| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00676/И |
| Дугаар | 153/ШШ2020/00607 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 153/ШШ2020/00607
| 2020 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2020/00607 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ..............оршин суух, ................ овогт Л-ийн Г-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 153/2020/00676/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г миний бие 1973 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд 1981 онд элсэн орж суралцаад 10 дугаар ангийг 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төгссөн. Мөн оны 6 дугаар сарын 22-ны өдөр Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 175 дугаартай тушаалаар Манхан сумын Төгрөг гол бригадад барилгачинаар томилогдон ажиллаж байгаад 1992 оны 7 дугаар сард цэргийн албанд татагдаж 1 жилийн хугацаагаар хаасан. 1993 оны 6 сард халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Төгрөг гол бригадад барилгачинаар үргэлжлүүлэн ажилласан болно. 1994 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод шилжин ирж түүнээс хойш одоог хүртэл Улаанбаатар хотод амьдарч байна. Миний бие нь 1994 оны 09 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл цагдаагийн байгууллагад тасралтгүй 24 жил ажиллаж байгаад цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн хуулиар тэтгэвэрт гарсан. Иймд миний 1991 оны 06 дугаар сараас 1994 оны 7 дугаар сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Төгрөг гол бригадад барилгачинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Г нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хүсэлт гаргагч Л.Г миний бие нь .................тоотод оршин суудаг бөгөөд, одоо Улаанбаатар хотод байгаа ба 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байна.
Иймд Л.Г миний бие шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадахгүй байгаа тул, намайг оролцуулахгүйгээр, миний гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж, 1991 оны 06 дугаар сараас 1992 оны 07 дугаар сар, 1993 оны 06 дугаар сараас 1994 оны 07 дугаар сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд барилгачинаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Г-ийг 1991 оны 06 дугаар сараас 1992 оны 07 дугаар сар хүртэл, 1993 оны 06 дугаар сараас 1994 оны 07 дугаар сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд барилгачинаар ажиллаж байсан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1475 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1991 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаар тушаал хавсралтын хамт /хх-ийн 4-5 дугаар тал/
2.1991 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6 дугаар тал/
3. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа,
4. Гэрч Л.Оюунбаярын... Би 1986 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын няравын мэргэжил олгох 6 сарын курс төгсөж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн гуанзанд тогооч, үйлчлэгчээо нэгдэл тартал ажилласан. Л.Г нь 1991 оны 06 сараас 1992 оны 7 сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн барилгын туслах ажилтанаар ажиллаж байсан. Тухайн үед би барилгын тогоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгэр тал /
5. Гэрч Х.Мөнхдаваагийн... Би 1990 оны 10 сараас 1994 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр бригадад барилгачин, гагнуурчин зэрэг ажлыг хийж байсан. Намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж байх хугацаанд 1991 оны 6 сараас 1992 оны 7 сар хүртэл туслах ажилтан, 1993 оны 6 сараас 1994 оны 7 сар хүртэл надтай яг хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Г-ийг 1991 оны 06 дугаар сараас 1992 оны 07 дугаар сар хүртэл, 1993 оны 06 дугаар сараас 1994 оны 07 дугаар сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд барилгачинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ