Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2014/ШЦТ/35

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0022/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдох 2318000000668 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,******* ,

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр, “Анагаахын” 4 замын уулзварт нэвтрэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас******* жолоодож явсан******* улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгслийг мөргөж******* эрүүл мэндэд сээр нурууны 2-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, цээж, өвчүү орчмын зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, 2 гуя, баруун шуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 4-8/,

2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12/,

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-20/,

Камерын дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 17/,

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би авто вокзал орох ажил гараад өөрийн эзэмшлийн******* улсын дугаартай Т/Акуа маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод хөдөлсөн. Ингээд замдаа хажуу хашаанд байдаг нэг эгч маань зам дагаад алхаж байхаар нь би очоод дөхүүлээд өгье гээд суулгаад хөдөлсөн. Ингээд бид 2 Анагаахын уулзвар луу орж явтал миний баруун гар талаас саарал өнгийн суудлын автомашин орж ирээд намайг мөргөчихсөн. Ингээд би машинаасаа бууж чадахгүй бие эвгүйрхээд байж байтал цагдаа нар ирсэн. Би хамгаалах бүсээ зүүчихсэн байсан” /хавтаст хэргийн 21-22/, ...Миний цээж, хүзүү, толгой байнгын өвдөлттэй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/ гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Ингээд бид хоёр их сургууль талаасаа анагаахын уулзвар луу ортол миний баруун талаас саарал Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд мөргөчихсөн. Тэгээд машинаас буух гэтэл хаалга онгойхгүй байсан. Нөгөө талынхаа хаалгыг онгойлгож машинд байсан утааг гаргасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Би жолоочийн арын суудалд сууж явсан. Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Тухайн үед миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. Би осолд орсноос болж толгой өвдөөд байхаар нь 3 хоног бариа хийлгүүлсэн. Мөн эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ. ******* нь миний тоот хаан банкны данс руу ор хоногийн мөнгө гээд 200,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр өдөр ажил руугаа явах гээд жаахан хоцорчихсон байсан. Тэгээд үйлчилгээний төвөөс таксинд суугаад 3000 төгрөг төлье, станц руу хүргээд өгөөч гэсэн. Би машины хойд суудал руу ороод суусан. Ингээд бид хоёр хөдлөөд Анагаахын уулзвар руу орж явтал миний зүүн гар талаас Акуа маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд уулзварын голд мөргөлдчихсөн. Тэгээд цагдаа удалгүй эмнэлэг ирээд эмнэлгийн машинд суугаад эмнэлэг явсан. Би хойд суудалд голлоод суусан байсан. Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Надад бэртэж гэмтсэн зүйл байхгүй. 30-40 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Би хурдны хайрцаг руу нь хараагүй. Анагаахын уулзвар дээр хурдаа хасаад цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Тийм зүйл байхгүй ээ жолоогоо бариад замаа хараад явж байсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие эрүүл мэндэд учирсан гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай нөхөр бид хоёр 2022 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотоос 9,300,000 төгрөгөөр******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж аваад миний нэр дээр шилжүүлж авч байсан. Манай нөхөр ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 09 цагийн үед над руу залгаад Анагаахын уулзвар дээр машинтай мөргөлдчихлөө гэж утсаар ярьсан. Би нөхрийн биеийг асуухад зүгээр гэж хэлсэн. Дараа нь манай нөхөр надад миний мөргөсөн машины жолооч гэмтлийн зэрэг нь хүндэвтэр гарсан байна гэж хэлсэн. ... бид хоёр ярилцаж байгаад цалингийн зээл аваад******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг болохоос биш манай гэр бүлийн дундын хөрөнгө” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37/,

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1154 дугаартай: “...******* биед сээр нурууны 2-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, цээж, өвчүү орчмын зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, 2 гуя, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 69-70/,

О.Дунжидмаагийн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тусламж, үйлчилгээ авсан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 63/,

Ш.Жавхланбаатарын 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тусламж, үйлчилгээ авсан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 75/,

Шинжээч С.Саруулболдын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаартай: “... ******* нь ******* улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь******* улсын дугаартай Т/Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс болсон байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77/,

“Ашид Билгүүн” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ хийсэн “...авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 10,430,000 төгрөг гарсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-54/,

86-94 ДАА улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 110/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч ******* туслах замаас гол зам руу орохдоо гол замаар яваа тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг хангалттай нягталж харалгүй, зам тавьж өгөлгүй орсны улмаас хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар******* улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгслийн жолооч******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.Батсуурийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний нэхэмжлэгч О.Дунжидмаа, Ш.Жавхланбаатар нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шүүгдэгч уг шаардлагын хэмжээнд буюу 1,500,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч эвлэрсэн, ял эрүүгийн хариуцлагын хуралдааны өмнө завсарлага авч 1,500,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байх ба хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг си-диг хавтаст хэргийг хадгалах хугацаа хүртэл хавсаргаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч *******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 120,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч цагдан хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД