Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2026/0651

 

 

 

 

 

 

 

М.Т-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн

 

            Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан

            Бүрэлдэхүүн оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

            Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

 

            Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Б

 

            Нэхэмжлэгч: М.Т

           Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга

 

            Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 94 дугаар шийдвэр;

 

            Шүүх хуралдааны оролцогчид

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б;

            Шүүх хуралдааны нарийн бичиг: М.Чулуунцэцэг

            Хэргийн индекс: 110/2026/0048/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч М.Т-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар “Ногооннуур сумын Засаг дарга М.Т-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 94 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3, 65.3.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар “Ногооннуур сумын Засаг дарга М.Т-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

            3. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

            3.1. “...2026 оны орон нутгийн төсөв батлагдсантай холбогдуулан зарим сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар төсвийг хэлэлцэн батлах явцад сумын суурь орлого, зарлагыг тооцоо, судалгаагүйгээр нэмэгдүүлж, бүлэг хооронд шилжүүлэн баталсан зөрчил илэрсэн тул 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр суурь орлого, зарлагыг нэмэгдүүлэн баталсан талаар тайлбар ирүүлэхийг хүссэн албан бичгийг Ногооннуур сумын Засаг даргад хүргүүлсэн ба Төсвийг батлуулахдаа холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн танилцуулах шаардлагатай бөгөөд бэлэн байгаа тооцоо судалгааг тухайн өдөрт багтаан ирүүлэх боломжгүй байсан ч 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хариу ирүүлэх бүрэн боломжтой байсан.

Гэвч дээрх хугацаанд хариу ирүүлээгүй бөгөөд удаа дараа шаардсаны үндсэн дээр 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 01/27 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн боловч уг хариу нь үндэслэлгүй байсан.

 

3.2. Мөн Төсвийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “Орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн алдагдалгүй төлөвлөн баталж, хэрэгжүүлнэ” гэж заасан.

2026 оны төсөвт цэцэрлэгүүдийн болон зарим төрийн байгууллагуудын түлш халаалтын зардлаас хасаж их хэмжээний өр үүссэн нөхцөл байдал үүссэн.

Тухайн үед төрийн байгууллагуудаас хассан төсвийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шатахуун болон бусад цалин хөлс дээр нэмж баталсан, Тамгын газар дээр мөн адилхан ийм төгрөгийг нэмж баталж, тухайн сумын төсөвт байгууллагуудад өр үүсгэсэнтэй холбоотой сануулах сахилгын арга хэмжээ авсан.

 

3.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9 дэх заалтад Засаг даргын орлогч хариуцлага тооцох субьект биш гэсэн байна. Тухай үед аймгийн Засаг дарга Е.З нь албан томилолттой байсан тул аймгийн Засаг даргын эзгүй үед Засаг даргын орлогч эрхийн эдэлж, үүргийн хүлээнэ гэсэн хуулийн зүйл заалтын хүрээнд сахилгын арга хэмжээ авсан болно.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

 

3.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2026/0094 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

  1. Маргааны үйл баримтын тухайд:

 

    1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Б нь 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.3.1-д заасныг баримтлан “...аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/97 дугаар албан бичгээр өгсөн үүрэг даалгаврын талаар тооцоо судалгаатай үндэслэл бүхий хариу тайлбарыг ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр тус аймгийн Ногооннуур сумын Засаг дарга М.Т /нэхэмжлэгч/-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн эсэх талаар маргаан байна.
    2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Тайлбар ирүүлэх тухай” 2/97 дугаар албан бичгээр Ногооннуур сумын Засаг дарга М.Т-д “...Ногооннуур сумын суурь зарлагад төсвийн зохицуулалт хийсэн талаар тайлбар, эдийн засгийн тооцоо, өөрчилсөн төсвийн тооцоолол, тус байгууллагын ирүүлсэн санал зэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэхийг хүсье” гэж, мөн 02 дугаар сарын 16-ны өдрийн “Сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр хариу ирүүлэхийг шаардсаны дагуу нэхэмжлэгч 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/27 дугаар албан бичгээр “...2026 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийн хүрээнд захиран зарцуулж байгаа болно” гэсэн хариу хүргүүлжээ.
    3. Хариуцагчаас “...удаа дараа шаардсаны үндсэн дээр ...хариу ирүүлсэн боловч уг хариу нь үндэслэлгүй ирүүлсэн...” гэж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ тайлбарлан маргажээ.

 

  1. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

 

    1. Энэхүү маргааны хувьд, аймгийн Засаг даргыг эзгүйд түүний орлогч Засаг дарга нь доод шатны сумын Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй эсэх, мөн дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг ямар тохиолдолд хангалтгүй биелүүлсэнд тооцох талаар дүгнэлт хийх шаардлагатай.

 

    1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно:”, 65.1.3-т “хууль тогтоомж, …дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, … үзсэн”, 65.3-т “Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 65.3.1-д “сануулах;” 65.3.2-т “үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах.”, 65.4-т “Энэхүү хуулийн 65.3-т заасны дагуу ногдуулсан хариуцлагыг шат дараалан хэрэглэнэ.”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

 

    1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг доод шатны Засаг дарга хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн санаачилгаар сахилгын шийтгэлийг шат дарааллын дагуу ногдуулах эрхтэй байна.

 

    1. Гэтэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/97 дугаар албан бичгээр Ногооннуур сумын төсөвтэй холбоотой тайлбар ирүүлэхийг мэдэгдэхдээ хариуг мөн өдөр ирүүлэхээр шаардсан, уг хугацааг гэрчийн мэдүүлгээр “...техникийн алдаатай, 01 дүгээр сарын 19-ний өдөр гэж бичих байсан” гэсэн байх боловч, үүний дараа уг асуудлаар дахин албан бичиг явуулаагүй, түүнтэй холбоотой хариуг дахин шаардаагүй, харин 1 сарын дараа буюу 2 дугаар сарын 16-ны өдөр албан бичгээр хариу шаардсан болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчид “албан бичгээр өгсөн үүрэг даалгаврын талаар тооцоо судалгаатай үндэслэл бүхий хариу тайлбарыг ирүүлээгүй” гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. /хх-ийн 49 дэх тал/ Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
    2. Мөн хариуцагчаас 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2/358 дугаар албан бичгээр “Сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэлд “...аймгийн удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул холбогдох хууль тогтоомжийн дагуу танд хариуцлага тооцохыг үүгээр мэдэгдье” гэсэн нь маргаан бүхий актыг гаргахаас өмнө сонсох ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж явуулаагүй, хариуцагчийн “...Ногооннуур сумын суурь зарлагад төсвийн зохицуулалт хийсэн талаар тайлбар, эдийн засгийн тооцоо, өөрчилсөн төсвийн тооцоолол...”-ын талаар санал ирүүлэхийг хүссэн хүсэлтэд сумын Засаг даргаас “...2026 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийн хүрээнд захиран зарцуулж байгаа болно” гэсэн хариу тайлбарыг ямар учраас ирүүлсэн, “...сумын суурь орлого, зарлагыг тооцоо судалгаагүйгээр нэмэгдүүлсэн” гэх үйл баримттай холбогдуулан дахин тодруулга авалгүйгээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д зааснаар хариуцагч захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа “хуульд үндэслэх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг, мөн хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчжээ.

 

    1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д “Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ.” гэж зааснаар хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.З-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гараагүй, тэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа энэ тохиолдолд аймгийн Засаг даргын орлогч К.Б нь түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй гэж үзэхээр байна.

 

    1. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар аймгийн Засаг даргыг эзгүйд орлогч Засаг дарга түүний бүрэн эрхийг эсхүл зарим чиг үүргийг хэрэгжүүлэх талаар шийдвэрлэсэн талаарх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж заасныг хариуцагч зөрчжээ.
    2. Энэ талаар анхан шатны шүүхийн “...аймгийн Засаг дарга Е.З нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад, мөн аймгийн Засаг даргаас хуульд заасан бүрэн эрхээ шилжүүлэх талаар шийдвэр гаргаагүй байхад аймгийн Засаг даргын орлогч К.Баас Ногооннуур сумын Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулсан нь эрх хэмжээгүй этгээдээс буюу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан илт хууль бус шийдвэр гэж үзэхээр байна” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
    3. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2026/0094 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                Т.ЭНХМАА