Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2014/ШЦТ/21

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0010/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч ******* нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас*******  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000663 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,*******, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум, 16 дугаар баг,*******,******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* 

 

Холбогдсон хэргий талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруу, үйл баримтын талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Дархан 50 цогцолбор”-т сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай каннабис /Tetrahydrocannabinol/ гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь:

 

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 /,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-11/,

Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15/,

Яллагдагч *******ын биед үзлэг хийж хураан авсан гялгар ууттай тарианы хөвөн 1 ширхэг, хуйлж ороосон 2 талаас нь шатаасан, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, Натрийн хлорид 0.9% 100 мл гэсэн бичиглэлтэй, пластик ууттай шингэн зүйл 1 ширхэг, шар өнгөтэй зууван хэлбэртэй 4.5x3.3 см хэмжээтэй дотроо бор шаргал өнгийн тоосонцор мэт зүйлтэй сав 1 ширхэг, 6x4 см урттай, 1 см өргөнтэй, дотроо шатаасан мэт хөө тортог болсон 6.5x8 см хэмжээтэй тугалган цаас, шавар мэт зүйлтэй металл хайрцаг 1 ширхэг Nokia model 1681 с маркийн гар утас 1 ширхийг эд мөрийн баримтаар тооцсон тухайн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 24/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5278 дугаартай: “ ... Ногоон хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр савнаас дельта 9 Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-38/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5287 дугаартай: “ ... Шинжилгээнд ирүүлсэн “Баасанбат” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Баасанбат” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна. Шээсэнд бусад төрлийн бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 48-50/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5281 дугаартай: “ ... . Шинжилгээнд 6 гэж дугаарласан зиплок ууттай хар өнгийн “Nokia” гэсэн бичиглэлтэй ар талын батарей байрладаг хэсэгт нь хар ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон гар утас мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн “Nokia” гэсэн бичиглэлтэй ар талын батарей байрладаг хэсэгт нь хар ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон гар утас мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/ илэрсэн. Шинжилгээнд илэрсэн /Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд дээрх бохирлогдсон зүйлийн жинг тогтооход хүрэлцэхүйц хэмжээний байгаагүй тул жинг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 60-62/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5277 дугаартай: “... Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. АҮ8761426 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэртээс дельта 9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 66-68/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5282 дугаартай: “ ... Шинжилгээнд 4 гэж дугаарласан зиплок ууттай шар өнгийн хуванцар савтай хар ногоон өнгийн нунтаг зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 4 гэж дугаарласан шар өнгийн хуванцар савтай хар ногоон өнгийн нунтаг зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/ илэрсэн. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 4 гэж дугаарласан нунтаг зүйлийн хуванцар савтай жин нь 4,7483 грамм, цэвэр жин нь 0,7009 грамм болов” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 72-74/,

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би хүлээн зөвшөөрч байна. ...өмнө нь 2023 оны 10 дугаар сарын 17-нд олсоноос хойш 4 өдөрт 2-3 цэг шавар буюу марихуан татсан. Тугалган цаасан дээрээ хумсны толионы хагас хэмжээтэй шавраа чүдэнзний модоор хусаж тавиад доороос нь гал асаагаад ороосон 50 төгрөгөөрөө утааг нь сорж хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “... Би дахиж энэ алдаагаа давтахгүй гэдгээ аав, ээж болон та бүхэнд амлаж байна. Аав, ээжээсээ үнэхээр уучлалт хүсье” гэжээ.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, “дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна” гэж эцэг, эхдээ амлалт өгсөн, оюутан зэрэг байдлыг харгалзан цаашид сурч боловсрох боломжоор хангаж, эрүүгийн хариуцлагын “нийгэмшүүлэх” зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3, 4 дэх хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан гялгар ууттай тарианы хөвөн 1 ширхэг, хуйлж ороосон 2 талаас нь шатаасан, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “натрийн хлорид 0.9% 100 мл” гэсэн бичиглэлтэй, пластик ууттай шингэн зүйл 1 ширхэг, шар өнгөтэй зууван хэлбэртэй 4.5*3.3 см хэмжээтэй дотроо бор шаргал өнгийн тоосонцор мэт зүйлтэй сав 1 ширхэг, 6*4 см хэмжээтэй тугалган цаас, шавар мэт зүйлтэй металл хайрцаг 1 ширхэг Nokia model 1681 c маркийн гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

       1.*******ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

       4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гялгар ууттай тарианы хөвөн 1 ширхэг, хуйлж ороосон 2 талаас нь шатаасан, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “натрийн хлорид 0.9% 100 мл” гэсэн бичиглэлтэй, пластик ууттай шингэн зүйл 1 ширхэг, шар өнгөтэй зууван хэлбэртэй 4.5*3.3 см хэмжээтэй дотроо бор шаргал өнгийн тоосонцор мэт зүйлтэй сав 1 ширхэг, 6*4 см хэмжээтэй тугалган цаас, шавар мэт зүйлтэй металл хайрцаг 1 ширхэг Nokia model 1681 c маркийн гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД