| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 151/2017/0097/Э |
| Дугаар | 234 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 138.2., |
| Улсын яллагч | Ш.Эрдэнэбилэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 234
В.Мө-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар магадлалтай 201619000700 дугаар эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаярын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аяллын хөтөч, тайлбарлагч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй В.Мө- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчиж бусдад хүнд хор уршиг учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Мө-д прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, шүүгдэгч В.Мө-ыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Мө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөө аж ахуйн механизм жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Мө-д шүүх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 8.832.630 төгрөгийг нөхөн төлөх хугацааг 3 сараар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Мө-аас 8.832.630 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч А.Тэ-, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Алтай нарт олгож, насанд хүрээгүй хохирогч А.Тэ-, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Алтай нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Мө-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан прокурорын эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч В.Мө-ын нийгэмд аюултай гэм буруутай эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хохирогчийн эрхийг хамгаалаагүй, гэм буруутай этгээдэд ял завшуулах нөхцөлийг бий болгож, Эрүүгийн хуулийн зорилгод харшилсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлд заасан зөрчил нь бусдын эрүүл мэндэд хохирол учраагүй байхыг шаарддаг бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлж, ажиллаагүй тохиолдолд зөрчилд тооцож, хариуцлага оногдуулахаар заасан байна. Харин дээрх хуулийг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хүний амь нас эрүүл мэндийг хохироосон, эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 10, 11 дүгээр бүлэгт заасан тохирох зүйл ангиар зүйлчилхээр байхад давж заалдах шатны шүүх нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хор уршиг болон хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, дүгнэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар мэргэшсэн хүнийг авч ажиллуулах, эсхүл энэхүү үүргээ өөрөө хариуцахаар заасан байхад шүүгдэгч В.Мө- дээрх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч В.Мө- нь насанд хүрээгүй хохирогч А.Тэ-ийг авч ажиллуулахдаа хөдөлмөр аюулгүй ажиллагааны журмыг зөрчиж, хохирогчийн биед хүнд хор уршиг учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар буруу дүгнэлт хийж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэж заасан. Прокурорын зүгээс анх тус хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Үүний дараагаар 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хэрэг анхан шатны шүүхэд очоод 7 сар болсон байдаг. Энэ хугацаанд анхан шатны шүүх хуралдаан 3 удаа хойшилсон бөгөөд үүний шалтгаан нь хохирогчийн зүгээс 2 удаа улсын яллагчийн зүгээс 1 удаа хойшлуулсан байдаг. Магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор Б.Эрхэмбаярын гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч В.Мө-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч В.Мө- нь Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр баг, “Майбридж” ХХК-ийн тариан талбайд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас үйлдвэрлэлийн дадлага хийж байсан насанд хүрээгүй А.Тэ- нь ангилан ялгах төхөөрөмжид орооцолдож зүүн гараа тасалж хүнд хор уршиг учирсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх В.Мө-ын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөө аж ахуйн механизм жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг нь ахуйн болон мэргэжлийн удирдлагын үйл ажиллагааны хүрээнд аюул учруулах эх үүсвэр болсон техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангаагүй, эсхүл буруу ашигласантай холбоотой үйлдэгдэх нь олонтаа тохиолддог бөгөөд хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй шүүгдэгч В.Мө-ын үйлдэл болон хохирогч А.Тэ-ийн гар тасарч хүнд хор уршиг учирсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Хайхрамжгүй хандаж хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэдэгт гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хор уршиг, хохирол учруулсан үр дагавар бий болох боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан эсхүл мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байхыг ойлгодог болно.
Гэтэл давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчих үйлдэл, эс үйлдэхүй бүхэлдээ гэмт хэрэгт тооцогдохгүй болсон гэж Эрүүгийн хуулийг буруу ойлгон тайлбарлаж, гэмт хэрэгт тооцогдож байсан үйлдэл Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах болсон гэж дүгнэн В.Мө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Эрүүгийн хуульд заасан материаллаг хор уршиг учирсан бол гэмт хэрэг тооцох, харин зөрчил гаргасан нь уг хуулиар заасан материаллаг бүрэлдэхүүнд хамаарахгүй байвал Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэхээр хууль тогтоогч хуульчилсан тул В.Мө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хэвээр үлдээлгэх тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН