 90 хоногт багтаан хүсэлтээ өгөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газраас сүүлд ирүүлсэн албан бичигтээ   “сонинд нийтэлсэн баримт манай архивд байхгүй болно” гэсэн.

Тэгэхээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байж хүсэлтээ өгөөгүй гэж буруутгах нь үндэслэлгүй. Тусгай зөвшөөрөл хүчингүй болгосонд бид шүүхэд маргаад шүүхээс Ашигт малтмал газрын тосны газарт эзэмших эрхийг сэргээх үүрэг болгосон. Үүнээс хойш 5 жил буюу 2016 он хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. 2017 онд дахин нэхэмжлэл гаргаад шүүхээс 2 тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгасан. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 427 дугаар тушаалаар ******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 428 дугаар тушаалаар ******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг тус тус 3 жилийн хугацаатай сэргээсэн.

Хугацаа дуусгавар болохтой хамт урт нэртэй хууль батлагдсан уу гэдэг лавлагаа гаргуулах хүсэлтээ өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ашигт малтмал газрын тосны газрын албан бичгээр энэ 2 тусгай зөвшөөрөл нь урт нэртэй хуульд Засгийн газрын 190 дүгээр тогтоолтой хилийн зааг дээр давхацсан байна гэсэн хариу өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт тохиролцъё гэж хүсэлтээ өгсөн. Ашигт малтмалын тухай хууль болон журмаараа тохиролцоно гэж байгаа. Тохиролцохгүй бол хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтооно. Хүсэлтээ өгөхөд ямар нэг байдлаар материал дутуу байна гэсэн хариу өгөөгүй. 2002-2003 оны хугацаанд 40.000.000 гаруй төгрөгийг зарцуулсан байна. 200 кг-аар тогтоогдсон 2 орд байгаа.

Өнөөдрийн ханшаар 30-аад тэрбумын нөөцтэй ордыг нэхэмжлэгч тогтоолгож ирсэн. Яг энэ үед захиргааны байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болж цуцлагдсан. Шүүхээс шийдвэр болон журам батлагдахад хариуцагч удаа дараа биелүүлээгүй. Хавтаст хэргийн 166 дугаар хуудсанд "С" ХХК-ийн хайгуулын зардал байгаа. Бэлтгэл ажил, лабораторийн шинжилгээ, судалгааны дүгнэлт, технологийн туршилт, барилга байгууламж гээд нийт 291.000.000 төгрөг зарцуулсан байна.

Мөн хариуцагч өөрөө баталгаажуулж өгсөн нь хавтаст хэргийн 162 дугаар хуудсанд байгаа. Үүнийг Ашигт малтмал газрын тосны газар хариуцах ёстой байсан.

2/ Манай талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагчаа тодорхойлсон. Журмаараа Сангийн яамнаас хохирлыг олгох ёстой учраас Сангийн яамыг хариуцагчаар татсан. Иргэний хуулиар Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлнө гэсэн байна. Үүнийгээ шаардах эрхтэй гэж үзсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

6. Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Сангийн яам яг ямар хууль бус эс үйлдэхүй гаргасныг тодорхой дурдсангүй. Ямар нэг эс үйлдэхүй гаргаагүй байхад Сангийн яамыг хариуцагчаар татсан байна. Сангийн яам Засгийн газрын 299 дүгээр тогтоолын дагуу төлбөр барагдуулах ёстой учир гэж тайлбарлаж байна. Энэ журамд юу гэж зохицуулсан байдаг вэ гэхээр тухайн нөхөн олговрын төслийн бүрэлдэхүүн хэсэг улсын төсөвт төвлөрсөн байх ёстой гэсэн байдаг. Тухайн жилийн төсвийн төслийг ирүүлэх ёстой байдаг гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй байна.  Ашигт малтмал газрын тосны газраас манайд ямар нэгэн нөхөн олговор олгох тухай баримт ирүүлж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Тус компанийн тусгай зөвшөөрөл нөхөн авахыг хүссэн өргөдлийн хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 428 дугаар шийдвэрээр XV-******* дүгээр гэрчилгээ хавсралтыг шинээр нөхөн олгожээ. "С" ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 99 тоот албан бичгийг тус газарт ирүүлсний дагуу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 9/1262 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.

2/ Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 194 тоот тогтоолтой “Ойн сан бүхий газрын хилийн зааг" 837.54 гектар, Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай 837.54 гектар, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 тоот тогтоолтой “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг" 386.00 гектараар, ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 тоот тогтоолтой "Ойн сан бүхий газрын хилийн зааг" 689.13 гектар, Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай 689.13 гектар, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 тоот тогтоолтой "Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг" 265.39 гектар, Улсын тусгай хамгаалалттай "Хан хэнтийн дархан цаазат" газрын хилийн заагтай 0.62 гектараар тус тус давхцалтай, Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр. XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 04-нийн өдөр дуусгавар болсныг тус тус бүртгэсэн байна.

Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасан. Мөн Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр “Ашигт малтмал тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох тухай журам”-ын 3 дугаар зүйлд нөхөн олговор олгохгүй байх тохиолдлуудыг дурдсан ба 3.4.2 “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд  нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол”, 3.4.3 “тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 53.3 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй бол” нөхөн олговор олгохгүй гэж тус тус заасны дагуу нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэлгүй.

3/ Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “С” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “...2003-2010 оны хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөр болон энэ хугацаанд зарцуулсан хайгуулын ажлын зардал 291 800 000 төгрөгийг өнөөдрийн /2021.09.20/ долларын ханшаар бодож, зөрүү 639 481 481, 2017-2020 онд төлсөн төлбөр 21 591 732 төгрөг нийт 661 073 213 төгрөгийг гаргуулж, “С” ХХК-д буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газар болон Сангийн яамны Төрийн сангийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон тул нөхөх олговроо авахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтэнд боломжгүй гэсэн хариу өгч татгалзаж байгаа нь хууль бус, журамд хайгуулын ажлын зардалд гаргасан мөнгийг нөхөн олговорт тооцохоор заасан тул тухайн үед гаргасан зардлыг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ам.долларын ханшид шилжүүлэхэд зөрүү нь 661 073 213 төгрөг болж байна...” гэж тодорхойлсныг хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...журамд зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь тухайн компанийн нөхөх олговор авах хүсэлт болон холбогдох баримтуудыг бүрэн гүйцэд хүлээн авч манай яаманд жагсаалтаар ирүүлэх ёстой, нэхэмжлэгч компанийн асуудлаар манай яаманд ямар нэгэн хүсэлт, баримт ирүүлээгүй тул эс үйлдэхүй гаргаагүй” гэж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нөхөн олговор авах хүсэлтээ ирүүлээгүй, бусад баримтуудыг хавсаргаагүй тул хүсэлтийг хүлээн авч нөхөн олговор олгох боломжгүй” гэж тодорхойлон тус тус маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Ш” нэртэй 837,54 гектар талбай бүхий ХҮ-021030 /өмнө нь *******Х дугаартай байсан/, мөн сумын нутаг “Д” нэртэй газарт орших 689,13 гектар талбай бүхий ХҮ-******* /өмнө нь *******Х дугаартай байсан/ тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байсан, тухайлбал Иргэн Ө.Гын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр шинэчлэн бүртгэж, ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д бүхэлд нь шилжүүлжээ.

Түүнчлэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс тооцож, 2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэн, тус компанид 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 7/3189 тоот албан бичгээр шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэхдээ уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон талбайтай давхцалтай байх тул давхцалтай хэсгийг буцаан өгөх тухай мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг "Д" нэртэй 2342 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар шийдвэрээр Иргэн Б.Эаас шилжүүлэн авсан байх ба Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс тооцож, 2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар сунгаж шийдвэрлэн, тус компанид 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 7/3188 тоот албан бичгээр шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэхдээ уг талбай нь ашигт малтмал хайх, тусгай ашиглахыг хуулиар хориглосон талбайтай давхцалтай байх тул давхцалтай хэсгийг буцаан өгөхийг мэдэгдсэн, улмаар нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 04-нийн өдөр дуусгавар болсныг тус тус бүртгэсэн үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно”, 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл (цаашид “тусгай зөвшөөрөл” гэх)-ийн давхардлыг арилган солбицолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох харилцааг зохицуулахад оршино”,2.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлангийн жилийн татварын тайлан болон орлого, үр дүнгийн тайлангийн зардал, балансын хөрөнгө хэсэгт тусгагдсан ашигт малтмалын хайгуул, ашиглалттай холбоотой улс, орон нутгийн төсөвт төлсөн дараах зардлыг нөхөн олговор тооцоход ашиглана”, 2.1.7-д “ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөр”, 2.1.3-т “нэмэгдсэн өртгийн албан татвар”, 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан татварын тайланг санхүү, төрийн сан болон харьяа татварын албаар баталгаажуулсан байна” гэж, 3.1-д “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн зөвхөн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан хэсэгт нөхөх олговрыг тооцож олгоно.”, 3.2-т “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг дор дурдсанаар тооцож олгоно”, 3.2.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ журмын 2.1.1-2.1.3, 2.1.5-д заасны дагуу” гэж нарийвчлан заасан.

Түүнчлэн уг журмын 4.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргана” гээд 4.1.1-4.1.8-д заасан баримт бичгийг хавсаргахаар, 4.2-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно.”, 4.4-т “Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.2-т заасан тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж хүргүүлнэ”, 4.5-д “Нөхөх олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан байна”, 4.6-д “Улсын төсвөөс нөхөх олговрын санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 30 өдөрт багтаан санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн хүсэлт гаргасан этгээдийн харилцах дансанд нөхөх олговрыг шилжүүлнэ”, 4.7-д “Энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 (хоёр) жилийн дотор нөхөх олговрыг олгоно”, гэж, мөн журмын 3.4-т тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй тохиолдлуудыг, тухайлбал 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий шарын хамгаалалтын бүс, ой сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэж тус тус заасан байна. 

Нэхэмжлэгч компаниас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хд “...нэгэнт хайгуулыг дуусгаж, нөөцийг тооцоолон улсын бүртгэлд авсан, мөн нөхөх олговор аваагүй олон жил болсон тул дүйцүүлэн талбай олгох болон нөхөх олговор  олгох асуудлыг хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж хүсэлт гаргасан байх ба энэ хүсэлтээ нэхэмжлэгчээс “дээрхи журамд заасны дагуу гаргасан нөхөх олговор авах тухай хүсэлт, анх удаа гаргасан” гэж тайлбарласан боловч тухайн хүсэлт нь “дүйцүүлэн талбай авах, эсхүл нөхөх олговор авах”-ын алин болох нь ойлгомжгүйгээс гадна уг хүсэлтэнд журмын 4.1.1-4.1.8-д заасан, хавсаргавал зохих баримт бичгийг огт хавсаргаагүй, улс, орон нутгийн төсөвт төлсөн татварын тайланг санхүү, төрийн сан болон харьяа татварын албаар баталгаажуулж ирүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар давхар тогтоогдов.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг нөхөх олговор авахаар хүсэлт гаргасан гэж үзэхээргүй байх тул Журмын 4.2-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлох, түүнтэй холбоотой баримт бичгийг Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 4.4-т зааснаар “ажлын 30 өдөрт багтаан хянаж, нөхөх олговрын хэмжээг баталгаажуулах” хууль зүйн үүрэг үүсэхгүй, энэ талаархи хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Дээрхи хүсэлтэнд, Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрхзүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Эаас,  2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 9/1262 дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрлүүдийн талбай нь хориглосон талбайн хилийн заагтай давхцалтай байна, эдгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 04 болон 13-ны өдөр дуусгавар болсон, хууль болон журамд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй...,Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад танай компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийн талбай хамаарахгүй...тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл “даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус, эсэхтэй холбогдон гарсан байх учиртай боловч энэ маргааны тухайд нэхэмжлэгч нь хариуцагч  Ашигт малтмал, газрын тосны газар болон Сангийн яаманд холбогдуулан гаргасан “даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа эдгээр байгууллагуудын эс үйлдэхүйтэй холбож маргаагүй, нөгөө талаар хариуцагч нар хууль бус эс үйлдэхүй гаргасан нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар, тэдгээрийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх боломжгүй.

Түүнчлэн Журмын заалтуудаас үзэхэд  нэхэмжлэгчийн нэхэмжилж буй гэх 2003-2010 оны хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөр, хайгуулын ажлын зардал 291 800 000 төгрөг, 2017-2020 онд төлсөн төлбөр 21 591 732 төгрөг нь нэхэмжлэгч компанийн жил бүрийн хайгуулын, эсхүл уулын ажлын тайлан, хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар аудит хийлгэсэн санхүүгийн жилийн тайлан болон тухайн татвар, зардлыг нэр төрлөөр нь гаргаж холбогдох төрийн байгууллагуудаар баталгаажуулсан баримтуудаар тогтоогдсон байх, энэ дагуу эрх бүхий байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд тухайн баримтуудыг хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн жилийн улсын төсөвт тусгагдахаар байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч хүсэлт гаргахдаа энэ шаардлагыг хангаж ирүүлээгүй байх тул “...2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ам.долларын ханшаар бодож, нийт 661 073 213 төгрөгийг олгох”-ыг Ашигт малтмал, газрын тосны газар болон Сангийн яамны Төрийн сангийн газарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Харин, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “журамд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй тохиолдолд нөхөх олговор олгохоос татгалзана” гэх үндэслэлээр маргасан ба хариуцагч  Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн талаар өдөр тутмын сонинд нийтлүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ нөхцөлд нэхэмжлэгчийг дурдсан үндэслэлээр буруутгах боломжгүй хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, улмаар нөхөх олговор олгохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх үндэслэл болохгүй.

Нөгөө талаар, Засгийн газрын Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам” өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа, уг журмын 4.1-д заасан нөхөх олговор авах хүсэлтээ гаргах нэхэмжлэгчийн үүрэг нь Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас, журмын 3.4.2-т заасны дагуу “...давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлсэн өдрөөс” эхлэн, түүнээс хойшхи 90 хоногийн дотор хэрэгжих боломжтой байсан гэж үзэхээр байх ба хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь тухайн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтлүүлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь тус журамд заасны дагуу нөхөх олговор авах хүсэлтээ холбогдох баримтуудыг бүрдүүлэн, эрх бүхий байгууллагад хандаж гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч “С” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрхзүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Эаас, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 9/1262 дугаар албан бичгээр үндэслэлгүй татгалзсан, хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан боловч шийдвэрлэлгүй орхигдуулсан” гэх үндэслэлүүдийг дурдсан боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан бусад үндэслэлүүд нь шүүхийн энэ шийдвэрт тодорхойлсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлүүдээр бүхэлдээ няцаагдаж байгаа болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Ө.Гын гаргасан “2003-2010 оны хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөр болон энэ хугацаанд зарцуулсан хайгуулын ажлын зардал 291 800 000 төгрөгийг өнөөдрийн /2021.09.20/ долларын ханшаар бодож, зөрүү 639 481 481, 2017-2020 оны сүүлийн 3 жил төлсөн төлбөр 21 591 732 төгрөг нийт 661 073 213 төгрөгийг гаргуулж, “С” ХХК-д буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газар болон Сангийн яамны Төрийн сангийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН