Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 99

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч Р.Очирсүрэн (томилолтоор), хохирогч Э.Наранхорол, шүүгдэгч Б.Галбадрах, түүний өмгөөлөгч Д.Халзан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1-100) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Алдар овогт Бүүвэйн Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2601 1435 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алдар овогт Бүүвэйн Галбадрах, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1977 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл нэг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 8-99 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ВЮ77101290, урьд нэг удаа ял шийтгүүлсэн,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3. дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр түүний эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 3 (гурав) сар 15 (арван тав) хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Галбадрах нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 112 дугаар автобусны буудлын хойд талд байрлах зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “би шоронгоос гараад удаагүй байгаа шүү” гэх үл ялих зүйлээр шалтаглан Д.Долгорын нүүрэнд алгадаж, бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрсан, буудлын гадна авто замын хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Э.Наранхоролыг шалтгаангүйгээр зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж, танхайрсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Б.Галбадрах: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Учир нь мөрдөн байцаалтын үед хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч Э.Наранхоролын биед гэмтэл учруулсан үйлдлээ сайн санахгүй байгаа. Тиймээс мөрдөн байцаалтын үед зарим асуудлыг буруу мэдүүлсэн байсан. Гэхдээ хэргийн материалтай танилцах үед хохирогч, гэрч нарын мэдүүлгийг уншаад “түүнийг алгадаж, хамрыг нь гэмтээсэн” гэдгээ ойлгосон тул үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна гэв.

2. Хохирогч Э.Наранхорол: 2015 оны 7 дугаар сард энэ хэрэг гарсан. Би 3 найзтайгаа дөрвүүлээ Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны хуучин эцэст байрлах караокед суучихаад гарч явж байхдаа Галбадрахтай тааралдсан. Тэгээд бид зочид буудал орж архи уухаар болсон. Бид дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх архи, 10 гаран лонх шар айраг аваад 105 дугаар сургуулийн урд байрлах зочид буудал руу орсон. Бид эхлээд юм яриад сууж байсан, сүүлдээ Галбадрах “шоронд 3 жил болоод гарсан, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр суллагдсан, би гарч ирээд хэд хонож байна, хүнтэй ойртсонгүй, та дөрвийн нэг нь үлдчих” гэсэн утгатай зүйлийг тойруугаар ярьсан. Манай найз охин Долгор, Галбадрахтай яриа нийлж байсан. Тэгээд бид гурав “гараад байж байя” гээд гарсан. Бид гурав 105 дугаар сургуулийн довжоон дээр зогсоод зочид буудлын 2 давхрын цонх руу харж байсан. Галбадрах, Долгор хоёр цонхоор бид гурвыг харчихаад гараа даллаж байсан. Гэтэл удалгүй Галбадрах манай найз Долгорыг алгадсан. Бид гурав гүйж ороод найз охиноо буудлаас аваад гарсан. Би найз охиддоо “гудамжаар явъя” гэж хэлэхэд манай найзууд “зам дагуу явъя” гээд бид дөрөв зам дагуу явж байсан. Тухайн үед үүр цайсан байсан. Тэгээд бид дөрвийг автобусны буудлын хажууд явж байхад Галбадрах такситай ирсэн. Тэгснээ том Долгорыг “хамт явъя” гээд гараас нь татсан. Тэгэхээр нь би “хүн явахгүй гэж байхад чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гээд миний хамар руу алгадсан. Би хамар хугарсан гэж бодоогүй. Манай найз болох Сэлэнгэмөрөн, жижиг Долгор хоёр хамар чинь муруйсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан, цагдаа удалгүй ирсэн. Галбадрах том Долгортой зууралдаад зогсож байсан. Цагдаа намайг хамраа янзлуулчихаад ирээрэй гэж хэлсэн. Хамраа янзлуулчихаад ирэхэд Галбадрахыг гаргаад явуулчихсан байсан. Үүнээс болж энэ хэрэг удааширсан. Хэрэг гарсан өдөр би 200.000 гаруй мянган төгрөгөөр хамраа янзлуулсан. Гэтэл жилийн дараа Галбадрахаас 200.000 төгрөг авсан. Одоо миний хамар байнга битүүрдэг, хугаралтаас болоод хуурайшдаг, дотор нь юм гардаг болсон. Мөн тархи толгой хатгаж өвддөг болсон. Үүнийгээ цаашид үзүүлэх бодолтой байгаа. Иймд би Галбадрахад “500.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Гэтэл тэрээр сураггүй байж байгаад өнөөдөр л шүүх хуралдаан дээр харж байна. Надад гомдол санал байхгүй, харин 500.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2015 2601 1435 дугаартай хэргээс)

1. Хохирогч Э.Наранхоролын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр орой 23 цагийн үед гурван найз болох Улаанаа, том Долгор, жижиг Долгор нартай Зүүн Баянцагааны 5 дугаар гудамжны үзүүрт байдаг “Бууч” гэх нэртэй дэлгүүрийн ойролцоо уулзаад нэрийг нь санахгүй байна нэг караокед ороод боргио, нийслэл нэртэй тус бүр 3 лонх шар айраг уусан. Тэр караокеноос 00 цаг 10 минутын үед гараад бүгдээрээ Баянхошууны 25 дугаар гудамж руу явсан. Гудамж руу орох гээд явж байтал цагаан машинтай залуу бидний хажууд ирж зогссон. Тэгээд биднийг “бүгдээрээ танилцъя, жаахан ууж сууя, би та нарыг даая” гэж хэлээд машинтайгаа дагаж яваад байсан. Тэгэхээр нь бид машинд нь суугаад Хөтөлийн автобусны буудлын хажууд байрлах дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй Экс нэртэй 1 лонх архи, 7 лонх шар айраг аваад 105 дугаар сургуулийн замын зүүн талд байрлах “Мотел” гэсэн нэртэй 2 давхар дэн буудал руу ороод, архи, шар айргаа ууж, юм ярьж суусан. Бид ярилцаад сууж байтал Галбадрах гэх залуу “шоронгоос гарсан, хүн амины хэрэгт холбогдож байсан” тухайгаа ярьж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр суллагдсан гэж ярьсан. Тэрээр шоронгийн талаар ярьж, ярианы өнгө нь заналхийлсэн, сүрдүүлсэн өнгө аястай болж эхэлсэн. Мөн “шоронгоос гараад хэнтэй ч ойртсонгүй, та дөрвийн нэг нь надтай унт” гэсэн байдалтай юм яриад байсан. Тэгэхээр нь бид дөрөв буудлын өрөөнөөс гараад явж байтал том Долгорыг дуудаад “өөртэй чинь жоохон юм ярьж сууя” гээд аваад үлдсэн. Тэр үед би Улаанаа, жижиг Долгор нартай хамт гараад 105 дугаар сургуулийн хашааны хажуу талд суугаад буудлын цонх руу харж байсан юм. Буудлын цонх руу харж байтал том Долгор, Галбадрах хоёр хоёулаа босчихсон байж байснаа Галбадрах том Долгорыг шууд алгадаад унагаачихсан. Тэгэхээр нь бид гурав гүйж ороод, том Долгорыг авч гараад, 105 дугаар сургуулийн хойд талын засмал замаар ертөнцийн зүгээр баруун тийш алхсан. Биднийг Жанцангийн автобусны буудлын дэргэд алхаад явж байтал Галбадрах гэх нөгөөх залуу хойноос таксигаар ирээд “хөөе” гээд бидний хажууд ирсэн. Тухайн үед би том Долгорын зүүн гар талд нь сугадчихсан явж байсан юм. Гэтэл Галбадрах бууж ирээд шууд том Долгорын гараас татсан. Тэр үед би “хөөе, чи болиоч ээ” гэж хэлтэл шууд миний нүүр рүү нэг удаа цохисон тэгээд би нүүрээ дараад доош суусан. Тэр үед нөгөө Галбадрах гэх залуу том Долгорын нүүр рүү 2-3 удаа алгадаж байгаа харагдсан. Тэгээд би цагдаа дуудсан... гэх мэдүүлэг (хх-ийн 20-21),

...Миний биед учирсан гэмтлийг бидэнтэй танилцаж, хамт архи уусан Галбадрах гэх залуу Баянхошууны Жанцангийн автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд засмал замын дэргэд явж байхад баруун гараараа нэг удаа цохиж учруулсан. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Би хэрэг гарах үед бага зэрэг согтуу байсан. Тухайн үед бид нэг лонх архи хувааж уусан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 52 дугаар хуудас),

...Би өмнө нь Галбадрах гэх хүнээс 200.000 төгрөгийг эмчилгээний зардал болгож авсан. Одоо сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хохирлыг барагдуулчих юм бол гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 103 дугаар хуудас),

2. Хохирогч Д.Долгорын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Наранхорол, Сэлэнгэмөрөн, Долгорсүрэн нарын хамт Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр зогсож байтал Галбадрах гэх залуу хүрч ирээд “та нар хаачих гэж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгээд бид хамт явж Баянхошууны Хөтөлийн хүнсний дэлгүүрээс 1 лонх архи, мөн шар айраг авч 112-ын буудлын хажууд байрлах дэн буудалд орж архи, шар айргаа уусан. Тэр үед Галбадрах гэх залуу “би 2015 оны 7 дугаар сарын 01-нд шоронгоос суллагдсан” гээд биднийг дарамтлах өнгө аястай зүйл ярьж байсан. Тэгэхээр нь би “чи наад шоронгийнхоо талаар ярихаа болиоч” гэж хэлтэл Галбадрах гэх залуу намайг “чи луусангийн шоронд байсан юм уу, хэдэн жил суусан юм бэ, хэзээ суллагдсан юм бэ” гэж ярьж эхэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “шоронд орох нь байтугай эрүүлжүүлэхэд ч орж үзээгүй” гээд муудалцсан. Тэгээд бид дэн буудлын өрөөнөөс гарч явах гэтэл Галбадрах “намайг үлдээд, жаахан суучих” гэсэн. Тэгээд би Галбадрахтай үлдээд сууж байтал намайг хоёр удаа алгадаад авсан. Тэр үед жижиг Долгор, Наранхорол, Сэлэнгэмөрөн нар орж ирээд намайг аваад гарсан. Тэгээд бид 105 дугаар сургуулийн хойд талын засмал замаар уруудаад явж байтал Галбадрах араас такситай хүрч ирээд миний гараас татаж, чангаасан. Тэр үед хажууд явж байсан Наранхорол “чи болиоч түрүүнээс хойш яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл “чи битгий хуцаад бай” гээд Наранхоролын хамар руу нь нэг удаа гараараа цохисон... гэх мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас),

3. Гэрч Ц.Сэлэнгэмөрөнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Орой 18 цагийн үед Наранхорол, Долгор, Долгорсүрэн бид дөрөв уулзаад нэг сав Нийслэл нэртэй шар айраг хувааж уучихаад Баянхошууны эцэс рүү явж байтал Наранхорол, Долгор хоёр нэг залуу руу очоод “ахаа гал байна уу” гэж асуутал нөгөө залуу “байна” гэж хэлээд галаа өгсөн. Тэгээд бид дөрөв Баянхошууны тойрог дээр ирээд автобусны буудал дээр зогсож байтал нөгөө гал өгсөн залуу хүрч ирээд “та нар хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухаар нь “бид дөрөв жаахан уух гээд байж байна, караоке орно” гэж хариулсан. Тэгтэл нөгөө залуу “тэгвэл бүгдээрээ хамт явж жаахан сууцгаах уу, та нар татгалзах зүйл байхгүй биз дээ” гэж асуусан. Тэгээд бид бөөнөөрөө такси бариад дэлгүүр орж, 0.75 литрийн хэмжээтэй Улаанбаатар нэртэй нэг лонх архи, зургаан лонх шар айраг авч 105 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлах буудалд орж архи, шар айраг ууж юм ярьж суусан. Тэр буудалд байхад бид ажил, амьдрал яриад сууж байтал, нэг мэдсэн Долгор нөгөө залуу хоёр шоронгийн талаар яриад байсан. Тухайн үед би архийг нь тойруулаад сууж байсан юм. Тэгээд бид дөрөв шөнийн 04 цагийн үед буудлаас гарсан юм. Тэр үед Долгор нөгөө залуутай буудлын өрөөнд хэрэлдээд үлдсэн. Харин Наранхорол, Долгорсүрэн бид гурав буудлын гаднаас “юу болж байгааг” цонхоор нь ажиглаад зогсож байсан. Тэгээд бид гурав орж Долгорыг буудлын өрөөнөөс авч гаран хойд талын засмал зам дагаад явж байтал нөгөө залуу араас такситай ирээд суучих гэж хэлж байсан. Тэгтэл Доогий эгч “чи яв, бид явлаа” гэж хэлтэл Наранхорол “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд салгах гэтэл нөгөө залуу зүүн гараараа хамар руу нь цохичихсон... гэх мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас),

4. Гэрч Ш.Дорждаваа (дуудлагаар очсон жолооч цагдаа)-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...шөнийн 04 цагийн үед Ачит-10-аас 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жанцангийн орчим хүн зодууллаа гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад гурван эмэгтэй, нэг эрэгтэй зогсож байсан. Тухайн үед эмэгтэйнх нь хамар хугарсан, хамраас нь цус гарсан, хамар нь муруйчихсан байдалтай байсан. Тэр үед би “энэ хүүхний хамрыг хэн цохисон юм бэ” гэж асуухад тэнд байсан бордуу царайтай, 170 см орчим өндөр нуруутай залуу “би маргалдаад цохичихсон” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 56 дугаар хуудас),

5. Гэрч Л.Долгосүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Тэр өдөр манай найз Сэлэнгэмөрөн, Доогий гэх эгч, хохирогч болох эмэгтэй бид дөрөв засмал зам дагаад Сэлэнгэмөрөнгийн гэрт очихоор Баянхошууны хуучин эцэст явж байтал бид дөрвийн араас нэг танихгүй ах ирээд “юм асууя” гэтэл том Доогий эгч, хохирогч болох эмэгтэй хоёр очиж тэр ахтай юм ярьсан. Тэгээд бид дөрөв нөгөө ахтай хамт явж дэн буудалд орж архи, шар айраг ууцгаасан. Буудлын өрөөнд ороод юм яриад сууж байтал нөгөө ах “би шоронгоос гараад удаагүй байгаа” энэ тэр гээд элдвийн юм яриад байсан. Тэгэхээр нь Сэлэнгэмөрөн бид хоёр буудлын өрөөнөөс түрүүлээд гарсан. Тэгтэл хохирогч болох эмэгтэй удахгүй араас гарч ирсэн. Харин энэ үед том Доогий буудлын өрөөнд нөгөө залуутай үлдсэн. Тухайн үед Сэлэнгэмөрөн, хохирогч эмэгтэй бид гурав том Доогийг буудлын цонхоор дуудсан. Тэгээд дуудсаны дараа том Доогий эгч буудлаас ганцаараа гарч ирсэн. Тэгээд бид дөрөв засмал зам дагаад Сэлэнгэмөрөнгийн гэр рүү явж байтал нөгөө залуу араас такси барьж ирээд том Доогий эгч болон хохирогч эмэгтэйтэй хэрүүл хийгээд байсан. Тэгтэл нөгөө залуу хохирогч эмэгтэйг цохичихсон. Миний харснаар “хамар муруйчихлаа” гээд хамраа дараад доош сууж байсан. Би хохирогч гэх эмэгтэйн нэрийг нь мэдэхгүй, тэр өдөр анх уулзсан... гэх мэдүүлэг (хх-ийн 104-105 дугаар хуудас),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10556 дугаартай: “Э.Наранхоролын биед хамрын ясны далд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1. дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас),

7. Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн байцаалтад өгсөн: Э.Наранхоролын биед учирсан гэмтлүүд нь хоёр удаагийн буюу нүүрэнд учирсан гэмтэл нь нэг, бугалганд учирсан гэмтэл нь нэг удаагийн буюу тус тусдаа үүсгэгдэх гэмтлүүд бөгөөд баруун бугалганд учирсан цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч болно. Э.Наранхоролын биед учирсан гэмтлийг хэдэн хүн үүсгэснийг шинжилгээгээр тогтоох боломжгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 106-107 дугаар хуудас),

8. Шүүгдэгч Б.Галбадрахын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: Би 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ард байрлах машин засварын газарт танил дүү болох Лхамаатай хамт машин засалцаж байгаад 22 цагийн үед уг засварын газраас гараад Лхамаагийнд хоол хийж идчихээд 30-40 минутын дараа тэдний гэрээс ганцаараа гараад харих гээд явж байтал замд 5 эмэгтэй таараад нэг эмэгтэй нь надаас галаа өгч байгаач тамхи асаачихаад өгье гэсэн. Тэгээд цаашаа явж автбусны буудал дээр зогсож байтал нөгөө хэдэн хүүхэн хүрээд ирсэн. Тэр үед автобус ирэхгүй байсан болохоор такси барих гээд гар өргөтөл хажууд зогсож байсан нөгөө таван хүүхэн надад хандаж “ахаа та хаа хүрэх гэж байгаа юм бэ, бид төв рүү дөхөөд буучихъя” гэж гуйсан. Тэгэхээр нь би “за тэг тэг” гээд таксины хойд талд суулгаад хөдөлсөн. Харин тэр үед би “тэгвэл ах нь та нарт нэг лонх юм аваад өгөх үү, одоо архи зарж байгаа газар хаагуур байгаа вэ” гэж асуусан. Тэгтэл нөгөө хүүхнүүд Баянхошууны Хөтөлд байрлах ертөнцийн зүгээр урд талд нь байдаг хоёр давхар шар өнгийн дэлгүрээс 0.75 литр хэмжээтэй “Экс” нэртэй нэг лонх архи, хоёр лонх “Тайгер” нэртэй шар айраг, нэг ундаа, нэг парламент нэртэй тамхи аваад, 112-ийн буудлын замын урд байрлах хоёр давхар дэн буудал руу орж, архи, шар айргаа уусан. Тэгээд архи ууж байтал гурван эмэгтэй нь гарчихаад ирье гээд буудлаас гарсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа махлагдуу шар эмэгтэй нь “чи миний хамар руу цохичихлоо” гээд хамраа бариад орж ирсэн. Тэгэхээр нь “яахаараа би чамайг цохидог юм бэ, би хамар руу чинь цохиогүй” гээд хоорондоо хэрэлдсэн. Би архи ууж байхдаа тэр хүүхнүүдтэй амьдралынхаа талаар яриад хэрэг төвөгт холбогдож байсан талаараа ярьсан. Би хохирогч гэх хүнийг зодож цохисон асуудал байхгүй, тэр хүний биед гэмтэл учирсан асуудлыг би мэдэхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 57-58 дугаар хуудас),

9. Шүүгдэгч Б.Галбадрахын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Гэмт хэрэг үйлдэх үедээ бага зэрэг согтуу байсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 59-60 дугаар хуудас),

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 31-32 дугаар хуудас), цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа (хх-ийн 43-44, 69-71 дүгээр хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 33 дугаар хуудас), урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоол болон хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан баримт (хх-ийн 36-40 дүгээр хуудас) зэрэг энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзлээ. 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогч нарын хуулиар баталгаажуулсан эрхийг бүрэн хангасан, сэжигтэн/яллагдагч, хохирогч, гэрч нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147, 201, 202 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаасан, байцаалтын тэмдэглэл нь хуульд нийцсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул эдгээр нотлох баримтыг хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.Галбадрах нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгов.  

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Галбадрах нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 112 дугаар автобусны буудлын хойд талд байрлах дэн буудалд согтуурсан үедээ “би шоронгоос гараад удаагүй байгаа шүү” гэх үл ялих зүйлээр шалтаглан Д.Долгорын нүүрэнд алгадаж, улмаар дэн буудлын гадна авто замын хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Э.Наранхоролыг шалтгаангүйгээр зодож, түүний бие махбодод “хамрын ясны далд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж буюу догшин авирлаж танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Галбадрахын гудамж талбай, олон нийтийн газарт бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан, мөн шалтгаангүйгээр хүч хэрэглэн бусдын эрх чөлөөнд халдаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “танхайрах” гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна. Тэрээр 39 настай, хэрэг хариуцах чадвартай тул энэ гэмт хэргийн субьект болно. Харин энэ гэмт хэргийг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл учруулж үйлдсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүний “догшин авирлах” гэсэн хүндрүүлэх шинжид хамаарна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Галбадрах нь мөрдөн байцаалтад “...дэн буудалд байхад гаднаас хохирогч гэх Наранхорол орж ирээд над руу заагаад “чи миний хамар руу цохичихлоо” гэхээр нь би уурлаад “чи юу яриад байгаа юм бэ, яахаараа би цохидог юм бэ” гээд маргалдаад байж байтал хамт явж байсан хоёр эмэгтэй нь “цагдаа дуудна” гээд гарсан. Би Наранхорол, Долгор гэж хоёр хүнийг цохиж, зодоогүй, гар ч хүрээгүй...” хэмээн мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт энэ мэдүүлгээ үгүйсгэсэн. Мөн түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг нь хохирогч Э.Наранхорол, Д.Долгор, гэрч Ц.Сэлэнгэмөрөн, Л.Долгорсүрэн, Ш.Дорждаваа нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10556 дугаартай дүгнэлтээр давхар няцаагдаж байгааг тэмдэглэв.

Харин шүүгдэгч Б.Галбадрах нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн этгээд биш бөгөөд хэргийн байдлыг нотлох үүрэггүй тул түүнийг худал мэдүүлснийх нь төлөө буруутгах хууль зүйн үндэслэл байхгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх Б.Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл: шүүгдэгч Б.Галбадрахыг “танхайрах” гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Галбадрахыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 33) болон ял шийтгүүлсэн тогтоол, суллагдсан баримт (хх-ийн 36-40)-аар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүгдэгч Б.Галбадрах нь:

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3. дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 114 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн нэг жил гурван сар арван тав хоногийн хугацаатай ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан байна.

Шүүгдэгч Б.Галбадрах нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, харин ялтай байхдаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан атлаа 16 хоногийн дараа гэмт хэрэг дахин үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчид аль илүү ашигтай байх нэг нөхцөлөөр буюу Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3. дахь хэсэгт “хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар Б.Галбадрахыг өршөөлд хамааруулав.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:

Хохирогч Э.Наранхорол нь хохиролд баримтаар 201.400 төгрөг (хх-ийн 17-18, 26 дугаар хуудас) нэхэмжилснийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан баримт, хохирогч Э.Наранхоролын мэдүүлгээр (хх-ийн 52 дугаар хуудас) нотлогдож байх тул шүүгдэгч Б.Галбадрахыг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Э.Наранхорол нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Одоо миний хамар байнга битүүрдэг, хугаралтаас болоод хуурайшдаг, дотор нь юм гардаг болсон. Мөн тархи толгой хатгаж өвддөг болсон. Үүнийгээ цаашид үзүүлэх бодолтой байгаа. Иймд 500.000 төгрөг нэхэмжилнэ” гэх боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хуулийн шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Галбадрах нь бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдав.

Шүүгдэгч Б.Галбадрахад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Алдар овогт Бүүвэйн Галбадрахыг “танхайрах” гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Галбадрахад 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3. дахь хэсэгт зааснаар хорих ангиас тэнсэн суллагдсан Б.Галбадрахыг хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар Б.Галбадрахад оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Галбадрах цагдан хоригдоогүй, бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Наранхоролын цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Галбадрахад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Галбадрахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

                                                          ДАРГАЛАГЧ                             Б.БАТАА