Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/шш2022/0207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н

Хариуцагч:Хууль зүй, дотоод хэргийн сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энарын хоорондын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/288 дугаар бүхий “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Бөөс Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/288 дугаартай “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “С” “Монгол глобал” ХХК-ийн байрны 116 тоот өрөөнд нотариатын үйл ажиллагаа эрхэлдэг, Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны 25 дугаар тогтоолоор сануулах сахилгын шийтгэл хүлээсэн,

2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 15 минутад “А.С” нэртэй фэйсбүүк хаягаар олон нийтийн сүлжээнд “Зөвшөөрөлгүй этгээдээр нотариатын чиг үүргийг гүйцэтгүүлж байна” гэсэн тайлбартай гууд бичлэг /лайв/-ийг нийслэлийн тойргийн нотариатч Г.Бийн ажлын өрөөний хаалганы гаднаас хийж байсныг Монголын нотариатын танхимын мэдээллийн албаны ажилтан А.З мэдэж, хадгалж аван энэ талаар тэмдэглэл хөтөлж, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 503 дугаар “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд хүргүүлсэн.

2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 16 дугаар тогтоолоор “...Нийслэлийн тойргийн нотариатч Г.Бийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох сахилгын шийтгэл оногдуулах саналыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэхээр шийдвэрлэж,  үүнийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Наас “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” А/288 дугаар тушаалыг гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдэж, үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...1/ Шийдвэр гаргагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 болон 25 дугаар зүйлд заасан “Нөхцөл байдлыг тогтоох”, “Нотлох баримт цуглуулах” арга хэмжээг аваагүй тухайд:

Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд аливаа шийдвэр  тэр дундаа сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахад эрх бүхий албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу “тухайн хэрэгт хамаарал бүхий бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоох" ёстой бөгөөд үүнтэй холбоотойгоор мөн зүйлийн 24.2 дахь хэсэгт заасны дагуу "бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх" үүргийг мөн хүлээдэг.

Монголын Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн зүгээс Г.Б намайг Нотариатын тухай хуулийн 18.1.5 дахь хэсэгт заасан "нотариатын тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн системд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлж зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлсэн” гэх үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах санал гаргасан.

Гэвч бодит байдал дээр Г.Б миний бие ажлын байран дээрээ өөрийн биеэр байсан, нотариатын тамга, баталгааны тэмдгээ бусдад шилжүүлсэн зүйл огт байхгүйгээс гадна бичлэг хийж байсан А.Э гэх хүн тухайн үед шууд миний ажлын өрөөнд орж ирэн бодит нөхцөл байдалтай танилцаад надаас хүлцэл өчин шууд бичлэгээ устгасан. Гэвч Сахилгын зөвлөл нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хийсэн цахим хуралдаандаа А.Эын дээрх үйл баримтын талаар Нотариатын танхимын ажлын албанд бичгээр гаргасан тайлбарыг оруулж хэлэлцүүлээгүй бөгөөд энэ нь тэр өдрийн хурлын тэмдэглэл болон сахилгын зөвлөлийн ажлын албаны ажилтны хариуцлагагүй байдлаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээр нотлогдоно. Миний бие дээрх нөхцөл байдлын талаар Сахилгын зөвлөлийн санал Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргэгдсэний дараагаар өөрийн зүгээс Сахилгын зөвлөлийн шийдвэр нь хэрхэн хууль зөрчиж гарсан тухай болон тухайн үед болсон уйл явдлын талаар үнэн зөв, үндэслэл бүхий тайлбарыг бичгээр гаргаж мөн хүргүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ямар нэгэн хариу тайлбар болон миний гаргасан тайлбарыг хэрхэн үнэлэн дүгнэж шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлын албанаас огт ирээгүй.

Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хувьд уг саналыг гаргах хуралдаанаараа А.Эын Facebook хаяг дээрх шууд бичлэгийг буруугаар үнэлж дүгнэснээс гадна хамгийн гол гэрч болох шууд бичлэг хийсэн этгээдийг хуралдаанд гэрчээр оролцуулаагүй, бичгээр гаргасан тайлбарыг нь нотлох баримтаар авч хэлэлцээгүй зэрэг алдаа гаргасан.

 Хууль зүй дотоод хэргийн сайд нь Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй этгээдийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24.1 болон 24.2 дугаар зүйлд заасны дагуу дээрх нөхцөл байдлыг эргэлзээгүй, үнэн бодитой байдлаар хөдөлбөргүй тогтоох, үүнийхээ хүрээнд мөн хуулийн 25.1.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн оролцогч Г.Б надаас тайлбар гаргуулах зэргээр хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр, хөдөлбөргүй тогтоосны дараа шийдвэрийг гаргах ёстой байсан.

2. Захиргааны Ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлд заасан "Оролцогчийг сонсох ажиллагаа" хийгдээгүй тухайд:

Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд аливаа шийдвэр, тэр дундаа сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахад Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан "Оролцогчийг сонсох" ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай.

Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн А/288 дугаартай тушаалыг гаргахаасаа өмнө хэргийн оролцогч надад мэдэгдэж, улмаар ямар нэгэн байдлаар тайлбар, санал авсан зүйл байхгүйгээс гадна уг хэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан "Сонсох ажиллагаа явуулахгүй байх" нөхцөл байдлуудын алинд ч хамаарахгүй.

Түүнчлэн Г.Б миний уг асуудалтай холбоотойгоор 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бичгээр гаргасан үндэслэл бүхий тайлбарыг хүлээн авсан болон ямар нэгэн байдлаар хариу, үнэлэлт дүгнэлт өгсөн зүйл огт байхгүй. Захиргааны Ерөнхий хуулийн 26.1 дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан байх бөгөөд энэ нь мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан хэргийн “нөхцөл байдлыг тогтоох”, 25 дугаар зүйлд заасан "нотлох баримт бүрдүүлэх” зэрэгтэй шууд хамааралтай чухал ажиллагаа юм. Дээрхээс үзэхэд Г.Б миний нотариатын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/288 дугаартай тушаал нь Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн буюу Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан арга хэмжээг авалгүйгээр гарсан шийдвэр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1 Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нь бол иргэдийн гомдол мэдээллийг үл харгалзан өөрсдийнхөөрөө нотариатч нь сахилгын зөрчил гаргасан эсэхтэй холбоотой зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж тайлбарлаж байна. Гэхдээ энэ бол нотариатын тухай хуульд заасан ерөнхий заалт. Нотариатын танхимын Сахилгын зөвлөлийн ажиллах журмын заалтуудыг тус бүрт нь авч үзвэл нэгдүгээрт тус журмын 1 дүгээр зүйлийн 1.1-т Нотариатын дэргэдэх Сахилгын зөвлөл нь иргэн, хуулийн этгээдээс нотариатч хууль болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбоотой гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино гэж байна. Тэгэхээр энэ журмын зорилтоос тодорхой харагдаж байна. Ямар харилцааг зохицуулж байгаа нь. Мөн энэ журмын 2 дугаар зүйлийн 2.1-т Сахилгын зөвлөл нь иргэн хуулийн этгээдээс нотариатч хууль болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбоотой өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Түүнчлэн өргөдөл гомдлыг бичгээр гаргах буюу өргөдөл гомдол гаргагч этгээд эсхүл төлөөлж байгаа этгээд гарын үсэг зурах, ямар нотариатч, ямар зөрчил гаргасантай холбоотой мэдээллийг гомдол мэдээлэлдээ тодорхой тусгахыг шаардсан байдаг. Үүнээс харахын бол Нотариатчийн дэргэдэх Сахилгын зөвлөл нь иргэн, хуулийн этгээдээс гаргаж байгаа, яг ямар нотариатч холбогдох, ямар ёс зүйн зөрчил гаргаж байгаа, ямар сахилгын зөрчил гаргаж байгаатай холбогдуулан тодорхой дурдсан гол мэдээллийг үндэслэж нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг сахилгын зөрчил оногдуулахтай холбоотой хэрэг үүсгэж шийдвэрлэх зохицуулалттай.

2/ Түүнчлэн тухайн үед мэдүүлэг өгсөн шар үстэй эмэгтэй хүн байсан гэдгийг утсаар ярьсан хүмүүс тод хэлж байна гэж байна. Гэхдээ энэ бол тухайн үед ямар хүн үйлчилгээ үзүүлсэн гэдгийг тухайн хүмүүс санаж байгаа болохоос биш нотариатын тамгыг дараад гэрчилсэн гэдгийг шууд илэрхийлж байгаа үйл баримт бол байхгүй.

Түүнчлэн өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг дурдахад хэлсэн тухайн 10 хүнтэй утсаар ярьсан тэмдэглэл нь бол өөрөө тухайн үед ийм зөрчил гаргасан гэдгийг нотлох нотолгооны ач холбогдол бүхий баримт бол биш. Яагаад гэвэл тухайн үед утсаар ярьсан хүн өөрөө тэмдэглэлээ үйлдээд тухайн хүмүүсийн хариултыг бичиж байгаа. Энэ үед бол ямар нэгэн хөндлөнгийн гэрч болон өөр хүн байхгүй. Үүнийг бол зуун хувь үнэн бодитой хариулт гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

3/ Энэ хүмүүс бол шууд эмэгтэй хүн нотариатын үйл ажиллагаа эрхэлж байна гэдгийг шууд илэрхийлж байгаа мэдүүлэг бол байхгүй. Харин шүүхийн журмаар гэрчийн мэдүүлэг авсан иргэн н.Б болон н.Э нар тухайн үед нотариатч Г.Б нь ажлын байрандаа байсан гэдгийг хоёулаа хүлээн зөвшөөрдөг. Гэрч н.Э өөрөө тухайн үед дээд давхраас бууж ирсэн гэж байгаа болохоос биш ажлын байрандаа байгаагүй гаднаас орж ирсэн гэдэг мэдүүлгийг өгөөгүй.

Ямар ч байсан тухайн хүн ажлын байрандаа байсан. Иргэн н.Б буюу үйлчилгээ авсан хүн бол тухайн үед яг өөрөө арын өрөөндөө суугаад хүн гарахаар зөрүүлж оруулж ирээд нотариатын тамгаа дараад, өөрөө ажлынхаа хөлсийг аваад үйлчилгээ үзүүлж байсан гэдгийг бол хангалттай тодорхой илэрхийлдэг байгаа.

Тэгэхээр нэгдүгээрт бол Сахилгын зөвлөл нь өөрөө ямар нэгэн байдлаар иргэдийн гаргасан гомдол, мэдээллийн дагуу энэ төрлийн маргааны зохицуулах чиг үүрэг бүхий этгээд. Хоёрдугаарт иргэн н.Э бол ямар нэгэн мэдээлэл, гомдол гаргасан зүйл байхгүй. Үүнтэй холбоотой тайлбарыг бол гаргасан. Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн ажлын хариуцлагагүй байдлаас болж бичгээр гаргасан тайлбар нь өөрөө Сахилгын зөвлөлийн хурал дууссаны дараа гарч ирсэн гэдгийг бол гэрчээр мэдүүлэг өгсөн н.Золбоо, н.Мягмарнаран, н.Уртнасан гэх хүмүүс хангалттай тодорхой нотолдог.

Г.Б нь өөрөө тухайн үед ажлын байрандаа байсан, тамга тэмдэг өөрөө эзэмшиж байсан, үйл ажиллагаагаа өөрөө эрхэлж байсан гэдгийг бол үйлчилгээ авсан н.Б гэх гэрч шууд мэдүүлсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Тийм учраас Хууль зүй, дотоо хэргийн сайдын нотариатч Г.Бийн нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эшүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “1/ Г.Б нь Нотариатын тухай хуулийн 18.1.5-д "энэ хуулийн 21.3.6-д заасныг зөрчиж нотариатын тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлж зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлсэн нь баримтаар тогтоогдсон,

2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 15 минутад "А.С” нэртэй фэйсбүүк хаягаар олон нийтийн сүлжээнд “Зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлж байна” гэсэн тайлбартай шууд бичлэг /лайв/-ийг нийслэлийн тойргийн нотариатч Г.Бийн ажлын өрөөний хаалганы гаднаас хийж байсныг Монголын Нотариатчидын Танхимын мэдээллийн албаны ажилтан А.З мэдэж, хадгалж авсан, тухайн өдрөө даргадаа мэдэгдэж мэдэгдэж арга хэмжээ авсан,

2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 503 дугаар албан бичгээр Сахилгын зөвлөлд хүргүүлсэн, Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д "Танхимын дэргэд нотариатч хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллана", Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/220 дугаар тушаалаар баталсан Сахилгын зөвлөлийн ажиллах журмын 2.15.2-т "Сахилгын зөвлөл нь иргэн, хуулийн этгээдээс нотариатчийн үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, 3.13-т "Нотариатын хууль болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн мэдээллийг Танхимын ажлын алба хүлээн авч шалгах бөгөөд шаардлагатай тохиолдолд нотлох баримтын хамт Зөвлөлд шилжүүлнэ" гэж заасны дагуу Нотариатчидын танхим болон Сахилгын зөвлөл нь мэдээллийг шалгасан нь, холбогдох арга хэмжээ авсан нь хууль, журмыг зөрчөөгүй байна.

2/ Нэхэмжлэлд дурдсанаар иргэн А.Эыг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолгүй. Учир нь мэдээллийг шалгах явцад Нотариатчидын танхимаас шууд бичлэгийг зогсоолгохоор мэдэгдсэн, хэрэв нэхэмжлэгч дотор байсан бол энэ үйл явдлыг мэдэх, цаашлаад таслан зогсоох боломжтой байсан нь бичлэгээс харагддаг. Тухайн үед ажил дээрээ байгаагүйг шалгалтын хүрээнд ч тогтоосон байна.

Мөн иргэн А.Эын шууд бичлэг хийсэн үйлдэл нь андуурч эндүүрсэн зүйлгүй , ямар зорилгоор шууд бичлэг хийсэн нь тодорхой харагдаж байхад уучлалт гуйсан, бичлэг андуурч хийсэн гэх нь Г.Бийн гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.

3/ Нэхэмжлэлийн хоёрдугаар үндэслэлийн тухайд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01183 дугаартай шийдвэрээр нотариатч Г.Бийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ц.Болдоос Ж.Энхчимэгт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгож" үйлчлүүлэгч ажлын байранд биечлэн ирээгүй байхад итгэмжлэл гэрчилсэн" зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Энэ зөрчилд нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 25 дугаар тогтоолоор сануулах шийтгэл оногдуулж байсан. Эндээс харахад зөрчлийг давтан гаргаж, алдаагаа засаж залруулах биш, ёс зүй, ажлын хариуцлагагүй байдлыг дурдах хэрэгтэй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”; 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас үүссэн нөхцөл байдлыг дүгнэж сонсох ажиллагааг хийлгүй, нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрийг гаргасан болно.”

4/ Г.Б нь болсон хэрэг явдлыг мэдэхгүй, яагаад ийм байдалд хүрснээ ойлгохгүй байгаа мэт нэхэмжлэл үндэслэх хэсгээс харагдаж байгаа ч энэ үйл хэрэг гарсан даруй Нотариатчидын танхимаас 99055577 дугаарын утас руу залгаж зөрчлийн талаар хэлсэн, ямар зөрчил гаргаснаа мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн Сахилгын хороонд бичгээр гаргасан тайлбар, Сахилгын зөвлөлийн тогтоолыг мэйл хаягаар нь илгээсэн баримт, харилцсан мессеж, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гаргасан гомдол зэргээс харж болохоор байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд хуульд заасны дагуу Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлөөс ирүүлсэн санал, холбогдох баримтыг харгалзан үзэж Г.Бийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тул Г.Бийн гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16–ны өдрийн А/288 дугаартай "Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай" тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд хандаж “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/288 дугаар бүхий “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...миний бие ажлын байран дээрээ өөрийн биеэр байсан, нотариатын тамга, баталгааны тэмдгээ бусдад шилжүүлсэн зүйл огт байхгүй...бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй...оролцогчийг сонсох ажиллагаа хийгээгүй” гэж тодорхойлсныг хариуцагчаас “...Нотариатчдын танхимаас шууд бичлэгийг зогсоолгохоор мэдэгдсэн, хэрэв нэхэмжлэгч өрөөн дотор байсан бол энэ үйл явдлыг мэдэх, цаашлаад таслан зогсоох боломжтой байсан нь бичлэгээс харагддаг... уучлалт гуйсан, бичлэг андуурч хийсэн гэх нь Г.Бийн гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй... Нотариатчдын танхимаас 99055577 дугаарын утас руу залгаж зөрчлийн талаар хэлсэн, ямар зөрчил гаргаснаа мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна...Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлөөс ирүүлсэн санал, холбогдох баримтыг харгалзан үзэж шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн” гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Маргаан бүхий захиргааны акт болох, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” “А/288 дугаар тушаалаар Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалт, 191 дүгээр зүйлийн 191.1, 191.2 дахь хэсэг, 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалт, 54.2, 54.3 дахь хэсэг, Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн нотариатч Г.Бийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно”, 18.1.5-д “энэ хуулийн 21.3.6-д заасныг зөрчиж нотариатын тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлж зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлсэн”, мөн хуулийн 21.3-т Нотариатчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно” 21.3.6 “хуулийн хэм хэмжээг зөрчиж, тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлэхгэж, 191.1-д “Нотариатч нь нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл…хүчингүй болсон…тохиолдолд тамга, баталгааны тэмдэг, баримт бичиг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг…хүлээлгэн өгнө, 191.2-т “Танхим…тамга, баталгааны тэмдэг, баримт бичиг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг хүлээн авах ажлыг зохион байгуулах…” гэж, Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Хууль болон нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, бусад хэм хэмжээг зөрчсөн нотариатчид гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:”, 54.1.3-т “нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох”, 54.2-т “...54.1.3-т заасан шийтгэлийг Сахилгын зөвлөлийн саналыг харгалзан Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн оногдуулна.”, 54.3-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сахилгын зөвлөлийн саналыг үндэслэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар түр зогсоох, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/220 дугаар тушаалаар баталсан “Сахилгын зөвлөлийн ажиллах журам”-ын 1.1-д “Энэ журмын зорилт нь Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, иргэн, хуулийн этгээдээс нотариатч болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнтэй холбогдуулан гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” 2.1-д “Зөвлөл нь иргэн, хуулийн этгээдээс нотариатч хууль болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнтэй холбогдуулан гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 3.5-д “Өргөдөл, гомдол гаргагч нь өргөдөл, гомдоо татан авсан бол түүнийг хэлэлцэхгүй”, 3.13-т “Нотариатчийн хууль болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн мэдээллийг Танхимын ажлын алба хүлээн авч, шалгах бөгөөд шаардлагатай тохиолдолд нотлох баримтын хамт Зөвлөлд шилжүүлнэ” гэж  тус тус заажээ.

Дээрхи хууль болон журмын заалтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.Б нь нотариатч этгээд болохын хувьд Нотариатын тухай хуулийн 4.3-т заасан төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхдээ тогтоосон тойрогтоо ажлын байртай байх хуульд өөрөөр заагаагүй бол нотариатын үйлдлийг зөвхөн ажлын байрандаа хийх, хуулийн 21.2.7-д заасан “нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлж, тамга, баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх” үүрэг бүхий субьект мөн байна.

Энэ үүргийн хүрээнд нэхэмжлэгчид “тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлэх”-ийг хуулиар хориглосон байх ба энэ үүргээ зөрчсөн тохиолдолд Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11 “...энэ хуулийн 54.2-т заасны дагуу Сахилгын зөвлөлөөс зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргасан” гэж зааснаар Сахилгын зөвлөлийн саналыг үндэслэн Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгохоор хуульчилжээ.

            Гэвч нэхэмжлэгч Г.Б нь хуулийн хориглосон заалтыг зөрчиж, зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлсэн нь дараахь байдлаар тогтоогдож байх тул түүний нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэв. Үүнд:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал хариуцагчаас хариу тайлбарт хавсаргаж ирүүлсэн баримтуудаас үзвэл, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12:15 цагт “А.С” гэх фэйсбүүк хаягаар “Хууль зүйн яам, Нотариатын танхимын тусгай зөвшөөрөл эзэмшигч Нотариатын тусгайлсан хууль зүйн заалтад заасан байдлыг үгүйсгэж, эрхийн зөвшөөрөлгүй хүн гэрчилж байна” гэсэн тайлбартайгаар, нотариатч Г.Бийн ажлын байрны хаалганы гадна талаас шууд бичлэг хийж байсныг Мэдээллийн албаны ажилтан А.З үзэж, хадгалж аван уг бичлэгийг Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Мягмарнаранд хүлээлгэн өгч, улмаар 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Р.Оээс Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд хандан, 503 дугаар албан бичгээр тухайн асуудлыг шалгаж шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байна.

Сахилгын зөвлөлөөс өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Б 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа “...дамжиж ордог өрөөндөө хүнтэй уулзаад сууж байсан, иргэн Э андуурч бичлэг хийснээ хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйж бичлэгийг тэр дор нь устгахаар тохирсон юм, миний эхнэр Б.О нь /туслах/ бүхий л механик ажиллагаа, бүртгэл хөтлөлтийг эрхэлдэг, харин би тухайн үед ажлын байрандаа байсан ба тамга дарж гарын үсгээ өөрөө зурдаг...” гэж тайлбарласан, харин Сахилгын зөвлөлийн хуралдаанд өөрөө биечлэн оролцож мэдүүлэхдээ “...тэр өдөр өөрийн байрандаа ажил үүргээ гүйцэтгээд байж байсан, манай байр 2 тусдаа өрөөтэй, шилэн хаалттай бүүдгэр өрөөндөө би өндөр настай лам хүнтэй уулзаад сууж байсан, ламаа дээш нь хөтөлж оруулчихаад доошоо буугаад хайгаад байтал тэр хүн өөрөө намайг харж байсан..., би яг тухайн үед нь өрөөнөөсөө гарч ирсэн...” гэж мэдүүлэн, улмаар Сахилгын хэргийг шалгасан Гишүүн П.Сийн “Б гуай та бичлэгээ үзсэн үү? Бичлэг дээр та байгаагүй. Танай туслахаас асуусан чинь байхгүй, одоо ирж байгаа байх гэсэн ийм тайлбар өгдөг юм байна лээ” гэх асуултад Г.Бөөс “...Би лам аваад дээшээ гарсан гэдэг нь тэр байран дотроо байхгүй юу. Шатаар дээшээ гараад хурлын заал руу оруулчихаад буугаад ирсэн. Тэр лайв дээр бүр нэг тамга, тэмдэг дарсан юм байхгүй. Өөрийнхөө бүртгэлийн тамгыг дараад сууж байсан. Гарын үсгээ би өөрөө бүрэн зурдаг юм” гэж хариулсан, мөн “Тэгвэл та лам гаргаж өгөх гээд дээшээ гарсан юм байна. Тэгвэл тэр хооронд хэдэн хүн гэрээ хийлгээд гараад явж байгаа. 2, 3, 4 хүн. Тэр хүмүүст таны туслах гарын үсэг зурж өгөөд байна. Та гарын үсэг зурсан бичлэг байхгүй байгаа. Тэр ямар учиртай юм бэ? гэх асуултад “...Би тэр лайвыг хийж байхад байж байсан, Би цаад талд нь сууж байгаа...” гэж хариулсан болох нь Сахилгын зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар тогтоогдов.

            Ийнхүү Сахилгын зөвлөлийн тухайн хуралдаанаас Нийслэлийн тойргийн нотариатч Г.Б нь Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 21 дүгээр зүйлийн 21.3.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж Нотариатчийн ёс зүйн дүрмийн 3.3.1-т заасны дагуу давтан ёс зүйн зөрчил гаргаж байгаа учраас Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлэхээр шийдвэрлэн, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй талаар дурдаж 16 дугаар тогтоол гаргасан, уг тогтоолыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” А/288 дугаар тушаалыг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

            Учир нь шүүх хуралдааны явцад нотлох баримтаар шинжлэн судалсан СД бичлэгт нотариатч Г.Бийг байхгүй байх тухайн цаг мөчид өөр нэг эмэгтэй хүн /нэхэмжлэгчийн эхнэр бөгөөд нотариатчийн туслах О гэх/ нотариатын үйлчилгээ хийж байгаа нь тодорхой тусгагдсан, энэ үндэслэлээр Монголын Нотариатчдын Танхимаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэрлэсэн Сахилгын зөвлөлийн 16 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайдын, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” А/288 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн үйл ажиллагаа, түүний гаргасан 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолтой тусгайлан шаардлага гаргаж маргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар энэ асуудлаар дүгнэлт өгөх боломжгүй.

            Түүнчлэн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ю.Бийн хувьд бичлэг хийгдсэн гэх цаг хугацаанд нотариатын үйлчилгээ авсан гэдгээ  тодорхойлж чадаагүй, гэрч А.Эаас “...өрөөндөө бол байгаагүй, хоёр давхраас бууж ирээд хойд талын өрөөнд нь орж уулзсан” гэж мэдүүлснээс үзвэл нэхэмжлэгч Г.Б нь тухайн цаг үед ажлын байрандаа байгаагүй, тодорхой хугацааны дараа орж ирсэн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгчээс “2 дамждаг өрөөтэй, цаад өрөөндөө байсан...”, эсхүл “...дээд давхар луу гарч хүн хүргэж өгөөд бууж ирсэн...” гэж тайлбарлан “ажлын байран дээрээ байгаагүй гэдгийг хангалттай нотлоогүй” гэж маргасан хэдий ч энэ тохиолдолд нэхэмжлэгч ажлын өрөөндөө, эсхүл тухайн барилга дотор хаа нэгтээ байсан эсэх нь ч чухал биш, харин нотариатын үйлчилгээ авахаар ирсэн хүмүүст уг үйлчилгээг нотариатч Г.Б өөрөө үзүүлсэн эсэх нь чухал бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Б нь нотариатчийн чиг үүргийг өөрөө гүйцэтгээгүй, зөвшөөрөлгүй этгээдээр гүйцэтгүүлж хууль зөрчсөн нь тодорхой тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчээс “А.Эын шууд бичлэг нотлох баримт болохгүй, өргөдөл гомдлыг бичгээр гаргахаар журамласан, А.Э гомдол гаргаагүй, гомдлоо буцааж татсан” гэж тайлбарласан боловч Монголын нотариатчдын танхимаас иргэн А.Эын хийсэн шууд бичлэгийг хүлээн авч Сахилгын зөвлөлд мэдээллийг шалгуулахаар шилжүүлсэн нь Сахилгын зөвлөлийн ажиллах журмын 3.13-т заасантай нийцсэний дээр “иргэн А.Э нь андуурч бичлэг хийснээ хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан” гэж нэхэмжлэгч тайлбарласныг Сахилгын зөвлөлөөс “...энэхүү зөрчил нь гомдлоор үүсэж шалгагдах зөрчил биш, эрх бүхий этгээдийн хүсэлтээр зөрчил шалгах ажиллагаа эхлэх зохицуулалттай тул иргэн А.Эын гомдолтой эсэхээс үл хамаарна” гэж дүгнэсэн, энэ нь журмын 3.5-д заасан “Өргөдөл, гомдол гаргагч нь өргөдөл, гомдлоо татан авсан бол түүнийг хэлэлцэхгүй” гэх заалтад хамаарахгүй.

Нэхэмжлэгч Г.Б нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргаснаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Монголын Нотариачдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн дарга Ц.Отгонжаргалаас уг гомдолд хариу тайлбар гаргасан байх ба хариуцагч нь зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн бусад нотлох баримтуудад үндэслэн гаргасан Сахилгын зөвлөлийн тогтоолыг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасантай нийцсэн, энэ тохиолдолд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заасан болон мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.” гэж заасныг зөрчсөн үзэхгүй.

Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт...хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасны дагуу, Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн албаны шалгалтын материал, түүний хавсралт СД бичлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нь Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 21 дүгээр зүйлийн 21.2.7-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон, хариуцагчийн гаргасан захиргааны акт түүний сонгох боломжийн хүрээ хязгаар болон хуулиар олгосон эрх хэмжээнд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гарсан акт гэж үзэв.

Шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бусад үндэслэлүүд нь шийдвэрийн хууль зүйн үндэслэлүүдээр бүхэлдээ няцаагдаж байгаа болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 18.1.11, 21 дүгээр зүйлийн 21.2.7, 54 дүгээр 54.1.3, 54.2, 54.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бөөс гаргасан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/288 дугаар бүхий “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН