Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/01165

 

                                     “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02085 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1669 дүгээр магадлалтай, 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

Зээлийн гэрээний нийт үүрэгт 8,591,346.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувдын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** ****” ХХК нь ****тхолбогдуулан зээлийн гэрээний нийт үүрэг 8,591,346.64 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02085 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ****ээс 8,591,346.64 төгрөг гаргуулж, “ **** ****” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “ **** ****” ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****ээс 159,412 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1669 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02085 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ****ээс 5,436,353 төгрөг гаргуулж, “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,154,993 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтын ****ээс 159,412 төгрөг гэснийг ****ээс 101,932 төгрөг  гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Талуудын гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ тусгагдаагүй байх тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нь зээлийн хүүд 3,610,522 төгрөг шаардахдаа үндсэн хүү болон хэтэрсэн хүүгийн тооцооллоо нарийвчилж гаргаж өгөөгүй. Хэрэгт авагдсан зээл, хүү тооцооллын хүснэгтээс үзэхэд гэрээний хугацаанд буюу 2019.10.08-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээлийн хүүд 567,414 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Уг баримтад үндэслэн хариуцагчаас үндсэн хүүд 567,414 төгрөг гаргаж, хэтэрсэн хугацааны хүүд шаардсан 3,043,108 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь хуульд нийцнэ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2018.02.12-ны өдрийн №3г/201843420536 тоот Зээлийн гэрээний 2.1.4-т  Зээлийн хүү: Энэхүү гэрээний 2.1.1.3-т заасан зээлийн жилийн хүү 22,8 хувь байна. Жилийг 365 хоногоор төлөөлүүлэн тооцно., 2.4.4-т “...зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, 7.1-д “Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүүг ****анд төлнө.” гэж тодорхой заасан бөгөөд хэргийн 11 дүгээр талд зээлийн бүртгэлийн картад хариуцагчийн төлсөн болон төлөх ёстой зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн задаргаа дэлгэрэнгүй тусгагдсан. Монгол ****ны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 тушаалын хавсралт; Банкны хүү болох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд заасан аргачлалаар бодсон. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээнд хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор ч хуулийн дээрх зохицуулалтыг тодорхой тайлбарласан. Хуульд зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч **** нь нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй.

4.1. Гэтэл шүүх зээлдэгчийг хуулиар хүлээсэн үүргээс нь чөлөөлж, гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс 3,154,993 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь буруу юм. Хэрэв хариуцагч зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон, гэрээгээ үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзвэл өөрсдөө ч шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой, ба энэ эрх нь нээлттэй. “ХААН ****” ХХК-д хариуцагч **** нь зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон, зээлийн гэрээг цуцалъя гэсэн хүсэлт гаргаж байгаагүй талаар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад хэлсэн тайлбаруудаас харагддаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж, зээлийн гэрээний үүрэгт 8,591,346 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ. 

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувдын гомдлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.11.11-ны өдрийн 001/ШХТ2022/01227 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

ХЯНАВАЛ: 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувдын хяналтын журмаар гаргасан гомдлыгхангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

7. Анхан шатны шүүх “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ****ээс 8,591,346.64 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ****ээс 5,436,353 төгрөг гаргуулан “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,154,993 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулсан байна. 

8. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад хангалттай дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралтай нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүйн улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг оновчтой тайлбарлаж хэрэглээгүй, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал: 

9. “ **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,755,454.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,610,522.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 225,368 төгрөг, нийт 8,591,346.64 төгрөгийг гаргуулах...” гэж тодорхойлсон байна. 

Хариуцагч **** “...зээлийн үлдэгдэл 4,755,554.91 төгрөгийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүүгийн төлбөр 3,610,522.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,368 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ. 

Зохигчийн хооронд зээлийн болон нэмэгдүүлсэн хүү  төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон байна. 

10. “ **** ****” ХХК нь ****тэй2018.02.12-ны өдөр №ЗГ/20183420536 дугаартай зээлийн гэрээг байгуулж, цалингийн зээлийн зориулалтаар 13,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. 

Зээлийн гэрээг талууд бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасантай нийцсэн байна. 

11. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

12. Банкнаас зээл олгох гэрээгээр ****, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

13. Зээлийн гэрээний 2.1.3-т “Зээл олгох хэлбэр: Зээлдэгчийн ХААН **** дахь 5019415613 тоот төгрөгийн дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно” гэж заажээ.  

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “ **** ****” ХХК-ийн 2018.02.12-ны өдрийн мөнгөн шилжүүлэг гэсэн баримт, зээлийг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 5.2.1-д тус тусзаасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. 

14. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Зээлийн гэрээний 1.1.3, 1.1.4, 2.1.4, 2.1.6, 5.1.10, 7.1-д тус тус заасны дагуу шаардах эрхтэй. 

15. Аливаа гэрээг шүүхээс Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 198 дугаар зүйлийн 198.1-д тус тус зааснаар хүсэл зоригийн бүрдэл, түүний илэрхийлэл, үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар талуудын хүсэл зоригийг тайлбарлаж дүгнэлт хийдэг. 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.2.3-т “Зээлийн хүү-зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцох зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнийг”, 1.2.4-т “Нэмэгдүүлсэн хүү-зээлдэгч зээлийн 2.1.7 болон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт заасан дэд хугацаанд хуваарьт зээлийн төлбөрөө эргүүлэн төлөөгүй тохиолдолд нэмж төлөхөөр тохиролцсон 2.1.6-д заасан хүүг”, 1.2.5-т “Зээлийн төлбөр-зээл, зээлийн хүү, тооцогдсон бол нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг” ойлгохоор, мөн гэрээний  2.1.4-т ”Зээлийн хүү ...жилийн 22.8 хувь байна. Жилийг 365 хоногоор төлөөлүүлэн тооцно” 2.1.6-д “Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүү зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно”, 2.4.1-д “Зээлийн төлбөрийг ...Хавсралт 1-ээр тохиролцсон зээл буцаан төлөх хуваарийн дагуу хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө төлнө”, 4.2.2-д “зээлдэгч зээлийн төлбөрийг сар бүр 5019415613 тоот харилцах дансандаа төвлөрүүлэх...” үүрэгтэй гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцож байгуулсан байна. 

Нөгөөтээгүүр зээлийн гэрээний 2.4.4, 7.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ. 

16. Хоёр шатны шүүх зээлдэгч  2022.03.17-ны өдрийн байдлаарзээл 8,244,545 төгрөг, зээлийн хүү 2,260,371 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,338 төгрөг, нийт 10,517,254 төгрөгийг  төлсөн талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

17. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй. 

Учир нь анхан шатны шүүх “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 4,755,454.91 төгрөг, зээлийн хүү 3,610,522.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,368 төгрөг, нийт 8,591,346.64 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

18. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад ...талууд гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тодорхой тусгаагүй, үндсэн хүү болон хэтэрсэн хүүгийн тооцооллоо нарийвчилж гаргаж өгөөгүй байх тул хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй... гэж үзэж, хэтэрсэн хугацааны хүүг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэл болгожээ. 

19. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг авсан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”, 25 дугаар зүйлийн 1-д “зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй зээл, түүний хүүг хугацаа хэтэрсэн зээлийн болон тусгай дансанд бүртгэнэ”, мөн зүйлийн 2-т “хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж тус тус зохицуулсан байна. 

Зохигчийн хооронд байгуулагдсан 2018.02.12-ны өдөр №ЗГ/20183420536 дугаартай зээлийн гэрээний 2.4.4-т “зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө”, 7.1-д “Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүүг ****анд төлнө” гэж тохиролцжээ. 

20. Зээлийн гэрээний 2.1.4-т зээлийн хүү жилийн 22.8 хувь, мөн гэрээний 2.1.6-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь тус тус байхаар талууд тохиролцсоноос гадна нэмэгдүүлсэн хүүг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцохоор гэрээнд тусгагдсан байх тул зээлдэгч зээлийг бүрэн төлж дуусаагүй бол хэтэрсэн хугацаанд зээлийн хүүг төлнө гэж ойлгогдохоор байна. 

Дээр дурдсанаар талууд хэтэрсэн хугацааны хүүг ямар хэмжээнд төлөх талаар гэрээнд тодорхой зааж, тусгасан гэж үзэх тул хэтэрсэн хугацааны хүүг гэрээнд тодорхой тусгаагүй тул хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувдын “...хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэсэн...” гэх агуулга бүхий гомдол хангагдана. 

21. Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаартай тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж тайлбарлажээ. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулийн зохицуулалтыг Улсын Дээд шүүхийн дээрх тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувдын гомдол үндэслэлтэй юм. 

Тухайлбал, давж заалдах шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөвхөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг магадлалын үндэслэл болгосон байх бөгөөд зээлдэгчийн хариуцлагыг тодорхойлсон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтад хамаарах дүгнэлтийг орхигдуулсан байх тул хэтэрсэн хугацааны хүүг төлөх зээлдэгчийн хариуцлагыг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байна. 

22. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

23. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ. 

24. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувдын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1669 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувдын гомдлыгхангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,429.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА 

                                   ШҮҮГЧИД                                             Г.БАНЗРАГЧ 

     П.ЗОЛЗАЯА

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                  Х.ЭРДЭНЭСУВД